Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 28

 

МАГАДЛАЛ

 

2017.12.25                                                     Дугаар 28                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Д.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/01885 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х Л” ХХК-д холбогдох,

Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр 51 300 000 төгрөг, түрээсийн үндсэн төлбөр 8 404 470 төгрөг, хүүгийн төлбөр 23 618 483 төгрөг, нийт 83 322 953 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.У, түүний өмгөөлөгч: Р.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 40000293 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, 5 жилийн хугацаанд нийт 254 960 310 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож. Land Cruiser 200 суудлын авто машиныг түрээслэхээр болсон юм. Гэрээ байгуулагдах өдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Х Л ХХК-нд гэрээний урьдчилгаа төлбөр болгон 51 300 000.00 төгрөгийг шилжүүлж, түрээслүүлэгчтэй байгуулсан гэрээ, журмыг зөрчихгүйгээр cap бүр тодорхой хэмжээгээр гэрээний үүргээ гүйцэтгэж ирсэн. Өнөөдрийн байдлаар Д.У, Х Л ХХК-нд нийт 84 362 069.00 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн байдаг. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Д.У, Х Л ХХК-нд гэрээний дагуу түрээсийн төлбөр төлсөн байхад Х Л ХХК-ийн хүмүүс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэрээний зүйл болох 77-87 УБЗ улсын дугаартай авто машиныг гараашаас надад мэдэгдэлгүй авч явсан байдаг. Миний хувьд санхүүгийн түрээсийн зүйлийг хураан авах хэмжээний зөрчил болон талуудын хооронд байгуулсан гэрээ, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасан түрээсийн төлбөрийг 3 удаа дараалан төлөөгүй зэрэг зөрчлийг гаргаж байгаагүй болно. Улмаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй талаар зохицуулсан, талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад түрээслүүлэгч нь гэрээнээс үндэслэлгүйгээр, хууль бусаар татгалзсан байдаг. Тийм учраас Д.У би санхүүгийн түрээсийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу түрээслүүлэгч болох "Х Л ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээг үргэлжлүүлэхийг даалгуулахаар шаардлага гарган шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү маргаан эцэслэн дуусаагүй байхад түрээслүүлэгч түрээсийн зүйл болох авто машиныг бусдад түргэн шуурхай худалдан борлуулсан байдаг. Энэ нь шүүхийн маргаан яаж ч шийдвэрлэгдсэн байсан гэрээг цаашид үргэлжлүүлэн хэрэгжих боломжгүй болгосон. Дээрх нөхцөл байдлаас харахад Х Л ХХК нь харилцан тохиролцсон тохиролцоогоо биелүүлдэггүй, боломж олдвол ялимгүй зөрчлийг далимдуулж гэрээнээс татгалзсан нэрийдлээр түрээслэгчид мөнгө, авто машины алийг нь өгөхгүй хохироох, бусдад түрээслүүлсэн эд зүйлсээ буцаан авч, түүнээс ашиг олдог юм байна гэсэн хардлагыг төрүүлж байна.

Энэхүү маргааны явцад хариуцагч Х Л ХХК-тай байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээг сайн гэгч нь уншиж үзэхэд талуудын хооронд байгуулсан гэрээг аливаа үндслэлээр дуусгавар болгосон тохиолдолд түрээсийн төлбөрийг хэрхэх талаар болон маргаангүйгээр дуусгавар болгохоор харилцан тохиролцсон зүйл тусгагдаагүй байсан байна. Энэ ч утгаараа түрээсийн гэрээтэй холбоотой төлбөрийн маргаан үргэлжилж байна. Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2, 313.3 дахь зохицуулалтаас харахад Санхүүгийн түрээсийн гэрээнд гэрээ хүгацаанаасаа өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг тусгасан байх бөгөөд хэрэв энэхүү журмыг тусгаагүй тохиолдолд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байдаг. Мөн талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний нөхцлүүдийг Х Л ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 33 дугаар тушаалын 1-р хавсралтаар баталсан стандарт нөхцлүүдтэй байх тул гэрээний нөхцөл нь тухайн саналыг хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлагдах ёстой. Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байх тул талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 40000293 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн нийт 84 362 069.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Д.У-ийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага буюу 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 40000293 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 84 362 069 төгрөг гаргуулахыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт буюу 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Х Л ХХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 40000293 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний 1.2-т Х Л нь уг гэрээнд заасан автомашиныг ямар зорилгоор худалдан авч байгааг тодорхой заажээ. Өөрөөр хэлбэл, уг автомашиныг нэхэмжлэгчид Санхүүгийн түрээсээр ашиглуулах зорилгоор худалдан авсан байна. Харин зохигчид Иргэний хуулийн 26 дугаар бүлэг болон Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийг удирдлага болгон 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан байна. Үүнээс авч үзвэл зохигчдын хооронд Санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн болох нь тодорхой юм. Санхүүгийн түрээсийн гэрээ бол Иргэний хуульд зааснаар бусдын эзэмшил, ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх гэрээний төрөлд хамаардгаараа бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх гэрээний төрлөөс ялгаатай. Тийм ч учраас Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1 дэх хэсэгт Санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаарх журам үйлчилнэ гэж заасан байдаг. Зохигчдын хооронд нэгэнт санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн тул нэхэмжлэгчээс манай компанид төлсөн мөнгөн хөрөнгө нь түрээсийн төлбөр буюу түрээсийн зүйл болох автомашиныг биет байдлаар эзэмшиж, ашигласны төлбөр бөгөөд үүнийг Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1 дэх хэсэг буюу эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтын үүднээс авч үзвэл хариу төлбөргүй үүрэг юм. Жишээлбэл, бусдын орон сууцыг хөрөнгө хөлслөх гэрээний дагуу эзэмшиж байсан этгээд уг гэрээний харилцаа дуусгавар болоход орон сууцанд амьдарч байсан хугацаанд төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхгүйтэй адил юм.

Санхүүгийн түрээсийн гэрээ нь хэлбэрийн хувьд заавал бичгээр хийх хуулийн шаардлагатай. Тийм ч учраас талууд Санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр хийсэн тул хэлбэрийн хувьд хуулийн шаардлага хангаж байгаа. Нөгөө талаас, нэхэмжлэгч Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2 дахь хэсгийн зохицуулалтыг санхүүгийн гэрээнд тусгаагүй учир мөн хуулийн 313.3 дахь хэсэгт заасан үр дагавар үүснэ гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын эрх зүйн үндэслэлийг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Тодруулбал, гэрээний нийт үнийг гэрээний 1.5-д тодорхой тусгасан, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацааг санхүүгийн түрээсийн гэрээний 1.2.1 буюу хавсралт 1, түрээсийн болон даатгалын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг тогтоосон хуваариар тодорхой зохицуулсан. Харин санхүүгийн түрээсийн гэрээний 6. Түрээслэгч үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс бий болох үр дагавар хэсэг бүхэлдээ, тэр дотроо гэрээний 6.5-д гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг хэрхэн төлж дуусахтай холбоотой харилцааг зохицуулсан. Тийм учраас нэхэмжлэгчийн Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага нь эрх зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, санхүүгийн түрээсийн гэрээний хавсралт 1-т түрээсийн төлбөрийн үлдэгдлийг хуваарьт огноо бүрээр харуулсан байгаа бөгөөд нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлснөөр гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох эрх нь нээлттэй, нэхэмжлэгчийн энэхүү эрхийг хязгаарласан зохицуулалт гэрээнд байхгүй. Нөгөө талаас, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй гэж зохицуулсны дагуу нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлснөөр аливаа анз төлөх зохицуулалт санхүүгийн түрээсийн гэрээнд байхгүй тул мөн л үүргээ хугацаанаас нь өмнө бүрэн гүйцэтгэснээр гэрээг хугацаанаас дуусгавар болгох боломжтой. Нэгэнт гэрээ нь түүнд оролцогч талуудын тохиролцоо учраас талууд хүсэл зоригоо харилцан тэгш эрхтэй илэрхийлэх эрхтэй. Нэхэмжлэгчийн зүгээс санхүүгийн түрээсийн гэрээний нөхцлийг зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн. Түүнчлэн, санхүүгийн түрээсийн гэрээний нөхцөлтэй танилцаад түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал гаргаж байгаагүй. Мөн нэхэмжлэгч өөрчилсөн шаардлагадаа “...гэрээний нөхцөл нь тухайн саналыг хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлагдах ёстой гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсгийн энэхүү зохицуулалтыг гэрээний стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй тохиолдолд хэрэглэдэг бөгөөд талуудын байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээнд ойлгомжгүй, хоёрдмол болоод салаа утгатай үг хэллэг байхгүй, нэхэмжлэлд ч энэ тухайгаа дурдсангүй. Хэрэгт авагдсан баримт болох нэхэмжлэгч манай компанид хандан гаргасан 2016 оны 5 дугаар сарын     31-ний өдрийн хүсэлтээр талууд Санхүүгийн түрээсийн гэрээг түрээслүүлэгч буюу Х Л ХХК-ийн санаачилгаар цуцалсан болохыг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй. Нэхэмжлэгч нь уг саналыг хүлээн авахдаа гэрээ байгуулах нөхцлийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор гүйцэтгэхээр хугацаа заасан бөгөөд үүнийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.5 дахь хэсгийн зохицуулалтын үүднээс авч үзвэл манай компани энэ хугацаанд гэрээ байгуулах саналаасаа татгалзаагүй. Түрээсийн зүйлийг түр буцаан авах өдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл   113 355 367 төгрөг байсан. Нэгэнт манай компани дээрх байдлаар гэрээ байгуулах саналаасаа татгалзах эрхгүй байх хугацаа дууссан учир талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний 6.5-д заасны дагуу түрээсийн зүйл болох автомашиныг бусдад худалдан борлуулах эрх үүссэн. Энэ талаар ч бидний зүгээс нэхэмжлэгчид хүргүүлсэн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаартай албан бичигт тодорхой дурдсан. Санхүүгийн түрээсийн гэрээний 6.5-д зааснаар талуудын тохиролцсон зүйл бол гэрээг цуцалсан тохиолдолд түрээсийн зүйл болох автомашиныг шүүхийн бус журмаар, үл маргах байдлаар худалдан борлуулж гэрээ цуцалснаас учирсан хохирлыг барагдуулах юм. Тийм ч учраас манай компани 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр буюу гэрээ байгуулах саналаас татгалзах эрхгүй байх хугацаа дууссанаас хойш 10 хоногийн дараа АТЦИНМ ХХК-тай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж маргааны зүйл болох автомашиныг 112 600 000 төгрөгөөр тооцон уг компанийн ашиглалтад шилжүүлэн АТЦИНМ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 112 600 067 төгрөгийг төлсөн тул гэрээний 2.4-т заасны дагуу автомашины өмчлөх эрхийг шилжүүлж манай компани 755 300 төгрөгийн алдагдал хүлээсэн. Дээрх байдлаас харвал нэхэмжлэгч гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхгүй, санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох эрх зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2, 313.3 дахь хэсэгт заасны дагуу талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Х Л ХХК-иас 83 322 953 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.У-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 432 752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 574 565 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуралдааны тэмдлэглэлээс харвал "Хариуцагчийн төлөөлөгчөөс "Х Л" ХХК-тай ямар гэрээ байгуулсан бэ? гэсэн асуултад нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан" гэж хариулсан нь талуудын хооронд санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн талаар талууд маргаагүй нь тодорхой байхад шүүх дээрх ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн. Түүнчлэн ".нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөр хоорондоо харилцан зөрчилтэй байдлаар тодорхойлж буй хэдий ч түүний ийнхүү мэтгэлцэж байгааг процессийн эрх зүйн үүднээс хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй" гэж мөн л ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Шүүх талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний 6.5-д заасан хэсгийг буруу тайлбарласан. Өөрөөр хэлбэл, талууд түрээслэгчийн гэм буруугаар гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон буюу цуцалсан тохиолдолд түрээсийн зүйлийг үл маргах журмаар худалдан борлуулж хохирол буюу гэрээний үнийг төлж дуусахаар тохиролцсон. Энэ нь Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж буй юм. Харин анхан шатны шүүхийн үүнийг "...гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тохиолдолд нэгэнт төлчихсөн гэрээний үнэ, ирээдүйд төлөх байсан гэрээний үнэ зэргийг уялдуулан гэм буруугүй талд учрах хохирлыг хэрхэн зохицуулах талаар нарийвчилсан зохицуулалт болж чадаагүй байна" гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримт болох Шаардах хуудас /х.х 20,21 дэх тал/ болон шаардах хуудсанд нэхэмжлэгч өөрийн гараар бичсэн зүйлээс харахад гэрээний үүргийн зөрчил байсан болох нь тодорхой харагдаж байна. Нөгөө талаас, нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг биет байдлаар ашиглаж байхдаа төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхгүй байдаг тул нэгэнт төлчихсөн гэрээний үнийг гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохтой холбоотойгоор гэрээнд нарийвчлан зохицуулах шаардлагагүй юм. Энэ нь орон сууц хөлслөгч тухайн орон сууцыг эзэмшиж байх хугацаанд төлсөн хөлсийг буцаан шаардах эрхгүйтэй адил юм. Түүнчлэн, анхан шатны шүүх Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсгийг зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, "Иргэний хуулийн энэ заалтыг хэрхэн хэрэглэх талаар талуудын хооронд нарийвчилсан тохиролцоо санхүүгийн түрээсийн гэрээнд тусгагдах шаардлагатай байжээ" гэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь Иргэний хуулийн энэхүү зохицуулалтыг талуудын хооронд үүссэн маргааны үүднээс авч үзвэл нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Нэгэнт гэрээний 6.5-д заасны дагуу гэрээг түрээслүүлэгчийн санаачилгаар цуцлах буюу хугацаанаас нь өмнө дуусгавар болгож байгаа тохиолдол нь Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсгийн зохицуулалтын үр дагаврыг үүсгэж байгаа тул түрээслүүлэгч буюу хариуцагчаас тавих шаардлага болох хохирлын хэмжээг уг зохицуулалтын дагуу тодорхойлно. Ийнхүү хохирлыг тодорхойлохдоо Санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ нь юунаас бүрдэж байгаа вэ гэдгийг авч үзэх шаардлагатай болно. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт гэрээний нийт үнэ нь түрээсийн зүйлийг худалдаж авах зардал буюу түрээсийн төлбөр болон түрээсийн хүүнээс бүрдэнэ гэж заасан. Тэгэхээр Иргэний хуулийн хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт заасан хохирлыг тодорхойлохдоо Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан гэрээний нийт үнээс хэдэн төгрөг төлөгдсөн, хэдэн төгрөг төлөгдөөгүй байна вэ гэдгийг харгалзаж үзэх ёстой юм. Тийм ч учраас Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт "...харгалзан үзнэ..." гэж зааснаас бус гэрээнд тусгах тухай агуулга байхгүй. Хэргийн 88 дахь талд авагдсан нотлох баримт буюу дансны хуулгаас харахад 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр төлсөн төлбөрийн дараа гэрээний нийт үлдэгдэл 111 295 530 төгрөг байгаа нь тодорхой байгаа бөгөөд энэ нь хариуцагчаас тавих шаардлага буюу хохирлын хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсгийн зохицуулалт нь туйлын тодорхой, гэрээнд нарийвчлан тусгахгүй шаардлагагүйгээр хэрэглэх бүрэн боломжтой байтал шүүх энэхүү зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн энэ талаар шүүх хуралдаанд тайлбарлан хэлэхэд шүүх хуралдаан даргалагч "...хохирлыг тогтооход яаж нөлөөлөхөөр байгаад хариулт өгч чадахгүй байна" гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг ойлголгүйгээр дүгнэсэн.

Шийдвэрийн "Тогтоох нь" хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг баримталсан хэдий ч уг хэсгийн зохицуулалтын урьдач нөхцөл болох талуудын хооронд байгуулсан гэрээ нь мөн хуулийн 56.1 дэх хэсгийн аль заалтад хамаарч байгаа талаар тодорхой дурдаагүй. Энэ талаар дурдаагүй, дүгнээгүй бол мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг хэрэглэх боломжгүй нь ойлгомжтой юм.

Дээрх байдлаар шүүх Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2 дахь хэсэг, 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй. Хэргийн 18,19 дэх талд авагдсан нотлох баримт баримт болон 22, 23 дахь талд авагдсан нотлох баримтуудыг шүүх ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Эдгээр нотлох баримтууд нь талуудын хооронд гэрээг хэрхэн цуцалсан, үүнээс үүдэн ямар үр дагавар гарах, цуцалсан шийдвэрийг нэхэмжлэгч хэрхэн хүлээн зөвшөөрснийг гэрчлэх бөгөөд     энэ нь гэрээ хүчин төгөлдөр болохыг гэрчлэх баримт юм. Тийм ч учраас тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцлийн зохицуулалтад хамаарахгүй. Нөгөө талаас, шийдвэрийн 7 дахь талд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ болох "83 322 953 төгрөгийг нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэх замаар хариуцагчид төлсөн төлбөр тул зүй ёсны орлого гэж үзэж байна" гэж шүүх дүгнэсэн хэдий ч "зүй ёсны орлогыг" буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь туйлын ойлгомжгүй, логикын хувьд зөрчилтэй юм.

Өмнө нь дурдсаны дагуу шүүх талуудын хооронд ямар харилцаа үүссэнийг тодорхойлолгүйгээр хэргийг шийдвэрлэснээс гэрээг түрээслүүлэгчийн санаачилгаар цуцлах тохиолдолд түрээсийн зүйлийн элэгдэл хорогдол, чанар байдал, зах зээлийн үнэлгээг хэрхэн тооцоолж, тогтоох талаар маргааны зүйлд огт хамааралгүй зүйлийн талаар буруу дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, санхүүгийн түрээсийн харилцаа /гэрээ/ бол бусдын өмчдөлд бус ашиглалтад эд хөрөнгө шилжүүлдэг харилцаа тул түрээсийн зүйлийн өмчлөх эрхийн талаар талууд маргадаггүй. Хэдийгээр "талуудын хооронд эд хөрөнгө ашиглуулах зорилго байгаа, эд хөрөнгө ашиглахтай холбоотой тохиролцоо тусгагдсан, тогтоосон түрээсийн төлбөр нь эд хөрөнгө ашиглуулсны төлөө агуулга байгаа бол Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ юм. Санхүүгийн түрээсийн гэрээнд түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн тохиролцоо байж болно. Энэ тохиролцоо нь эд хөрөнгө түрээслүүлж, түрээсийн төлбөрийг тогтоосон талуудын үндсэн тохиролцоо буюу санхүүгийн түрээсийн гэрээг үгүйсгэх үндэслэл болохгүй. Нөгөө талаас, Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн өмчлөгч нь түрээслүүлэгч байдаг тул санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түрээсийн зүйлийн өмчлөлийн талаар маргахгүй тул түүнийг өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу уг эд хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй бөгөөд зах зээлийн үнэлгээ хийлгэх шаардлага хуулиар тавигддаггүй. Түүнчлэн уг үнэлгээг Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн зохицуулалтын дагуу тус тус тогтооно. Хэргийн 19 дэх талд авагдсан баримт болох нэхэмжлэгч манай компанид хандан гаргасан 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хүсэлтээр талууд Санхүүгийн түрээсийн гэрээг түрээслүүлэгч буюу "Х Л" ХХК-ийн санаачилгаар цуцалсан болохыг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй бөгөөд дахин Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах манай компанийн саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгч нь уг саналыг хүлээн авахдаа гэрээ байгуулах урьдач нөхцлийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор гүйцэтгэхээр хугацаа заасан бөгөөд үүнийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.5 дахь хэсгийн зохицуулалтын үүднээс авч үзвэл манай компани энэ хугацаанд гэрээ байгуулах саналаасаа татгалзаагүй. Дээрх байдлаар анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг тодорхойлолгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн учраас шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, уг хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч “Х Л” ХХК-д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр 51 300 000 төгрөг, түрээсийн үндсэн төлбөр 8 404 470 төгрөг, хүүгийн төлбөр 23 618 483 төгрөг, нийт 83 322 953 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч нь 171 000 000 төгрөгийн үнэтэй Land Cruiser 200 маркийн, 77-27 УБЗ улсын дугаартай суудлын авто машиныг 5 жилийн хугацаатай түрээслэх, түрээсийн зүйлийн үнэ хүүгийн хамт 254 960 310 төгрөг байхаар тохиролцон, нэхэмжлэгч нь мөн өдөр 51 300 000 төгрөгийг төлж, автомашиныг эзэмшилдээ авч ашигласан, гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор хариуцагч нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний гэрээг цуцалсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг      хангасан нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2 дахь хэсгийн зохицуулалтад заасан түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг заагаагүй тул мөн хуулийн 313.3 дахь хэсэгт зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр бус байна. Уг гэрээнд хуульд заасан журмыг зөрчиж байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул гэрээний талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар гэрээний үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй.

Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүсэх гэрээний бус үүргийн талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь хариуцагчид дээрх хүчин төгөлдөр бус гэрээний дагуу 84 362 069 түрээсийн урьдчилгаа төлбөр төлснөө буцаан шаардах эрхтэй боловч хариуцагчийн өмчлөлийн шинэ автомашиныг буцаан өгөх, уг эд зүйлийг 11 сарын хугацаанд эзэмшиж ашигласантай холбоотойгоор Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дахь хэсэгт зааснаар уг автомашинд болон уг хөрөнгөөс олох ёстой байсан орлого, үр шимийг төлөх үүрэг мөн үүснэ.

Нэхэмжлэгч нь уг хүчин төгөлдөр бус санхүүгийн түрээсийн гэрээний заалтуудыг уншиж танилцан гарын үсэг зурсан байгаагаас үзэхэд хэлцэл хүчин төгөлдөр бус эсэхийг мэдэх боломжтой тул үндэслэлгүйгээр хариуцагчийн автомашиныг олж авснаа гэрээ байгуулсан үеэс мөн мэдэх боломжтой байсан.

Талуудын хоорондын хэлцлээс үзэхэд сар бүр 3 395 000 төгрөгийг 60 сарын хугацаанд тогтмол төлснөөр автомашины үнэ төлөгдөж дуусахаар заасан байгаа уг хэмжээгээр тооцон, нийт 37 345 000 төгрөгийг автомашиныг 11 сарын хугацаанд ашигласны төлбөрийг хариуцагч нь нэхэмжлэгчид буцаан төлөх төлбөрөөс суутгуулан үлдэх хэсгийг шаардах эрхтэй.

Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/01885 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Х Л” ХХК-иас 45 977 953 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.У-т олгож, үлдэх 37 345 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...хариуцагчаас 574 565 төгрөгийг гаргуулан...” гэснийг “...хариуцагчаас 387 839.77 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 574 565 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

      ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                            М.НАРАНЦЭЦЭГ