Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
Хэргийн индекс | 187/2022/0827/Э |
Дугаар | 2022/ШЦТ/822 |
Огноо | 2022-12-07 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | А.Алтангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/822
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч А.Алтангэрэл,
шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Аад холбогдох эрүүгийн 2210000001362 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Сартуул овогт Лхамцэрэнгийн А /РД:УЗ99081316/.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Л.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хорооллын автобусны буудал орчимд найз охин болох Д.Монголзаяатай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, хардалтын улмаас хацар луу нь 2-3 удаа алгадаж, түүний биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулай, чамархай, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2. Хохирогч Д.Монголзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн орчим ажлаа тараад байж байтал манай найз залуу Л.А намайг ирж авахаар болсон. Би “Далай ээж” худалдааны төвийн ойролцоо хүлээгээд зогсож байтал Л.А илт согтчихсон байдалтай хүрч ирсэн. Би өөрсдийн аюулгүй байдалд санаа зовсон учраас дуудлагын жолооч дуудахыг санал болгосон. Л.А миний үгийг тоохгүйгээр машинаа бариад явсан. Би санаа зовсондоо хажуугаас нь болгоомжтой явах, хурдаа хасах зэргээр хэдэн үг хэлэхэд “чи тэгвэл жолоо сайн барьдаг хүнтэйгээ яв янхан минь” гэх зэргээр надад уурлаж, намайг хараасан. Намайг цэвэр усны саваар цохих гээд далайхад нь би савыг нь булаагаад авчихсан чинь гараараа миний толгой руу 2 удаа цохисон. Би түүнийг болиулах гээд 1 удаа хацар луу нь алгадсан. Л.А явж байгаад Хан-Уул дүүргийн “Вива сити”-ийн автобусны буудал дээр машинаа зогсоосон. Миний үснээс зулгааж байгаад миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Миний хацар луу 2-3 удаа алгадсан. Намайг зодсоныхоо дараа машинаасаа хүчээр буулгах гэхэд нь би аав руугаа залгаж хэлээд иртэл хүлээсэн.
...Л.А бид хоёр танилцаад үерхээд одоо бараг 8 сар болж байна. Бид 2 хамт нэг газарт ажилладаг байж байгаад танилцаж дотноссон. Сүүлийн саруудад илүү их дотносож хамт байхаар шийдэж, Л.Аын гэрт амьдрахаар болсон. Сүүлийн 2-3 сар тэдний гэрт амьдарсан. Энэ маргаан гардаг өдөр би тэдний гэрээс очиж юмаа аваад одоо аав, ээжтэйгээ амьдарч байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 14 дэх тал),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 13940 дугаартай:
“-Д.Монголзаяагийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулай, чамархай, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
4. Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Д.Монголзаяа над руу залгаад “манай найз залуу Л.А намайг зодоод байна, ирээд намайг аваач, би Яармагийн 2 дугаар автобусны буудал дээр байна” гэж ярьсан. Аав бид 2 тухайн газар нь явж очиход Д.Монголзаяа, Л.А хоёр машинд сууж байсан. Манай дүү уйлчихсан, нүд нь улайгаад хөхөрчихсөн, үс гэзэг нь сэгсийсэн байдалтай сууж байсан. Дүү маань машинаас бууж ирээд бид хоёрыг хараад шууд уйлаад эхэлсэн. Л.Аыг машинаас нь буулгаад ойртоход архи үнэртэж байсан. Дүүг маань дагуулж явахдаа архи уусан байна гээд шууд л тэр хоёрыг дагуулаад Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст очиж гомдол гаргасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),
5. Гэрч Л.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дүү маань одоогоос 3-4 сарын өмнөөс Заяа гэх охинтой үерхэх болсон. Надтай нэг, хоёр удаа үерхэж байгаа охин гээд танилцуулж байсан. Манай байшин хоёр хаалгатай бөгөөд А нэг талд нь ганцаараа амьдардаг. ...Л.Аын гэрт явж ороход найз охин нь унтаж байдаг байсан. Тухайн үед ямар эрт нэг гэрт амьдарч, амьдрал эхлээд байгаа юм болдоо гэж бодсон ч айлын хүүхдийг хөөж туугаад яах вэ гэж бодоод юу ч хэлээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),
6. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 37 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хорооллын автобусны буудал орчимд хамтран амьдрагч Д.Монголзаяаг үл ялих зүйлээр шалтаглан толгой руу нь цохих, хацар луу нь 2-3 удаа алгадах зэргээр хүч хэрэглэн, түүний биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулай, чамархай, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
Шүүгдэгч Л.Аын хамтран амьдрагч хохирогч Д.Монголзаяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хохирогч Д.Монголзаяа, гэрч Д.Д, Л.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 13940 дугаартай дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Л.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Монголзаяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж, хохирогчийн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Л.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 23 настай, “Айриш” паабад бариста ажилтай гэх/ зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Л.Аад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Лхамцэрэнгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Аыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Аад оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Л.Аад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Л.Аад сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР