| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2019/00373/И |
| Дугаар | Дугаар 183/ШШ2019/00716 |
| Огноо | 2019-03-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар Дугаар 183/ШШ2019/00716
| 2019 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 183/ШШ2019/00716 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: И-д холбогдох,
33.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгч “А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, түүний өмгөөлөгч Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, түүний өмгөөлөгч Д, нарийн бичгийн дарга Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б, “А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б би 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “А-ийг үүсгэн байгуулсан. “А нь И-тай 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нэг талаас компанийн 80 хувийн хувьцааг шилжүүлэх, нөгөө талаас хөрөнгө оруулалт хийх замаар үйл ажиллагаа явуулахаар болсон. Ингээд “А-ийн энгийн хувьцааны 80 хувийг И-д 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ”-ээр шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ингээд уг компанийн гүйцэтгэх захирлаар Л-г томилсныг 2016 оны дүгээр сарын -ны өдөр улсын бүртгэлийн газар бүртгэж авсан байдаг. Улмаар И нь хамтын ажиллагааны гэрээний үүргээ гүйцэтгэхгүй, үйл ажиллагаагаа явуулахгүй байсны улмаас компанийн нэр дээр авсан тусгай зөвшөөрөл хүчингүй болох, үнэгүйдэх эрсдэл үүсээд байсан тул 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан хамтын ажиллагааны гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргаж, “А-ийн 80 хувийн хувьцааг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээ болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр буцаан авсан. “А-ийн 80 хувийн хувьцааг аваад удаагүй байтал “ХХХ-ийн зүгээс гэрээний үүргийн гүйцэтгэл болох 33.000.000 төгрөгийг “А-иас нэхэмжилсэн. Учир байдлыг тодруулан үзэхэд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “А болон “ХХХ-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд “А-ийг төлөөлж Л, нөгөө талаас Н, М нар гарын үсэг зурсан байдаг. Гэтэл И-тай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр хувьцаа шилжүүлэгч тал нь ямар нэгэн өр төлбөргүй компанийн эрх шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар “ХХХ-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 33.000.000 төгрөгийг И-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Б-ын нэхэмжлэлд дурдсан “ХХХ-тай байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулах үед Т.Б өөрөө байлцсан төдийгүй, 80 хувийн хувьцаа эзэмшигч гэдэг үүднээс И-ийн захирал БНХАУ-ын иргэн Л нь гарын үсэг зурах шаардлагатай гэж үзэн гэрээнд гарын үсэг зуруулсан. Т.Б нь өөрөө “ХХХ-ийн захирал Н болон М нарыг дагуулан ирж, танилцуулж гэрээ байгуулахад зуучилсан. Өөрөөр хэлбэл Т.Б нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийгдэх үед уг ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 33.000.000 төгрөг байгаа талаар мэдэж байсан. “ХХХ-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зориулалт нь “А-ийн эзэмшлийн тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг ................ тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохтой холбоотой төлбөр болно. Энэ тусгай зөвшөөрөл одоо И-тай огт холбоогүй бөгөөд “А-ийн нэр дээр байдаг болно. “ХХХ болон “А-ийн хоорондын төлбөрийн тооцоо нь И-д хамааралгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Б, “А-ийн нэхэмжлэлтэй, И-д холбогдох, 33.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
И, Т.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ”-ээр худалдан авагч Т.Б нь “А-ийн 80 хувийн хувьцааг 80.000 төгрөгөөр худалдагч И-иас худалдан авахаар тохиролцож, “А-ийн дүрэмд 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “...компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Т.Б” гэж бүртгэгдсэн талаар талууд маргаагүй болно.
И, Т.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний 3.2-т “худалдагч нь компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан, балансыг худалдан авагчид үнэн зөв гаргаж өгөх бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч тал “...******* ХХК-ийн 80 хувийн хувьцааг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр худалдаж авсны дараагаар уг компани нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу ХХХ-д 33.000.000 төгрөгийн өр төлбөртэй” гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарласан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар “А нь “ХХХ-д 33.000.000 төгрөгийн өр төлбөртэй болох нь нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотолсон баримтыг ирүүлсэн “А, “ХХХ-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хавтаст хэргийн 22-22 дугаар талд авагдсан/ нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх бөгөөд “ХХХ-иас “А-д хүргүүлсэн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “...33.000.000 төгрөгийн Нэхэмжлэх” нь “А-ийг “ХХХ-д 33.000.000 төгрөгийн өр төлбөртэй гэдгийг нотлохгүй юм.
Иймд нэхэмжлэлд дурдсанаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч И-ийг доголдолтой буюу өр төлбөртэй “А-ийг шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Т.Б, “А-ийн “...33.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан Т.Б, “А-ийн нэхэмжлэлтэй, И-д холбогдох, 33.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 322.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД