Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/721

 

 

 

 

 

   2022          09          28                                      2022/ШЦТ/721

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Г.Онон,

            Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205019841991 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, ,

Шүүгдэгч *** нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрлэх ёслолын ордны урд талын зам дээр хохирогч ***г зодож түүний биед хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...5 дугаар сарын 25-ны өдөр “School police” хийж байхад 14 цагийн үед болсон үйл явдал. Хохирогч мэдүүлэгтээ буруу зүйл хэлсэн байсан. Зодоон болсны дараа дайруулах шахсан хүүхэд гэрчийн мэдүүлэг өгнө гэсэн. Утасны дугаарыг нь аваад мөрдөгчид өгсөн. Мөрдөгч тухайн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авна гэж хэлсэн боловч гэрчийн мэдүүлэг аваагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хүний биед хөнгөн хохирол учруулсан нь үнэн” гэв.

Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэмтлийн урд талын гэрлэх ёслолын ордны урд талын замаар баруунаас зүүн тийшээ чиглэлтэй ойролцоогоор 50 км цагийн хурдтай явж байтал гарцан дээр хүүхдүүд зогсож байхаар нь гялс гарчихъя гэж бодоод явтал Скүүл Полис гэсэн хувцастай эрэгтэй барьж байсан модоороо миний машины баруун хойд талын гэрэл рүү цохисон. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод цонхоороо хартал гэрэл хагарчихсан байхаар нь ухраад машинаасаа буугаад чи яаж байгаа юм бэ гээд өөдөөс нь яваад очтол барьж байсан модоороо миний духны харалдаа толгой руу цохисон. Тэгэхээр нь би модыг нь булааж аваад газар руу шидчихээд цээж рүү нь түлхээд чи яаж байгаа юм гэтэл миний нүүр рүү нэг удаа цохисон. Би эргүүлээд нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад зогсож байтал хажуугаар өнгөрч байсан ах чиний буруу шүү дээ гээд бид хоёрыг салгасан бөгөөд тэр үл таних залуу дахин миний нүүр, цээж рүү гараараа цохисон. Тэгээд бид хоёр дахиж барьцалдаж аваад нилээн ноцолдож байгаад би дийлэхгүй юм байна гээд машин руу зугтаасан. Тэгээд тэр эрэгтэй хойноос гүйгээд ирэхээр нь би хөл рүү нь нэг удаа өшиглөчихөөд машинд суугаад хаалгаа хаах гэж байтал гүйж ирээд духны харалдаа нэг удаа цохисон. Тэгээд би шууд 102 руу залгаж дуудлага өгсөн. Шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийг тухайн өдөр тэр үл таних эрэгтэй зодож цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-12/,

Шинжээчийн 7713 тоот дүгнэлтэд: “...*** биед хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-н 29-30/,

Шинжээчийн 8995 тоот дүгнэлтэд: “...***ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /хх-н 32-33/,

 

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-9/, компьютер томографикийн оношлогоо, зураг /хх-н 34-35/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 40-41/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 64-76/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрлэх ёслолын ордны урд талын зам дээр хохирогч ***г зодож түүний биед хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч *** мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч *** маргалдаж, улмаар түүнийг цохиж, зодон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***г цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч *** эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн боловч энэ нь шүүгдэгчийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх шалтгаан болохгүй.

Мөн тухайн хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч хохирогч нар нь хэн хэнийхээ биед халдсан нөхцөл байдал тогтоогдсон ба шинжээчийн 8995 тоот дүгнэлтээр шүүгдэгчид гэмтэл учраагүй болохыг дурдав.

Харин хохирогчид Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардал болон сорви арилгах зардлуудаа шүүгдэгчээс нэхэмжлэнэ гэж мэдүүлсэн ба хавтаст хэрэгт хохирлын баримт авагдаагүй, хохирогчийн тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлд хэдэн төгрөгийн хохирол гарах нь тодорхойгүй байх тул хохирогч нь хохирол хор уршгийн талаархи баримтаа жич бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Мөн улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээнд зарцуулсан эрүүл мэндийн даатгалаас гарсан нийт 1.022.000 төгрөгийг гаргуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр ... зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно...” гэж хуульчилжээ.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагын хүсэлтийн дагуу прокурор нь иргэний нэхэмжлэгчээр оролцох хуулийн заалттай ба тухайн байгууллагаас ямар нэгэн хүсэлт ирээгүй байхад мөрдөгч сайн дураараа иргэний нэхэмжлэгчээр Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорыг тогтоосон нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, төрийн байгууллага иргэний нэхэмжлэгчээр прокурорыг төлөөлүүлэн оролцуулах хүсэлт гаргасан тохиололд прокурорын байгууллагын хэн, гэдэг ямар албан тушаалтай прокурор төлөөлөх талаар эрх бүхий этгээдээс түүнийг томилсон шийдвэрийн дагуу иргэний нэхэмжлэгчээр тогтоох нь зүйтэй.

Мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол нь дугаар байхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хавтаст хэрэгт хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөрийн мэдээлэл авагдсан байна.

Тухайн хэрэг нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн ба дээрх баримтад хохирогч Т.Төмөрбагана нь 2022 оны 5 сард үйлчилгээ авсан яг 2022 оны 5 дугаар сарын хэдний өдөр тусламж үйлчилгээ авсан эсэх нь тодорхой бус байх тул шүүгдэгчээс тухайн зардлыг гаргуулах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч торгуулийн ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан ялын саналаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Т.Төмөрбагана нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  6. Улсын яллагчаас шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР