Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 213

 

“Супервижн нетворк” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гантөмөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхсайхан, хариуцагч З.Баяржаргал, Ц.Оюунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0245 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор “Супервижн нетворк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Оюунтуяа, З.Баяржаргал нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1047 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 15 дугаар зүйлийн 15.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Оюунтуяа, З.Баяржаргал нарын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006853 тоот актаар тогтоосон нийт 1,966,204.8 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 305,654.6 мянган төгрөгийн төлбөрийн хэмжээг 299,254.6 мянган төгрөгөөр багасгаж, актын тогтоох хэсгийн 1.3, 2.2, 3.1, 3.2, 3.3 дахь заалтуудын буюу зөрчлийн 3,4,6 дахь хэсгийн үндсэн нөхөн татварыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0245 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1047 дугаар шийдвэрийн "Тогтоох" хэсгийн 1 дэх заалтыг "Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 74 дүгээр зүйлийн 74.1.13, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 17.2.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006853 тоот актаар ногдуулсан нийт 58324.3 мянган төгрөгийн торгууль, 160.2 мянган төгрөгийн хүү, 22211.7 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, "актын тогтоох хэсгийн 1.1, 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, "актын тогтоох хэсгийн 1.2, 1,3, 1.4, 1.5, 2.3 дахь заалтыг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийт төлбөрийн хэмжээг 124704.3 мянган төгрөгөөр багасгасугай." гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Супервижн нетворк” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Амгаланбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1.Аж ахуйн нэгж байгууллагын хувьд татвар ногдох орлого гэдэг нь нийт орлогоос үйл ажиллагааны  зардлыг хасаж үлдсэн хэсгийг болон жилийн турш хийсэн бүхий л борлуулалтыг нийт орлого гэж ерөнхийлөн ойлгодог.

Нэхэмжлэгчээс айл өрхүүдтэй гэрээ хийж кабелийн телевизийн сарын хураамжийн авлагыг сар бүр мөнгө нь орж ирээгүй байхад борлуулалтын орлогоор урьдчилан бүртгэдэг байсан боловч Юнивишн, Скаймедиа зэрэг өрсөлдөгч сувгууд гарч ирснээр хэрэгчид манай сувгийг ашиглахаа больсон тул авлагыг хүчингүй болгосон.

Өөрөөр хэлбэл хэрэглэгчид манай сувгийг нэгэнт орхиж, гэрээгээ цуцалсан бөгөөд урьдчилан бүртгэгдсэн орлого нь бодит байдлаар ороогүй болохыг тодорхой тайлбарласан.

Үүнд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Харин давж заалдах шатны шүүхээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-12.1.35-д жагсаан хуульчилсан 35 нэр төрлийн зардалд нэхэмжлэгчийн хасч тооцсон "найдваргүй авлага" гэх зардал байхгүй байхад татвар ногдох орлогоос хасч тооцсон нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцсэнгүй.

Өөрөөр хэлбэл тухайн борлуулалтын орлого нь бодит эсэх тухай дүгнэлт хийлгүйгээр “нэхэмжлэгч татварын орлогоос хасалт хийн бичихдээ буруу бичсэнээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй байна" гэж зөвхөн бичиглэлийн хэлбэрийн хувьд дүгнэлт хийсэн нь бодит байдалд нийцсэнгүй буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.

2. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар иргэн С.Болдхэт нь “Наран трейд” ХХК болон “Супервижн нэтворк” ХХК-ийн нийт хувьцааг бүхэлд нь тус тус өмчилдөг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Компанийн тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд компанийн ногдол ашгийг зөвхөн хувьцаа эзэмшигчид хуваарилах бөгөөд хувьцаа эзэмшигчээс өөр этгээдэд ногдол ашиг хуваарилах боломж, хууль зүйн үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх хуульд байхгүй үндэслэл гаргаж “Наран трейд” ХХК-д ногдол ашиг хуваарилсан гэж үзэхээр байна гэсэн буруу дүгнэлт хийсэн.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-д заасны дагуу “Наран трейд” ХХК болон “Супервижн нэтворк” ХХК нь тус тус иргэн С.Болдхэгийн 100 хувийн эзэмшлийн нэгдлийн компанид мөн бөгөөд үүнд үндэслэн “Наран трейд” ХХК нь “Супервижн нэтворк” ХХК-ийн дүрэмд хувьцаа эзэмшигчийн хурлын болон ТУЗ-ын эрхийг “Наран трейд” ХХК-ийн ТУЗ хэрэгжүүлэхээр заасан. Компанийн дүрэм компанийн үйл ажиллагааг зохицуулах гол баримт бичиг болохын хувьд нь “Супервижн нэтворк” ХХК-ийн ногдол ашиг хуваах болон хөрөнгө шилжүүлэх тухай “Наран трейд” ХХК-ийн ТУЗ-өөс шийдвэр гаргасан нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр шийдвэр болно.

Иргэн С.Болдхэт хувьцаа эзэмшигчийн хувьд өөрт хуваарилсан ногдол ашгийг өөрийн өглөгтэй байсан “Наран трейд” ХХК-д түүгээр нь шилжүүлж түүгээр өөрийн өглөгөө хаах бичилтийг хийхийг холбогдох албан тушаалтнуудад зөвшөөрсөн шийдвэр гаргасан нь энэхүү ногдол ашиг хуваарилсан шийдвэрүүдээс тодорхой харагдаж байсан.

“Супервижн нэтворк” ХХК-аас гаргасан дээр дурдсан ногдол ашиг хуваарилах тухай шийдвэр нь Компанийн тухай хуулийн 46 дутаарзүйлийн 46.5-д заасныг үндэслэн өмнөх 2012 оны санхүүгийн тайлан балансын үр дүнгээр гарсан ашгаас ногдол ашиг хуваарилж буй шийдвэр учраас ногдолийг татвараас чөлөөлөх хугацаанд хамрах ёстой гэж үзэж байна.

3. Давж заалдах шатны шүүх "...компанийн харилцан хамаарал бүхий этгээд нарын хоорондоо  барааг зах зээлийн ханшнаас хямд буюу өндөр үнээр борлуулсан, шилжүүлсэн бол тухайн барааны зах зээлийн үнийг жишиг болгохдоо  үл хөдлөх  эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар тооцож татвар ногдох орлогыг тодорхойлохоор байх бөгөөд тухайн борлуулсан бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Дээрх зохицуулалтад зааснаар үзвэл "барааг зах зээлийн ханшнаас хямд буюу өндөр үнээр борлуулсан, шилжүүлсэн" байх нөхцөлтэй байх бөгөөд хувьцаа эзэмшигч С.Болдхэт нь 529.983,300 төгрөгийн өртөг бүхий барилгыг зах зээлийн ханшнаас хямд буюу өндөр үнээр борлуулсан, шилжүүлсэн нөхцөл байдлыг хэн хэрхэн тогтоож үнэлээд байгаа нь ойлгомжгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2012 оны жилийн эцсийн тайланд уг барилгын үлдэгдэл өртгөөр дүрмийн сан бууруулж, данснаас хасах бичилт хийсэн байдаг. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 110 дугаар зүйлийн 110.1, Эд хөрөнгө өмчлөх эр, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1, 4.2-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн тухай бүртгэл улсын бүртгэлийн байгууллагад хийгдэж, шинээр өмчлөгчийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ шилжсэнээр өмчлөх эрх шилжсэн гэж үзэх хуулийн зохицуулалттай.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс хуулийн энэхүү зохицуулалтыг үл хэрэглэн, тус барилга нь одоог хүртэл "Супервижн нэтворк" ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй хэвээр байгаа бөгөөд түүнийг иргэн С.Болдхэтийн өмчлөлд улсын бүртгэлийн байгууллага шилжүүлэн бүртгээгүй байдлыг үл харгалзан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл аливаа татвар авалт нь тухайн арилжаа, гүйлгээ бодит байдлаар хийгдэж гүйцэтгэгдсэн нөхцөлд хийгдэх зарчимтай.

4. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “Маргаан таслах зөвлөл нь татварын акт, дүгнэлттэй холбоотойгоор татварын алба, татвар төлөгчийн хооронд үүссэн маргааныг зөвхөн татвар төлөгчийн гомдлоор хянан хэлэлцэх” үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс Гаалийн татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 70 тоот тогтоолоор гаргасан 51.180,0 мянган төгрөгийн татварын актад гомдол гаргасан бөгөөд тус газар нь гомдлын хүрээнд буюу 51.180.0 мянган төгрөгийн татварын хэргийг авч үзэх ёстой байтал Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 0006853 тоот актад тусгасан 305.654.6 мянган төгрөгийг хэлэлцэж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хуулиар олгогдоогүй эрхийг эдэлсэн байдалд шүүх дүгнэлт хийсэнгүй.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Оюунтуяа, З.Баяржаргал нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Актын тогтоох хэсгийн 1,1, 2.1-д заасан борлуулалтын орлогыг тайланд дутуу тусгасан зөрчлийг дүгнэхдээ: Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн этгээд бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн эсэх, нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулсан эсэх. ногдуулсан боловч уг зөрчлийг төлөөгүй зөрчил гаргасан эсэх, эсхүл худалдан авагч этгээдээс бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн эсэх талаар нэхэмжлэл, падаан нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад хэрхэн тусгагдсаныг нягтлан шалгаж бараа борлуулсан. үйлчилгээ үзүүлсэн боловч нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, ногдуулсан боловч төлөөгүй байсан эсэхийг тогтоосны үндсэн дээр зөрчил гаргасан тохиолдолд уг татварыг нөхөн төлүүлж хариуцлага хүлээлгэхээр байна гэсэн нь:

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хуулийн заалтыг зөрчиж байна. Тус татвар төлөгчийн татварын албанаас авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр борлуулалт хийсэн бичилт хийгдэж худалдан авагч тал нь татварын хасалт хийсэн ба энэ нь татварын албаны хөндлөнгийн мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг. "Супервижн нетровк" ХХК нь татварын албанаас өөрийн нэр дээр авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаа гээж үрэгдүүлсэн талаар цагдаагийн байгууллагад хандан гаргуулсан дүгнэлт, шийдвэр байдаггүй. “Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хэрэглэх заавар”-ын 4 дүгээр зүйл. “Падаанд тусгагдах мэдээллийг үнэн зөв, бүрэн бичиж, түүнийг үйлдсэн ажилтан гарын үсгээ зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Падааны бүрдэлт, үнэн зөвийг түүнийг олгосон, хүлээн авсан татвар төлөгч хариуцна”, 6 дугаар зүйл. “Татвар төлөгч падааныг зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн этгээдэд олгох бөгөөд падааныг борлуулалт хийсэн тухай бүрдээ бичиж өгнө” гэж заасан байх тул татвар төлөхөөс зайлсхийж борлуулалтаа тайлагнаагүй зөрчилд хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн үндэслэлтэй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1-д Татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 1.1, 2.1-д заасан зөрчлийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, актыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй, нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Супер вижн нэтворк” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006853 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад шүүхийн шийдвэр үндэслэх ёстой. Гэтэл энэ тохиолдолд шүүх маргааны үйл баримтыг бүрэн судлаагүй, хэргийн оролцогчдын нотлох болон үгүйсгэх тайлбарыг бүрэн гүйцэд сонсох замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөв удирдаагүй, мэтгэлцэх зарчмыг хангалттай хэрэгжүүлээгүй буюу маргаан үйл баримтыг зөв тодорхойлоогүй байна.

Тухайлбал, маргаан бүхий актаар хэдэн зөрчил илрүүлсэн, үүнээс хэдэн зөрчилд маргаж, хэдэн зөрчилд маргаагүй зэргийг шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэх шатанд зөв тогтоож, түүнд уялдуулан хэргийн оролцогчдыг мэтгэлцүүлэх нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх маргаан бүхий актын зөрчил тус бүрийг зөв тодорхойлоогүй гэж үзлээ.

Хариуцагчаас “сэтгүүлийн эрх борлуулсны орлогоос татвар суутгаагүй” зөрчлийг гаргасан гэж үзэж, төлбөр тогтоосон ба нэхэмжлэгчээс актын уг зөрчилд холбогдох хэсгийг эс зөвшөөрч, маргасан байхад анхан шатны шүүхээс уг зөрчилд холбогдуулан ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй байна.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхээс актын дээрх зөрчилд эрх зүйн дүгнэлт хийгээгүй байхад уг хэргийг хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа мөн болно.

Актын “найдваргүй авлагын зардлыг татвар ногдох орлогоос хассан” тухай зөрчилд анхан шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн төлөхийг зөвшөөрсөн, маргаагүй зөрчил болох “баяр ёслолын зардалд” холбогдох зөрчилд эрх зүйн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь зөв байгаа боловч уг зөрчилд холбогдох баримт бүрэн дүүрэн цуглаагүй байхад энэхүү зөрчилд холбогдох хэсгийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Тодруулбал, нэхэмжлэгчээс “хэрэглэгч манай сувагтай байгуулсан гэрээгээ цуцалж, хураамжаа төлөөгүйгээс урьдчилан бүртгэсэн орлого бодитоор орж ирээгүй” гэж маргасан ба уг зөрчилд холбогдох 37946400 төгрөгийг “найдваргүй авлага” байсан эсэх, хэргийн оролцогчдын маргаж байгаа “бодитойгоор орлого орж ирсэн” эсэхийг нотлох болон үгүйсгэх ямар баримт байгаа, улмаар шүүх аль нотлох баримтад үндэслэн эрх зүйн дүгнэлт хийсэн болох нь тодорхойгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт нийцэхгүй юм. 

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн орлогод албан татвар ногдох зорилготой, эсрэгээр орлого олоогүй тохиолдолд татвар оногдуулах үндэслэлгүй тул үнэхээр төлөгдөхгүй болсон авлага байгаа эсэхийг тодруулах, холбогдох баримтыг цуглуулсны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Актын “борлуулалтын орлого дутуу тайлагнасан” зөрчилд холбогдох үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүхээс дутуу тайлбарласан, хэргийн оролцогчдыг бүрэн дүүрэн мэтгэлцүүлээгүй байна. Тухайлбал, шүүхүүд энэ хэсэгт зөвхөн “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үрэгдүүлсэн, “Анж-андууд” ХХК-иас борлуулалтын орлого орж ирсэн эсэх нь санхүүгийн баримтаар тогтоогдоогүй” тухай дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэжээ. Гэтэл актын энэ хэсгээр 153725200 төгрөгийн зөрчил илрүүлсэн, үүнээс зөвхөн 76862600 төгрөг нь “Анж-андууд” ХХК-ийн “ашигласан” гэх нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой, харин үлдэх төгрөгийн хувьд ямар зөрчил, ямар үйл баримт байгаа болох, түүнд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар тодорхойгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “саналын товчоо” гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн, баяр ёслолын зардалтай холбоотой маргаагүй зэргээс үзэхэд нэхэмжлэгч маргаан бүхий актыг бүхэлд нь эс зөвшөөрсөн биш, актын зарим хэсгийг зөвшөөрсөн болох нь тогтоогдсон байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй байна.

Иймд, маргааныг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг бүрэн тогтоосны үндсэн дээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдах тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1047 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0245 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ