Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/803

 

 

 

 

 

 

 

    2022          11          28                                    2022/ШЦТ/803

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

шүүгдэгч Б.Уянга, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Ушадар овогт Баясгалангийн Уянгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203005150491 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр ***  аймагт төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр, хүүхдийн хамт ***  тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ушадар овогт Баясгалангийн Уянга (РД:***).  

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Б.Уянга нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг 50  минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Кинг таур” хотхоны замд “Бичил глобус финанс” Банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн “Toyota Sai” маркийн 18-13 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.Тээврийн хэрэгслийн хурд: 12.5.Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна: д/хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км,

-мөн дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хорооллын доторх замд зорчин явсан 6 настай, эрэгтэй, Т.Анандбилэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Уянгаас: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. гэсэн;  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ээс: 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Кинг товер” худалдааны төв дотор байрлах хүүхдийн хувцасны дэлгүүрээс хүүхдэдээ пүүз авахаар явж байх үед ийм зүйл болсон. Тухайн үед тэр хавиар зогсоол олдохгүй нэлээн тойрч явсан. Машинаа тавиад нөхөр маань хүнтэй уулзах гээд гарсан. Хүүхэд маань араас нь гарсан. Миний толгой өвдөөд машины суудлаа арагш нь хэвтүүлээд сууж байсан. Хүүхдээ гарангуут шууд сандлаа босгоод араас нь харахад гэнэт хүчтэй чимээ гараад хүүхэд маань шидэгдээд толгой нь цус болчихсон, замын брожур дээр хэвтэж байсан. Хүүхэд маань дөнгөж 6 настай. Би энэ эмэгтэйн мууг үзэх гэсэнгүй. Гэхдээ миний хүүхдийн ирээдүй, эрүүл мэндийг балласан. Зам тээврийн осолд ороод 10, 20 жилийн дараа өвчин үүссэн гэх маш олон эцэг, эхчүүдийг гэмтлийн эмнэлэгт харсан. Хэдий өнөөдөр миний хүүхэд зүгээр байгаа мэт боловч 10, 20 жилийн дараа ямар нэгэн өвчин үүсэх вий гэдгээс айж байна. Хүүхэд маань бүтэн сар хичээлээсээ хоцорсон, хөл нь бүрэн эдгэрээгүй. 14 хоногийн өмнө эмнэлэгт үзүүлэхэд хөл нь бороолоогүй байна. Хүүхдээ битгий хичээлд нь явуул гэж хэлсэн. Гэвч бид хүүхдийнхээ боловсролын төлөө  сургуульд нь хүргэж өгч, сахиж сууж байгаад авдаг. Энэ хугацаанд би ажлаа орхисон. Хүүхдээ сургуульд зөөж байгаа. Бид хувиараа гэр бүлийн бизнестэй боловч би хүүхдээ ганцаараа өргөж дийлдэггүй тул нөхрийнхөө тусламжийг авдаг. Гэр бүлийн орлого тасалдсан. Хүүхдийнхээ сургалтын төлбөрт хадгалж байсан 2,000,000 төгрөгийг бид эм тариа, эмчилгээнд нь зарцуулсан учраас Б.Уянгыг үүнийг өгөх боломж байна уу гэж байгаад авсан. Б.Уянгад эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүнийг заавал шоронд оруулах сонирхол надад байхгүй. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв хүүхэд хүлээж авдаггүй, олон хувийн эмнэлэгт үзүүлэх гэхэд гэмтэлтэй хүүхэд авахгүй гэсэн. Бүтэн биеийн MRI шинжилгээ хийлгэе гэхэд хөлдөө төмөртэй хүүхдийг үзэх боломжгүй тул 1 жилийн дараа хөлд нь байх төмрийг авч MRI-д үзүүлэх боломжтой гэсэн. Иймд  нэг жилийн дараа хүүхдээ гадны оронд бүтэн биеийн шинжилгээнд хамруулах хүсэлттэй байгаа. Тухайн үед хэр хэмжээний зардал гарахыг хэлж мэдэхгүй байгаа тул энэ гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү. гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Хоёр. Эрүүгийн 2203005150491 дугаартай хэргээс:

1. Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст бүртгэгдсэн дуудлага хүлээн авсан лавлагаа ( хавтаст хэргийн 5 дахь тал),

 

2. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-4, 6-11 дэх тал),

 

3. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 0 хувь байсан талаар тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал),

4. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:...Бичлэгийн 03:50 секундэд тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийнхээ урд хэсгээр хүүхдийг мөргөж хүүхэд тээврийн хэрэгслийн баруун урд хэсэг рүү шидэгдэж байгаа харагдана. Бичлэгийн 03:52 секундэд тээврийн хэрэгсэл хүүхдийг мөргөөд зогсож байгаа харагдана.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “...Кинг таур хороолол руу ороод хорооллын хойд талын зам дээр буюу зорчих хэсэг дээр манай нөхөр тээврийн хэрэгслээ зогсоосон. Нөхөр таньдаг хүнтэйгээ уулзчихаад ирье гээд машинаас буугаад явсан. Аавыгаа машинаас буусны дараа манай хүү Анандбилэг аавыгаа дагаад машинаас буугаад явчихсан. Дөнгөж машинаас буусных нь дараа хоёр машин мөргөлдөж байгаа юм шиг чимээ гарсан. Би машинаас буугаад хартал манай хүү Анандбилэг машинд мөргүүлсэн байсан. ...Намайг машинаас буугаад харахад манай хүү зорчих хэсэг дээр доошоо хараад толгой хэсгээс цус гарсан байдалтай хэвтэж байсан. ...Зүүн хөл шилбэ хэсгээр хугарсан, толгой дагзанд хагарч оёдол тавиулсан. Нуруу тэр чигтээ зулгарсан, баруун гарын тохой зулгарсан, эрүүний доод талд хөхөрсөн, баруун талын ташаа хөхөрсөн байсан. ...Эрүүл мэндийн зардал гараагүй байна. Эмчилгээний зардлыг нийгмийн даатгалаас төлөгдсөн байгаа. Гаргаж өгөх баримт байхгүй. Жолоочоос 2,000,000 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

 

6.Иргэний, нэхэмжлэгч, хариуцагч Д.Төгсжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “....Надад тухайн ослын талаар мэдэх зүйл байхгүй. Осол болсны дараа манай охин утсаар залгаж хэлэх үед нь би юу болсон талаар мэдсэн. Би тухайн машиныг “Бичил глобус финанс” ББСБ-с автомашины лизингээр авч охин Б.Уянгад өгсөн юм. Одоо бол машин Бичил глобус финанс ББСБ-ын нэр дээр байгаа. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-33 дахь тал),

 

7. Иргэний нэхэмжлэгчээр тээврийн прокурорын газрын хяналтын прокурор  Ч.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Анандбилэг нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,729,000 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04/4261 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Уянгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

 

8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №12019 дугаартай:

-Т.Анандбилэгийн биед зүүн шаант ясны далд хугарал, тархи доргилт, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, нуруу, доод эрүү, зүүн тохой, баруун бугалга, шуу, өвдөгт, зулгаралт, баруун нүдний доод зовхи, мөр, гуя, ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

-Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

-Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

 

9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн авто техникийн лабораторийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №2546 дугаартай:

-Шинжилгээнд ирүүлсэн осол хэргийн материал нь шинжилгээнд тэнцэнэ, ослын материалд тэмдэглэгдсэн Toyato Sai загварын 18-13 УНК  улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрийн уртаар хурдыг тогтооход 36,4 км/цаг гарч байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

 

10. Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №28-А1 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

-Toyota Sai маркийн 18-13 УНК улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүү, урд дугуйн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ буюу тэнхлэг тохиргоо, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр болон хол дээрээ дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Уг авто тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд урд улсын дугаар бага зэрэг хонхойсон /шинэ/, зүүн гар талын хойд хаалга дунд хэсэгтээ бага зэрэг зурагдсан /хуучин/, /дагалдах хэрэгсэл иж бүрдэл /галын унтраагуур, ослын зогсолтын тэмдэг байхгүй/ зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

-Урд улсын дугаар бага зэрэг хонхойсон /шинэ/, зүүн гар талын хойд хаалга дунд хэсэгтээ бага зэрэг зурагдсан /хуучин/ зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна.

-Тээврийн хэрэгслийг суваг дээр Stenhoj Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд тоормосны аппаратын битүүмжлэл, тоормос бүрэн ажиллагаатай байна. Гар тоормос буюу зогсоолын тоормос хэвийн байна.

-Тээврийн хэрэгслийн жолооны механизм хэвийн ажиллагаатай болно.

-Toyota Sai маркийн 18-13 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021-10-11-д үзлэгтээ хамрагдаж тэнцсэн байна. 2022 оны 10-11-д орно. гэсэн дүгнэлт  (хавтаст хэргийн 70-73 дахь тал),

 

11. Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №1009 дугаартай магадалгаанд:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-т заасан Эцэг эх, асран хамгаалагч бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх.”, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.2-т заасан Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: а/ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх”; гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

-Тоуоtа Sаi маркийн 18-13 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Уянга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд. 12.5. Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна:д/ хороолол,

замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км:

            -мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 76-77 дахь тал),

 

12. Яллагдагч Б.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Осол гарах үед би ганцаараа явж байсан. Хохирогч Анандбилэгт 2,000,000 төгрөг өгсөн. Миний тээврийн хэрэгсэл өмнө оношилгоонд ороогүй, орох хугацаа нь болоогүй байсан. 2021 оны 10 сард Монгол Улсад орж ирсэн машин байгаа. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Дүгнэлт болон магадалгааг хүлээн зөвшөөрч байна. Осол гарсанд маш их харамсаж байна. Би өөрийн гэм бурууг ойлгож гэмшин байна, хуульд заасан хамгийн бага ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэж хүсэх байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90 дэх тал),

13. “Toyota маркийн Sai” загварын 18-13 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь  “Бичил глобус финанс” ББСБ-ын эзэмшилд бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 124 дэх тал), “Бичил глобус финанс” ББСБ-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 04/641 дугаартай албан бичигт “Toyota маркийн Sai” загварын 18-13 УНК улсын дугаартай автомашины талаар Д.Төгсжаргалтай гэрээ байгуулсан, тээврийн хэрэгсэл тус байгууллагын нэр дээр байдаг тухай” албан бичиг (хавтаст хэргийн 101 дэх тал)

 

14. Шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 93 дахь тал),

15. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтас хэргийн 95 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 91 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 94 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 95 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 100 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 101 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн талаарх дүгнэлтдээ шүүгдэгч Б.Уянга “Toyota” маркийн “Sai” загварын 1813 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.5, 1.3 гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хорооллын доторх замд зорчин явсан 6 настай, эрэгтэй, Т.Анандбилэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогчийн биеийн байдал бүрэн эдгэрээгүй, эдгэрэх хүртэлх хугацаанд гарах зардлыг Иргэний хуульд заасны дагуу шүүгдэгч төлөх үүрэгтэй тул цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид 2,000,000 төгрөгийг нөхөн төлсөн. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,173,000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан байна.” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх саналтай оролцохоо урьдчилан илэрхийлж, дүгнэлтдээ шүүгдэгч Б.Уянгын хувьд гэм бурууд маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа. Осол гарах болсон шалтгаан зөвхөн шүүгдэгч Б.Уянгын буруутай үйлдлээс бус хохирогч хүүхдийн асран хамгаалагчийн буруутай үйлдэл байгаа гэдгийг анхаарч үзнэ үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Уянга нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Кинг таур” хотхоны замд 2022 оны 08 дугаар сарын 30-ны 12 цаг 50  минутын орчимд “Бичил глобус финанс” Банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд бүртгэлтэй  “Toyota” маркийн Sai” загварын 1813 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

-12.Тээврийн хэрэгслийн хурд: 12.5-д заасан дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна: д/хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км,

-мөн дүрмийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэсэн  заалтуудыг зөрчсөний улмаас хорооллын доторх замд зорчин явсан 06 настай, бага насны хүүхэд Т.Анандбилэгийг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн шаант ясны далд хугарал, тархи доргилт, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, нуруу, доод эрүү, зүүн тохой, баруун бугалга, шуу, өвдөгт, зулгаралт, баруун нүдний доод зовхи, мөр, гуя, ташаанд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

 

-Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст бүртгэгдсэн дуудлага хүлээн авсан лавлагаа ( хавтаст хэргийн 5 дахь тал),

 

--2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-4, 6-11 дэх тал),

 

-2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

 

-Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Төгсжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-33 дахь тал),

-Иргэний нэхэмжлэгч тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

 

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12019 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

 

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн авто техникийн лабораторийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2546 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

- мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №1009 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 76-77 дахь тал),

 

- Яллагдагч Б.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг (хавтаст хэргийн 90 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан.

Мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардах ба, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн шинжийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” бол гэж тодорхойлжээ.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Уянга нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан байх тул гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.  

Шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй байсан болон хайхрамжгүй үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна. Нөгөө талаас хохирогчийн асран хамгаалагч бага насны хүүхдийг хараа хяналтгүй, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж Замын хөдөлгөөний дүрмийн 13.2.7, 27.2 гэсэн заалтыг зөрчиж үүргээ биелүүлээгүй нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Б.Уянгын үйлдлийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй, хуульд нийцсэн байх ба хэрэгт шалгавал зохих ажиллагааг бүрэн хийсэн, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Тиймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

-мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд  хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн зардал нь хор уршигт тооцно.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч бага насны хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, нөгөө талаас гэмт хэрэг гарахад хохирогчийн асран хамгаалагч үүргээ биелүүлээгүй Замын хөдөлгөөний заалтыг зөрчсөн буруутай болох нь мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдсон тул хохирол, хор уршгийг хариуцуулахдаа харгалзан үзэх үндэслэлтэй.

 

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал, хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй ба, шүүгдэгч Б.Уянга нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 2,000,000 төгрөгийг нөхөн төлж барагдуулжээ.

2. Бага насны хохирогчийн эмчилгээ үйлчилгээтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын газраас төлбөр төлөгдсөн байх ба тус байгууллагын өмнөөс иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ч.Энхтуяа иргэний нэхэмжлэгчээр оролцож Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,729,000 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04/4261 дугаартай албан бичгээр тогтоогдсон тул тусламж үйлчилгээний зардлыг Б.Уянгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэж нэхэмжилсэн.

Эрүүд мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх тухай хуульчилсан ба тус зүйлийн 12.1 дэх хэсэгт дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн  төлүүлнэ:

-12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад. гэж заажээ.

 

Иймд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт учирсан 2,729,000 төгрөгийг шүүгдэгч Б.Уянга нь шүүхийн шатанд төлж барагдуулсан байна.

3. Шүүгдэгч Б.Уянгын жолоодон явсан “Toyota маркийн Sai” загварын 1813 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Д.Төгсжаргал, “Бичил глобус финанс” Банк бус санхүүгийн байгууллагын хооронд хийсэн хэлцлийн үндсэн дээр тус байгууллагын эзэмшилд бүртгэлтэй байх боловч шууд эзэмшигч нь Д.Төгсжаргал болох нь тогтоогдсон.

Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Д.Төгсжаргал нь эд хөрөнгийн хохирол буюу “Toyota” Sai” маркийн 1813 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн. Иймд шүүгдэгч Б.Уянгыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэв.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж,

   6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Уянгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах, ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнээс шүүгдэгч Б.Уянга тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол төлбөр төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Уянгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн.дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилсан.

Шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

Иймд шүүгдэгч Б.Уянгыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн хувийн байдал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, бага насны хохирогчийг харгалзах хүнгүйгээр Замын хөдөлгөөнд оролцуулсан асран хамгаалагчийн буруутай үйлдэл байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн торгох ялын саналыг хүндрүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгчийн хөрөнгө, орлогын хэмжээг харгалзан торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

 

   3. Бусад асуудлын талаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ушадар овогт Баясгалангийн Уянгыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ушадар овогт Баясгалангийн Уянгыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уянгад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уянга нь хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг  хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт ирүүлсэн Б.Уянгын 1165467 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.Уянга нь насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Д.Төгсжаргал нь хор уршгийн зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг ба шүүгдэгч Б.Уянгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, хариуцагч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл бичигдвэл шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уянгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН