Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0430

 

 

Б.А*******, Б.Б******* нарын

                                                 нэхэмжлэлтэй захиргааны

                                                             хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.С*******, Г.Ц******* нар

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.А*******

Нэхэмжлэгч Б.Б*******

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар Б.Б*******, Б.А******* нарт эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн *******, байрлах нэгж талбарын 1332907566, 1332907565 дугаар бүхий тус тус газруудын эзэмших эрхийг сунгахгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах, тус дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/1086 дугаар захирамжийн Б.Б*******, Б.А******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсэг болон Б.Б*******, Б.А******* нарын газрыг Ш.Ж*******д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 322 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.А*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С*******, Г.Ц*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******

Гуравдагч этгээд Ш.Ж*******

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Ц*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0869/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.А*******, Б.Б******* нараас Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар Б.Б*******, Б.А******* нарт эзэмшүүлсэн тус дүүргийн *******, байрлах нэгж талбарын 1332907566, 1332907565 дугаар бүхий тус тус газруудын эзэмших эрхийг сунгахгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах, тус дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/1086 дугаар захирамжийн Б.Б*******, Б.А******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсэг болон Б.Б*******, Б.А******* нарын газрыг Ш.Ж*******д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгох”-оор маргаж байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 322 дугаар шийдвэрийн:

“1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А*******, Б.Б******* нараас Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргад 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар Б.Б*******, Б.А******* нарт эзэмшүүлсэн тус дүүргийн *******, байрлах 1332907566, 1332907565 нэгж талбарын дугаар бүхий тус тус газруудын эзэмших эрхийг сунгахгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.А*******, Б.Б******* нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/1086 тоот захирамжийн Б.Б*******, Б.А******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсэг болон Б.Б*******, Б.А******* нарын газрыг Ш.Ж*******д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.С*******, Г.Ц******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “…Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт гуравдагч этгээд Ш.Ж******* нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр "...газрын эзэн Ямаат овгийн Б овогтой Н /РД: /, Б овогтой А******* /РД: /, Б овогтой Б******* // эдгээр хүмүүсийн газрыг миний нэр дээр шилжүүлэх тул үүнээс Б.Н /РД:/-ийн газар эзэмших гэрчилгээг бусдад шилжүүлэхийг бидний хөрөнгө оруулагч нар асуудлыг шийдтэл түр зогсоож шилжүүлэг хийхгүй байхыг хүсэж бидэнд туслалцаа үзүүлнэ үү..." гэсэн өргөдлийг Газрын албанд гаргасан болох нь Өргөдөл, гомдлын бүртгэл 9 дэвтрийн хуулбар, өргөдөл, гомдлын бүртгэл, хяналтын маягт, өргөдөл зэргээр тогтоогдоно" гэжээ. Гэтэл энэхүү өргөдөлд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг хүссэн утга агуулга огтоос байхгүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.Б*******, Б.А******* нараас газар эзэмших эрхээ Ш.Ж*******д шилжүүлэх тухай өргөдөл, хүсэлт огт биш байна.

3.2.Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 9 дэх хэсэгт “Мөн Ш.Ж******* 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Газар эзэмших тухай хүсэлт”-ийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан байна. Энэхүү хүсэлтдээ иргэний үнэмлэхний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг, газрын байршлын кадастрын зураг зэргийг хавсарган өгсөн гэж тэмдэглэжээ" хэмээн нотлох баримтыг үнэлсэн.

Гэтэл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 3/1614 дугаартай албан тоотоор нэхэмжлэгч нарын газрын шилжилт хөдөлгөөний талаар түүхчилсэн лавлагааг гаргаж өгсөн. Үүнд "...Газрын кадастрын мэдээллийн санд иргэн Б.Б*******гийн 1332907566 дугаартай нэгж талбар болон иргэн Б.Алтанхундагын 1332907564 дугаартай нэг талбарыг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус тус бүртгэсэн байна. Газрын кадастрын мэдээллийн сангаас эдгээр нэгж талбаруудын шилжилт хөдөлгөөний мэдээллийг шалгаж үзэхэд иргэн Б.Б*******гийн 1332907566 дугаартай нэгж талбарыг иргэн Б.Ж*******д эрх шилжүүлэх 01110-07-03049-22 дугаартай өргөдөл, 1332907565 дугаартай нэгж талбарыг иргэн Б.Ж*******гаас Б.Ж*******д эрх шилжүүлэх 01110-07-03050-22 дугаартай өргөдлийг тус тус 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бүртгэсэн байна. Тус хоёр өргөдлийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хяналтын хурлаас "Шийдвэрлэх боломжгүй" гэж хаасан байна. Харин үүний дараа дахин тус системд 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдөр иргэн Б.Баяжавхлангаас Б.Ж*******д эрх шилжүүлэх 01110-07-03572-22 дугаартай өргөдөл, иргэн Б.А*******ас иргэн Б.Ж*******д эрх шилжүүлэх 01110-07-03573-22 дугаартай өргөдөл тус тус бүртгэгдэж, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хяналтын хурлаас зөвшөөрсөн байх бөгөөд дүүргийн Засаг даргын 2022 оны А/1086 дугаар захирамжтай холбож Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байна" гэсэн лавл*******ы хариу гарсан байдаг.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг буюу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хийж газар эзэмших эрхийг нь улсын бүртгэлд бүртгэсэн байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрөл"-ийг хуульчилж өгсөн бөгөөд үүний 8.1.9-т "газар эзэмших, ашиглах эрхийн" гэж зааж өгсөн, түүнчлэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д "Эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор энэ тухай мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулна", мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т "...дүүргийн Газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ" хэмээн газар эзэмших эрх нь эд хөрөнгийн эрх буюу эд юмсын эрх болох талаар, эд хөрөнгийн эрх тул улсын бүртгэлд бүртгүүлэх талаар тодорхой тусгаж өгсөн байна.

Иргэдийн бүртгэлийг Иргэний улсын бүртгэлийн газар, хуулийн этгээдийн бүртгэлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар бүртгэдгийн адил газар өмчлөх, эзэмших, ашиглах, барьцаалах зэрэг газартай холбоотой эд хөрөнгийн эрхийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар бүртгэж, газрын улсын бүртгэлийг хөтөлж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх нь эд хөрөнгийн эрх байх бөгөөд энэ эрх нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр анх улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Үүний эрх зүйн үр дагавар нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үүссэн байх бөгөөд энэ хүртэл эзэмших эрх нь байсан, үүнээс хойш 5 жилийн хугацаатай эзэмших эрх нь мөн хүчин төгөлдөр байх ёстой гэсэн үг юм. Энэ талаар шүүхийн мэтгэлцээний үед хангалттай тайлбарласан боловч эдгээр нотлох баримтын талаар огтоос шүүх дүгнэлт хийгээгүй бөгөөд үнэлээгүй болно.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т "Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана" гэж заасан. Үүнээс үзвэл газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа тал болон шилжүүлэн авч байгаа тал аль аль нь гаргах ёстой талаар Газрын тухай хуульд тодорхой тусгаж өгсөн байна. Практикт ч энэ журмын дагуу хэрэгжиж талууд аль аль нь хүсэлтэд гарын үсэг зурж, өргөдлөө гаргадаг. Гэтэл манай тохиолдолд газар эзэмших хүсэлтийг Ш.Ж*******гаас Ш.Ж*******д шилжүүлэх гэж гаргаж байгаа нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчиж буй үйлдэл юм.

Мөн газар эзэмших эрх нэгээс нөгөөд шилжихэд заавал газрын төлбөр тооцоо нийлсэн актыг шаарддаг байтал төлбөр тооцоо нийлсэн актгүй, мөн заавал газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт хийлгэсэн байхыг шаарддаг байтал энэхүү дүгнэлт нь байхгүй байхад газар эзэмших эрхийг шилжүүлж байгаа нь хууль бус бөгөөд процессын журмыг зөрчсөн хууль бус үйлдэл юм. Энэ талаар шүүгч нэг ч дүгнэлт хийгээгүй болно.

3.3.Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 11.10 дахь хэсэгт “Газрын тухай хуулиар тусгайлан заасан журмын дагуу тодорхой хугацаатай олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө газар эзэмшигч нь сунгуулах тухай хүсэлтээ захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд энэ хугацаанд хүсэлтээ гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болно. Газар эзэмших эрх дуусгавар болсон тохиолдолд газар эзэмших эрхгүй тул уг газартай холбоотой аливаа шаардах эрх нэхэмжлэгч нарт үүсэхгүй, иймд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ" гэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх 2017 онд дуусгавар болсон тул газар эзэмших эрхгүй этгээд гэж дүгнэсэн.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1086 дугаар захирамжаар Б.А*******, Б.Б******* нарын газар эзэмших эрхийг Б.Ж*******д шилжүүлээд байгаа, Б.А******* Б.Б******* нарын 2011 оны А/573 дугаар захирамжаар анх газар эзэмших эрхтэй болсон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож байгаа зэрэг үйл баримт нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх хүчинтэй байсаар байсан болохыг нотлох баримтууд байна. Шүүгч Б.Ж*******д Б.А*******, Б.Б******* нараас 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрх шилжсэн нь ямар нэгэн алдаагүй байна гэдгийг шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 1-ээс 10 хүртэлх дүгнэлтүүдээрээ тогтоосон байх атлаа 11.1-ээс 11.10 хүртэлх дүгнэлтүүдээрээ нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх дуусгавар болсон гэж дүгнэж байгаа нь өмнөх дүгнэлтүүдээ няцаасан, зөрчилдөөнтэй байх бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэлтэй бус гарсаныг харуулж байна.

Өөрөөр хэлбэл шүүгч нэхэмжлэгч нараас газар эзэмших эрх нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б.Ж*******д хүчин төгөлдөр шилжсэн гэж дүгнэсэн атлаа удаах дүгнэлтүүдээрээ нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх 2017 онд дуусгавар болсон гэж дүгнэж байна. Тэгвэл 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1086 дугаар захирамжаар Б.Ж*******д хэний, ямар эрх шилжээд байна вэ? Нэгэнт шүүгчийн дүгнэснээр 2017 онд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх дуусгавар болсон юм бол 2022 онд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх Б.Ж*******д шилжих хууль зүйн боломжгүй юм.

Нэхэмжлэгч Б.А*******, Б.Б******* нар нь жирийн нэгэн малчин хүмүүс байх бөгөөд эзэмшиж байсан газар нь газрын мэдээллийн санд ороогүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан тул газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг нь хүлээн авдаггүй, сунгах боломжгүй байсан талаар тухайн үед тус газрыг хариуцан ажиллаж байсан газрын мэргэжилтэн Ц.О, гэрч М.Т нар гэрчийн мэдүүлэгтээ хэлдэг. Тухайлбал гэрч М.Т "Хуучин газар эзэмшиж байсан хүмүүс сунгуулья гэж над дээр ирдэг байсан. Эрх шилжүүлэх гэхээр итгэмжлэгдсэн хүн бурхан болчихсон гэх байдлаар тайлбарлагдаад, 2021 оны сүүл рүү 2 газрын газар эзэмших хүсэлтүүд ирж байсан" зэргээр мэдүүлдэг. Газрын албанд удаа дараа очиж газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт гаргаж байсан боловч газар нь мэдээллийн санд бүртгэлгүй, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ нь эх хувиараа байхгүй зэрэг шалтгаанаар буцах хуудас өгч байсан, газар сунгуулах хүсэлтийг бүртгэн авч байгаагүй байдаг.

Газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт гаргахад кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй, газрын маргаантай нэрээр материалыг нь хүлээж авдаггүй атлаа газар эзэмших эрхийг нь өөрсдийн оролцоогүй, дутуу материалын үндсэн дээр, газрын мэдээллийн санд шинээр бүртгэж байгаад газар эзэмших эрхийг шилжүүлж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх зарчим, 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн захиргааны үйл ажиллагаа байна.

3.4.Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 12.1 дахь хэсэгт Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж ашигласан. Захиргааны хэргийн шүүх иргэн, аж ахуйн нэгжийн субьектив эрхийг хамгаалах зорилготой.

Нэхэмжлэгч нарын субьектив эрх нь газар эзэмших эрх, энэ эрхээ сунгуулах эрх, эдгээр эрхээ хэрэгжүүлэхээр Баянзүрх дүүргийн Газрын албанд хандсан боловч газар эзэмших эрхээ сунгуулах нь байтугай бусдад алдсан болохыг, улмаар газар эзэмших эрхээ хууль бусаар бусдад алдаж байгаа тул үүнийг таслан зогсоох, газар эзэмших эрхээ сунгуулах юм. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1086 дугаар захирамж нь нэхэмжлэгч нарын нэрийг дурдаж, газар эзэмших эрх олгосон 2011 оны захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх Б.Ж*******д шилжиж байгааг тодорхой үйл баримт, эдгээрийг нотлох баримт байсаар байтал шүүгч нэхэмжлэгч нарын субьектив эрхэд хамааралгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй гэж байгаа нь хуулийг болон Улсын Дээд шүүхийн тайлбарыг буруу тайлбарлаж буй үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Ш.Ж*******д газар эзэмших эрх 2022 онд шилжсэн, хэрвээ нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх 2022 оныг хүртэл хүчин төгөлдөр биш байсан гэж шүүх үзэж байгаа бол 2022 онд хэний, ямар эрх шилжсэн бэ гэдэг бидний асуултанд огт хариулахгүй, санаатайгаар зайлсхийж шүүхийн шийдвэрийн дүгнэх хэсэгт оруулахгүй байгаа нь ойлгомжгүй байна. Эргэлзээтэй, маргаантай асуудлыг шүүх тодорхой дүгнэх ёстой ч ямар ч дүгнэлт, тайлбаргүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь биднийг энэ шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөлд хүргэж байгаа болно.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шүүх бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

1.Нэхэмжлэгч Б.А*******, Б.Б******* нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 573 дугаар захирамжаар үүссэн тус тусын 700 м.кв газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрч, холбогдох гэрээ хэлцэл хийх, төлөөлж гарын үсэг зурах, нотариатад төлөөлөх, түүнтэй холбоотой үйлдэл хийх эрх олгосон итгэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 11, 12-ны өдөр иргэн Б.Гад 3 жилийн хугацаатай тус тус олгосны үндсэн дээр Б.Г нь гуравдагч этгээд Ш.Ж*******тай мөн оны 8 дугаар сарын 9-ний өдөр тэдгээрийн газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг төлөөлөн байгуулж, улмаар дүүргийн Засаг даргын 2022 оны А/1086 дугаар захирамжийн 1 дэх заалтаар газар эзэмших эрхийг Ш.Ж*******д шилжүүлж, 3 дахь заалтаар энэхүү захирамж гарсантай холбогдуулж нэхэмжлэгчдэд анх газар эзэмших эрх олгосон 2011 оны 573 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцжээ.

Хэрэгт дээрх итгэмжлэлүүдээс татгалзсан, эсхүл итгэмжлэл хууль бус болохыг тогтоосон баримтыг нэхэмжлэгчдээс гаргаж өгөөгүй, иймд нэгэнт итгэмжлэл хүчинтэй байгаа энэ тохиолдолд газар эзэмших эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

2.Гэтэл шүүх нэхэмжлэлийн А/1086 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж дүгнэн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь буруу болжээ.

Учир нь анх 2011 онд нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэхдээ хугацааг 5 жилээр тогтоосонтой холбогдуулж шүүх нэхэмжлэгчдийн газар эзэмших эрхийг 2017 онд дууссан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, магадгүй үнэхээр ингэж дүгнэх тохиолдолд нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох газар эзэмших эрхийн хугацаа сунгуулахыг даалгах шаардлагыг ч хүлээн авахаас татгалзах үр дагавар үүснэ.

Хэдийгээр 5 жилийн хугацаагаар анх олгосон ч эзэмшил газар нь гэр бүлийн хэрэгцээнд буюу амины хашааны зориулалттай, энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу нэг удаа үнэгүй өмчлөх эрх бүхий газарт хамаарахаар байх тул 5 жилийн хугацаагаар газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэхгүй.

Хариуцагчаас нэхэмжлэгчдийн газар эзэмших эрхийг дуусгавар болгоогүй, хүчинтэй гэж үзэж байсны нотолгоо нь дээр дурдсанчилан тэдгээрийн газар эзэмших эрхийг 2022 оны А/1086 дугаар захирамжаар Ш.Ж*******д шилжүүлэн олгосноор нотлогдоно.

3.Харин Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчдээс газар эзэмших эрхээ шилжүүлсэн энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангах үндэслэлгүй юм.

Гэтэл шийдвэрт “…Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар Б.Б*******, Б.А******* нарт эзэмшүүлсэн тус дүүргийн *******, Хан усан тохойд байрлах нэгж талбарын 1332907566, 1332907565 дугаар бүхий тус тусын газрын эзэмших эрхийг сунгахгүй байгаа хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шийдлийн хувьд зөв боловч үндэслэлдээ “…2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар олгосон газар эзэмших эрхийн 5 жилийн хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр дууссан, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар өргөдөл, хүсэлт гаргаж байсан болох нь нотлогдохгүй, газрын төлбөр огт төлж байгаагүй…” гэх зэргээр дүгнэсэн нь бодит нөхцөл байдал, маргааны үйл баримтад нийцсэнгүй.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-ыг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 30 дугаар тогтоолыг дурдаж нэхэмжлэгчдийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, түүнчлэн “…маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарт сэргээгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй…” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

4.Давж заалдах гомдолд “…шүүх Б.Ж*******д Б.А*******, Б.Баяржаргал нараас 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрх шилжсэн нь ямар нэгэн алдаагүй байна гэдгийг шийдвэрийнхээ үндэслэл хэсгийн 1-10 хүртэлх дүгнэлтүүдээрээ тогтоосон байх атлаа 11.1-11.10 хүртэлх дүгнэлтүүдээрээ нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх дуусгавар болсон гэж дүгнэж байгаа нь өмнөх дүгнэлтүүдээ няцаасан, хоорондоо зөрчилдөөнтэй...” гэсэн нь үндэслэлийн хувьд зөв боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үр дагаварт хүргэхгүй.

 Харин нэхэмжлэгч Б.Б*******гийн хувьд Б.Гад итгэмжлэл олгосон 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр, Б.Алтанхундагын хувьд мөн оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус тус “Иргэд хоорондын хэлцэл” байгуулсан, уг хэлцлийн 3-т 15.0 сая төгрөгийг Б.Г нь нэхэмжлэгчдэд тодорхой хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байх бөгөөд магадгүй энэхүү хэлцлээр хүлээсэн үүргээ Б.Г биелүүлээгүй байх тохиолдолд иргэний журмаар маргах эрхийг энэхүү шийдвэр, магадлал хязгаарлахгүй болно.

1 дүгээр хх-ийн 231 дүгээр талд авагдсан сансарын зургаас үзэхэд байршлын хувьд нэхэмжлэгчдийн эзэмшиж байсан газарт барилга баригдсан байгааг ч дурдах нь зүйтэй.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 322 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан иргэн Б.А*******, Б.Б******* нарын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1086 дугаар захирамжийн өөрсдөд холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсэг болон өөрсдийн эзэмшил газрыг Ш.Ж*******д шилжүүлэн олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах, мөн дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар өөрсдөд эзэмшүүлсэн тус дүүргийн *******, байрлах нэгж талбарын 1332907566, 1332907565 дугаар бүхий тус тусын газрын эзэмших эрхийг сунгахгүй байгаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгчдийн өмгөөлөгч Г.Ц*******, Ж.С******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                            ШҮҮГЧ                                                       З.ГАНЗОРИГ

 

                              ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ

 

                            ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН