| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2019/00308/И |
| Дугаар | 00664 |
| Огноо | 2019-03-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 00664
| 2019 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2019/00664 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О-д холбогдох,
Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд 629.260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З, нарийн бичгийн дарга Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А, итгэмжлэгдсэн төлөөлөгч З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х дүүрэгт оршин суух Г.О нь 2018 оны 3 сараас 2018 оны 12 сарыг дуустал хугацааны 10 сарын СӨХ-ны зардалд 629.260 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүний СӨХ-ны зардал нь 1 сарын 47.270 төгрөгөөр тооцож 10 сарын 472.700 төгрөг, алданги 150.560 төгрөг, нотариатын хөлс 6000 төгрөг гэв.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“Т-ны нэхэмжлэлтэй, Г.Од холбогдох, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд 629.260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Г.О-гаас 2018 оны 3 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд 472.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т-д олгох нь зүйтэй байна.
Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зохигчид алдангийн талаар харилцан тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч “Т-ны “...алдангид 150.560 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Мөн нэхэмжлэгч талын “...нотариатын үйлчилгээний хөлсөнд 6000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь хавтаст хэрэгт авагдсан Монгол нотариатчдын танхимын мөнгөний тасалбар нь үйлчилгээний хөлс, зардал 7000 төгрөг гэсэн байх тул уг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэв.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г.О-аас 2018 оны 3 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд 472.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алдангид 150.560 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6000 төгрөг, нийт 156.560 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс хариуцагч Г.О-д нэхэмжлэлийн хувийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар тэрээр нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.
Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Г.О-гаас нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд 472.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алдангид 156.560 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 19.527 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-гаас улсын тэмдэгтийн хураамжид 14.831 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД