Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 058

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Х.Оралсын,
улсын яллагч: М.Отгонжаргал,
хохирогч: Х.Марат,
шүүгдэгч Т.Сураган нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Шыбарайгыр балта овогт Төнкерисийн Сураганд холбогдох эрүүгийн 201604000216 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Шүүгдэгч Т.Сураган: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Шыбарайгыр балта овогт Төнкерисийн Сураган, БЕ72012019 регистрийн дугаартай, 1972 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, ам бүл-8, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 01 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. 
Шүүгдэгч Т.Сураганы холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Сураган нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Буянт сумын 1 дүгээр багийн иргэн Х.Маратыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ  нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.Сураганы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Архи ууж сууж байхад миний утас дуугарсан. Над руу тэр үед манай охин Марал залгасан байсан. Түрүү нь Маратын утас руу түүний эхнэр нь байн байн залгаад байсан ба утсаа авахгүй байсан. Манай охин залгахаар чи битгий утсаар ярь, над залгаж байгаа хүн манай эхнэр гэж аманд орсон хамаг муу муухай үгээр доромжилж байсан болохоор чиний авгай биш, манай Марал гэхээр ойлгохгүй хэрүүл үүсгэсэн. Би түүнийг анхааруулж нэг цохиход газарт унасан ба чи намайг зодсон гэж хэрүүл маргаан гарч үл ойлголцол үүсээд харилцан зодолдсон” гэх мэдүүлэг, 
- Хохирогч Х.Маратын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Тус өдөр би гэртээ байж байхад Жемис гэх манай хамаатны хүү болох Серикжан манайд ирж би Сураганы гэрт очих гээд байхад миний мотоцикл эвдэрчихлээ, таны мотоциклоор тийшээ яваад ирэх үү гэхээр нь Серикжан бид хоёр миний мотоциклоор 15 цагийн үед Сураганы гэрт нь очсон, очиход тэдний гэрт нь эхнэр нь боорцог хийж байсан ба Сураган хоньд явсан талаар хэлсэн. Тэгээд жаахан сууж байхад Серикжан нь миний мотоциклоор очиж Сураганыг дагуулж ирнэ гээд миний мотоциклоор очоод Сураганыг дагуулж ирсэн. Тэгээд сууж байхад Сураган нь бидэнд “түмний хишиг” нэртэй 1 литрийн архи гаргаад хийсэн ба бид гурав түүнийг уугаад дууссаны дараа дахиад архи уухаар болоод хаанаас архи авах вэ гэж ярилцаж байгаад Дамдинхүү гэх хүний гэрээс нэрмэл архи авахаар болоод тохиролцож Сураганыг сундлуулж аваад миний мотоциклоор Дамдинхүүгийн гэрт нь очиж гуйж байгаад 5 литр нэрмэл архи авч түүнд нэмж тэрний гэрээс 1 литрийг бас уучихаад буцаад Сураганы гэрт ирээд тус архийг уугаад сууж байхад юу болсныг нь мэдэхгүй нилээн согтоод тасарсан байсан ба нэг мэдэхэд Сураган намайг нүүр ам тус газар цохиж зодож байсан. Тэгээд нэг мэдэхэд тэдний гэрийн гадаа малын хотны хажуу талд ухаангүй хэвтэж байхад Сураган дахиад ирээд намайг боож даарч байгаад  гараараа миний нүүр тус газар 2-3 удаа цохиод авсныг нь мэднэ. Тэгээд жаахан хэвтэж байгаад босоод тэдний гэрийн доод талд байдаг Өтебай /хоч нэр хөх/ гэх залуугийн гэр хүртэл алхаж очоод Өтебайгаар гэртээ хүргүүлсэн юм. Болсон асуудал энэ” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/, 
- Хохирогч Х.Маратын шүүх хуралдаан дээр өгсөн: “... Шүүгдэгчийн хэлж байгаа бүгд үнэн. Би энэ талаар мөрдөн байцаалтын шатанд мөн хэлж байсан. Намайг очоод ирье гэж гуйхаар очсон. Надад нэг шил архи гаргаж ирсэн. Бид хоёр хуваагаад уусан. Дараа нь очиж нэрмэл архи авчирч уусан. Дараа нь би согтсон байсан. Манай эхнэр миний утас руу хэд хэдэн удаа залгаж байхаар би салгаж байсан. Дараа нь юу болсон талаар мэдэхгүй. Согтож унасан байсан. Намайг Т.Сураган согтоож байгаад зодсон болохоор би хэсгийн төлөөлөгчид гомдол гаргасан. Сураган надаас уучлалт гуйж дараа нь эвлэрсэн. 700000 төгрөг хохирол барагдуулж өгсөн” гэх мэдүүлэг, 
- Гэрч Ж.Серикжаны хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Тус өдрийн өглөө нь би гэрээсээ мотоциклтэй гараад урьд нь алга болсон нэг тооны үхрээ хайхаар явж байхад миний мотоциклын бензин нь дууссан юм уу, эвдэрсэн юм уу унтарчихаад асахгүй байхаар нь ойрхон байсан Маратын гэрт ирээд түүний мотоциклоор Сураганы гэрт нь очиж тэр хавийн хүмүүсээс сураглахаар болоод 15 цагийн үед байх Сураганы гэрт очиход Сураган гэртээ байхгүй байсан ба гэрт нь эхнэр хүүхдүүд нь байсан юм. Тэгээд Марат бид хоёр цай уугаад сууж байгаад Сураганы уулнаас бууж ирж байгааг нь хараад Марат надад чи Сураганыг очоод аваад ир гэж мотоциклын түлхүүрээ өгөхөөр нь би түүний мотоциклоор очиж Сураганыг гэрт нь авч ирсэн. Тэгээд бид хоорондоо юм ярьж цай ууж сууж байхад Сураган бидэнд “Түмний хишиг” нэртэй 1 литрийн архи гаргаж задалсан. Тэгээд бид уг архийг уугаад дууссаны дараа дахиад архи уухаар болоод архийг хаанаас олох вэ гэж хоорондоо ярьж байгаад Марат, Сураган хоёр Маратын мотоциклоор очиж Дамдинхүү гэдэг хүний гэрээс 5 литр нэрмэл архи авч ирсэн юм. Тэгээд би уг нэрмэл архийг уугаад сууж байхад Марат, Сураган нар нэг нэгэндээ үг хэлээд маргалдаад сууж байгаад зодолдоод эхэлсэн юм. Тэгээд би салгах гэсэн боловч Сураган миний толгой дагз хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэр үед би өөрөө  асуудалд орох юм байна гэж бодоод Сураган, Марат хоёрыг орхиод тэдний гэрээс зугтаж гараад доод талд нь байдаг Өтебай /хоч нэр Хөх/-н залуугийн гэрт ирээд түүний мотоциклээр өөрийнхөө гэрт хүргүүлсэн юм. Болсон хэрэг энэ” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, 
- Гэрч Х.Өтебайн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...  Тус өдрийн 23 цагийн үед гэртээ байхад Серикжан гэх залуу гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд би түүнээс хаанаас ирж байна вэ гэж асуусан боловч би хаанаас ирж байгаагаа мэдэхгүй, чи намайг гэрт минь хүргээд өгчих гээд болохгүй байхаар нь Серикжаныг гэрт нь хүргэж өгөөд буцаж гэртээ ирээд унтаж амарч байхад шөнө 01 цагийн үед байх дахиад нэг хүн ирээд хаалга цохиод байхаар нь гараад харахад Х.Марат байсан ба түүний нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгээд би түүнээс хаанаас ирж байгаа юм вэ, танд юу болсон вэ гэж тодруулж асуусан боловч Марат нь их согтсон байдалтай байсан учраас миний асуултанд хариулаагүй. Намайг гэрт минь хүргээд өгчих гэж л хэлээд байсан. Тэгээд би дахиад мотоциклээр түүнийг ч гэсэн гэрт нь хүргээд өгчихөөд буцаж ирээд амарсан юм. Болсон асуудал энэ” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, 
- С.Уазирагийн тайлбар: “...Марат дахиад миний охиныг хэл амаар доромжилж хэлэх хэлэхгүй юи яриад байхаар нь Сураган Маратыг цохиод авах шиг болсон тэр үед л Сураган, Марат нар гэр дотор бужигнаж зодолдож эхлэхэд гэрийн аккумляторын утас нь тасарч гэрэл унтарч гэр харанхуй болчихоор нь айгаад хоёр хүүхдээ аваад гэрээс зугтаж гараад байж байгаад гэрэл асахаар нь хэсэг хугацааны дараа буцаад орж ирэхэд тэд гэрт байхгүй гадаа гарчихсан байсан болохоор буцаж гадаа гарахад Сураган гэр рүү ирж байсан ба би Сураганаас чи Маратыг яасан вэ гэж асуухад нэг цохисон чинь худлаа унаад хэвтэж байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/, 
- Шүүгдэгч Т.Сураганыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх-ийн 27-32 дугаар хуудас/, 
  - Баян-Өлгий аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 452 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “... 1. Иргэн Маратын биед тархины доргилт, доргилттой, баруун ба зүүн нүдэнд цус хуралттай, хавдартай, хамрын нуруунд хавдартай, шархтай, хамрын яс хугарсан, мурилттай, дээд уруулд шарх, хавдартай, дээд эрүүний 1 шүд, 4 зэргийн суларсан байна. 
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүссэн болно. 
3 Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүссэн эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 
4. Ерөнхий хөдөлмөрлөхийг нөлөөлөхгүй болно. 
5. Лор эмчийн тодорхойлолтыг хавсаргав” /хх-ийн 16 дугаар хуудас/, 
- Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/, 
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/, 
- Тооцооны хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/,
- Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг болно. 
Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулсан хэрэгт хамааралтай гэж үзэв. 
Шүүгдэгч Т.Сураган нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 01-р багт иргэн Х.Мараттай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ойлголцож, таарамжгүй харьцаа үүсгэн улмаар түүний толгой, нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, зодон биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 
Шүүгдэгч Т.Сураганд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 
Тухайн хэрэгт хууль сануулан авсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, тайлбарыг шүүх үнэн зөв гэж үзэв. 
Хохирогч Х.Маратын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. 
Шүүх шүүгдэгч Т.Сураганд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3/, хохирогчийн хууль бус үйлдлээс болж санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.5/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10/ ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 
Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг үндэслэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв. 
Шүүх хуралдаан дээр хохирогч нь “... Сураган надаас уучлалт гуйж дараа нь эвлэрсэн. 700000 төгрөг хохирол барагдуулж өгсөн” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчтой эвлэрч хохирлыг барагдуулсан боловч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм. 
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурьдаж байна.  
Шүүгдэгч Т.Сураганы өмчлөлийн 8398 БӨТ улсын дугаартай УАЗ-31520 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоолын биелэлтийг хангах зорилгоор хэвээр үлдээх нь зүйтэй. 
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй. 
    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290 дүгээр зүйлийн 290, 291, 292, 294-299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шыбарайгыр балта овогт Төнкерисийн Сураганыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Т.Сураганыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Сураган нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулсугай. 
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Т.Сураганы 8398 БӨТ улсын дугаартай УАЗ-31520 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдэээсүгэй. 
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 
7. Шийтгэх тогтоол танилцуулсан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АЗЖАРГАЛ


ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шыбарайгыр балта овогт Төнкерисийн Сураганыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Т.Сураганыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Сураган нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулсугай. 
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Т.Сураганы 8398 БӨТ улсын дугаартай УАЗ-31520 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдэээсүгэй. 
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 
7. Шийтгэх тогтоол танилцуулсан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АЗЖАРГАЛ