Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/229

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Б.Дашдондов, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,  

улсын яллагч Р.Очирсүрэн,

иргэдийн төлөөлөгч Н.Гармаа,

шинжээч Ө.Сарангэрэл,

 гэрч ****, ****,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Д.Батбаяр

шүүгдэгч Ш.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108025301516 дугаартай, 2 хавтас хэргийг 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо**** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт Ш*** Э (РД:****).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Э согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, ***, *** тоотод байрлах гэртээ эх ****г “архи уулаа” гэх шалтгаанаар түүний толгой, цээж, гар, нүүрэн тус газарт гараараа цохиж, өшиглөж зодон гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ш.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байна. Ээжийгээ түлхэж унагаад амийг нь хохироосон. Архи уух гэхээр нь “архи уулаа” гээд түлхсэн. Би тухайн үед 2 аяга пиво уусан байсан. Ээж гаднаас хаалга тогшиж орж ирсэн. **** гараад явчихсан байсан. Ээжийн хамраас цус гарсныг би арчиж цэвэрлэсэн. Эрүүн доор нь хөхөрсөн байсан. Хайртай ээжийгээ бурхан болгосондоо үнэхээр харамсаж байна. Өөрийгөө ийм хэрэг хийчихнэ гэж бодоогүй, уучлаарай” гэв.

Гэрч **** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өглөө 10-11 цагийн үед Ш.Э-д очсон, тэднийхээс явсан цагаа сайн мэдэхгүй байна. Э-ы согтолт гайгүй байсан. Тухайн үед ээж нь байгаагүй. Гурвуулаа 2 пиво, 1 шил 0,5 литрийн архи уусан. Ээжийг нь дамжилж оруулсан асуудал болоогүй...” гэв.

Шинжээч Ө.Сарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогчийн зүүн 2,3,4,5,6 дугаар хавирганы хугарал нь эгэмний ар шугамаар, далны шугамаар 2 хугарсан байсан. Хоёрлосон хугарал энэ тохиолдолд өшиглөх, дэвсэх үйлдлээс үүссэн байх боломжтой. Унаад үүссэн гэмтэл байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл гялтан цус хуралттай, цээжний хөндий шингэн хуралттай байсан” гэв.

 

Эрүүгийн 2108025301516 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***: “Миний дүү **** 1957 онд төрсөн, айлын 3 дахь хүүхэд. Талийгаач нь 4-5 жилийн өмнөөс архи нилээн уудаг болсон. ***, талийгаач хоёр архи ихээр уугаад байгааг би сонссон. Уг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Талийгаачийн ажил явдалд зарцуулсан хохирол мөнгийг баримтаар гаргаж өгнө” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-46-51),   

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2021.11.08-ны өдрийн 2299 дугаартай шинжилгээний дүгнэлтэд:1.Талийгаачид гавал тархи, цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтлүүд: дух, зулай, чамархайн хуйханд цус хуралт, зулай чамархайн гавлын шар хальсны цус хуралт, зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн чамархайн ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны орой болон хажуу хэсгийн, зүүн чамархайн дэлбэн, баруун тал бөмбөлгийн чамархайн орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цээжний хөндийн шингэн цус хуралт (60.0мл цус), цээжний баруун 2,3-р хавирга, зүүн 2,3,4,5,6-р хавиргануудын хоёрлосон хугаралууд, хавирга хоорондын гялтангийн цус хуралт, хоёр уушгины эрс авчийлт, духанд зулгаралт, зүүн чамархай, шанааны зөөлөн эдийн няцрал, цээж, хэвлий, эрүү, дээд доод мөчдөд зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд шууд үхэлд хүргэсэн, нэг цаг хугацаанд үүссэн учир тус тусад нь гэмтлийн зэрэг тогтоохгүй, дээрх гэмтлүүд нь хүнд гэмтлүүд байна. Гавал тархи, цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. 2. Талийгаачид үхэлд хүргэх хууч өвчин тогтоогдсонгүй. 3. Талийгаачаас авсан дээжүүдэд цусанд 5.0, ходоодны шингэнд 5.3, шээсэнд 4.1 промилли спиртийн зүйл илрэв. Дээжид мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 4. Талийгаач нь 0/1/ бүлгийн цустай байна. 5. Талийгаач нь гавал тархи, цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. 6. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй болсон байжээ” гэжээ (1 дүгээр хавтас, хх-108-119),

Шинжээч эмч А.Сарангэрэлийн: “...Талийгаачид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байсан бөгөөд нэг цаг хугацаанд үүссэн байна. Талийгаачийн цусанд 5.0 промилл байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь ийм согтолттой, дээр нь хавсарсан гэмтлүүдтэй байгаа учир идэвхтэй үйлдэл хөдөлгөөн, биеэ хамгаалах чадваргүй гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-166-167),

Гэрч ****ы: “2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн орчимд найз Эрдэнэбулганы гэрт очсон. Найз **** рүү яриад уулзахаар болсон. 11 цаг өнгөрч байхад ирэхэд Э гэртээ ганцаараа байсан. Би “Ээж чинь яачихсан юм бэ” гэж асуухад “Ээж шөнө гараад ирсэн” гэж хэлсэн. Уг нь гэрт нь орохоор том өрөөнд ороод ирдэг юм. Удаагүй 10-20 минутын дараа **** 2 литрийн пиво авч ирээд бид 3 хувааж уусан. Дууссаны дараа **** Э 20,000 төгрөг өгч дэлгүүр гаргаж, 1 шил 0.5 литрийн архи, 2 литрийн пиво авч ирсэн. Тухайн архи, пивыг хувааж уусан. Эархи уудаггүй пиво уудаг. **** бид 2 архи уусан. 16 цаг өнгөрч байхад **** бид хоёр гараад 2 литрийн пиво аваад буцаад орох гэсэн чинь хаалгаа онгойлгохгүй байсан тул бид хоёр 8 давхарт тухайн пивоо уугаад **** “явлаа” гээд надад нэг пиво авч өгөөд 18 цагийн орчимд аркан дээрээс салаад явсан. Би Э-ы гэр лүү ороход хаалгаа тайлсан. Бид 2 уг пивыг ууж дуусгаад би 19 цаг өнгөрөөд ээжийнхээ гэр болох 24 дүгээр байр руу очсон. Тэр өдөр би Э- ээжтэй ерөөсөө таараагүй. Харин Э шөнө хэлэхдээ “Чи манай гэрээс 19 цагийн орчимд явахдаа “танай ээж орцонд хэвтэж байна, хоёулаа хоёр талаас сугадаад орж ирсэн” гээд байгаа юм. Тэгээд намайг явсан гэж хэлээд байгаа, тийм зүйл ерөөсөө болоогүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-66-67),

Гэрч ****ын: “**** гэх хүнийг 5 жилийн өмнөөс таних болсон. ...2021 оны 10 сарын 24-ний орой 18 цагийн орчимд ***угаар байрны аркан дээр **, ***хочтой ***, гар дээрээс тамхи зарж борлуулдаг ***, *** нарын дэргэд юм яриад зогсож байхад талийгаач урд тал буюу автобусны буудлын орчмоос ирээд аркны хажуу талын гуанзны үүдэнд сууж байсан. Тэндээ хэсэг сууж байгаад сүүлдээ хэвтээд биеэ авч явах чадваргүй, согтуу байхаар нь тамхи зарж борлуулдаг **, ***нарын гуйлтаар “энэ хүнийг орц руу оруулаад өгчхөөч” гэхээр нь би түүнийг хоёр суганаас тэвэрч явсаар уг хүний орц руу оруулаад цахилгаан шатанд суулгаад ****гаас “Орж чадах уу” гэж асуухад “Чаднаа” гээд явсан. Би буцаад явсан болохоор гэртээ орсон байх гэж бодож байгаа. Талийгаачийн биед, нүүрэнд ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Замдаа ямар нэгэн байдлаар унаж ойчсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-97-98),

Гэрч ****ийн: “...2021 оны 10 дугаар сарын 24-ний 17-18 цагийн орчим талийгаач **** Барс зах буюу урд хэсгээс согтуу ирээд бид нарын дэргэд тасраад хэсэг хугацаанд унтсан. Тэр үед *** **, **** гэх хүмүүс харж байсан. Бид нар “гэр лүү нь оруулаад өгчих, гэрийг нь мэддэг хүн байна уу” гэж асуухад *** “би гэрийг нь мэднэ” гэж хэлсэн. Талийгаач өөрөө “намайг гэр лүү оруулаад өгөөч” гэж ярьж байсан. Ингээд ***эх залуу **** гэх эмэгтэйг хажуу талаас нь түшээд аваад явсан. Тэгээд 10 орчим минутын дараа Азаа “гэрт нь оруулаад өгчихлөө” гээд бид нар дээр ирсэн. Тэр орой талийгаач ****гийн биед ил харагдах ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй, нүүр ам хэвийн, нилээн их хэмжээний согтолттой байсан, хөл дээрээ явж чадахгүй шахам байсан. Маргааш нь **** гэх хүнийг нас барсныг ***, *** эгч нараас сонссон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-89-91),

Гэрч ****ын: “2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би түргэн тусламжийн эмчээр хонож үүрэг гүйцэтгэсэн. 103 төвөөс орой 19 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, *** тоотод “Ухаангүй, нүүр амнаас цус гарсан байдалтай” гэсэн дуудлага ирсний дагуу би уг хаяганд 19 цаг 48 минутад очиход 00-н өрөөний урд талын шалан дээр дээшээ харсан байдалтай, үзлэг хийхэд 60-65 орчим насны эмэгтэй нас барсан байдалтай байсан. Бодит үзлэгээр нүүр, гаран дээгүүрээ шинэ, хуучин хөхөрсөн шархтай, эрүүндээ хөхөрч няцарсан шархтай, дэргэд нь дуудлага өгсөн залуу зогсож байсан. Талийгаачийн биеийг үзэхэд хөрөлт үүссэн, хөшилт үүсээгүй, намайг үзэхээс 30 минутын өмнө нас барсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-100),

Шүүгдэгч ****сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2021 оны 10 сарын 24-ний өглөө ээж **** 06 цаг өнгөрөөд гараад явсан. Өдөр манайд ****, **** хоёр ирж архи, пиво уусан. Тэр хоёр маргалдаад байхаар нь 13-14 цагийн үед хөөж гаргасан. Хэсэг унтсан байсан. Орой 17 цагийн орчим **** 1 том пиво барьж орж ирээд, дуусгаад орой 19 цагийн орчим **** гараад явсан. Удалгүй ээж гаднаас согтуу орж ирээд хэрүүл маргаан үүсч би “та архи уулаа” гээд түүнийг түлхсэн чинь орны толгой мөргөж ухаан алдаж унасан. Ээж босож ирэхгүй болохоор нь сандраад 103 дуудсан. Түргэн тусламжийн эмч ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Би түүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Би найз ****ыг гарч явахдаа манай ээжийг гэрийн гадна уначихсан байна гэдэг талаар гэрчийн мэдүүлэгтээ худлаа ярьсан юм.

...Ээж **** согтуу орж ирэхээр нь “Та яах гэж архи уусан юм бэ” гэж асуухад “Чамд хамаагүй” гээд намайг 2 удаа алгадсан. Би ээжийг алгадаж түлхсэн, ээж орны толгой мөргөөд унасан. Сэрэхгүй болохоор нь эмнэлэг дуудсан. Ээжийн хамраас цус гарсныг алчуураар арчсан. Миний хамраас цус гоожсон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-170-172, 195-198),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021.11.16-ны өдрийн 863 дугаар дүгнэлтэд: “1.2. Ш.Энь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Ш.Энь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Ш.Энь хэрэг хариуцах чадвартай байна. 5. Ш.Энь хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна” гэжээ (1 дүгээр хавтас, хх-151-152),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021.11.30-ны өдрийн 4946 дугаар дүгнэлтэд:1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бэлтгэлийн өмд, шаргал өнгийн хантааз, шар өнгийн поло футболка, ягаан өнгийн дотоож, улбар шар өнгийн ноосон цамцан дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 2.Шар өнгийн поло футболка, ягаан өнгийн дотоож, улбар шар өнгийн ноосон цамцан дээрх цус нь АВО системээр О /I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. 3.Хар өнгийн бэлтгэлийн өмд, шаргал өнгийн хантаазан дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн, амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй. 4.Бор өнгийн ноосон өмд, 4 ширхэг цагаан өнгийн ноосон оймс, ногоон өнгийн футболка, хар өнгийн түрийтэй гутал дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэжээ (1 дүгээр хавтас, хх-153-154),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021.12.16-ны өдрийн 4945 дугаар дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн 5,6,25,1,8,28,74,12” дугаараар тус тус дугаарлагдсан, хэргийн газрын үзлэгээр хураан авсан цус мэт улаан хүрэн өнгийн дээж, 3 дугаараар дугаарлагдсан цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон алчуур зэрэгт цус илэрч байна. 2. Илэрсэн цусны ДНХ-ын тогтоцыг хүний геномын микросатттилетын 16 локусаар тогтоов. 3. 1,5,25 алчуур зэрэгт илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо ****гийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэжээ (1 дүгээр хавтас, хх-158-160),

Дуудлага лавлагааны хуудас (1 дүгээр хавтас, хх-2), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтас, хх-5-20), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтас, хх-21-22), 32 дугаар байрны СӨХ-ны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтас, хх-27-30), цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтас, хх-31-39), прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл (2 дугаар хавтас, хх-17),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтас, хх-200), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтас, хх-217), хувь хүний орлогын албан татвар төлдөггүй гэх албан бичиг (1 дүгээр хавтас, хх-205), эд хөрөнгө бүртгэлтэй гэх албан бичиг (1 дүгээр хавтас, хх-207), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (1 дүгээр хавтас, хх-209-211), дипломын хуулбарууд (1 дүгээр хавтас, хх-212-216) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

Шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргаж өгсөн мөрдөгчийн шинжилгээ хийлгэх тогтоол, шинжээчийн 2022.01.18-ны өдрийн 440 дугаар дүгнэлтийг тус тус уншиж шинжлэн судлав.   

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ш.Энь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо**** тоот гэртээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн эх ****г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүнийг гаднаас орж ирэхэд нь “архи уулаа” гэх шалтгаанаар түүний толгой, цээж, гар, нүүрэн тус газар нь гараараа цохиж, өшиглөн, цохиж зодон гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтэл учруулан алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан гэмт өхэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ш.Э баримтаар бусдад төлөх төлбөргүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис “Миний үйлчүүлэгчийн ээжтэй холбоотой асуудал учраас бид гэм буруу дээр маргахгүй байхаар шийдсэн. Яагаад гэвэл энэ хүнд насан туршдаа харамсаж явах асуудал тулгарч байгаа учраас гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр “Миний үйлчлүүлэгч гэм буруугийн асуудлаар маргахгүй байгаа. Хавтаст хэрэгт хохирлын талаар баримт байхгүй учраас бусдад төлөх төлбөргүй талаар тогтоолд дурдаж өгнө үү” гэж,

иргэдийн төлөөлөгч “Гэм буруутай гэж үзэж байна” гэж гэм буруугийн дүгнэлтээ тус тус танилцууллаа. 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ш.Эсогтуурсан 2021 оны 10 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, **** тоотод байрлах гэртээ эх ****г “архи уулаа” гэх шалтгаанаар түүний толгой, цээж, гар, нүүрэн тус газарт гараараа цохиж, өшиглөж зодон гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтэл учруулан алсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдлоо.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч **** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Өөрөөр хэлбэл прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь нотлогдон тогтоогдоогүй гэж үзлээ.   

Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэх хүндрүүлэх шинж нь хохирогчийг бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, шүүгдэгчийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг шүүгдэгч ухамсарлан мэдсэн, ашигласан нөхцлийг шаарддаг. Хэрэгт “амь хохирогчийн цусанд 5,0, ходоодны шингэнд 5,3, шээсэнд 4,1 промилли спиртийн зүйл илэрсэн” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтас, хх-114), шинжээчийн “...Цусанд 5,0 промилли байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-167) тус тус авагдаж, хохирогч хүнд зэргийн согтолттой байсан хэдий ч шүүгдэгчийн “Ээж согтуу орж ирээд “Архи яах гэж уусан юм бэ” гэж намайг хэлэхэд “Чамд хамаагүй” гээд намайг 2 удаа алгадаж хамраас цус гаргасан...” гэх мэдүүлгийг үгүйсгэсэн, няцаасан баримт хэрэгт авагдаагүй байгааг болон шүүгдэгч хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон гэх шинж хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.

Түүнчлэн амь хохирогч ****, шүүгдэгч Ш.Э нар сүүлийн жилүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэн хоорондоо таарамжгүй харилцаатай байсан талаар шүүгдэгчийн “Ээж бид хоёр өмнө нь ямар нэгэн зодоон цохион хийж байгаагүй. Би ээжид “Та архи уулаа” гэж уурлаж маргалддаг байсан. Би гэрээс гарч орж гүйхдээ миний хамраас цус гоожиж байсан. Учир нь ээж намайг 2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-198), 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд амь хохирогч ****г “Агсам тавиад байна, цонх хагалаад байна” гэх дуудлага өгөгдсөн нь Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын албан бичиг (1 дүгээр хавтас, хх-239), Асап сангийн мэдээлэл (1 дүгээр хавтас, хх-53) хэрэгт авагджээ.

Гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэж байгаа үйлдэл нэг бүр гэр бүлийн хүчирхийллийн шинжид хамаардаггүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн хүндрүүлэх шинжийг өмнө нь хүчирхийлэл үйлдэж байсан байдал нотлогдсон тохиолдолд л зүйлчлэхээр хууль тогтоогч тодорхойлсон байна. Энэ хэргийн тухайд амь хохирогч ****, шүүгдэгч Ш.Э нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Ээж та архи уулаа”, “Чамд хамаагүй” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар **** нь Ш.Эрдэнэбулганыг 2 удаа алгадсан, Ш.Энь ****г олон удаагийн үйлдлээр цохиж, өшиглөж зодон алсан болох нь тогтоогдож байна.

Харин амь хохирогч, шүүгдэгч нар харилцан нэгнийгээ байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирласан, тарчлаасан, эдийн засгийн эрх чөлөөнд халдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй, гэр бүлийн хүмүүсийн хоорондох маргааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэнийг харгалзан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Ш.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчиллээ. Хэргийн зүйлчлэлийг хууль зүйн хувьд ийнхүү хөнгөрүүлэн өөрчилсөн тул иргэдийн төлөөлөгчийн “Шүүгдэгч нь ээжийгээ алсан гэм буруутай” гэх дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзснийг тэмдэглэж байна.    

Иймд шүүгдэгч ****согтуурсан үедээ, өөрийн төрсөн эх хохирогч ****г “Архи уулаа” гэх шалтгаанаар түүний толгой, цээж, гар, нүүрэн тус газарт гараараа цохиж, өшиглөн зодож алсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ****гийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** “Талийгаачийн ажил явдалд зарцуулсан хохирол мөнгийг баримтаар гаргаж өгнө” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-51) авагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүйг үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэж журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ш.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис “Шүүгдэгчийн хувьд ийм гэмт хэрэг үйлдсэндээ насан туршдаа гэмшиж явна. Шүүх хурал дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа байдлуудыг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр “Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн шүүх бүрэлдэхүүнд талархаж байна. Б.Тэнгис өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна...” гэж эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ тус тус танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогч буюу өөрийн төрсөн эхийг “Архи уулаа” гэх шалтгаанаар олон удаагийн үйлдлээр цохиж, өшиглөн эрх, эрх чөлөөнд нь халдан, гавал тархи, цээжний хавсарсан гэмтэл учруулан амь насыг хохироосон), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний амь нас хохирсон, хохирлын баримт гаргаж өгөөгүй, төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Оршуулгын зардлын баримтыг гаргаж өгнө” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч Ш.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) жилийн хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргаагүйг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж өгнө үү” гэж эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ. Хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэлт хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравын хоёроос багагүй ял оногдуулах”-аар заасан бөгөөд шүүгдэгч Ш.Эгэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй болох нь тогтоогдсон тул хүний амь нас хохироосон үйлдлийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн (хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирлын баримт гаргаж өгөөгүй, түүнчлэн хохирол нэхэмжлээгүй нь “хохирол төлсөн” гэж үзэх үндэслэлгүй) байх хуулийн шаардлага хангагдаагүй байна гэж шүүх дүгнэсэн болно.   

Шүүгдэгч ****2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоног, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 119 хоног, нийт 120 (нэг зуун хорь) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хасах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “талийгаачийн өмсөж явсан цусны толбо бүхий шаргал өнгийн хантааз, улбар шаргал өнгийн ноосон цамц, хар өнгийн өмд, шар өнгийн богино ханцуйтай поло цамц, ногоон өнгийн майк, бор өнгийн дотуур ноосон өмд, ягаан өнгийн дотоож, цагаан өнгийн 2 хос 4 ширхэг оймс, хар өнгийн хос гутал”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Эхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч *** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эрдэнэбулганыг 10 (арав) жилийн хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****цагдан хоригдсон нийт 120 (нэг зуун хорь) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хассугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “талийгаачийн өмсөж явсан цусны толбо бүхий шаргал өнгийн хантааз, улбар шаргал өнгийн ноосон цамц, хар өнгийн өмд, шар өнгийн богино ханцуйтай поло цамц, ногоон өнгийн майк, бор өнгийн дотуур ноосон өмд, ягаан өнгийн дотоож, цагаан өнгийн 2 хос 4 ширхэг оймс, хар өнгийн хос гутал”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Ээнэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ                               Л.БААТАР

 

                 ШҮҮГЧИД                               Б.ДАШДОНДОВ

 

                                                           Ц.УРАНГУА