Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00653

 

 

 

 

                                                            

 

 

2019 оны 03 сарын 20 өдөр                    Дугаар 183/ШШ2019/00653                                  Улаанбаатар хот

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Д

Хариуцагч: Э

Хариуцагч: Э нарт холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2 662 860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэжидмаа, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, түүний өмгөөлөгч Б.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Болдсайхан оролцов.

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэжидмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2005 оны 07 дугаар сард БНСУ-д гэрээгээр ажиллахаар очсон юм.Тухайн үед капитрон банкны данс нээлгээд хэд хэдэн удаа Монгол Улс руу мөнгө шилжүүлж байсан юм. Тухайн үед мөнгө шилжүүлж байхад 40 орчим насны эрэгтэй хүн, бас нэг настай эгч байсан. Тэр хүмүүс мөнгө аваад шилжүүлж байсан бөгөөд интернет банкаар мөнгө шилжсэн эсэхийг шалгахад шилжсэн байдаг байсан. 2006 оны 06 дугаар сард дахин 1000 ам.доллар Монгол руу шилжүүлж, баримт авсан боловч дансанд ороогүй байсан тул нөгөө салбар дээр очиход хаалга нь цоожтой, ширээ сандал байхгүй болчихсон байсан. Үүнээс хойш уулзаж чадаагүй бөгөөд тухайн үед ажиллаж байсан хүн Э гэдгийг олж мэдсэн. Надаас өөр олон хүмүүсээс мөнгө шилжүүлэн гэж аваад шилжүүлээгүй байсан. Би Монгол улсад ирээд энэ асуудал цагдаа дээр шалгагдаж байгааг мэдэж хохирогчоор тогтоогдон шалгуулсан. Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Э, Э, Б.Ганхуяг нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 64 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн тус прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 3-т уг эрүүгийн хэргийн хохирогч болох 27 хүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан болно. Иймд миний 2006 оны 06 дугаар сард Монгол Улс руу шилжүүлсэн 1000 ам.долларыг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ханшаар тооцож 2 662 860 төгрөг болж байгаа.

Нэхэмжлэгч Д 2005 онд БНСУ-д гэрээгээр ажиллахаар явсан. 2005 оны 10 дугаар сараас Капитрон банкны салбар Хадгаламж Кореа компаниар ажилласан хөлсөө ар гэрлүүгээ шилжүүлж байсан. Тухайн үед интернет банкаар гүйлгээг шалгаж үзэхэд орсон байдаг боловч 2006 оны 05 дугаар сарын 19-ны өдөр 1000 доллар хийсэн боловч шилжээгүй байдаг. Энэ асуудлаар Хадгаламж Кореа компанид очиход тухайн газар нь хаагдсан байсан. Энэ асуудлаар Монгол Улсад Капитрон банкинд гомдол гаргахад Капитрон банкнаас албан ёсны тайлбар өгсөн. 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 863 дугаартай албан бичигт Хадгаламж Кореа компаний 2006 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа түр зогсоож, гүйлгээ хийгдэхгүй талаар зааж өгсөн байдаг. БНСУ-д ажиллаж байгаа иргэдээс мөнгөн гуйвуулга хийж болохгүй талаар албан бичгээр хүргүүлснийг өргөдлийн хариуд дурдсан байдаг. Энэ асуудлыг судлаад үзэхэд 2006 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хадгаламж Кореа компани үүргээ биелүүлээгүйн улмаас Капитрон банктай хамтран ажиллах гэрээ цуцлагдсан байсан. 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс иргэд залилуулсан талаар Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч Солонгос улсад 2011 оныг хүртэл ажиллаж байсан. 2015 онд нэхэмжлэгч нь хохирогчоор байцаалт өгсөн. Нийслэлийн прокуроос 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 64 дугаартай тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгохдоо Хадгаламж Кореа компаний менежер буюу хамтран ажиллах гэрээ байгуулсан Эын иргэдэд учруулсан хохирол 28 000 000 төгрөг, хариуцагч Э 10 000 000 төгрөг, Капитрон банкны ажилтан 1 000 000 төгрөгийн хохирлуудыг тогтоосон байдаг. Нийт 27 хохирогчийг байцаан хохирогч болох нь тогтоогдон. Шүүхийн шинжилгээнд Хадгаламж Кореа компани нь эдгээр хохирогчдын хохирлыг бүрэн хариуцна гэдгийг нотлох баримттайгаар зааж өгсөн. Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон үндэслэл нь хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, хохирлыг Иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрхтэйг Прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 3-т зааснаар хохирогч Дгийн нэр байдаг. Ийм учраас Хадгаламж Кореа компаний менежер буюу хамтран ажиллах гэрээ байгуулсан  Эаас, хамтран ажиллаж байсан эгч гэх Э нарыг хамтран хариуцагчаар татсан. 1 000 долларын баримтыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Монсо, Сэвинс Кореа гэх хадгаламжийн дэвтрийн 2 төрлийн баримтыг хариуцагч нараас хурааж авч байсныг Прокурорын тогтоолд тодорхой зааж өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол банкны ханшаар нэхэмжлэлийн шаардлага 1 000 ам долларыг 2662.82 төгрөгөөр тооцож, нийт 2 662 800 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 556 төгрөг, нийт 2 720 416 төгрөгийг гэрээний үүргийн гүйцэтгэлээр хариуцагч нараас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дгийн гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцан дараах тайлбарыг баримтаар хүргүүлж байна. Э. Э нар нь БНСУ-ын Хадгаламж корео компанид тухайн үед ажилладаг байсан. Капитрон банк нь БНСУ-ын Хадгаламж корео компанитай 2005 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэрээнд эрсдэлээ банк хариуцаж ажиллах тул капитрон банкны ажилчдыг БНСУ-д байрлуулан ажиллуулж байсан. Хадгаламж корео компани нь тухайн улсад ажиллаж амьдарч байгаа иргэдэд сурталчилгаа хийж хадгаламж, мөнгөн гуйвуулгыг мөнгийг тухайн өдөр бүр БНСУ-д байрлах банкны ажилтанд хүлээлгэн өгснөөр гэрээний үүрэг дуусдаг байсан. Монгол банкнаас банкуудын дүрмийн санг 8 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэрээр 2006 оны 03 дугаар сарын 01-ний Капитрон банк нь Интер банктай нэгдэж байгаа тул үйл ажиллагаагаа түр зогсоох мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Капитрон банк, Хадгаламж корео компаниуд нь дээрх гэрээний дагуу 2005 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2006 оны 06 дугаар сарын 30-ний өдөр хүртэлх хугацааны санхүүгийн баримтын хүрээнд Капитрон банкны дотоод хяналтын хэлтсийн захирал Ж.Эрдэнэбилэг. Хадгаламж корео компанийг төлөөлж Э, Э нар хамтран 2006 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тооцоо нийлэх акт үйлдсэн байдаг. Миний бие Хадгаламж Кореа компанийг төлөөлж менежерээр ажиллаж байсан. Миний ажил үүргийн хуваарь бол Капитрон банкны гэрээний 3.2-т зааснаар банкны гүйлгээ, санхүүтэй холбогдохгүй зөвхөн зар сурталчилгаа буюу байгууллагын ажил үүргээ гүйцэтгэж байгаа эсэхийг хянах үүрэгтэй ажиллаж байсан. Би мөнгөтэй оролцож байгаагүй, миний гарын үсэг байхгүй. Хариуцагч Э 2005 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Солонгос улсад хагалгаанд орох гэж байсан талаар хилийн лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгч хэнээс нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Э 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсад ирж, 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Солонгос улсруу гарсан тухай баримт хэргийн материалд байх тул энэ хэрэгт огт хамааралгүй гэж үзэж байна. Хариуцагч Эыг хариуцагчаар татах үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэл дээр 2006 оны 06 дугаар сард 1000 долларыг Монгол руу шилжүүлж баримт авсан гэх баримтаа хэрэгт хавсаргаж өгсөн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэхэд хамгийн гол, ач холбогдол бүхий баримт зөвхөн энэ л байна. Өөр ямар ч баримт байхгүй. Энэ баримт дээр Монсо компанид өгсөн нь тогтоогдож байна. Мөнгө хүлээн авсан хүний нэр Им Ёл гэж хүн байгаа нь тодорхой байгаагаас Э нь мөнгө хүлээж аваагүй болох нь тодорхой харагдаж байна. Нийслэлийн прокурорын тогтоолын 5 дугаар талд Эын эгч гэх эмэгтэй хүнд өгсөн гэх боловч хожим агуулгаар нь Эад өгсөн гэж өөрчилсөн байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагч Э, Э нарыг мөнгө аваагүй талаар мэдэж байсан. Капитрон банкны зүгээс Дд хариу өгөхдөө Монсо гэдэг компани ямар нэг холбоо байхгүй, хамтран ажиллах гэрээ байхгүй гэх баримтыг эхэлж нотлох баримтаар гаргаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төгсгөлд буюу шүүх хуралдаан болохоос өмнө хэргийн материалд гаргаж өгснөөр нэхэмжлэгч тал үүнийг мэдэж байсан байна. Монсо компаний тамга тэмдэг, гарын үсэг байхгүй нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтаар хариуцагчаас нэхэмжилж байна. Тиймээс Капитрон банкны албан бичиг хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэдэг ганц нэр томъё бол шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байх талаар Улсын Дээд шүүхийн 2006 оны тогтоол, 2008 оны зөвлөмж байдаг. Тиймээс Прокурорын тогтоол нь албан ёсны эцэслэн тогтоогдсон нотлох баримт биш юм. Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэдэг Прокурорын тогтоолоор эцэслэн тогтоосон зүйл биш юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох нотлох баримт гаргаж, нотолгооны хэрэгслээр нотолсон тохиолдолд тухайн төрөлжсөн шүүхийн хувьд үнэлэлт дүгнэлт гаргаж, шинээр шийдвэрлэх асуудал юм. Нэхэмжлэгчийн хувьд урьдчилан тогтоогдсон юм шиг ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Монсо гэх хуулийн этгээдэд өгсөн талаар нэхэмжлэгч тал нотлох баримтаар гаргаж өгсөн байж Э нараас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэв Монсо гэх хуулийн этгээд нь одоо байдаг бол нэхэмжлэх эрх нь нээлттэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д нь хариуцагч Э, Э нарт холбогдуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2 662 860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ би БНСУлсад ажиллаж амьдарч байхдаа Капитрон банкинд данс нээлгэн хэд хэдэн удаа Монгол руу мөнгө шилжүүлдэг байсан ба 2006 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн 1 000 ам доллар нь шилжээгүй байсан. Тухайн үед мөнгийг хариуцагч Э, Э нарт өгсөн тэд нар Капитрон банктай хамтран ажилладаг Хадгаламж кореа компанид ажилладаг байсан, хариуцагч нарыг Эрүүгийн журмаар шалгуулахад залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоосон боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан тул хариуцагч нараас 2 662 860 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ.

Хариуцагч Э нь би тухайн цаг хугацаанд БНСУлсад байгаагүй, хариуцагч Э нь нэхэмжлэгч Дгээс мөнгө аваагүй, би бэлэн мөнгөтэй харьцаж байгаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэргийн үйл баримт болон зохигчийн тайлбараас дүгнэхэд Капитрон банк нь БНСУлсын Хадгаламж кореа компанитай 2005 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хамтран ажиллаж БНСУлсаас Монгол улс руу мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, хадгаламж хэлбэрээр мөнгө татан төвлөрүүлэн зэрэг ажиллагааг 2006 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гүйцэтгэж байсан, хариуцагч Э нь Хадгаламж кореа компаний менежерээр ажилладаг байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд үүнд маргаагүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор орлогын баримт гэх баримтыг Солонгос хэлнээс орчуулсан орчуулгын хамт шүүхэд гаргасан боловч уг эх хувь баримт нь харагдахгүй, мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсэг  нь тодорхойгүй, байгууллагын нэр хэсэгт “MONSO” гэсэн бичиглэл хийгдсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй дээрх баримтаар хариуцагч нар нь нэхэмжлэгч Дгээс 1 000 ам долларыг хүлээн авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, уг баримтыг шүүх үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Нийслэлийн прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоор Э, Э нар нь залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн, Д нь хохирогчоор тогтоогдон, уг тогтоолын 5-т эд мөрийн баримтаар “Моnso” нэртэй хадгаламжийн дэвтэр хураагдсан гэж тайлбарладаг боловч Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн баримтыг дахин нотлох шаардлагагүй нотлох баримт гэж үзэх, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад бий болсон нотлох баримтуудыг иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт гэж үнэлэх хууль зүйн боломжгүй байна.  

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Хадгаламж кореа компанийн үүргийг хариуцагч Э, Э нар авсан байсан гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, хариуцагч Э нь тухайн мөнгийг өгсөн гэх цаг хугацаанд БНСУлсад байгаагүй болох нь Хил хамгаалах Ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн лавлагаа баримтаар тогтоогдож байна.

Дээрхийг нэгтгэхэд хариуцагч Э, Э нараас 2 662 860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57 556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар хариуцагч Э, Э нараас 2 662 860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.САРАНТУЯА