Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 915

 

 

 

 

 

 

 

2019          9              12                                            2019/ДШМ/915

 

Б.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч А.Сандагдулам,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Тамир,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/1044 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Мд холбогдох 1906025351214 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Бийн М, 1991 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Х аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../,

Б.М нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас Б.Бгийн картыг ашиглан 12.200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц овогт Бийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар .... тоотод оршин суух /РД:..../ Б.Мээс 12.200.000 төгрөгийг гаргуулж Х аймгийн .... багт оршин суудаг /РД:..../ Б.Бд олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж, гэм буруутайгаа илэрхийлж байна. Би анх 2011 онд амаржиж анхны охин маань мэндэлсэн. Үүний дараа 2012, 2013 онуудад төрсөн боловч 2 хүүхдээ нас барсны дараа савны хөөрөлт буюу Манас таталт “Эпилэсимь” гэх оноштой унаж татдаг өвчтэй болсон. 2014 онд дахин төрж Ганхуяг гэх хүүтэй болсон боловч төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй “Аутизм” гэх оноштой болсон. Мөн том охин Эрмүүнзаяа нь 2018 оны 7 дугаар сард түлэгдэж 40 хувийн түлэгдэлтэй, одоо нөхөн сэргэлт, тахим бэлхүүсний хагалгаанд орох ёстой байгаа билээ. Иймд хоёр бие муутай хүүхдийг минь өндөр настай ээж минь харж үлдсэн. Миний биеийн байдал, миний 2 бие муутай хүүхдүүдийг минь бодож миний ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хоригдохоос бусад ялаар шийтгэж өгнө үү. Би хохирлоо заавал барагдуулах болно. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин анхан шатны шүүхийн шийдвэрээр түүнд оногдуулсан ялыг хүндэдсэн гэж үзэж байна. Учир нь, Б.М нь анхнаасаа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээсэн. Мөн ар гэрийн хүнд нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлаж ойлгож байгаа ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг барагдуулахаа илэрхийлсэн. Эдгээр хөнгөрүүлэх нөхцөлүүдийг харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлоо хурдан төлүүлмээр байна. Өөр санал, гомдол байхгүй. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч А.Сандагдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэвээр үлдээж өгнө үү. Учир нь, шүүгдэгчийн төлбөр төлөх баталгааны хувьд бол тухайн үед бид нар уулзалдаж байсан. Үлдсэн мөнгө төгрөг байгаа бол тэрийгээ өгч байгаач гэхэд ямар ч санаачилга гаргаагүй. Өөрт нь бол тодорхой эд хөрөнгө, хохирол төлбөр нөхөн төлөх баталгаа муутай гэж үзэж байна. Тухайн үед өөрөө буруу ташаа мэдээллийг өгч байсан. Хэдийгээр энд өөрийнхөө гомдлыг гаргаж, хувийн байдлаа хэлж байгаа ч гэсэн ам бүлийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгөхдөө гурвуулаа эсвэл тавуулаа, нэг удаа бүр 2 дүү, эх, охины хамт гэж мэдүүлж байсан. Одоо гэтэл өөр хүүхэдтэй гэж мэдүүлж байгаа нь анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгөхгүй, эргэлзээтэй байна гэж харагдаж байна. Ийм учраас гэм буруудаа гэмшиж байна гэдэгт эргэлзэж л байна. ...” гэв.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.М нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн хувьд маргаж байсан. Хохирогч Б.Бтэй өмнө нь харилцаатай байдаг байсан. Бид хоёр хамт амьдрахаар шийдсэн байсан гэж мэдүүлж байсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн гомдлоо гаргахдаа өөрийн гэм буруугийн хувьд ямар нэг маргаан байхгүй. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэсэн байр суурьтай оролцож байгаа юм байна. Одоогийн байдлаар хохирогчид нэг ч төгрөг нөхөн төлөөгүй юм. Б.Мийн хувийн байдлын хувьд тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй. Тогтвортой орлого олдог гэх баримт байхгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны шөнө хохирогч Б.Бгийн банкны картыг хулгайлан авч улмаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны автомат төлбөрийн машиныг ашиглан хохирогчийн данснаас 12.200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бгийн “...Би өглөө дансаа шалгатал миний данснаас 12.200.000 төгрөг гарсан байсан. Тэгэхээр нь Б.Мээс асуутал “Чи намайг ээжийнхээ хагалгаанд хэрэглэ гэж хэлээд миний данс руу шилжүүлсэн шүү дээ” гэж хэлсэн. Би урьд өдөр нь тасартлаа согтоогүй, болсон зүйлийг санаж байна. ...Тэгээд Б.М “Бид эмнэлэг явж хүн сахина, чи манай ээжтэй хамт явж бай” гэж хэлэхээр нь би газар мэдэхгүй бас мөнгийг маань өгчих байх гэж бодоод өдөржин дагаж явсан. ...Тэгээд тэрнээс хойш мөнгөө авах гээд Б.М рүү байнга мессеж бичиж байсан. Мөн уулзах гэсэн боловч надтай уулзаагүй. ...” гэх /хх 6-9/,

 гэрч Э.Хатанбүүвэйгийн “...найз Б над руу утсаар залгаад “Найз нь мөнгөө алдчихлаа, одоо яах вэ? Чи яаралтай хүрээд ир” гэхээр нь би гэрээсээ гараад халдвартын ар талд байрлах 18а байрны 1 давхрын 1 тоотод иртэл найз Б.Б ганцаараа унтаж байсан. ...” гэх /хх 12-13/ мэдүүлгүүд,

“Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 16, 74-80/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Мийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнд уг зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, “Хаан” банкны депозит дансны хуулга зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/1044 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/1044 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                    ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ