Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2024/0458

 

 

 

“Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Х*******” ХХК

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга

Хариуцагч Хан Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба

 

Нэхэмжлэлийн шаардлага: Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын шийдвэр хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоолгох, хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0154 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******, Т.Ч*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2022/0622/3

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Х*******” ХХК-иас Хан-Уул дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын шийдвэр хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоолгох, хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0154 дүгээр шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 38 дугаар зүйлийн 38.2.1, 38.2.2, 38.2.3, 38.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Х*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож, “Х*******” ХХК-ийн хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 1701600693 дугаар бүхий газрын эзэмших эрхийг иргэн Б.Д*******д шилжүүлсэн шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Шүүхээс Хан-Уул дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албыг “Н*******” ХХК-иас “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх боломжтой байсан гэх боловч “Х*******” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүлсэнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Хэрвээ “Н*******” ХХК-иас “Х*******” ХХК-д Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх үйл ажиллагаа явсан бол хариуцагч талаас “Н*******” ХХК-иас тус төлбөрийг гаргуулах боломжтой байсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа хийгдээгүй эрх шилжсэн.

“Х*******” ХХК-иас үүргийн гүйцэтгэлийг хангуулан газрын эрхийг шилжүүлж авахдаа газрын талаарх мэдээлэл, лавлагааг авах боломжтой байсан боловч аваагүй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэсний дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн талаар хариуцагч Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас “Х*******” ХХК-д мэдэгдсэн мэдэгдлийн талаар мөн үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.

 Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2-т заасан "эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо"-г гарган “Х*******” ХХК-иас иргэн Б.Д******* шилжүүлж авснаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ"-ийг төлөх үүрэг хүлээж байгаа эсэх нь тодорхойгүй дахин маргаан үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0154 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангав.

1.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар …газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан нь газар эзэмшүүлэхэд тавигдах журам бөгөөд “Х*******” ХХК-ийн иргэн Б.Д*******д шилжүүлэхийг хүссэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 1701600693 дугаар бүхий 19.984 м.кв газрын эзэмших эрх анх тус дүүргийн Засаг даргын 2011 оны 399 дүгээр захирамжаар “Н*******” ХХК-д үүсэхдээ хуульд заасан журам огт хэрэгжээгүй буюу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй байна.

Дээр дурдсанчилан газар эзэмших эрх 2011 онд “Н*******” ХХК-д, улмаар дүүргийн Засаг даргын 2012 оны А/374 дүгээр захирамжаар “Д*******” ХХК-д, 2018 оны А/128 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Х*******” ХХК-д тус тус шилжигдсэн, нэхэмжлэгчийн тухайд зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах ажиллагааны явцад “Д*******” ХХК-иас газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Д*******той “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн Засаг дарга, мөн дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт, гомдол гаргаснаар одоогийн маргаан үүсчээ.

Шийдвэрт нэхэмжлэлийг хангахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийн бүрдэл хангагдсан эсэх, 38 дугаар зүйлийн 38.3-т заасан хүсэлтийг хүлээн авч тодруулах зүйлүүд бүрэн эсэх, 38.4-т заасан хүсэлтийг шийдвэрлэх 15 хоногийн хугацаа хэтэрсэн эсэхэд дүгнэлт өгсөн нь хангалтгүй юм.

Хэдийгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг төлсөн эсэхийг шалгах, төлөхийг шаардах нь газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх харилцааг зохицуулсан Газрын тухай хуулийн дээрх зүйлд үг, үсэгчлэн тусгагдаагүй ч, уг хуулийн зорилго, газар эзэмшүүлэх журам, төрөөс газрын талаарх баримтлах зарчим, дүүргийн газрын албаны эрх хэмжээ, чиг үүрэгт энэ нь хамаарна.

Гэтэл хариуцагчийн татгалзлын үндэслэлийг нэхэмжлэгчийн хүсэлтийн хүрээнд Газрын тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтаар хэт хязгаарлаж, “…зөвхөн хуулийн 38.3-т заасан үндэслэл, нөхцлүүдийг л шалгаж тодруулсны үндсэн дээр шийдвэр гаргахаар байна…” гэж дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.

Мөн газар эзэмших эрхийг анх олгох харилцаанд л Газрын тухай хуулийн 33.1.2, 33.2 хэрэглэгдэнэ, өөрөөр хэлбэл нөхөж газрын дуудлага худалдааны үнийг шаардах нь газар эзэмших эрхийг шилжүүлэх харилцаанд хамаарахгүй гэсэн агуулгаар хариуцагчийг хууль бус эс үйлдэхгүй гаргасан гэсэн нь уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимтай зөрчилдсөн байна.

2.Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/307, мөн өдрийн “Газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309, эдгээр захирамжийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн А/915 дугаар захирамжаар анхнаасаа хуульд заасан журмын дагуу газар эзэмшүүлээгүй нийтлэг зөрчлийг, өөрөөр хэлбэл зөвхөн нэхэмжлэгч ч бус өөр иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэх зорилгоор эзэмшиж, ашиглаж буй газрын дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжууд хүчин төгөлдөр байхад эдгээрийг үл харгалзан нэхэмжлэлийг хангасныг хууль ёсны гэж үзэхгүй.

Энэхүү хэргийг өмнө шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 737 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 2 дугаар магадлалд “…нэгэнт эрх бүхий этгээдээс нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд зохих журмын дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авахаар шийдвэрлэсэн, энэ шийдвэртэй нэхэмжлэгчээс маргаагүй байхад ….нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь хууль, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг нэг мөр хэрэгжүүлэх, үүнтэй хэрхэн нийцэх, мөн захиргааны байгууллага өөрийн гаргасан алдаа, зөрчлийг залруулах, зөвтгөх, таслан зогсоох ажиллагаанд хамаарах эсэхийг анхаарах шаардлагатай…” гэж дүгнэснийг анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ анхаарч үзсэнгүй.

Цаг хугацааны хувьд дүүргийн Засаг даргаас 2011 онд “Н*******” ХХК-д, 2012 онд “Д*******” ХХК-д газрын эрхийг шилжүүлэн эзэмшүүлэх үед нийслэлийн Засаг даргын дээрх захирамжууд гараагүй байсан, харин 2018 онд “Д*******” ХХК-иас нэхэмжлэгч “Х*******” ХХК-д шилжих ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэгдсэнтэй холбоотойгоор “Д*******” ХХК-иас дуудлага худалдааны анхны үнийг шаардах боломжгүй байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй,

Учир нь нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2018 оны 4 дүээр сарын 9-ний өдрийн “Эрх шилжүүлэх тухай” 1/6245 дугаар албан бичгээр “…Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2321 дүгээр захирамжаар Б.Л*******, А.Х******* нараас 203.234.540 төгрөгийг гаргуулж Х*******инд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч дээрх иргэд болон “Д*******” ХХК-иас тус хуулийн этгээдийн эзэмшилд бүртгэгдсэн 0294482 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 8041/5779 дугаар бүхий Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, төвийн баруун дэнжид байрлах 20.000 м.кв талбайтай газрыг төлбөрт тооцон шилжүүлэх талаар хүсэлт гаргаж, төлбөр авагч хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон тул Х*******ны эзэмшилд шилжүүлэн бүртгэж, гэрчилгээ олгох”-ыг мэдэгдсэн байна.

Түүнчлэн “Х*******” ХХК, иргэн Б.Д******* нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний 2.1-т газрын үнэ 30.0 сая төгрөг байхаар, 2.3-т эрх шилжүүлсэний татварыг эрх шилжүүлэгч Газрын болон Татварын тухай хуульд зааснаар тооцож төлөхөөр харилцсан тохиролцсон атлаа мөн оны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн төлбөрийн баримтад эрх шилжүүлсэний татварт 14.119.895 төгрөг Төрийн санд төлсөнийг нэхэмжлэгч талаас “…эрх борлуулсаны орлогод ногдуулах албан татварыг дуудлага худалдааны анхны үнийн 10 хувиар тооцсон…” гэж Хан-Уул дүүргийн Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан гомдолдоо дурдсан болохыг, мөн зөвхөн нэхэмжлэгч ч төдийгүй дуудлага худалдааны анхны үнийг төлөхийг шаардсан нийслэл, дүүргийн Засаг даргын болон газрын албаны шийдвэр, шаардлагыг Газрын тухай хуульд нийцсэн талаарх шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол нилээдгүй байгааг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Иймд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 38 дугаар зүйлийн 38.4-т тус тус заасан эрхийн хүрээнд хариуцагч дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг нэр бүхий иргэнд шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ шилжүүлэхийг хүссэн газрын дуудлага худалдааны анхны үнийг төлсөн байхыг шаардаж, төлөхгүй байх тохиолдолд шилжүүлэхээс татгалзсан нь, мөн дүүргийн Засаг даргаас ч энэхүү агуулгаар хүсэлтэд хариу өгснийг тус тус хуульд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 154 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 23 дугаар зүйлийн 23.8, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Х*******” ХХК-ийн “Газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, тус дүүргийн 14 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 1701600693 дугаар бүхий газрын эзэмших эрхийг иргэн Б.Д*******д шилжүүлсэн шийдвэр гаргахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч*******гийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                        О.ОЮУНГЭРЭЛ

 

                        ШҮҮГЧ                                                          Г.МӨНХТУЛГА

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН