Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/814

 

 

 

 

 

 

     2022          11          03                                     2021/ШЦТ/814

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: В.Батдэлгэр,

Хохирогч: ***,

            Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205021722145 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,

Шүүгдэгч *** нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стелла” гэх бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл таних хохирогч ***гийн биед халдан улмаар “дээд үүдэн баруун, зүүн 1 дүгээр шүднүүдийн булгаралт, буйланд цус хуралт, дээд үүдэн баруун, зүүн 2, 3 дугаар шүднүүд, доод үүдэн баруун 1 дүгээр шүдний хөдөлгөөн, дээд уруулын салстад няцарсан шарх, доод уруулын салстад цус хуралт бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Манай эхнэрийн найзын төрсөн өдөр болж бид нар бааранд орсон. Манай эхнэр биед нь хүрсэн гэсэн. Бүжгийн талбай дээр байхад хоорондоо маргалдаад байсан. Өөд өөдөөсөө дунд хуруу гаргаж, зодолдоод байх шиг болохоор нь цохисон. Миний буруу. Манай эхнэр маргааш нь цус алдаж зулбасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо бага багаар нь төлж барагдуулна” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...12 цаг гээд найзтайгаа бааранд хамт орсон. Элэгний хүнд өвчтэй учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би тухайн эмэгтэйн биед гар хүрсэн зүйл байхгүй. Дунд хуруу гаргахаар нь зөрүүлээд гаргасан. Намайг зүгээр байж байхад цохисон. Үүдэн хоёр шүдийг хийхэд нэг нь 2.500.000 төгрөг гэсэн. 350.000 төгрөгийн үүдэн шүд хийлгэсэн. Ашиглаж болохгүй байгаа. Энэ мөнгийг нэхэмжлэхгүй. Имплант хоёр шүд хийлгэх 5 сая төгрөг нэхэмжилж байгаа. Бас эрүүний яс цуурсан байгааг нөхөх эмчилгээ хийлгэх ёстой. Нийт 5 сая төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 26-ны орой найз ***гийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Стелла” бааранд ороод 1, 1 жижиг 0.5 граммын Сэнгүр нэртэй пиво авч уугаад бүжиглэж байгаад *** нойл орчихоод ирье гэхээр нь би бүжгийн талбайн хажууд ***г хүлээгээд үлдсэн. Тэгтэл миний өөдөөс бүжгийн талбай дээр зогсож байсан үл таних эмэгтэй муухай хараад, амандаа үглээд над руу дунд хуруугаа гаргахаар нь би өөдөөс нь дунд хуруу гаргасан. Тэгтэл хажуугаас үл таних эрэгтэй ирээд жаахан цаашаа зогсчих уу гэхээр нь би чи хүнтэй андуураад байна уу гэтэл хажуугаас ам хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд би хажуу тийшээ суун тусаад шалан дээр суутал миний үүдэн 2 шүд унаад 2 талын шүд хөдлөөд амнаас цус гарсан. Тэгээд би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд тэр залууг хамгаалагчид бариулаад байж байтал цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед найзуудтайгаа хамт 10-р хорооллын Стелла бааранд орсон. Тэгээд нэг, нэг шилтэй 0.5 граммын пиво авч ууцгаагаад бүжиглэж байтал хойноос үл таних эрэгтэй нуруу илэх шиг болохоор нь би эргэж хараад яагаад байна гэтэл өөдөөс муухай хараад байсан. Тэгээд би бүжгийн талбайн хажууд зогсож байтал манай нөхөр *** хүрч ирээд яасан бэ юу болсон бэ гэхээр нь би тэр ах миний биед хүрээд байна гэтэл манай нөхөр тэр эрэгтэй рүү явсан. Тэгээд тэр хоёр цаашаа эргээд явсан бөгөөд удалгүй нөхөр тэр эрэгтэй хоёр буцаад бүжгийн талбай руу ирж байсан. Тэгээд би нөхрөөсөө яасан гайгүй юу гэтэл зүгээр гэсэн бөгөөд удалгүй цагдаа нар орж ирээд манай нөхрийг хүн зодсон гээд цагдаагийн хэлтэс рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Гэрч Г.***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын замын хойд талд байрлах “Стелла” баар руу ***гийн хамт орж бүжиглээд жоохон байж байгаад нойл орсон ба тухайн үед *** нойлын үүдэнд үлдсэн ба тухайн үед ямар нэгэн хүнтэй маргаан хийгээгүй байсан. Тэгээд би нойл орчихоод гараад иртэл ***гийн үүдэн шүднүүд нь унаад цус болчихсон бас хамгаалагч ирчихсэн цохисон гэх залууг нь бариад зогсож байсан. Би ***гоос яагаад цохиулчихав гэтэл *** намайг зүгээр байж байтал энэ хүн цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудаад цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Шинжээчийн 9093 тоот дүгнэлтэд: “...***гийн биед дээд үүдэн баруун, зүүн 1-р шүднүүдийн булгаралт, буйланд цус хуралт, дээд үүдэн баруун, зүүн 2, 3-р шүднүүд, доод үүдэн баруун 1-р шүдний хөдөлгөөн, дээд  уруулын салстад няцарсан шарх, доод уруулын салстад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-аар тогтонги алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь 2022.06.27-ны өдөр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэжээ. /хх-н 28-29/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...цагаан өнгийн саравчтай малгайтай залууг хар бараан өнгийн жинсэн өмдтэй хар өнгийн цамцтай залуу нүүрэн тус газарт 2 удаа цохиж байгаа мэт бичлэг бичигдсэн байх ба үйлчлүүлэгчийн суух ширээний орчмоос тек хүртэл явж байгаа хэсгийг гэрэл зургаар харуулав...” гэжээ. /хх-н 7-8/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 10/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 32-39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стелла” гэх бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл таних хохирогч ***гийн нүүрэн тус газарт хоёр удаа цохиж “дээд үүдэн баруун, зүүн 1 дүгээр шүднүүдийн булгаралт, буйланд цус хуралт, дээд үүдэн баруун, зүүн 2, 3 дугаар шүднүүд, доод үүдэн баруун 1 дүгээр шүдний хөдөлгөөн, дээд уруулын салстад няцарсан шарх, доод уруулын салстад цус хуралт бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***, Г.*** нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***г цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***г цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***гийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс хоёр шүд хийлгэх 5.000.000 төгрөг нэхэмжилсэн, “Тужсмайл” ХХК-ний нэхэмжлэх гаргаж өгсөн боловч уг хохирол бодитой гараагүй, хохирогчид эмчилгээний зардалд хэдэн төгрөгийн бодит хохирол гарах нь тодорхойгүй байх тул зөвхөн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нэхэмжлэхээр хохирлыг тооцох боломжгүй тул хохирогч нь хохирол, хор уршгийн талаархи баримтаа жич бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь хохирогчид шүүх хуралдааны өмнө 150.000 төгрөг өгсөн бармит шүүхэд өгсөн болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн ялын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө  илэрхийлсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирол нөхөн төлөөгүй, хэдийгээр нөхөн төлөхөө илэрхийлж байгаа гэх боловч хохирлыг бага багаар төлнө, нэг дор төлөх боломжгүй гэж мэдүүлж байгаагаас үзэхэд хохирогч нь хохирлыг нөхөн төлөх бодит боломж байхгүй байгаа нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал, хохирогч гомдолтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч *** нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР