Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/802

 

 

 

 

 

 

   2022           11           28                                       2022/ШЦТ/802

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,  

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

хохирогчийн өмгөөлөгч Б.Сэмжидмаа,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210019481232 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ***настай, эрэгтэй, дээд боловсролтой, Маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл-1, ганцаараа *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***)

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 92-А байрны 12 давхарт иргэн *** маргалдаж улмаар түүний нүүр хэсэг рүү гараараа цохих, зүүн чихийг хазах зэргээр биед нь халдаж, зүүн чихний дэлбэнд шарх, хүзүү баруун бугуйнд зулгаралттай, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь: 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр *** гэдэг найз манайд очиж ууя, нэг шил архи байгаа, тэгээд ч манай эхнэрийг танихгүй биш, ээж байхгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд тэдний гэрт очиж уусан. Тэгэхэд дүү *** нь орж ирээд ээж ирлээ, одоо наад архидалтаа зогсоо, яв гэхээр нь за ойлголоо гээд *** гэж найзтайгаа хамт гарсан. Утсаа мартсан байсан учраас *** гэж манай найз орж миний утсыг аваад гарч ирж байхад *** ажилгүй, архичин гээд намайг цохисон. Тэгээд миний уур хүрээд цохисон, намайг эхэлж цохиогүй бол ийм зүйл болохгүй байсан. гэсэн мэдүүлгийг гаргасан.

 

Хоёр: Эрүүгийн 2210019481232 дугаартай хэргээс:

 

1.Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 8 дахь тал),

2. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *** гэрэл зургийн үзүүлэлтэд үзлэг хийсэн тэмдэглэлд “...*** нь саарал өнгийн шоотой судалтай футболктой, доогуураа хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, саарал өнгийн оймстой, саарал өнгийн пүүзэн гуталтай, зүүн чихний дэлбэнг хэсгээр цагаан өнгийн бентээр боосон, оёдол бүхий шархтай байв. “гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),

3. 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 давхар цайвар өнгийн дундуураа хоёр ширхэг бор босоо судалтай 92 гэсэн орон сууцанд... 12 давхарт гарахад цахилгаан шатнаас хойш 14 метр зайд цус мэт улаан хүрэн өнгийн хоёр ширхэг толбо байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

 

4. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 21-нд 20 цаг 50 минут орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр 92-А байр луу өөрийн ээж болох *** оруулж өгтөл ээжийн гэрт ахын найз гэх ***, өөр нэг залуу ах гурав архи уугаад байж байсан. Тэгтэл *** гэх залуу миний нүүр хэсэг рүү 5-6 удаа атгасан гараараа цохисон. Тухайн эрэгтэйг барьж аваад түлхэж байтал *** гэх залуу миний зүүн талын чихнээс хазсан тул цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

 

5. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 21-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хотод ирээд, 20 цаг 45 минут орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ орох зорилгоор өөрийн том хүү ***тэй ярихад манай хүүхэд согтуу байсан учир хажуу талын орцонд амьдардаг бага хүү болох Мөнх-Эрдэнийг дуудсан. *** гэр лүү орж гражийн түлхүүр аваад гэрт архи ууж байсан *** нар архи одоо больцгоо гэж хэлээд гарч ирээд намайг тосож авсан. *** ачаагаа зөөгөөд гэртээ орсон түүний дараагаар би араас нь орж явтал манай бага хүүхэд та хэд одоо болиод яв гэтэл *** гэх залуу манай бага хүүхэд рүү дайраад барьцалдаад авсан. Тэгээд гэрт байсан хүмүүс гарч ирээд тэр хоёрыг салгаад *** гэх залууг барьтал *** урагш тэмүүлээд манай бага хүү *** чихийг хазаж харагдсан. Дараа нь хартал бага хүүгийн чих тасарсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

6. Гэрч Ө.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, “Хоме плас”-т ганцаараа хүнтэй уулзаад явж байхдаа найз *** рүү 19 цагийн үед залгасан. Тэгэхэд *** *** хоёр цугтаа байна, манай гэрт ууж байна, чи хүрээд ирэхгүй юу даа гэж хэлсэн. Би 20 цаг өнгөрч байхад ***д ирсэн. Гэрт нь ороход ***, *** нар нэлээн согтолттой байсан. Бид гурав яриад сууж байхад 21 цагийн үед байх, хаалга тогшихоор нь ...онгойлгоход *** дүү *** байсан. *** орж ирэхдээ ууртай уцаартай хараал хэлж байсан. Бид хэдэд хандан ээж ирж байгаа гэж хэлэхээр нь би ***ийг явъя гээд дагуулаад *** гэрээс гараад явсан. Бид гараад байрных нь гадаа явж байхад *** гар утсаа орхисон байна гэхээр нь би буцаад дагуулаад *** гэр лүү явсан бид лифтэнд сууж дээш гараад *** гэрийнх нь давхарт буусан. Хэдэн давхар гэдгийг нь санахгүй байна. Би ***ийг *** хаалганы хажууд нь үлдээгээд өөрөө ороод том өрөөний буйдан дээрээс утсыг нь аваад гарч байхад *** ***ийг ажилгүй архичин зайл гэх мэтчилэн хэл амаар доромжлоод байсан. Тэр үед *** орцонд хаалганы үүдэнд сонсож байгаад юу гэнээ гэхэд *** ***гийн шанаа хэсэг рүү нь цохиод авсан. Би салгахаар дундуур нь ороод салгаж дийлээгүй. Тэр хоёр хэд, хэдэн удаа харилцан цохилсон. Тэр үед *** эхнэр, *** ээж хоёр бас салгах гэж орсон. Бид гурав цугтаа салгаад байж байтал *** Мөнх-Эрдэнийг тэвэрч аваад зүүн чихнээс нь хазсан. Тэр үед би хараад шууд салгаад ***ийг аваад гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №10239 дугаартай:

-*** биед зүүн чихний дэлбэнд шарх, хүзүү, баруун бугуйнд зулгаралттай, хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн нэмэлт ирүүлсэн материалаар 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №834 дугаартай гаргасан дүгнэлтэд:

№1 №2 №3 Зурагт: Чихэнд тавигдсан оёдол харагдана.

№4 Дээрх зурагт бүрэн эдгэрээгүй чихний шарх харагдана

№5 Чихний дэлбэн бүрэн эдгэрсэн чихний дэлбэнгийн дээд хэсэгт тасарсан байна.

-Гэмтлийн зэрэгт өөрчлөгдөхгүй.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар тогтонги алдагдуулна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

 

9. Шинжээч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...Чихний хэлбэр дүрс алдагдсан тул ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулдаг, алдагдах хувиас хамаарна. *** чихний 3/1 хэсэг тасарсан, хөдөлмөрийн алданги 5 хувиар тогтонги алдагдуулна. Гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Үзлэг хийхэд *** зүүн чихэнд “дэлбээнд” боолттой, урт үргэлжилсэн мэс заслын оёдолтой, хавдаж овойсон чихний хэлбэр алдагдсан байсан тул зүүн чихний дэлбээнд шарх гэж тодотгож бичсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

 

10. Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн гэрт  ...байхад 12 цагийн үед *** гэх багын найз ...гэртээ байгаа юм уу гэж асуухаар нь гэртээ ганцаараа байна гэж хариулсан. Удаагүй *** манайд ирээд бид хоёр ярьж байгаад гарч дэлгүүрээс нэг, нэг шил сөжү авч уухаар болсон. Бид хоёр байрны доод талын дэлгүүрээс 2 шил 0,33 л сөжү авсан. Буцаад манай гэрт ороод уусан. Тэгээд бид хоёр сөжү ууж дуусахад *** *** гэх найзтайгаа уулзчихаад ирье гээд гарсан. 14 цагийн үед *** над руу залгаад би ***тай уулзаж байна, чи хүүхдийн зуугийн “Калифорниа” пабад хүрээд ир гэсэн. Би  15 цагийн үед “Калифорниа” пабад очсон. Намайг очиход ширээн дээр нэг шил пиво, 100 грамм цагаан архи байсан. Бид уулзаад юм ярьж, би гурван шил пиво уусан ...Бид 19 цагийн үед ***, *** нарын хамтаар гэртээ ирсэн. Манайд орохоос өмнө нэг давхрын дэлгүүрээс 3 шил сөжү, 4-5 ширхэг пиво аваад орсон. Цугтаа ууж байгаад *** 20 цагийн үед ...гараад явсан. *** бид хоёр үлдсэн архи пиво уугаад дууссан. *** манай гэрт нэг тал шил архи байгаа хоёулаа манайд ууя гээд *** гэр лүү явахаар болж 21 цагийн үед гэрт нь очиход хүнгүй байсан. Бид хоёр тал шил архиа уугаад *** *** гэх найзыгаа дуудсан. *** 23 цагийн үед гартаа 0,75 литрийн архи барьчихсан орж ирж байсан. Бид нөгөө архиа задалж уугаад удаагүй байхад *** дүү *** орж ирсэн. Бид нарыг хараад уурлаж ...хэл амаар доромжлоод байхаар нь *** бид хоёр гараад явсан. Тэгсэн ...би утас түрийвчээ үлдээснээ санаад *** бид хоёр буцаад орохоор болж бид дээш лифтээр 12 дугаар давхарт гараад *** *** гэр лүү орж миний гар утсыг авахаар гэр лүү нь ороод гарч ирэх хооронд *** над руу хэл амаар доромжлоод байсан. За ахын дүү арай ч ингэж болохгүй гэж хэлэхэд хүрч ирснээ баруун гараараа дух хэсэг рүү нэг удаа цохиод, би хойшоо бөгсөөрөө унаж босож ирээд бид хоёр зууралдсан. Бид харилцан цохилцоод байж байхад ***, *** эхнэр, ээж нь бидний дундуур орж ирээд биднийг салгах үйлдэл хийсэн. Тухайн үед *** намайг баруун гараараа боосон, тэр үед нь би өөрийгөө хамгаалж боолтыг нь тавиулаад дээш өндийгөөд зүүн чихнээс нь нэг удаа хазаад салсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал),

11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар (хавтаст хэргийн 124-125 дахь тал), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 126 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 128 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 130 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 123 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч ***гийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна.  гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 92-А байрны 12 давхарт 2022 оны 07 дугаар сарын 21-ний шөнө согтуурсан үедээ иргэн *** үг хэлээр доромжиллоо гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүр хэсэгт гараараа цохих, зүүн чихийг хазах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь...чихний дэлбэнгийн дээд хэсэгт тасарсан, зүүн чихний дэлбэнд шарх,  хүзүү, баруун бугуйнд зулгаралттай, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 8 дахь тал),

-2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *** гэрэл зургийн үзүүлэлт, үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

-2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

 

-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

 

-Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

-Гэрч Ө.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №10239 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн нэмэлт материалаар хийсэн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №834 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

 

-Шинжээч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

 

-Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж  заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж тодорхойлжээ.

 

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч *** эрүүл мэндэд гэмтэл учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу хохирогчийн нүүр лүү гараараа цохих, чихийг нь хазах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулжээ. Мөн шүүгдэгч *** өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл бүрэн хангасан байна.

 

            Гэмт хэрэг гарахад шүүгдэгч *** нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлжээ.

 

            Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

Гэмт хэргийн улмаас хохирогч *** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, мөрдөн шалгах ажиллагаанд 896,590 төгрөгийн баримтыг хэрэгт гаргаж өгсөн, мөн ажиллаж олох байсан орлогод 5,177,250 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан болон бусад үйлчилгээ авсантай холбоотой 3,511,600 төгрөг, цаашид гарах сэтгэц заслын курс эмчилгээний төлбөр 4,080,000 төгрөг, нийт 13,665,440 төгрөгийг нэхэмжилсэн.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *** нь 10,913,000 төгрөгийг төлж, улмаар хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж,

   6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогчид хохирол төлбөрт 10,913,000 төгрөг төлсөн, хохирогчоос гомдол саналгүй гэсэн, мөн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Сэмжидмаагаас “шүүгдэгч *** нь хохирогчийн ах ***тэй сайн найзууд гэж байгаа учраас хүний гадаад гоо сайхныг засашгүйгээр гэмтээсэн хэдий ч хүнлэг чанар гаргаж хохирол төлбөргүй, цаашид иргэний журмаар хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг дэмжиж байна. Хохирогч ахынхаа харилцааг хадгалж хүнлэг чанар гаргасныг харгалзан үзэх хэрэгтэй. гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *** өөрийгөө өмгөөлж оролцохдоо “миний бие нь гадагшаа өөр улс руу явах гэж байгаа ба, мөн хохирогч *** хүсэлтдээ гомдол саналгүй хамгийн боломжит ял шийтгэж өгнө үү гэсэн байгаа зэргийг харгалзан торгох ял шийтгэж өгнө үү. гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар шүүгдэгч *** урьд ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгч тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан хэдий ч шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, санхүү, орлогыг тодорхойлсон баримтгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***ий хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл бичигдвэл шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин *** болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН