Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/811

 

 

 

 

 

 

 

   2022           11           30                                       2022/ШЦТ/811

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,  

улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210019041249 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “***дүгээр салбарт *** ажилтай, ам бүл-4, нөхөр 2 хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байгаагүй, *** (РД:***).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Сод Монгол” ШТС-19 дүгээр станцад *** маргалдан түүний нүүр хэсэгт цохисны улмаас биед нь баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстын улайлт, алимны доргилт, баруун шанааны зулгаралт, зүүн гуяны цус хуралт бүхий хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын болон хэрэгт цугларсан дараах бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***аас: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. гэсэн болно. 

 

Хоёр: Эрүүгийн 2210019041249 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн дуудлага, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 27 дахь тал),

2. Хүний биед 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн:

*** нь 160 см өндөртэй, 65 кг жинтэй, биеийн хөгжил зөв, мах марай дунд, толгойдоо хүрэн өнгийн 18 см богино үстэй, ...Баруун нүдний дор 4х3 см хэмжээтэй цус хурж хөхөрсөн шинэ гэмтэлтэй... гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-7 дахь тал),

 

3. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: Би Сод Монгол Шатахуун түгээх станцын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах салбарт нь ээлжийн ахлах ажилтай бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ажлаасаа бууж ээлжээ дараагийн үүрэг гүйцэтгэх хүнд хүлээлгэн өгсний дараа надаас ээлж авч байгаа нөгөө ээлжийн ахлах *** үлдэгдэл тос тоолчхоод 4 литрийн М-10 нэртэй тос дутуу байна гэж хэлсэн. Би ***д хандан зарагдаж байгаа тос дутах ёсгүй, бүрэн байгаа дахин тоол гэж хэлээд явуулсан. Хэсэг хугацааны дараа дахин ирээд 4 литрийн М-10 нэртэй тос 2 ширхэг дутуу байна гэж хэлээд хэрүүл хийж намайг чи арчаагүй дээ 2 хүний 2 өөр шээс гаргачхаад ингэж яваа гэх мэтээр хэл амаар доромжилсон. Би биеэ барьж чадахгүй ***ыг сандал дээр сууж байхад нь нуруун дээр нь баруун гарын алгаар 1 удаа цохисон. Гэтэл *** сандлаасаа босоод хувцасны захнаас зуураад авахаар нь би зөрүүлээд хувцаснаас нь зуурах үед Баянжаргал баруун гараараа баруун нүд рүү 1-2 удаа цохих үед эрхлэгч *** өрөөнөөсөө гарч ирээд больцгоо гэж хэлээд бид хоёрыг салгасан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

4. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: Тухайн өдөр *** 24 цагаар ажиллаад буухдаа дараагийн гарах ***тай тооцоо хийж байсан. Тухайн үед би опетийн өрөөнд байхад гаднаас ***, *** хоёр маргалдаад орж ирсэн. Тухайн үед би өөрийнхөө өрөөнд байсан. ***, *** хоёр хэрэлдэж байгаад хэсэг хугацааны дараа би тэр хоёр дээр очиж та хоёр байгууллага дээр хэрэлдэж болохгүй гэж хэлтэл *** баруун гараа атгаад ***ын нуруун дээр нь нэг удаа цохихоор нь зодолдож болохгүй гэж хэлээд дундуур нь ороход гар утас газар унасан тул би тонгойж аваад босоход Баянжаргал *** нүүрэнд цохисон шинжтэй, баруун нүдний доор улайсан байдалтай байсан. Би ***ийг өөрийнхөө өрөөнд оруулсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №9845 дугаартай:

- *** биед баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстын улайлт, алимны доргилт, баруун шанааны зулгаралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

- Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

6. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би хуваарийн дагуу тус Шатахуун түгээх станц дээр 24 цагаар ажилд гарахаар очин ээлжээ авч байхдаа бууж байсан ээлжийн ахлах түгээгч ***той үл ойлголцон хоорондоо маргасан. Бид хоёр хоорондоо ойлголцож чадахгүй хэсэг хугацаанд маргалдаж байгаад хамт түгээгчийн өрөөнд ороод дахин хэрэлдэж байхад *** намайг сандал дээрээ сууж байхад араас ирээд нуруун дээр цохихоор нь би сандал дээрээсээ босоод цонхны хажууд зогсоход *** хувцаснаас заамдаж зулгаагаад байхаар нь болиоч гэж хэлсэн. Болихгүй болохоор нь уурандаа өөрийн мэдэлгүй цохъё гэж бодоогүй, ***ийн нүүр орчимд нь гараа атгаад 1-2 удаа цохисон. Гэтэл эрхлэгч *** өрөөнөөсөө гарч ирээд бид хоёрын зодооныг салгасан. Би хамт ажиллаж байсан *** биед учирсан дээрх гэмтлийг 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үл ойлголцон хоорондоо маргаж байхдаа гараа атгаж байгаад нүүрэнд нь цохиж дээрх гэмтлийг учруулсан. Би өөрийнхөө дээрх үйлдэлд маш их гэмшиж байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал)

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 22 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч ***ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг  “Сод Монгол” 19 дүгээр шатахуун түгээх станцын байранд 2022 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 10.00 цагийн үед ээлж хүлээлцэн тооцоо нийлэх явцдаа үлдэгдэл тос дутуу байна гэсэн шалтгаанаар иргэн *** маргалдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж бие, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстын улайлт, алимны доргилт, баруун шанааны зулгаралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн дуудлага, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 27 дахь тал),

- Хүний биед 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-7 дахь тал),

- Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

- Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №9845 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж  заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч *** эрүүл мэндэд гэмтэл учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу хохирогчийг гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулжээ.

Мөн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл бүрэн хангасан байна.  

 

            Шүүгдэгч *** *** нар нь хэн, хэнээ хүндэтгээгүй харилцаанаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. 

 

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч *** бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлт  гаргаж хэрэгт өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж,

   6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. гэсэн дүгнэлтийг, харин шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. гэсэн саналыг гаргаж мэтгэлцсэн.

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар шүүгдэгч *** урьд ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, эрхэлсэн ажилтай, цалин хөлс, орлоготой зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН