| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2022/1279/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1291 |
| Огноо | 2022-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1291
2022 10 18 2022/ШЦТ/1291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
`
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,
улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч: *******,******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******,******* нарт холбогдох эрүүгийн 22000000000000 тоот хэргийг 2022.10.11-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “М” ХХК-д барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбитын 00-00 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Бөхчүүд овогт Цгийн Б,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1996 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зуухны машинист мэргэжилтэй, “П” ХХК-д оператор ажилтай, ам бүл-5, эцэг, эгч, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 0 дугаар баг Өнгөт хороолол 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржигон овогт Бгийн Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч*******, ******* нар нь 2022 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр Орбитын тойрогт байрлах караоке баарны гадна талд харилцан зодолдож, хэн алиныхаа бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч *******ийн: “...орой 22 цагийн үед Мөнхзулын гэрт Шархүү, Ганбаяр нартай нийлээд юм ярьж суугаад хэдэн пиво уусан юм. Энэ үед Мөнхзулын эхнэр Отгонжаргал, Шархүүгийн эхнэр нэрийг нь мэдэхгүй байна, Ганбаярын эхнэр Пүрэв нар нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо орбитын тойрогт байдаг нэг бааранд орцгоосон. Тэгээд удаагүй 2022 оны 8 дугаар сарын 27-ны 00:00 цагийн үед Мөнхзулын эхнэр Отгонжаргал Мөнхзул руу залгаад "Бааранд хэдэн залуучууд зүгээр байлгахгүй байна" гэж хэлсэн. Ингээд Мөнхзул бид хоёр тэр баарны гадаа ирэхэд үл таних 3 залуу нэг эмэгтэй зогсож байсан ба Отгонжаргал тэдгээр гурван залууг заасан юм. Тэгээд би тухайн гурван залуус дээр очоод "Та нар яагаад байгаа юм бэ" гэж хэлтэл дээгүүрээ нүцгэн, хувцасгүй, доогуураа жинсэн өмдтэй, пүүзтэй 20 гаран насны эрэгтэй шууд гараараа нүүрэн тус газар 2 удаа цохихоор нь би зөрүүлээд гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохисон” гэх мэдүүлэг /х.х-17/,
- Хохирогч*******ын: “Би 2022 оны 8 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Орбитын тойрог дээр найз Ганболдтой уулзсан юм. Ингээд би хоёр дэлгүүрээс хоёр хоёр пиво худалдан авч Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборын гадна саадан пивоо уусан. Тэгээд тэндээсээ бид караоке орж дуулья гэж бодоод Орбитын тойрог дээр байдаг нийтийн караоке бааранд орсон. Ингээд тандаа нэг нэг пиво захиалж уугаад сууж байхад манай найз Ганболд тэнд сууж байсан нэг эмэгтэйтэй танилцаад өөрийнхөө сууж байсан ширээн дээр суулгаад хоорондоо танилцаад юм яриад суусан. Энэ үед гаднаас 3 эмэгтэй орж ирээд эсрэг талын ширээн дээр суухаар нь танилцах санаатай очоод уулзсан чинь тэр эмэгтэйчүүд бид нар эмэгтэйчүүдээрээ явж байна танилцах боломжгүй гээд дургүйцээд байхаар нь жаахан хэл амаар доромжлоод жирэмсэн юм байж караокед орлоо гээд хэлчхээд буцаж ирээд ширээн дээрээ сууж байтал бас гаднаас тэр эмэгтэйчүүдийн нөхөр нь бололтой хоёр залуу орж ирээд ширээн дээр суугаад манай ширээ рүү муухай хараад намайг муу хэлээд байгаа юм шиг санагдаад байхаар нь босож очоод тэр хоёр залууд ямар нэгэн асуудал байхгүй ээ гэсэн. Тэгээд намайг цохидог залуутай үг сөрсөн зүйл ярьж байгаад караокеноос гараад гадаа уулзсан. Тэгээд бид хоёр гадаа харуул хийгээд нэгнийхээ үгийг караокед байгаад барилцаад аваад эхлээд би Б гэх залуугийн нүүрэн тус газар нь 2 удаа цохиод авсан чинь зөрүүлээд намайг удаа цохиод авсан энэ үед манай найз болон *******тэй хамт явж байсан хүмүүс салгаад болиулсан” гэх мэдүүлэг /х.х-12/,
- Гэрч Ц.Огийн: “...би нөхрийн ажлын газрын эмэгтэй Пүүжээ, Ганбаярын найз хүүхэн Алтай гэх эмэгтэй хамт бид гурав гэрээс гараад Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын тойрогт ганц нэг дуулах санаатай гарч яваад нэг караокед ороод нэг нэг пиво захиад сууж байсан чинь ул таних 20 орчим насны залуу хүрч ирээд “танилцаж болох уу” гээд байхаар нь бид гурав “найзуудаараа явж байна” гээд жаахан дургүйцсэн чинь намайг “жирэмсэн юм байж караокед орлоо ичихгүй байна уу” гээд байхаар нөхөр Мөнхзул руу залгаад “хүрээд ирээч ээ нэг газар орсон чинь хүмүүс хэрүүл өдөөд тайван суулгахгүй байна” гэсэн удалгүй манай нөхөр найз *******тэй хамт хүрээд ирсэн энэ үед тэр залуу манай ширээний хажууд зогсож байсан. Ингээд бааранд нөхрийн найз ******* тэр залууг одоо болно оо хөгшөөн ширээн дээрээ суучих эмэгтэй хүмүүс явж байна гээд цамцнаас жаахан татаад түлхсэн чинь тэр залуу дургүйлхээд уурлаж байгаад ширээн дээрээ суусан. Тэгээд тэр залуу ширээн дээрээсээ босож ирээд *******тэй маргалдаад баарнаас гараад явахаар нь бид хэд баарны тооцоогоо хийгээд араас нь гарсан чинь тэр залуу ******* хоёр хоорондоо зодоон хийгээд тэр залуу Бийг хоёр удаа нүүрэн тус газарт цохисон, ******* буцаагаад нэг удаа тэр залуугийн нүүрэн тус газар цохиод авах үед манай нөхөр болон тэр залуутай хамт явж байсан залуучууд дундуур нь ороод салгасан юм” гэх мэдүүлэг /х.х-23/,
Гэрч Э.Пын: “Би Мөнхзул ахын эхнэр Орхонтуяа, Алтанцэцэг бид гурав гэрээс гараад Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын тойрогт ганц нэг дуулах санаатай гарч яваад нэг караокед ороод нэг нэг пиво захиад сууж байсан чинь ул таних 20 орчим насны залуу хүрч ирээд танилцаж болох уу гээд байхаар нь Орхонтуяа бид гурав найзуудаараа явж байна гээд жаахан дургүйцсэн чинь Орхонтуяаг жирэмсэн юм байж караокед орлоо ичихгүй байна уу гээд байсан тэгэхээр нь Орхон нөхөр лүүгээ залгаад хүрээд ирээч ээ нэг газар орсон чинь хүмүүс хэрүүл өдөөд тайван суулгахгүй байна гэсэн удалгүй Мөнхзул ах *******тэй хамт хүрээд ирсэн энэ үед тэр залуу манай ширээний хажууд зогсож байсан. Ингээд бааранд ******* тэр залууг одоо болно оо хөгшөөн ширээн дээрээ суучих эмэгтэй хүмүүс явж байна гээд цамцнаас жаахан татаад түлхсэн чинь тэр залуу дургүйлхээд уурлаж байгаад ширээн дээрээ суусан. Тэгээд тэр залуу ширээн дээрээсээ босож ирээд *******тэй маргалдаад баарнаас гараад явахаар нь бид хэд баарны тооцоогоо хийгээд араас нь гарсан чинь тэр залуу ******* хоёр хоорондоо зодоон хийгээд тэр залуу *******ийг хоёр удаа нүүрэн тус газарт цохисон ******* буцаагаад нэг удаа тэр залуугийн нүүрэн тус газар цохиод авах үед нь Мөнхзул ах тэр залуутай хамт явж байсан залуучууд дундуур нь ороод салгаад бид нар та хоёр болно ш дээ гээд хэлсэн юм” гэх мэдүүлэг /х.х-31/
- Гэрч А.Мын: “...манай эхнэр Пүүжээ, түүний найз Алтай гурав гэрээс гараад Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо толгойтын тойрогт ганц нэг дуулах санаатай караокед орно гээд гараад явсан юм. Тэгээд удалгүй манай эхнэр над руу залгаад "хүрээд ирээч ээ нэг газар орсон чинь хүмүүс хэрүүл өдөөд тайван суулгахгүй байна" гэхээр нь би *******ийг дагуулаад тэр газар яваад орсон чинь манай эхнэрийн ширээний хажууд нэг үл таних залуу зогсож байхаар нь ******* тэр залуу дээр явж очоод одоо болно оо хөгшөөн ширээн дээрээ суучих эмэгтэй хүмүүс явж байна гээд цамцнаас жаахан татаад түлхсэн чинь тэр залуу дургүйлхээд уурлаж байгаад ширээн дээрээ суусан. Тэгээд тэр залуу ширээн дээрээсээ босож ирээд *******тэй маргалдаад баарнаас гараад явахаар нь бид эхнэр бид баарны тооцоогоо хийгээд араас нь гарсан чинь тэр залуу ******* хоёр хоорондоо зодоон хийгээд тэр залуу *******ийг хоёр удаа нууран тус газарт цохисон ******* буцаагаад нэг удаа тэр залуугийн нүүрэн тус газар цохиод авах үед би тэр залуутай хамт явж байсан залуучуудтай дундуур нь ороод салгасан” гэх мэдүүлэг /х.х-25/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 11835 дугаартай “*******ийн биед баруун нүдний ухархай болон хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-33/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 11856 дугаартай “Ц.Бын биед баруун дээд үүдэн 1-р шүдний хугарал, баруун дээд 2-р шүдний сулрал, угийн буйланд цус хуралт, дээд уруулын язарсан шарх, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-27-28/,
- Яллагдагч*******ын: “...удалгүй тухайн гурван эмэгтэй дээр хоёр залуу ирсэн бөгөөд нэг залуу нь над руу муухай муухай хараад байхаар нь очиж уулзсан бөгөөд бид хоёр караокеноос гараад гадаа маргалдсан. Ингээд тухайн залуу намайг цохих гээд байхаар нь би түрүүлээд нүүрэн тус газарт нь удаа цохисон бөгөөд намайг зөрүүлж нэг удаа цохисон. Энэ үед тухайн гурван эмэгтэй болон манай найз Ганболд салгасан юм” гэх мэдүүлэг /х.х-118/
- Яллагдагч *******ийн: “...караокены үүдэнд Мөнхзулын эхнэр үл таних залуутай маргалдаад зогсож байхаар нь би очоод "Чи яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм" гэж хэлтэл нөгөө залуу дээгүүрхээ тайлж цээж нүцгэлээд шууд үгийн зөрүүгүй гараараа нүүр рүү хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа нэг удаа нүүр буюу аман тус газарт нь цохисон. Энэ үед хажууд байсан Мөнхзул Пүрэвжаргал нар салгасан юм. Тухайн надтай маргалдсан залуу нэг эрэгтэй найзтайгаа явж байсан бөгөөд намайг цохисон залуугийн шүд хөдөлчихлөө гээд байсан юм” гэх мэдүүлэг /х.х-116/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд *******,******* нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Дээрх баримтуудаар болон яллагдагч, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр шүүгдэгч *******,******* нар нь хэн аль нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ*******ын зүй бус үйлдлээс шалтгаалан маргалдан харилцан зодолдож харилцан бие биеийнхээ бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч *******,******* нарын энэхүү үйлдэл нь хувийн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх тул тэднийг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас*******ын биед “баруун дээд үүдэн 1-р шүдний хугарал, баруун дээд 2-р шүдний сулрал, угийн буйланд цус хуралт, дээд уруулын язарсан шарх, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт” гэмтэл, шүүгдэгч*******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас *******ийн биед “баруун нүдний ухархай болон хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тус тус учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 11835, 11856 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас нь өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу хохирогч *******,******* нар нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг харилцан шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч *******,******* нар нь харилцан хариуцан арилгах үүрэгтэй байна. Шүүгдэгч *******,******* нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүхээс энэ талаар шийдвэр гаргасангүй. Шүүгдэгч *******,******* нар нь цаашид эмчилгээтэй холбоотой зардал гарсан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй байна.
Шүүгдэгч *******,******* нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна /х.х-37/,
Шүүгдэгч******* нь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор “хохирогчтой эвлэрсэн” үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, мөн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгж тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялыг 2019.05.31-ний өдөр эдэлж дууссан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-36/, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-131-137/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдал болон *******,******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, шүүгдэгч *******,******* нарын хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, *******д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Бөхчүүд овогт Цгийн Б, Боржигон овогт Бгийн Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бөхчүүд овогт Цгийн Бд 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Бгийн Бд 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар*******д оногдуулсан 700000 төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд, *******д оногдуулсан 550000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан *******,******* нар нь эмчилгээ шинжилгээтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж харилцан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******,******* нарт мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ