Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 113/ШШ2021/0008

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: БУШН ХХК (РД:4612434), Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рашаан-12 тоотод оршин байх;

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Засаг дарга;

Гуравдагч этгээд: Эрмүүн Миж ХХК (РД:6335551), Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол-8, 8 тоотод оршин байх;

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Содномдаржаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүйцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн Шивээговь сумын нутагт орших Дөрвөлж толгой гэх газарт 182,75 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргасан бөгөөд үүний дагуу аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/180 дугаар захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.

Гэтэл Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжаар Эрмүүн Миж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн эцэслэн шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тогтоолыг үндэслэн манайд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон дээрх захирамжийг хүчингүй болгосон байна.

Тус Эрмүүн Миж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь манай зөвшөөрлийг цуцлах агуулгагүй буюу түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, өргөдлийг шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад даалгуулах байсан юм.

Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсанаар түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхийг даалгаж байгаа нь Эрмүүн Миж ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг шууд даалгасан биш, харин хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид үүрэг болгосон байтал шууд БУШН ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэж байна.

Учир нь Эрмүүн Миж ХХК нь хэдий түрүүлж өргөдөл гаргасан боловч тэрхүү өргөдөл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангаж байгаа нь тодорхойгүй, хэрэв өргөдөл нь хуульд заасан шаардлага хангахгүй бол өргөдлийг буцаах хүртэл зохицуулалттай байхад буюу тэрхүү өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй байж манайд тусгай зөвшөөрөл олгосон захирамжийг хүчингүй болгож байгаа нь буруу.

Мөн аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжаар БУШН ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон захирамжийг хүчингүй болгохдоо Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлээр бус, хуульд заагаагүй үндэслэлээр буюу тус хуулийг зөрчиж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байна.

Тодруулбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д 4 үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульд тусгайлан зохицуулсан байна.

Гэтэл Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжаар манай тусгай зөвшөөрлийг цуцлахдаа энэхүү харилцааг тусгайлан зохицуулсан хуулийн зохицуулалт, үндэслэлээр бус тусгай зөвшөөрөл цуцлах эрх олгоогүй хуулийг барьж шийдвэр гаргасан нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх эрхэд халдсан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, манай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 596 дугаар магадлалд Говьсүмбэр аймгийн Засаг даргаас ... тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл дахин хүлээн авах боломжтой гэх зэргээр нэхэмжлэгчийн өмнө гаргасан өргөдлийг шийдвэрлэлгүйгээр, дахин өргөдөл гаргахыг шаардсан хариуцагчийн үйлдэл хууль бус байна, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Дөрвөлж толгой гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж хянан, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, тус өргөдлийг хуульд нийлүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгасныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу Шивээговь сумын нутаг Дөрвөлж толгой гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан хуулийн этгээдүүдийн материалыг дахин судлахад:

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах гэж заасны дагуу Шивээговь сумын Дөрвөлж толгой гэх газарт 182,75 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан Эрмүүн Миж ХХК, БУШН ХХК-аас ирүүлсэн өргөдлийг судалж үзэхэд Эрмүүн Миж ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр, БУШН ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан байна.

Шивээговь сумын нутаг Дөрвөлж толгой гэх газарт талуудаас дахин хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл авахаар шийдвэрлэсэн нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэж заасныг хэрэгжүүлээгүй нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 596 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тогтоолууд дээрээс харагдаж байна. Мөн 2019 оны А/180 дугаар захирамжийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч гэж заасныг зөрчиж санал авахаасаа өмнө нь захирамж гаргасан байна. Дээрх нөхцөл байдлаас үүдэн Шивээговь сумын нутаг Дөрвөлж толгой гэх газарт 182,75 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг БУШН ХХК-д 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/180 дугаар захирамжаар дахин олгох ёсгүй байсан байна гэж үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тогтоол, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 01/40 албан бичиг, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 01/762 тоот албан бичгийг тус тус үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

Иймд аймгийн Засаг даргын БУШН ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон А/180 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжийг үндэслэлтэй гэж үзэж, БУШН ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Эрмүүн Миж ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад тус аймгийн Шивээговь сумын нутаг орших Дөрвөлж толгой гэх газарт 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 596 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 73 дугаар тогтоол тус тус хүчин төгөлдөр үйлчилж байна.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга өөрийн гаргасан 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжаа эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн хүчингүй болгосон үйлдэл нь хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Дээрх нэхэмжлэлийн шаардлага нь хүчин төгөлдөр болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 596 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 73 дугаар тогтоолыг зөрчихөд хүргэж байгааг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт (нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд)[1] хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргааны үйл баримтын хүрээнд, нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актад үндэслэл болгосон Улсын дээд шүүхийн 2020 оны 73 дугаар тогтоол нь манай тусгай зөвшөөрлийг цуцлах агуулгагүй байхад тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль бус, аймгийн Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийг зөрчсөн, цуцлах эрх олгоогүй хуулийг баримталсан, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, мэдэгдэх сонсгох ажиллагаа явуулаагүй гэж, хариуцагч ба гуравдагч этгээдээс Эрмүүн миж ХХК-ийн түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй байхад БУШН ХХК-д дахин тусгай зөвшөөрөл олгох ёсгүй байсан, шүүхийн шийдвэрийн дагуу цуцалсан, А/175 дугаар захирамж нь аймгийн Засаг даргаас эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тул хууль зөрчөөгүй, гэж тус тус шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж маргана.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/180 дугаар захирамжаар БУШН ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон боловч 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжаар уг А/180 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

Ингэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрт Эрмүүн миж ХХК-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох Эрмүүн миж ХХК 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад тус аймгийн Шивээговь сумын нутагт орших Дөрвөлж толгой гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж өргөдөл гаргасан болохыг тогтоолгох, өргөдлийг шийдвэрлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хэлэлцэгдсэн бөгөөд шүүхээс[2] Эрмүүн миж ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан тус аймгийн Шивээговь сумын нутагт орших Дөрвөлж толгой гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, тус өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгаж эцэслэн шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Уг шийдвэрийг албадан гүйцэтгэхээр Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 01/762 дугаар албан бичгээр хүргүүлсэн Эрмүүн миж ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан тус аймгийн Шивээговь сумын нутагт орших Дөрвөлж толгой гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх ... мэдэгдлийн хариуд Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/699 дүгээр албан бичгээр БУШН ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон А/175 дугаар захирамжийг А/180 дугаар захирамжаар хүчингүй болгож, Эрмүүн миж ХХК-д тусгай зөвшөөрөл олгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт хүргүүлсэн гэж тайлбарлажээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд зааснаас үзэхэд, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох харилцаа нь 1/ аймгийн Засаг дарга өргөдлийг хүлээн авч бүртгэн, 2/ анхан шатны шүүлт хийх, 3/ хориглолт ба давхцал байгаа эсэхийг тогтоолгох цахим өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж, дүгнэлт авах, 4/ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авах, 5/ тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргах; гэсэн бие даасан, дамжлага бүхий үе шатуудаас бүрдэх ба урьдах шаардлагыг хангасан тохиолдолд дараагийн шаардлагыг шалгах горимтой.

Эрмүүн миж ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан өргөдлийн хувьд, Говьсүмбэр аймгийн Засаг дарга бүртгэн авч, Ашигт малтмал, газрын тосны газарт шүүлт хийлгэхээр цахимаар хүсэлт хүргүүлсэн ч хариу ирээгүй, Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авах ажиллагаа хийгээгүй болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдох ба эдгээр шаардлагыг хэрэгжүүлсний дараа тус компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

Нөгөөтэйгүүр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, түүнийг үндэслэж олгосон гүйцэтгэх хуудас нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах үндэслэл болох хэдий ч энэ ажиллагаа нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчмын хүрээнд хэрэгжихдээ нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан шүүхийн шийдвэр /шийдэл/-ийн хүрээнд явагдах учиртай.

Эрмүүн миж ХХК-иас Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага /төрөл ба хүрээ/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 596 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тогтоол болон Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 01/762 дугаар албан бичиг зэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 134, 135 дугаар зүйлд заасан захиргааны актыг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох, эсхүл захиргааны акт гаргахыг даалгах тухай шаардлага тусгаагүй буюу биелүүлэхийг шаардаагүй байхад шүүхийн шийдвэрийг биелүүлж 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгосон гэх хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, манай түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхийг даалгасан Улсын дээд шүүхийн 2020 оны 73 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа, албадан биелүүлэх шүүгчийн захирамж гарсан байгааг анхаарна уу гэх гуравдагч этгээдийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь Эрмүүн миж ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гаргуулах, аймаг болон сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурал, Тэргүүлэгчдээс санал авах зэрэг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай ажиллагааг гүйцэтгээгүй атлаа БУШН ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь шүүхийн шийдвэр биелүүлэх зорилготой нь нийцэхгүй байна.

Харин Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулаагүй зэргээр шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, тусгайлсан харилцааг зохицуулсан хуулийг баримтлаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэл бүхий гэж дүгнэлээ.

Захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд үндэслэх зарчим-ын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг дуусгавар болгоход Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар тогтоосон үндэслэл, журмыг мөрдөнө.

Тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ... Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, ... /-тай/ холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохицон байгуулалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасантай харьцуулбал, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг дуусгавар болгосон үйл баримт бүхий энэ маргааны харилцааг нарийвчлан зохицуулсан нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль байна.

Уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг дор дурдсан үндэслэлээр цуцална:, 37.2-т ... энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэх бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасан бөгөөд БУШН ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахад дээрх үндэслэл, журмыг баримтлаагүй гэдэгтэй хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч маргадаггүй тул тэдгээрийн тусгай зөвшөөрлийг цуцлах, тусгай зөвшөөрөл олгосон захирамжаа хүчингүй болгох нь эрх зүйн үр дагаврын хувьд адилхан, тусгай зөвшөөрлийг бус олгосон захирамжаа хүчингүй болгож байгаа тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлийг баримтлах шаардлагагүй гэх тайлбар үгүйсгэгдэнэ.

Харин хариуцагчийн аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамж нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасныг зөрчсөн[3] гэх маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн заалт иш татсан тайлбарт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Мөн маргаан бүхий захиргааны актад үндэслэл болгосон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг нь гаргасан захирамжаа хүчингүй болгох Засаг даргын эрх ба нөхцлийг тодорхойлсноос бус, шийдвэр гаргах ажиллагааны журмыг нарийвчлан зохицуулаагүй тул энэ харилцаанд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д ... бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасны дагуу Захиргааны ерөнхий хууль үйлчилнэ.

Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжийг гаргахдаа тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.3-д Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана:, 34 дүгээр зүйлийн 34.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа дуусгавар болсноос хойш сонсох ажиллагаа хийхгүй, 40 дүгээр зүйлийн 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: гэж заасныг бүрэн хэрэгжүүлээгүй буюу БУШН ХХК-д сонсох ажиллагаа явуулаагүй /мэдэгдэл хүргүүлээгүй, сонсох ажиллагаа зохион байгуулаагүй, явцын тэмдэглэл үйлдээгүй/, маргаан бүхий захиргааны актыг гардуулсан талаар баримт үйлдээгүй болох нь хэргийн оролцогчдын А/175 дугаар захирамжид зөвшөөрлийн хуудас үйлдээгүй, тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүс нь мэдэгдсэн байх л гэдэг, сонсох ажиллагаа яагаад хийгээгүйг мэдэхгүй, бичмэл хэлбэрээр нотлох баримт байхгүй гэх тайлбар, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/638 дугаартай албан бичиг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар[4] тогтоогдож байна.

Дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтуудын агуулгыг тоймловол тухайн шийдвэрийг гаргахад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн буюу хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, санал тайлбарыг нь сонсох зэргээр шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах; сонсох ажиллагааны мэдэгдлийг хуульд заасан шаардлага, журмын дагуу хүргүүлэх; бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг нэгбүрчлэн хангасан байх нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг илэрхийлнэ.

Захиргааны байгууллагаас гаргаж буй аливаа шийдвэр, түүнийг гаргах үйл ажиллагаа нь хуулиар олгосон эрхийн хүрээнд, тогтоосон шаардлагын дагуу байх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргаанаас хууль зөрчсөн ямарваа үйлдэл хийхийг хориглох, хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхийг хориглох агуулга бүхий хуульд үндэслэх зарчимд нийцсэн байх шаардлагатай.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/294, А/295 дугаар албан бичгээр БУШН ХХК болон Эрмүүн миж ХХК-иудад дахин өргөдөл ирүүлэх мэдэгдэл хүргүүлсний дагуу БУШН ХХК-иас дахин өргөдөл гаргасныг аймгийн Засаг дарга хүлээн авч бүртгэн, анхан шатны шүүлт хийсэн, Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 7/2974 дүгээр албан бичгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар дүгнэлт ирүүлсэн, аймгийн Засаг даргаас 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/439, А/440 дүгээр албан бичгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус санал авахаар хүргүүлсний хариуд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дүгээр албан бичгээр БУШН ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал өгсөн зэрэгт үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/180 дугаар захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авч, дээрх байдлаар хуульд заасан дарааллын дагуу шалгаж, бусад захиргааны байгууллагаас дүгнэлт, саналыг холбогдох журмын дагуу авч шийдвэрлэсэн[5] нь уг хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан зарчмын дагуу захиргааны хууль бус шийдвэрт өртөхөөс хамгаалагдана.

Нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах нэрийдлээр, хуулийн этгээдийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35, 37 дугаар зүйлд үл хамаарах үндэслэлээр дуусгавар болгохдоо Захиргааны ерөнхий хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан шийдвэр гаргах үндэслэл, журмыг баримтлаагүйн улмаас нэхэмжлэгч БУШН ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөх эзэмших эрх-ийг зөрчсөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын агуулгаар тайлбарлавал, гаргаж буй захиргааны актаас гадна уг шийдвэрийг гаргах ажиллагаа (процесс) нь хууль тогтоомжид заасан журмын дагуу явагдаагүй нь захиргааны үйл ажиллагааг хууль бус гэж тооцох үндэслэл болох тул нэхэмжлэлийг шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Тус шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 113/ШЗ2021/0027 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдсан Эрмүүн миж ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганхуяг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайжав нар нь товлон зарласан урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд биечлэн ирж оролцдоогүй ба итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... шүүх хуралд биечлэн оролцох шаардлагагүй, гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзахгүй гэх агуулга бүхий хүсэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр цахим шуудангаар ирүүлснийг, бусад хэргийн оролцогчдын гаргасан санал, хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасныг баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг тус тус баримтлан БУШН ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д заасныг баримтлан Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 113/ШЗ2021/0029 дүгээр захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж БУШН ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГАНЗОР

 

 


[1] Тодруулбал: 1/ Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.20-ны өдрийн 113/ШШ2019/0003 дугаар шийдвэртэй, Эрмүүн миж ХХК-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018.10.17-ны өдрийн А/327 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг, 2/ Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020.02.10-ны өдрийн 73 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн, Эрмүүн миж ХХК-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох 2018.09.13-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох, өргөдлийг шийдвэрлэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг, 3/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.06.03-ны өдрийн 293 дугаартай магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн, Эрмүүн миж ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын 2020.08.27-ны өдрийн 8/3867 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, дүгнэлтийг хуульд нийцүүлэн гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт; тус тус хэлэлцэгдсэн нэхэмжлэлийн шаардлага, шүүхийн шийдвэрээр дүгнэсэн асуудлыг энд хөндөөгүй болно.

 

[2] Хэргийн I хавтасны 130-132 дахь талд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 596 дугаар магадлал авагдсан.

[3] Хэргийн I хавтасны 79-80 талд Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021.05.23-ны өдрийн Хариу тайлбар хүргүүлэх тухай А/583 дугаартай албан бичиг авагдсан.

[4] Хэргийн I хавтасны 122 талд болон II хавтасны 83, 87, 89 дүгээр тал дахь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд

[5] Хэргийн I хавтасны 45-56, 83-84, 146-155, 180-184 дэх талд