Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/810

 

 

 

 

 

 

 

 

 

   2022          11            29                                       2022/ШЦТ/810

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,  

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210020880863 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 336 дугаартай захирамжаар Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 6 сар 29 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэгдсэн ба 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2.Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, ялыг эдэлж байгаад мөн аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай захирамжаар 9 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

3. Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, ялыг эдэлж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Хэнтий аймаг дахь нээлтэй 419 дүгээр хорих ангийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ялын тооцооны хуудсаар 1 жил 1 сар 26 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй, *** (РД:*** ).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2021 оны 10 дугаар сарын 23-өөс 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Богд Вилла” хотхоны авто зогсоолоос иргэн *** эзэмшлийн 45-44 ДУА улсын дугаартай “Пробокс” маркийн тээврийн хэрэгслийн жижиг гурвалжин цонхыг хагалж, уг тээврийн хэрэгсэлд байсан хонины 4 ширхэг гулууз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, энэ гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: 2021 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 01 цагийн үед замаас такси барьж хөх өнгийн пробокс машинаас 4 ширхэг гулууз мах авч, Хүчит шонхор захын ченжид зарсан. гэсэн мэдүүлэг гаргасан.

 

Хоёр. Эрүүгийн 2210020880863 дугаартай хэргээс:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирсэн дуудлагын лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

 

2. Хэргийн газарт буюу Хан-Уул дүүргийн 4-р хороо Богд Вилла хотхоны 1208 тоот байрны авто зогсоолд үзлэг хийсэн 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-15 дахь тал),

 

3. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ...эхнэр *** хамт Улаанбаатар хотод өглөө 09 цагт орж ирсэн. Хан-Уул дүүргийн4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах мах худалддаг мухлагт би *** гэх залуутай хамт хонины мах 10 гулуузыг зарахад 4 ширхэг хонины гулууз мах үлдсэнийг нь би өөрийн *** улсын дугаартай машиндаа үлдээгээд хамт байсан *** Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 нэртэй автобусны буудал дээр  23 цаг өнгөрч байхад буулгасан. Би гэртээ ирж өөрийн *** улсын дугаартай машинаа 1208 дугаар байрны авто зогсоолд тавьсан. 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн машин дээр ирэхэд зүүн талын арын хаалганы шил хагарсан байдалтай байхаар нь би дотор нь  эд зүйлийг бүртгэж үзэхэд 4 ширхэг хонины гулууз мах байсан алдагдсан, өөр алдагдсан эд зүйл байхгүй тул 102 дугаарт би мэдэгдсэн.... 2 ширхэг гулууз мах нь 27 кг жинтэй, нэг гулууз мах нь 16 кг жинтэй, үлдсэн нэг мах нь 23 кг жинтэй байсан. Би авч ирсэн хонины махаа 1 кг нь 8000 төгрөгөөр зарж байсан. Нийт 744.000 төгрөгийн үнэтэй хонины мах алдсан байна”. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

4. Гэрч Д.*** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...25 килограмм 1 ширхэг мах, 16 килограмм 1 ширхэг мах,  4 ширхэг мах алдсан. 2021 оны 10 дугаар сарын 24-ний орой 08 цаг 24 минутад мах алдагдсан талаараа мэдээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед манай машины арын хаалганд байх жижиг цонхыг хагалаад дотор нь гараа хийж онгойлгож ороод кабинд байсан мах хулгайлан авсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

5. “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ХУ2-21-609 дугаартай: “93 килограмм хонины гулууз махыг 1 килограмм махны үнийг 7300 төгрөгөөр тооцож үнийг 678,900 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

6. “Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-122/0106 дугаартай “Toyota Proboх” машины жижиг шилийг дундаж ханшаар 45,000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (шүүх хуралдаанд шинээр ирүүлсэн),

 

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 29 дэх тал), Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоол, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 251 дугаар шийтгэх тогтоол, шүүхийн захирамж, ялтын суллагдсан тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 36-58, 97, 102, дахь тал), Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяа Хэнтий аймаг дахь нээлтэй 419 дүгээр хорих ангийн ялын тооцооны хуудас (шүүх хуралдаанд шинээр ирүүлсэн) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлтдээ шүүгдэгч *** нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө иргэн *** эзэмшлийн *** улсын дугаартай “Пробокс” маркийн тээврийн хэрэгслийн жижиг гурвалжин цонхыг хагалж, тээврийн хэрэгсэлд байсан хонины 4 ширхэг гулууз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, энэ гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч хохирогч ***т 678,900 төгрөгийн хохирол учруулсан, мөн гэмт хэрэг үйлдэхдээ *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилийг хагалсан бөгөөд шилний үнэ 45,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд эдгээр хохирлыг гаргуулж хохирогчид олгох саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тогтоосон байх шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Богд Вилла” хотхоны авто зогсоолд байрлуулсан иргэн *** эзэмшлийн *** улсын дугаартай “Пробокс” маркийн тээврийн хэрэгслийн жижиг шилийг  2021 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хагалан хууль бусаар нэвтрэн 4 ширхэг хонины гулууз махыг хулгайлан авч 678,900 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь: 

 

-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирсэн дуудлагын лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-15 дахь тал),

 

-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн ....2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн машин дээр ирэхэд зүүн талын арын хаалганы шил хагарсан байдалтай байхаар нь би дотор нь  эд зүйлийг бүртгэж үзэхэд 4 ширхэг хонины гулууз мах байсан алдагдсан байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

-Гэрч Д.*** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн “...25 килограмм 1 ширхэг мах, 16 килограмм 1 ширхэг мах,  4 ширхэг мах алдсан. 2021 оны 10 дугаар сарын 24-ний орой 08 цаг 24 минутад мах алдагдсан талаараа мэдээд цагдаад дуудлага өгсөн. ...машины арын хаалганд байх жижиг цонхыг хагалаад дотор нь гараа хийж онгойлгож ороод кабинд байсан мах хулгайлан авсан байсан. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

 

-Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,

 

-“Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ХУ2-21-609 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

-“Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-122/0106 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Хууль зүйн дүгнэлт:

Хулгайлах гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч байгаа үйлдлийг, мөн агуулах гэдгийг эд хөрөнгийг түр буюу байнга хадгалах зориулалттай тээврийн чингэлэг, эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж зэргийг хамааруулан ойлгоно.

Хэргийн үйл баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч нь өөрийн тээврийн хэрэгслийг байрлуулан түгжиж 4 ширхэг хонины махыг түр хадгалсан байхад нь  шүүгдэгч *** автомашины цонхыг нь хагалж хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилсан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр тодорхойлсон.

Эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдлыг хууль бус нэвтрэлт гэж үзэх бөгөөд автомашины цонхыг нь хагалж орсон үйлдлийг хууль бусаар агуулахад нэвтэрсэн гэж үзэх үндэслэл болох ба хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй юм.

 

Мөн шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахай сэдэлттэй  гэмт хэргийг үйлдсэн байна.

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлд хууль нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *** бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Мөн “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан ба “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 93 килограмм 4 ширхэг хонины гулууз махыг 678,900 төгрөгөөр үнийг тогтоосон байна.

Мөн шүүгдэгч гэмт хэрэг хэрэг үйлдэхдээ хохирогчийн эзэмшлийн автомашины цонхыг хагалж гэмтээсэн бөгөөд “Сүлд Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Toyota Probox машины жижиг шилний үнийг 45,000 төгрөгөөр тогтоожээ. Иймд нийт 723,900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ***т олгох үндэстэй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                   

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж,

6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч энэ хэрэгт 2022 оны 9 дүгээр сарын 29-ны өдрөөс ялтан шилжүүлж яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тул түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах нь зүйтэй, эд мөрийн баримтгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй.” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Шүүгдэгч *** хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага, хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоол, шүүхийн захирамж, суллагдсан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар урьд өмчлөх эрхийн эсрэг буюу хулгайлах гэмт хэрэгт гурван удаа ял шийтгэгдэж байсан байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцэх ба тус гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хүнд ангилалд хамаарч байна.

 

            Шүүгдэгч *** хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогчийн итгэлийг олж хамт махыг нь худалдан борлуулсны дараа эд хөрөнгийг нь хулгайлсан үйлдлийн шинж байдал,  учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийг арилаагүй, мөн урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч засрал хүмүүжил олоогүй, нийгэмшээгүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзсэн ба ажил эрхэлж хохирол барагдуулах арга хэмжээ авах нөхцөл боломжийг олгож хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн шүүгдэгч *** нь Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, хорих ялыг эдэлж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс ялтныг эрүүгийн 2210020880863 дугаартай хэрэгт яллагдагчаар цагдан хорих үндэслэлээр хорих ангийг шилжүүлж, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Хэнтий аймаг дахь нээлтэй 419 дүгээр хорих ангийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ялын тооцооны хуудсаар 1 жил 1 сар 26 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч ***д энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялд Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын  эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв

 

3. Бусад асуудлын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *** 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс  2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдлэх ялаас хасаж, ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** Бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***д энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялд Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн  1 жил 1 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил (гурав) жил 2 (хоёр) сар 26 (хорин зургаа) хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 3 жил 2 сар 26 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *** 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 (жаран нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.  

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ас 723,900 (долоон зуун хорин гурван мянга есөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч ***т олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *** цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд  зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН