| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 184/2018/03895/И |
| Дугаар | 00796 |
| Огноо | 2019-04-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 00796
2019 оны 04 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2019/00796 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 48.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ................... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.С- нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нотариатчаар гэрчлүүлсэн зээлийн гэрээний дагуу Л.Ц-д 25.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэтэл зээлдэгч Л.Ц- нь одоог хүртэл зээл, түүний хүүгээс огт төлөлт хийгээгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардлага тавихад элдэв арга хэрэглэсээр зээлийн гэрээний хугацаа дууссан. Иймээс Л.Ц-гаас зээл 25.000.000 төгрөг, 6 сарын зээлийн хүү 7.500.000 төгрөг, нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алданги 16.250.000 төгрөг, нийт 48.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Н.С-ын нэхэмжлэлтэй, Л.Ц-д холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 48.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Н.С-, Л.Ц- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Иргэд хоорондын зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч Н.С- нь 25.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй зээлдэгч Л.Ц-д зээлдүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг байгуулсан байна.
Уг гэрээний дагуу зээлдүүлэгч Н.С- нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 25.000.000 төгрөгийг зээлдэгч Л.Ц-гийн өмчлөлд шилжүүлсэн, зээлдэгчээс тохирсон хугацаанд зээл, хүүг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон уг зээлийн гэрээний ард “...25.000.000 төгрөгийг Л.Ц- шилжүүлж авсан” тухай бичилтээр нотлогджээ.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 25.000.000 төгрөг, гэрээгээр хэлэлцэн тохирсон 6 сарын зээлийн хүүд 7.500.000 төгрөгийг хариуцагч Л.Ц-гаас гаргуулан нэхэмжлэгч Н.С-д олгох нь зүйтэй болно.
Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5-д “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж заасны дагуу 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны хоног тутамд гүйцэтгээгүй үүрэг болох 32.500.000 төгрөгийн 0.5 хувиар алданги тооцож 16.250.000 төгрөгийг хариуцагч Л.Ц-гаас гаргуулан нэхэмжлэгч Н.С-ад олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Л.Ц-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлд 25.000.000 төгрөг, хүү 7.500.000 төгрөг, алданги 16.250.000 төгрөг, нийт 48.250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.С-ад олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Түүнчлэн, шүүхээс хариуцагч Л.Ц-д нэхэмжлэлийн хувийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар тэрээр нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Л.Ц-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 48.250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.С-ад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 401.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ц-гаас улсын тэмдэгтийн хураамжид 399.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.С-ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД