Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1191

 

        2022         09          26                                     2022/ШЦТ/1191

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: А.Ариунаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Г,

хохирогчийн өмгөөлөгч: Г.М,

иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Б.А,

гэрч Н.М, М.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Ө,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 22000000000000 тоот хэргийг 2022.08.26-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Бүрэн суманд 1987 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Нарны хороолол 00-000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржгин овогт Лын Э нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 367 дугаартай яллах дүгнэлтэд дурьдсанаар: Яллагдагч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 19 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Бумбат”-ын рашаанаас зүүн тийш уулын замд “Тоёота акуа” маркийн 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г.Гыг /12 настай, эрэгтэй/ мөргөж, дайрснаас амь нас нь хохирсон” гэжээ /хх-137/

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 367 дугаартай яллах дүгнэлт, яллах дүгнэлтийн хавсралтад дурьдсан  хэргээс 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас /хх-4/, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-24/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гын мэдүүлэг /хх-44/, гэрч Н.Мын мэдүүлэг /хх-58/, гэрч Н.Бын мэдүүлэг /хх-61/, Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.06.30-ны өдрийн 1712 дугаартай дүгнэлт /хх-65-72/, 761 дугаартай “мөрдөгчийн магадлагаа”  /хх-99-100/, “Тоёота Акуа” загварын 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хх-13/, иргэний хариуцагч Д.Бгийн мэдүүлэг /хх-55/, яллагдагч *******ийн гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд /хх-27-36/, гэрч Н.Маас хохирол хүлээн авсан талаар гаргаж өгсөн баримтууд /хх-37-41/, *******ийн жолоодох эрхийн лавлагаа /хх-105/ яллагдагч *******ийн мэдүүлэг /хх-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-118/ зэрэг баримтуудыг, хохирогчийн өмгөөлөгчөөс: хэргийн шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.06.30-ны өдрийн 1712 дугаартай дүгнэлт /хх-65-72/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ариунболдын гаргасан 761 дугаартай “мөрдөгчийн магадлагаа” /хх-99-100/, мөн шүүгдэгчийн гэрлэлтийн баталгаа, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19-24/, шинээр гаргаж өгсөн хоног хураасан зардлын баримтууд болон сэтгэл зүйчийн үйлчилгээнд хамрагдсан баримтуудын хамт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: иргэний нэхэмжлэгч хариуцагчийн мэдүүлэг /хх-52-55/, жолоочийн лавлагаа /хх-105/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-108/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-109-111/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-118/ баримтууд, нэмж өгсөн ЦЕГ-ны Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн лавлагаа, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.03-ны өдрийн 675 дугаар шийтгэвэр, Баянгол дүүргийн 26-р хорооны засаг даргын тодорхойлолт, 100, 262 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, Эийн диплом, бүрэн дунд боловсролын үнэмлэх, ур чадварын сертификат зэрэг 14 хуудас баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх  баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

 

 

 

1/ Хэргийн талаар:

 

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Бумбат”-ын рашаанаас зүүн тийш уулын замд 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 19 цаг 10 минутын орчимд ******* нь “Тоёота Акуа” загварын 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ явган зорчигч Г.Гыг /12 настай эрэгтэй/ мөргөж, дайрсны улмаас Г.Год эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч амь нас нь аврагдаж чадалгүй 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 36 минутад нас барсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас /хх-4/,

- 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-24/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гын: “2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 00 минутын орчимд эхнэрийн эгч Б түүний хүү болон манай том хүү Г.Г бид нар миний машинд суугаад би өөрийн автомашинаа жолоодож манай эхнэрийн найз ******* машинаа 3-н хүүхдийн хамт түүний машинд манай эхнэр бага хүүгээ авч суугаад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо баруун салааны Бумбатын рашааны зүүн талын ам руу өгссөн. Би түрүүлж яваад модны захад ирж зогсоод машинаас бууцгаачихсан байж байхад араас ******* машинтайгаа 20 гаруй метрийн доор ирж зогсож байгаа харагдсан. Би тэр үед машинаас юмнуудаа буулгаад байж байхад гэнэт машин хаазлах чимээ сонсогдохоор нь харахад *******ийн машин ухраад уруудаад явж байсан ба миний том хүү Г.Г машины доороос урдуур нь гарч байгаа нь харагдахаар нь гүйгээд очиход “ааваа” гээд орилохоор нь шууд тэврээд өргөхөд миний хүүгийн дөрвөн мөч нь санжганаад ямар ч барьцгүй болчихсон байсан. Хүүгээ тэврээд машины арын сандалд хэвтүүлээд ээжээр нь түшүүлээд замаараа эмээг нь суулгаад гэмтлийн эмнэлэг рүү аваачиж манай хүүг Амилахуй тасагт оруулсан эрчимт эмчилгээний тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлээд ухаан орсон боловч ярих чадваргүй байж байгаад 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нас барсан” гэх мэдүүлэг /хх-44/,

- Гэрч Н.Мын: “тэр үед ******* машинаа эгчийн машины доор 20 гаруй метрийн зайтай зогсоохоор нь би зүүн талын хаалгыг нь онгойлгоод буух гэхэд машин хойшоо ухрах шиг болох үед эргээд харахад манай хүү Г.Г машины ард зогсож байгаа харагдсан. Тэгэхээр нь хүүе ухарчихлаа ш дээ тоормосоо гишгээч ээ хүүхэд мөргөчихлөө гээд орилох үед гэнэт хаазлаад манай хүүхдийн дээгүүр гараад мушгираад зогссон” гэх мэдүүлэг /хх-58/,

- Гэрч Н.Бын:  “Би машинаас буугаад хүүхдээ тэврээд өөдөөс нь машин руу алхаж явахад юу болсныг мэдэхгүй гэнэт машин хойшоо хүчтэй хаазлаад машины ард явж байсан Г.Гыг дайраад машиных нь урдуур өнхрөөд гараад ирсэн” гэх мэдүүлэг /хх-61/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.06.30-ны өдрийн 1712 дугаартай “Г.Гын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины няцралт, хоёр дал, хоёр талын олон хавирганы хугарал, сээрний III, IV  нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун сүүжний дэлбэнгийн сэлтэрхий бүхий зөрөөтэй хугарал, хоёр талын суудал ясны доод салааны зөрөөтэй хугарал, баруун атгаал чөмгөний дунд хэсгийн, баруун дунд чөмгөний эргүүлэг дайрсан, зүүн дунд чөмгөний гандангийн дээд 1/3 хэсгийн далд зөрөөтэй хугарал, хоёр шилбэний шаант, тахилзуур ясны ил зөрөөтэй хугарал гэмтлүүд тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд амь насанд аюултай. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас автомашинд мөргөгдөх, дайрагдах механизмаар үүсгэгдэнэ. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно Г.Г нь дээрх хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлт /хх-65-72/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд прокуророос “шүүгдэгч Ч.Э нь автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах байр суурьтайгаар, шүүгдэгч Ч.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч маргахгүй байр суурьтайгаар, түүний өмгөөлөгч Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар, хохирогчийн өмгөөлөгч “Ч.Э нь санаатай гэмт хэрэг үйлдсэн” гэх байр суурьтайгаар тус тус оролцсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, хүний амь нас хохирсон үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 13.2.1. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж тус тус заасан тул замын хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, автомашинаа гүйцэт зогсоолгүй зорчигчдыг буулгахыг завдсан ба тухайн автомашин гүйцэт зогсоогүйн улмаас хойш ухрах хөдөлгөөн хийхэд тоормос гишгэж зогсоох арга хэмжээ авахын оронд хааз гишгэж хүчтэй ухарсны улмаас тухайн автомашины ард зогсож байсан Г.Гыг мөргөж унаган дээгүүр нь дайрч гарсны улмаас Г.Гын бие махбодид амь насыг нь аврах боломжгүй олон тооны гэмтэл учирсан ба Г.Г нь хэрэг учрал болсноос хойш 7 хоногийн дараа Г.Г нь дээрх хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-24/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гын /хохирогчийн эцэг/ мэдүүлэг /хх-44/, гэрч Н.Мын /хохирогчийн эх/ мэдүүлэг /хх-58/, гэрч Н.Бын /хохирогчийн нагац эгч/ мэдүүлэг /хх-61/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.06.30-ны өдрийн 1712 дугаартай дүгнэлт /хх-65-72/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ариунболдын 2022.07.28-ны өдрийн 761 дугаартай “Тоёота Акуа маркийн 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” заалт, мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх мөрдөгчийн магадлагаа  /хх-99-100/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч *******, амь хохирогчийн эх Н.М нар нь найз нөхдийн харилцаа холбоотой ба 2019 онд *******ийн нөхөртэй холбоотой /******* нь Н.Мыг нөхөртэйгөө хардсан гэх/ асуудлаас болж маргалдан харилцаа холбоогүй байж байгаад 2020 оноос эхлэн дахин найз нөхдийн харилцаатай болсон нь Н.Мын гэрчээр өгсөн мэдүүлгээр /хх-58/ тогтоогдож байна. Хэрэг учрал болох үед буюу 2022.06.13-ны өдөр ******* нь “манай нөхөр баривчилгаанд явчихлаа, урьд шөнөжингөө зодуулж хоносон, манай хүү Очироо танайд очиж хономоор байна гээд гуйгаад байна, 3 хүүхдээ аваад танайд очиж хонож болох уу?” гэж гуйсны дагуу уулзаж, хүүхдүүдээ аваад ууланд гарахаар ярьж тохиролцон *******ийн жолоодож явсан автомашинд Н.М, *******ийн охин хамт сууж явсан болох нь мөн дээрх гэрчийн мэдүүлэг, гэрч Н.Бын мэдүүлэг /хх-62/, *******ийн мэдүүлэг /хх-64/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 675 дугаартай “П.Пүрэвдашийг 20 цагийн хугацаагаар сургалтад хамруулж, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан” шийтгэвэр зэрэг баримтаар тогтоогдож байна. Тухайн үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь хохирогч талын хэлж байгаачлан урьдын таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр, өс хонзонгийн сэдэлтээр өөрийн найз Н.Мын хүүхэд болох 12 настай Г.Гын амь насыг санаатайгаар хохироосон гэх нөхцөл байдал баримтаар нотлогдохгүй байх тул энэ талаар гаргасан хохирогчийн өмгөөлөгчийн “санаатай гэмт хэрэг” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч *******ийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар хангалттай нотлогдож байх тул *******ийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Хохирол, төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г нь хүүгийнхээ эмчилгээтэй холбогдон гарсан болон оршуулахтай холбоотой гарсан төлбөр зардлыг төлөхийг *******ээс шаардах эрхтэй байна.

Шүүгдэгч *******ийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас 12 настай Г.Г амь насаа алдсан хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд хүний амь нас хохирсноос учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байдаг.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гын зүгээс шүүх хуралдаанд хоног хураах зардалд 7504350 төгрөг, сэтгэц заслын эмчилгээнд 14704350 төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг хавсарган өгсөн ба баримтгүйгээр сэтгэл санааны хохиролд 120 сая төгрөгийг тус тус нэхэмжилсэн болно.

Хэргээс үзэхэд хохирогч талаас 2022 оны 6 дугаар сарын 14-нөөс 19-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 791225 төгрөгийн зардлын баримт /хх29-33/, шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 2 сая төгрөг, 6 дугаар сарын 16-ны өдөр 500000 төгрөг, мөн өдөр 45000 төгрөг, 6 дугаар сарын 18-ны өдөр 300000 төгрөг, 6 дугаар сарын 19-ний өдөр 237600 төгрөг, мөн өдөр 50000 төгрөг, 6 дугаар сарын 20-ны өдөр 40000 төгрөг, мөн өдөр 10000 төгрөг, 6 дугаар сарын 21-ний өдөр 5 сая төгрөг, мөн өдөр 1 сая төгрөг, 6 дугаар сарын 22-ны өдөр 1 сая төгрөг, 6 дугаар сарын 24-ний өдөр 3 сая төгрөг буюу нийт 13182600 төгрөгийг Хаан банкны 5042204056 тоот /Н.Мын/ дансанд *******ийн 50.......608 тоот данснаас шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-34-35, 38-41/ тус тус тогтоогдож байна.

Хэргийн 36 дугаар талд Төрийн банкин дахь *******ийн данснаас 16 сая төгрөгийг 2022.04.02-ны өдөр шилжүүлсэн баримт хавсаргасан байх бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн хэрэг үйлдэгдсэн /2022.06.13-ны өдөр/ цаг хугацаанаас өмнөх үйл явдал байх ба тухайн 16 сая төгрөгийг /3000000 төгрөг өгсөн. 100000 эргэж надад өгсөн. Одоо 2900000 төгрөг үлдсэн гэх тэмдэглэл бүхий/ хохирол төлсөнд тооцож хасаж байгаа эсэх нь ойлгомжгүй, тодорхойгүй тул шүүх тухайн баримтыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн зүгээс 27.626.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан гэх тайлбар /хх-127/ өгсөн байх ба прокурорын 2022.08.25-ны өдрийн 367 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад “мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******ийн зүгээс эмчилгээний болон оршуулгын зардалд 26.626.255 төгрөг төлсөн” гэж тусгасан /хх-140/ байна.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзээд хохирогч талаас гаргаж өгсөн эмчилгээ, оршуулгатай холбоотой гарсан гэх зардал нь баримтаар хангалттай нотлогдохгүй, тодорхой тооцоог өнөөдрийн шүүх хуралдаанаар гаргах бололцоогүй байх тул холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.

Иргэний хуулийн  230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар эдийн бус гэм хорын хохирлыг хуульд заасан тохиолдолд гаргуулахаар заасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохиролд 120 сая төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг мөн хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч тал нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч, иргэний хариуцагч нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг энэхүү тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ жолоодож явсан Тоёота Акуа маркийн 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Дэлгэрхүүгийн Б болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-13/ баримтаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс “Энэ тээврийн хэрэгслийг нэр дээрээ ав гэсэн талаараа иргэний хариуцагч Д.Б мэдүүлсэн байгаа. Иргэний хариуцагчийн хувьд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй” гэх байр суурьтай оролцсон болно. Иргэний хариуцагч Д.Б нь “Би уг автомашиныг танил Пүрэвдашид зараад наймаа дуусчихсан. Пүрэвдаш өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй. Би мөнгөө өгсний дараа нь хэд хэдэн удаа залгаж нэр дээрээ шилжүүлж ав гэж хэлж байсан боловч за гэж хэлээд хойшлуулж явсаар одоог хүртэл нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа” гэж мэдүүлжээ.

Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор, аймаг, нийслэлийн автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэх заалтыг автотээврийн хэрэгслийн өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд энэ талаар бүртгэл хийгдсэнээр өмнөх өмчлөгчийн эрх, үүрэг шинэ өмчлөгчид шилжинэ гэж ойлгоно.

Тухайн автомашиныг өмчлөгч Д.Б нь иргэн Пүрэвдашид худалдсан гэх мэдүүлэг нь баримтаар нотлогдохгүй байх тул бүртгэлийн байгууллагын лавлагааг үндэслэн Тоёота Акуа маркийн 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигчийг  иргэн Д.Б гэж үзнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэх заалтаар гэм хор учруулагч шүүгдэгч *******, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэх заалтаар тээврийн хэрэгслийн өмчлөгч тээврийн хэрэгслийн ашиглалтаас бусдад учирсан гэм хорыг нөхөн төлөхөөр тус тус заасан ба мөн хуулийн 228.1 дугаар зүйлийн 228.4 “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж  хохирогчийн шаардах эрхийг тодорхойлсон байх тул баримтаар нотлогдсон зардал болох 14704350 төгрөгийг шүүгдэгч *******, иргэний хариуцагч Д.Б нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 7352175 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гд олгох хуулийн үндэслэлтэй байна.

 

3/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн талаар:

 

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн зүгээс *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, хохирогчийн өмгөөлөгчөөс “энэ гэмт хэргийг санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс тоормос гишгэх бүрэн боломжтой буюу үзэгдэх орчин сайн байсан. Мөн гэрч Мын зүгээс “хойно чинь хүүхэд байна” гэж хэлсэн байдаг. Хүүхдийн зүгээс 3-4 метрийн зайд байсан ба шүүгдэгчийн зүгээс согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Амь хохирогчийг дайрчхаад урдуур нь гараад чигээрээ тоормос гишгээгүй чигээрээ явсан. Шүүгдэгчийн зүгээс сандарсан гэхэд эргэлзээтэй байна. Мөн амь хохирогчид анх шатны тусламж үзүүлээгүй, шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчид бүтэн эрхтэн үлдээгүй, амь хохирогч 7 хоногийн хугацаанд зовж нас барсан. Иймд улсын яллагчийн саналтай санал нэг байна” гэх дүгнэлтийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “гомдолтой байна. Хорих ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг,  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “санамсар болгоомжгүйгээсээ ийм хэрэг хийсэн. Амь хохирогчийн ар гэрт ямар байгааг ойлгож байна” гэх тайлбарыг тус тус гаргаж оролцсон болно.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-118/ тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь өөрийн санаачилгаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан нь, мөн нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч ******* нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд *******ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийтгэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас П.Паас тусдаа хүүхдүүдийн хамт амьдарч байгаа гэх ба түүнд шүүхээс хорих ял оногдуулсан тул 12 настай П.Н, 5 настай П.О, 4 настай П.Б нарын асран хамгаалалтын асуудлыг шийдвэрлэхийг харьяа дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржгин овогт Л.ын Эийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Боржгин овогт Л.ын Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******, иргэний хариуцагч Д.Б нараас тус бүр 7352175 төгрөгийг гаргуулж, нийт 14704350 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гд олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан буяны ажилд зарцуулсан гэх 30 сая төгрөг, сэтгэл санааны хохирол 120 сая төгрөгийг тус тус нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч *******ийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүгдэгч *******, иргэний хариуцагч Д.Б нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба ******* нь 26626255 төгрөгийг хохирогч талд төлсөн гэсэн болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

9. Шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар ар гэр, өмгөөлөгчид нь энэхүү шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноос хойш 2 цагийн дотор мэдэгдэж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялд бичигдсэн гүйцэтгэх хуудсанд *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 10000000 дугаартай В ангиллын үнэмлэхийг хавсарган Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай. 

12. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.6-д тус тус заасныг баримтлан Баянгол дүүргийн 0 дугаар хороо Нарны хорооллын 00-000 тоотод оршин суух 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Батхаан овогт Пийн О, 2010 оны 8 дугаар сарын 25-нд төрсөн охин Батхаан овогт Пийн Н, 2018 оны 5 дугаар сарын 24-нд төрсөн охин Батхаан овогт Пийн Б нарын эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалж асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Ст даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ