Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 27

 

МАГАДЛАЛ

 

2017.12.25                                  

 

 

 

 

 

 

Ч.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02672 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Б, Э.Д нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “К б” ХХК, “М” ХХК нарт холбогдох,

“М” ХХК болон “К б” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б с хотхоны 44АБВГ дугаар байрны зоорийн давхарт байрлах, Э.Д-ын өмчлөлийн 113 тоот, Ч.Б-ын өмчлөлийн 188, 189 тоот гараашуудад холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч “К б” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Я,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “К б” ХХК нь “М” ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус компанитай 2010 оны 09 дүгээр сарын   02-ны өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулахдаа “М” ХХК нь 44А, Б, В, Г байрны зоорийн давхрын авто зогсоол тус бүрээр нь өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд энэхүү улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж, “К б” ХХК нь захиалагч Ч.Б миний хөрөнгөөр баригдаж, захиалагч нь эзэмшиж, ашиглаж эхэлсэн авто зогсоолуудыг мэдсээр атлаа хууль зөрчиж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн зээлийн харилцаанд огт хамааралгүй иргэн миний эд хөрөнгийг надад огт мэдэгдэлгүйгээр барьцаалсан байна.

Ч.Б нь 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “М” ХХК-тай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй "B S" хотхоны 44А байрны зоорийн давхрын 188, 189 тоот авто зогсоолуудыг захиалан бариулж, төлбөр тооцоог бүрэн төлсөн. Улмаар “М” ХХК-иас авто зогсоолуудын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/00958 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

“М” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасныг зөрчиж, иргэн миний хөрөнгө оруулалтаар бий болсон авто зогсоолуудыг захиалагч Ч.Б миний нэр дээр шилжүүлэлгүй, 90 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг өөрийн нэр дээр хийлгэжээ. Улмаар 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “К б” ХХК-тай Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд миний өмчлөлийн авто зогсоолуудыг барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийн талаар тусгана, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид мэдэгдэнэ гэж заасныг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх шаардлагыг тус тус зөрчсөн байна. Харин “К б” ХХК нь банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ, 23.4-т “...эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнийг...” эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтанд дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр, иргэн миний эрх ашгийг зөрчсөн хэлцэл байгуулжээ.

Иймд “М” ХХК болон “К б” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, "B S" хотхоны 44А дугаар байрны зоорийн давхарт байрлах, иргэн Ч.Б миний өмчлөлийн 188, 189 тоот авто зогсоолуудад холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “К б” ХХК нь “М” ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулахдаа “М ХХК нь 44А, Б, В, Г байрны зоорийн давхрын авто зогсоол тус бүрээр нь өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд энэхүү улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж, “К б” ХХК нь захиалагч Э.Д миний хөрөнгөөр баригдаж, захиалагч нь эзэмшиж, ашиглаж эхэлсэн автозогсоолыг мэдсээр атлаа хууль зөрчиж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн зээлийн харилцаанд огт хамааралгүй иргэн миний эд хөрөнгийг надад огт мэдэгдэлгүйгээр барьцаалсан байна.

Иймд иргэн Э.Д нь “К б” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний миний өмчлөлийн авто зогсоолуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр гаргаж байна. Э.Д нь 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “М” ХХК-тай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “B S” хотхоны 44В байрны зоорийн давхарын 113 тоот авто зогсоолыг захиалан бариулж, төлбөр тооцоог бүрэн төлсөн. Улмаар “М” ХХК-иас авто зогсоолуудын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Ингээд миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03353 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. “М” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол Захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасныг зөрчиж, иргэн миний хөрөнгө оруулалтаар бий болсон авто зогсоолуудыг захиалагч Э.Д миний нэр дээр шилжүүлэлгүй, 90 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг өөрийн нэр дээр хийлгэжээ. Улмаар 2010 оны 09 дугаар сарын 02-ны өдөр “К б” ХХК-тай Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд миний өмчлөлийн авто зогсоолуудыг барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийн талаар тусгана, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дахь хэсэгт Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид мэдэгдэнэ гэж заасныг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх шаардлагыг тус тус зөрчсөн байна. Харин “К б” ХХК нь банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ, 23.4-т “...эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг...” эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр, иргэн миний эрх ашгийг зөрчсөн хэлцэл байгуулжээ. Иймд “М” ХХК болон “К б” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “B S” хотхоны 44В дугаар байрны зоорийн давхарт байрлах, иргэн Э.Д миний өмчлөлийн 113 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “К б” нь “М” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдөр T07/141 тоот Зээлийн гэрээг байгуулж, 1 400 000,00 америк долларыг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн “М” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн T07/141 тоот Барьцааны зээлийн гэрээг байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд, Зээлээр санхүүжүүлэн барих таван блок 120 айлын сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины гараж, 3 өрөө орон сууц, гараашийн хамт зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл. Түүнчлэн 2010 оны 05 дугаар сарны 13-ны өдөр “М” ХХК-ийн өмчлөлд 44А,Б,В,Г байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр T07/141 тоот Зээлийн барьцааны гэрээгээр 4А, Б, В, Г дүгээр байрны   1-205 тоот авто зогсоолыг тоот тус бүрээр нэг бүрчлэн барьцаалсан. Хууль зүйн үндэслэл, “К бны “М” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, баталгаажуулсан байх ёстой. Ийнхүү бүртгүүлж, баталгаажуулсан тохиолдолд Иргэний хуульд зааснаар тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

К бны хувьд T07/141 тоот Барьцааны гэрээг 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281 дэх хэсэгт заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах эрхтэй байх ба үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагын зүгээс бүртгэсэн байгаа нь банк болон барьцаалуулагч хуульд заасан зохих журмыг зөрчөөгүй гэдгийг харуулж байгаа юм. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрийн хөрөнгөөр баригдсан үл хөдлөх хөрөнгийг “М” ХХК нь К б-тай барьцааны гэрээг байгуулахдаа хууль ёсны өмчлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч нарын маргаж буй авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр “М” ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртэгсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана гэж тус тус заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болно.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т “...үл хөдлөх хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээг хувийн хэрэгт нь хавсаргаж, бүрдүүлбэрт тусгахаар хуульчилсан байна. Дээрх зохицуулалтын дагуу банкны зүгээс барьцаа хөрөнгийн гэрчилгээг шалгасны үндсэн дээр зээлийг олгох үйл ажиллагааг явуулах нэг үндэслэл болдог. К б нь Х т хотхоны 44 А,В байрны 113 188 189 тоот авто зогсоолыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус орон сууцны өмчлөгчийн гэрчилгээ нь “М” ХХК-ийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Мөн “М” ХХК дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газрын гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан. Барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, бусад баримтад тус барилгын захиалагчаар “М” ХХК, гүйцэтгэгч компаниар “В” ХХК байхаар эрх олгосон нь тус барилгын өмчлөгч нь захиалагч болох “М” ХХК мөн байна гэж үзэж итгэх нэг үндэслэл болсон. Дээрх авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр хэвээр бөгөөд нэхэмжлэгч нь дээр дурдсан авто зогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг болтол аваагүй байна. Харин Ч.Б нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/00958 тоот захирамжаар, иргэн Э.Д 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03353 дугаар захирамжаар тус тус авто зогсоолын өмчлөгчөөр тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтаас харахад “М” ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 44А,В байрны 113,188,189 тоот автозогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, К б нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр T07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох “М” ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин нэхэмжлэгч нар нь дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир К б нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т Зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна гэж заасны дагуу тус банкны эрх бүхий этгээд болох Хөрөнгийн үнэлгээчин 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 44А, Б, В, Г байрны 55 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байх үед барилгын газар    дээр нь очиж шалгасан байдаг. Түүнчлэн барьцаа үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж шалгаж, танилцах үед тухайн автозогсоолыг ашиглах нөхцөл бүрдээгүй байсан учир нь улсын комисс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэгэнт тухайн авто зогсоол нь иргэн Ч.Б-ын өмч болсон тул түүний өмчлөгчөөр тоггоолгохоор шүүхэд өгсөн нэхэмжлэлийн дагуу манай компаниас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/00958 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул манай компани хүндэтгэлтэй хандаж байгаа юм. Тус компани Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “B S” хотхоныг 2007 оноос эхлэн барьж, 2010 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулж дуусгасан бөгөөд уг хотхоныг барихын тулд “М” ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани “К б” ХХК-иас нийт 15 тэрбум орчим төгрөгийн эргэлтийн зээл авч, орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож, иргэдэд худалдан борлуулсан орлого болон дээрх хотхоноос үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт шилжүүлэх замаар үндсэн зээл 15 тэрбум төгрөгийг болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 12 тэрбум, нийт 27 орчим тэрбум төгрөгийг төлсөн байдаг. “М” ХХК нь “К б” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот Зээлийн гэрээ, Т07/141 тоот "Зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 205 автомашины гараашийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно. Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хатан туул хотхоны 17 тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм. Үүний дараа 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулж, 1 560 966 000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлөх эргэн төлөлтийн хуваарийг баталсан бөгөөд энэхүү зээлийн гэрээгээр зээлийн барьцааны асуудал хэвээр буюу өөрөөр хэлбэл 205 автомашины зогсоол нийтэд нь барьцаалсан хэвээр байсан. Харин “К б” ХХК-ийн шаардлагаар 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулж автозогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр өмчлөх эрхийн гэрчилгээг компанийн нэр дээр бүртгүүлэн “К б” ХХК-д барьцааны үүргийн гүйцэтгэлд барьцаалах явцдаа 44А байрны 188, 189 тоот авто зогсоолыг иргэн Ч.Б-т мэдэгдэлгүйгээр барьцаалснаа манай компани бүрэн хүлээн зөвшөөрч байна. Гэвч “К б” ХХК нь зээлийн барьцаанд авто зогсоолуудыг барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн тодорхойлолтонд иргэн хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримт дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон байдаг. Учир нь тухайн авто зогсоолуудыг барьцаанд бүртгүүлэх үед буюу 2010 оны 09 дүгээр сард орон сууц болон автозогсоолууд нь 90 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, /хэдийгээр 10 дугаар сард улсын комисс хүлээн авсан хэдий ч/ иргэд 2009 оны 12 дугаар сараас тухайн байрандаа нүүн орж байр болон авто зогсоолуудаа эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд иргэн Ч.Б тэдний нэгэн адил авто зогсоолоо ашиглаж байсан. Уг хотхоны орон сууцуудад 2009 оны 09 дүгээр сараас холбогдох газруудтай нь гэрээ хийж, дулаан, ус, цахилгаанаа авч эхэлсэн тул гэрээ хийж захиалга өгсөн айлуудаа 2009 оны 12 дугаар сараас байранд оруулсан. Учир нь айлууд гэрээ хийж, төлбөр мөнгөө бүрэн төлж, хугацаандаа байрандаа оруулахыг шаардсан тул ийнхүү ашиглалтад орохоос өмнө айлууд орсон байсан юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Э.Д-ын нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарт, Дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хатан туул хотхоны 17 тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм. Үүний дараа 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулж, 1 560 966 000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлөх эргэн төлөлтийн хуваарийг баталсан бөгөөд энэхүү зээлийн гэрээгээр зээлийн барьцааны асуудал хэвээр буюу өөрөөр хэлбэл 205 автомашины зогсоол нийтэд нь барьцаалсан хэвээр байсан. Харин “К б” ХХК-ийн шаардлагаар 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулж автозогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр өмчлөх эрхийн гэрчилгээг компнийн нэр дээр бүртгүүлэн “К б” ХХК-д барьцааны үүргийн гүйцэтгэлд барьцаалах явцдаа 44 В байрны 113 тоот авто зогсоолыг иргэн Э.Д-т мэдэгдэлгүйгээр барьцаалснаа манай компани бүрэн хүлээн зөвшөөрч байна. Гэвч “К б” ХХК нь зээлийн барьцаанд авто зогсоолуудыг барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн тодорхойлолтонд иргэн хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримт дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон байдаг. Учир нь тухайн авто зогсоолуудыг барьцаанд бүртгүүлэх үед буюу 2010 оны 09 дүгээр сард орон сууц болон автозогсоолууд нь 90 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, /хэдийгээр 10 дугаар сард улсын комисс хүлээн авсан хэдий ч иргэд 2009 оны 12 дугаар сараас тухайн байрандаа нүүн орж байр болон авто зогсоолуудаа эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд иргэн Э.Д тэдний нэгэн адил авто зогсоолоо ашиглаж байсан. Уг хотхоны орон сууцуудад 2009 оны 09 дүгээр сараас холбогдох газруудтай нь гэрээ хийж, дулаан, ус, цахилгаанаа авч эхэлсэн тул гэрээ хийж захиалга өгсөн айлуудаа 2009 оны 12 дугаар сараас байранд оруулсан. Учир нь айлууд гэрээ хийж, төлбөр мөнгөө бүрэн төлж, хугацаандаа байрандаа оруулахыг шаардсан тул ийнхүү ашиглалтад орохоос өмнө айлууд орсон байсан юм. Иймд нэхэмжлэгчийн “М” ХХК болон “К б” ХХК-тай 2010 оны 10 дугаар сарын 02-ний өдөр байгуулсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, B S хотхоны 44В дугаар байрны зоорийн давхарт байрлах 113 тоот зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууц, авто зогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “М” ХХК болон “К б” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б с хотхоны 44АБВГ дугаар байрны зоорийн давхарт байрлах, нэхэмжлэгч Э.Д-ын өмчлөлийн 113 тоот гараж, нэхэмжлэгч Ч.Б-ын өмчлөлийн 188, 189 тоот гаражуудыг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээрх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349 274 төгрөг, нэхэмжлэгч Ч.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422 097 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 385 685 төгрөг, хариуцагч “К б” ХХК-иас 385 685 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Д-д 349 274 төгрөг, нэхэмжлэгч Ч.Б-т 422 097 төгрөгийг олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “К б” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.Б нь 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн "Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу олж авсан гэх 44АБВГ байрны 188, 189 тоот авто зогсоол, Э.Д нь 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн "Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу олж авсан 44АБВГ байрны 113 тоот авто зогсоолын асуудлаар маргаж байгаа. Гэтэл 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр болон 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр "М-" ХХК-тай нэхэмжлэгч нар нь гэрээ байгуулж байх үед уг авто зогсоол орших барилга нь 55 хувийн гүйцэтгэлтэй баригдчихсан, уг хувиар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарчихсан, авто зогсоол нь биет байдлын хувьд бэлэн болсон байснаас үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулахаас илүүтэйгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан "Худалдах, худалдан авах гэрээ"-ний шинжийг илүү агуулж байна. Учир нь, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хулээнэ" гэж заасан. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч нь захиалагчийн захиалсан ажлыг гүйцэтгэж шинээр үр дүн бий болгох, үр дүнг бий болгосон нөхцөлд уг үр дүнгийг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлэхээр зохицуулагдсан. Харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хулээн" гэжээ. Тодруулбал, бие байдлын хувьд нэгэнт бий болсон хөрөнгийг худалдан авагчид худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлэхээр зохицуулагдсан. Маргаан бүхий 3 ширхэг авто зогсоол нь 2007 онд биет байдлын хувьд нэгэнт бий болсон хөрөнгө учир талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байхад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээгээр зүйлчилсэн нь буруу байна.

Иргэн Э.Д-, Д.Б- болон "М" ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгө бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно" гэж зааснаар үүсэх тусгай зохицуулалттай. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх хуулийн зохицуулалт нь ийнхүү тусгай зохицуулалттай учир энэ харилцаанд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх зохицуулалт хэрэглэгдэх учиргүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан "Ажил гүйцэтгэх гэрээ" гэж зүйлчилсэн атлаа өмчлөх эрх үүсэх үндэслэлд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний том алдаа болсон.

Иргэн Э.Д болон Д.Б нарын тухайн үл хөдлөх эд хөрөнгийи өмчлөх эрх нь гэрээний дагуу үнийг төлснөөр бус харин өмчлөгчөөр тогтоосон шүүгчийн захирамж гарсан огнооноос өмчлөх эрх үүсэн гэж үзнэ. Д.Б нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/00958 тоот захирамжаар, харин Э.Д нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03353 тоот Захирамжаар тус тус өмчлөгчөөр тогтоогдсон учир уг үеэс өмчлөх эрхийн асуудал яригдаж эхлэх учиртай байна.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо А сургуулийн урд байрлах банкны зээлээр санхүүжүүлэн барих 5 блок бүхий 120 айлын орон сууцны барилга газар дэд бүтцийн хамт

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо А сургуулийн урд байрлах 205 автомашины гарааш, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хатан туул хотхоны 17 тоотод орших 89,54 м.кв талбайтай орон сууц, Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон "М" ХХК-ийн бараа материалын үлдэгдлийг тус барьцаалсан. “К б” ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот "Зээлийн барьцааны гэрээгээр Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т "Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ" гэж заасан зохицуулалтын дагуу ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалсан. Өөрөөр хэлбэл, "М" ХХК-ийн өмчлөлийн 44АБВГ байрны 1-205 тоот авто зогсоолын барьцааны эрх нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үүссэн бөгөөд улмаар уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх "М" ХХК-ийн нэр дээр бүртгэгдэж, 2010 оны 09 дүтээр сарын 02-ны өдөр барьцааны гэрээг дахин байгуулсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-ийн "...Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ" гэсэн зохицуулалтад хамаарч байгаа юм. Гэтэл барьцаа эрхийг 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс үүссэн гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн дүгнэлт өгөөгүй гэж үзэх үндэслэлтэй. К бны зүгээс бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар бүрт барьцааны эрх үүссэн он дарааллыг 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрөос үүссэн тухай тайлбарлаж, нотлох баримтаар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот "Зээлийн барьцааны гэрээ"-г шинжлүүлсээр байхад уг асуудалд огт дүгнэлт өгөөгүй бөгөөд ямар шалтгаанаар энэхүү гэрээг үнэлээгүй талаараа ч тайлбарлаагүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон. Мөн Улсын Дээд Шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1-т "Хуулийн 56 дугаар зуйлийн 56.1.1-д заасан "хууль зөрчсөн" гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй" гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг тайлбарласан байдаг.

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т "барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх" гэж заасан. Хуулийн уг зохицуулалтаас харахад гуравдагч этгээдэд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх тухай зохицуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Б, Э.Д нар нь хариуцагч “К б” ХХК, “М” ХХК нарт холбогдуулан “М” ХХК болон “К б”    ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б с хотхоны 44АБВГ дугаар байрны зоорийн давхарт байрлах, Э.Д-ын өмчлөлийн 113 тоот, Ч.Б-ын өмчлөлийн 188, 189 тоот гараашуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, гараашийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу үнийг төлсөн авто зогсоолуудыг эзэмшигчид нь мэдэгдэлгүй зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан нь эд хөрөнгийн эзэмшигчийн эрх ашгийг зөрчсөн гэж, хариуцагч нар “...барьцааны гэрээ нь зохих журмын дагуу байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, нэхэмжлэгч нь өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй байгаа...” гэж тус тус тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч “М” ХХК-тай 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “B S” хотхоны 44А байр, 22 тоотыг 188 189 тоот зогсоолын хамт худалдан авахаар тохиролцон гэрээний зүйлийн үнэ 216 340 ам.доллар төлсөн, нэхэмжлэгч нь гэрээний зүйлийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч “М” ХХК хүлээн зөвшөөрснийг Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/00958 тоот захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч Э.Д нь 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч “М” ХХК-тай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээ байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44В байрны 1 дүгээр орц, 5 тоот орон сууцыг 113 тоот гараашийн хамт худалдан авахаар тохиролцож, гараашийн үнэ 10 000 ам.доллар төлсөн, нэхэмжлэгч нь авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч “М” ХХК хүлээн зөвшөөрснийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03353 тоот захирамжаар баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хариуцагч нарын 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ байгуулж, 205 машины авто зогсоолыг барьцаалсан, 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр зээлийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулан, барьцааны зүйлийн хаягийг тодруулсан байна.

Дээрх гэрээнд нэхэмжлэгч нар үнийг нь төлж худалдан авсан 188, 189, 113 тоот авто зогсоолууд барьцааны зүйлээр бүртгэгдсэн үйл баримт тогтоогджээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч нар тухайн авто зогсоолуудын үнийг төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд, хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч нартай худалдах худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр авто зогсоолуудыг зээлийн барьцаанд барьцаалсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

Хэдийгээр нэхэмжлэгч нар нь “төлбөрийг төлсөн” гэх боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх гэрээний үнийг төлснөөр бус, харин Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүснэ.

Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оюуны үнэт зүйл, аливаа эрх хөрөнгө болохын хувьд эзэмшилдээ авахад мөн хуулийн 89-94 дүгээр зүйлийн эд хөрөнгөтэй холбоотой зохицуулалт нэгэн адил хамаарах тул барьцааны эрхийг шударгаар олж авсан “К б” ХХК-тай байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардахгүй байх зарчимд харшилна. “К б” ХХК нь хууль ёсоор барьцааны эрхийг олж авсан болно.

Иймд барьцааны эрхийг шилжүүлэн авч байгаа этгээд болох “К б” ХХК нь улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу барьцаалуулах эрхтэй этгээд болох “М” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр барьцааны эрхийг олж авсан тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар “К б” ХХК нь уг барьцааны хувьд шудрага эзэмшигч гэж тооцогдоно.

Тиймээс нэхэмжлэлд заасан авто зогсоолуудыг барьцаанаас чөлөөлөх нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасан үр дагавар үүсэхгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02672 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “К б” ХХК, “М” ХХК нарт холбогдох, “М” ХХК болон “К б” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б с хотхоны 44АБВГ дугаар байрны зоорийн давхарт байрлах, Э.Д-ын өмчлөлийн 113 тоот, Ч.Б-ын өмчлөлийн 188, 189 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, авто зогсоолуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай Ч.Б, Э.Д нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “К б” ХХК-иас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 771 371 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                         

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

      ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

 

                                                           М.НАРАНЦЭЦЭГ