Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/699

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч С.Ууганбаяр,

хохирогч А.Э,

шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ө** овогт Д.Л-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210017180973 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ө** овогт Д.Л нь Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, эхнэр, ** хүүхдийн хамт ** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, амины орон сууцны ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-уул дүүргийн ** дүгээр хороо, “**” хотхоны ** дугаар байрны ** тоотод оршин суух, **дугаарын регистртэй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Д.Л нь Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр “**” хотхоны ** дугаар байрны ** тоотод 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр эхнэр А.Э-тай хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдаж улмаар түүний биед халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед нь зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн завжинд язрал, цус хуралт, баруун бугалга, шуу тохойд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Шүүгдэгч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргаагүй.  

Эрүүгийн 2210017180973 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 08:6:03 цагт “Манай нөхөр намайг зодчихоод гараад явчихлаа” гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 16 дахь тал),

2. Нийтийн хэв журам хамгаалах тасгийн аюулын зэргийн “өндөр” гэсэн үнэлгээ (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

3. Хохирогч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 19 цагт манай нөхөр Д.Л нь Хан-уул дүүргийн ** дүгээр хороо ** тоот гэртээ ирээд намайг өдөр нь нь хүүхдийн парк дээр тоглолт үзсэн гээд хөөгөөд байхаар нь би гараад найз охинуудтайгаа караокед сууж байгаад 2022 оны 06 дугаар сарын 26-ны 05 цагт гэртээ орж ирсэн чинь манай нөхөр чи эрт ирчихлээ, хоногоор явахгүй яасан юм гээд үнэгүй янхан минь чамайг хэн ч тоож унтахгүй лалар аа, пизда минь гэх зэргээр намайг доромжлоод байхаар нь би явахгүй гэсэн чинь миний мөр лүү тохойгоороо цохисон, тэгэхээр нь би айгаад ариун цэврийн өрөөнд ороод хаалгаа түгжсэн чинь араас хаалга эвдэж орж ирээд намайг барьж аваад миний толгой руу гараараа нэг удаа хүчтэй цохисон, аяга авч шидэж хагалаад, хагархайг авч над руу дайрсан. Мөн гар, мөр лүү 3-4 удаа гараараа цохисон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ... Би бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба манай нөхөр хэрэглээгүй байсан. ...Намайг байнга гэрээсээ хөөгөөд байгаад, би гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлмээр байна. ...Өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:

“...Би өөрийн нөхөр Л-тай хамт амьдраад 16 жил болж байна. Гэрлэлтийн баталгаа байгаа. Дундаасаа ** настай ** хүүхэдтэй. Манай нөхөр 06 дугаар сарын 26-ны өдрийн өглөө гэрт байхдаа миний биед халдаж намайг зодоод, би цагдаагийн байгууллагад хандаад дуудлага өгсөн чинь гараад явсан. Тэр өдрөөс хойш ирээгүй байж байгаад өнөөдөр буюу 07 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн үед намайг гэрт ирэхэд нөхөр ирчихсэн байсан. Тэгээд би чи арваад хоног хаана байж байгаад ирсэн юм, яах гээд одоо ирж байгаа юм гэж асуусан чинь нөхөр би дуртай үедээ яваад, дуртай үедээ ирнэ гээд чи надаас сал, явж өргөдлөө өг гэж дарамтлаад гичий, янхан, пизда, лалар гээд хэлэх бүх хараалаар хэлж, доромжлоод байхаар нь би чи яв гээд хэлтэл явахгүй байхаар нь би дуудлага өгсөн чинь дуудлагаа цуцал гээд байсан. Тэгж байж байснаа машинд суугаад цуг цагдаагийн газар очиж мэдүүлэг өгье гээд наашаа ирэх замдаа бас хэл амаар доромжлоод байсан. ...Камертоны тоглолт найзуудтайгаа үзээд гэртээ 04 цагийн үед орж ирээд би нөхөртөө оройтчихлоо уучлаарай гэсэн чинь тэр өдрөө нэг их юм ярихгүй байж байснаа маргааш өглөө нь над руу уурлаад тоглолт чинь эрт тарсан байна гээд хэрүүл үүсгээд эхэлсэн. Гэрээс хөөгөөд хэл амаар доромжлоод байсан. Уг нь тэр тоглолтыг би нөхөртэйгөө цуг үзэх гээд билет авчихсан байсан, биелэлтээ өөрөө ирээгүй хүчингүй болгосон. 2022 оны 06 дугаар сарын 26-ны шөнө би унтах гээд хэвтэж байхад гэрээс хөөж, хөнжил сөхөөд зайл гээд орноос өшиглөж, унагаад байсан. Тэр өдөр намайг хэл амаар маш ихээр доромжилсон. Чи надад хүүхэд гаргаж өгдөггүй болохоор би өөр хүнтэй явж хүүхэдтэй боллоо, чи тэрийг хараад тамлагдаж амьдраарай гэх мэт үгийн муугаар доромжилсон. Тэгээд би босоод гал тогоо руу ороод ус уугаад зогсож байхад ардаас ирээд баруун мөр лүү тохойлдсон. Ширээн дээр байсан аяга аваад шидсэн чинь тэр нь миний цээж хэсэгт оноод газар унаж хагарсан. Тэгээд үнэгүй янхан минь чамд би залуу олж өгье гэхээр нь би тэсэхгүй ууж байсан усаа энгэр лүү нь цацсан. Тэгсэн чинь нөхөр хувин дотор ус дүүргээд над руу цацах гээд байхаар нь би нойл руу зугтааж ороод хаалга түгжсэн чинь ардаас нойлын хаалгыг өшиглөж түгжээг нь эвдлээд орж ирээд хувинтай усаа над руу цацаад бид хоёр ноцолдож эхэлсэн. Ноцолдож, зууралдаж байгаад миний гарыг барьж мушийгаад барьцалдаж байгаад би нөхрийн хацар луу нэг удаа алгадсан чинь миний зүүн чих рүү гараараа цохиод авсан. Тэгээд би хэд орчим секунд манарч байгаад сэргээд чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэсэн чинь хохичинь гэсэн. Тэр үед хүүхдүүд гарч ирээд айгаад уйлсан. Тэгээд би цагдаа дуудсан чинь гараад явсан. Уг асуудал өглөө болсон, тэр өдрийнхөө орой нь миний чих өвдөөд хүний яриа сайн сонсогдохгүй, өвдөөд байсан байсан болохоор би Мөнгөнгүүр эмнэлэг орж үзүүлэхэд зураг авхуул, чих, хамар хоолойн мэргэжлийн эмчид үзүүл гээд би имрайн зураг авхуулахад хамар хуучих хугаралтай байна. 2018 онд манай нөхөр миний хамар луу цохиод тэр нь хугарсан байсныг би мэдээгүй явж байсан байна лээ. Тэгээд чихээ мэргэжлийн эмчид үзүүлэхэд хэнгэрэг хагарсан байна, хэнгэрэг нөхүүлэх эмчилгээ хийлгэ гээд би маргааш нь цаг аваад хэнгэргээ нөхүүлэх эмчилгээ хийлгэсэн. ...Одоо болтол би зарим чимээг сайн сонсохгүй. Чанга чимээ сонсохоор чих өвдөөд, амаа том ангайх, зүүн чихээрээ хүнтэй утсаар ярих зэрэгт чих өвдөж байгаа. Цаашдаа ямар үр дагавар гарахыг мэдэхгүй гэж эмч хэлсэн. ...2018 онд манай нөхөр миний хамрыг цохиж гэмтээж байсан, тэр үед цагдаа дуудаад торгуулж байсан байх, одоо сайн санахгүй байна. ...Хуулийн дагуу шийдүүлмээр байна. Цаашдаа энэ хүнээс салах бодолтой байгаа. Иргэний шүүхэд өргөдлөө өгнө. ...Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:

“...Би 2022 оны 06 дугаар сарын 24-ний орой найзуудтайгаа камертоны тоглолт үзсэн. Уг нь нөхөртөө билет авсан байсан ч манай нөхөр ирээгүй тэгээд найзуудтай явж байгаад 24-25-ны шилжих шөнө 03-04 цагийн хооронд Хан-Уул дүүргийн ** хороо ** хотхоны ** байрны ** тоот өөрийн гэртээ ирсэн, тэгээд тэр үедээ зүгээр юм бололгүй амарцгаасан. Тэгээд 25-ны өдрийн орой 20 цагийн үед манай нөхөр гэртээ урьд шөнө намайг оройтсон болохоор намайг хардаж хэрэлдээд гэрээс хөөгөөд байсан. Тэгэхээр нь би дахиад гараад өмнөх орой нь уулзсан Х, И нартай ** нэртэй караоке ороод сууж байгаад шөнийн 23 цагийн үед гэртээ ороод нөхөртэйгөө муудалцсан байсан болохоор граш дотор машиндаа сууж байгаад унтсан байсан. Тэгээд шөнө даарч сэрээд гэр лүүгээ орсон. Тэгээд бид хоорондоо маргалдаад тухайн үед би нөхрийгөө хашраах гээд удсан чинь асуудал бүр хүндрээд намайг зохиомлоор хардаад уурлаад орон дээрээс түлхэж унагаад байсан. Тэгээд би гал тогоонд ороод ус ууж байхад хэл амаар доромжлоод байхаар нь би аягатай усаа цацчихсан юм. Тэгсэн над руу бас ус цацна гээд хүүхдийн том хувин бариад ус дүүргэж байхаар нь би ариун цэврийн өрөө рүү орчихсон. Тэгээд би хаалга дотроос нь түгжээд байж байсан чинь манай нөхөр ариун цэврийн өрөөний хаалга эвдэж орж ирээд хувинтай ус цацсан. Тэгэхээр нь би уурлаад цохиод ноцолдож байгаад би уурандаа ус цацлаа гээд би баруун гараараа зүүн хацар луу нь нэг удаа алгадсан. Тэгсэн буцаагаад намайг баруун гараараа миний зүүн хацар луу алгадсан. Тэгсэн миний толгой манарсан юм шиг болоод чи намайг алгадаж байгаа юм уу гээд би цагдаа дуудлаа гэсэн чинь дууд дууд гээд сейфээс мөнгөө аваад гараад явсан. ...Тухайн үед манай нөхөр эрүүл байсан. ...Намайг баруун гараараа нэг удаа зүүн хацар луу алгадаж, миний зүүн чихний хэнгэрэг цоорсон. ...Урьд гэр бүлийн маргаанаас болоод манай нөхөр надад 1-2 удаа гар хүрж байсан. ...Надад ямар нэгэн гомдол байхгүй, нөхөр бид хоёр эвлэрсэн. Цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулмааргүй байна. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

4. Шүүгдэгч Д.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би анх эхнэр Э-тай 2003 оны хавьцаа танилцсан, одоо хүртэл 19 жил ханилж байна. Бид ** хүү, ** охинтой. Манайх Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** хотхоны ** дугаар байрны ** тоотод байдаг. Энэ оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл буюу 2 хоног манай эхнэр Э гэртээ оройтож, найзуудтайгаа уулзаж, тоглолт үзэх шалтгаанаар гэртээ үүрээр ирэх болсон. Тус шалтгаанаар бид маргалдсан. Би 06 дугаар сарын 25-ны өдрийн орой 20 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр байхгүй байсан. Орой 20 цаг өнгөрч байхад ажлаасаа ирээд, буцаад найзуудтайгаа уулзахаар 21 цагийн үед гараад 26-ны өглөө буюу 05 цагийн үед эхнэр гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд нүүр гараа угаагаад унтлагын өрөөндөө орж ирэхээр нь би чи утсаа яагаад авахгүй байна, бараг үүр цайлаа, хэнтэй, хаашаа явсан гэх зүйлсээс болж маргалдаж эхэлсэн. Тэгээд хэл амаар бие биеэ хэлсэн. Тэр үед миний эхнэр босож ирээд миний цээж хоолойг маажсан, тэгэхээр нь би хоёр гарыг нь базаж аваад цааш орны хажуу хэсэг рүү түлхсэн, эхнэр орноос унасан үгүйг сайн мэдэхгүй байна. Тэгээд би босоод гал тогоо руу ороод ус ууж байхад араас орж ирээд ус хийгээд ууж байгаад дахин маргалдаад ууж байсан аягатай усаа над руу цацсан. Тэгэхээр нь би өөрийг нь цааш түлхэхэд усан дээр халтираад миний зүүн хацар луу баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би цочоод баруун гараараа зүүн хацар луу нь нэг удаа алгадсан, тэгсэн цааш өрөө рүү яваад орсон, тэр үед би их бухимдаад хэрүүлээ даамжруулахгүйн тулд араас ороод хувцсаа өмсөөд гараад явсан, гэрт байгаад  байвал асуудал хүндрэх шинжтэй болохоор нь гараад явсан. ...А.Э-д учруулсан гэмтлийг миний бие учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Нэмж ярих зүйл байхгүй. Миний мэдүүлсэн бүгд үнэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаарх сарын 04-ний өдрийн 9276 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн завжинд 0.2х0.1 см хэмжээтэй салстын өнгөц язралтай. Уг язралтыг тойроод 1х1 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн цус хуралттай. Баруун тохойд 1х1 см, баруун шууны дотор дунд хэсэгт 1х1 см 3 ширхэг, 2х1 см, баруун бугалгын урд доод хэсэгт 1х1 см хэмжээтэй шаргал өнгийн бүдэг цус хуралтуудтай байв.

2022 оны 06 дугаар сарын 28-ны “ЭМЖЖ” ЧХХ-н эмнэлгийн үзлэгт: Самалдаг хөөнгө 2-р зэрэг, Хэнгэргэн хальс цоорхой. Онош: /Н72.9/ зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт.

2022 оны 06 дугаар сарын 28-ны “ЭМЖЖ” сонсгол сэргээх төвийн онош: Баруун чихний бага зэргийн мэдрэхүйн мэдрэлийн сонсголын алдагдал. Зүүн чихний бага зэргийн дамжуулагч сонсголын алдагдал.

“Сон медикал Центр-Улаанбаатар” эмнэлгийн үзлэгт: Otoscopy- Зүүн чихний хэнгэргэн хальс гэмтлийн гаралтай төвийн цоорол үүссэн, цоорлын хүрээгээр үүссэн гэмтэл дагасан хатсан цустай. Баруун чихний хэнгэргэн хальс бүтэн, гэрлийн увалтай. Rhinoscopy: хамрын таславч урд 1/3-р баруун тийш мурийсан. Баруун талд доод самалдаг хөөж таславчинд тулсан. Онош: гэмтлийн улмаас чихний хэнгэрэг цоорох. Хамрын таславчийн мурийлт. Эмч Г.Ундармаа гэжээ.

Дүгнэлт:

1. А.Э-ын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн завжинд язрал, цус хуралт, баруун бугалга, шуу, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. 7. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

4. 5. 8. 9. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. /шинжээч эмч Б.Баяртогтох/ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас).

6.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Шүүгдэгч Д.Л-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 61 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дэх тал), болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцож, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Л нь Хан-Уул дүүргийн ** хорооны нутаг дэвсгэр “**” хотхоны ** дугаар байрны ** тоотод 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр эхнэр А.Э-тай хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдаж улмаар түүний биед халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед нь зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн завжинд язрал, цус хуралт, баруун бугалга, шуу тохойд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 08:6:03 цагт “Манай нөхөр намайг зодчихоод гараад явчихлаа” гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 16 дахь тал),

-Нийтийн хэв журам хамгаалах тасгийн аюулын зэргийн “өндөр” гэсэн үнэлгээ (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

-Хохирогч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 24-ний орой найзуудтайгаа камертоны тоглолт үзсэн. Уг нь нөхөртөө билет авсан байсан ч манай нөхөр ирээгүй тэгээд найзуудтай явж байгаад 24-25-ны шилжих шөнө 03-04 цагийн хооронд Хан-Уул дүүргийн  ** хотхоны ** байрны ** тоот өөрийн гэртээ ирсэн, тэгээд тэр үедээ зүгээр юм бололгүй амарцгаасан. Тэгээд 25-ны өдрийн орой 20 цагийн үед манай нөхөр гэртээ урьд шөнө намайг оройтсон болохоор намайг хардаж хэрэлдээд гэрээс хөөгөөд байсан. Тэгэхээр нь би дахиад гараад өмнөх орой нь уулзсан Х, И нартай ** нэртэй караоке ороод сууж байгаад шөнийн 23 цагийн үед гэртээ ороод нөхөртэйгөө муудалцсан байсан болохоор граш дотор машиндаа сууж байгаад унтсан байсан. Тэгээд шөнө даарч сэрээд гэр лүүгээ орсон. Тэгээд бид хоорондоо маргалдаад тухайн үед би нөхрийгөө хашраах гээд удсан чинь асуудал бүр хүндрээд намайг зохиомлоор хардаад уурлаад орон дээрээс түлхэж унагаад байсан. Тэгээд би гал тогоонд ороод ус ууж байхад хэл амаар доромжлоод байхаар нь би аягатай усаа цацчихсан юм. Тэгсэн над руу бас ус цацна гээд хүүхдийн том хувин бариад ус дүүргэж байхаар нь би ариун цэврийн өрөө рүү орчихсон. Тэгээд би хаалга дотроос нь түгжээд байж байсан чинь манай нөхөр ариун цэврийн өрөөний хаалга эвдэж орж ирээд хувинтай ус цацсан. Тэгэхээр нь би уурлаад цохиод ноцолдож байгаад би уурандаа ус цацлаа гээд би баруун гараараа зүүн хацар луу нь нэг удаа алгадсан. Тэгсэн буцаагаад намайг баруун гараараа миний зүүн хацар луу алгадсан. Тэгсэн миний толгой манарсан юм шиг болоод чи намайг алгадаж байгаа юм уу гээд би цагдаа дуудлаа гэсэн чинь дууд дууд гээд сейфээс мөнгөө аваад гараад явсан. ...Тухайн үед манай нөхөр эрүүл байсан. ...Намайг баруун гараараа нэг удаа зүүн хацар луу алгадаж, миний зүүн чихний хэнгэрэг цоорсон. ...Урьд гэр бүлийн маргаанаас болоод манай нөхөр надад 1-2 удаа гар хүрж байсан. ...Надад ямар нэгэн гомдол байхгүй, нөхөр бид хоёр эвлэрсэн. Цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулмааргүй байна. ...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

-яллагдагч Д.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би анх эхнэр Э-тай 2003 оны хавьцаа танилцсан, одоо хүртэл 19 жил ханилж байна. Бид 1 хүү, 2 охинтой. Манайх Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** хотхоны ** дугаар байрны ** тоотод байдаг. Энэ оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл буюу 2 хоног манай эхнэр Э гэртээ оройтож, найзуудтайгаа уулзаж, тоглолт үзэх шалтгаанаар гэртээ үүрээр ирэх болсон. Тус шалтгаанаар бид маргалдсан. Би 06 дугаар сарын 25-ны өдрийн орой 20 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр байхгүй байсан. Орой 20 цаг өнгөрч байхад ажлаасаа ирээд, буцаад найзуудтайгаа уулзахаар 21 цагийн үед гараад 26-ны өглөө буюу 05 цагийн үед эхнэр гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд нүүр гараа угаагаад унтлагын өрөөндөө орж ирэхээр нь би чи утсаа яагаад авахгүй байна, бараг үүр цайлаа, хэнтэй, хаашаа явсан гэх зүйлсээс болж маргалдаж эхэлсэн. Тэгээд хэл амаар бие биеэ хэлсэн. Тэр үед миний эхнэр босож ирээд миний цээж хоолойг маажсан, тэгэхээр нь би хоёр гарыг нь базаж аваад цааш орны хажуу хэсэг рүү түлхсэн, эхнэр орноос унасан үгүйг сайн мэдэхгүй байна. Тэгээд би босоод гал тогоо руу ороод ус ууж байхад араас орж ирээд ус хийгээд ууж байгаад дахин маргалдаад ууж байсан аягатай усаа над руу цацсан. Тэгэхээр нь би өөрийг нь цааш түлхэхэд усан дээр халтираад миний зүүн хацар луу баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би цочоод баруун гараараа зүүн хацар луу нь нэг удаа алгадсан, тэгсэн цааш өрөө рүү яваад орсон, тэр үед би их бухимдаад хэрүүлээ даамжруулахгүйн тулд араас ороод хувцсаа өмсөөд гараад явсан, гэрт байгаад  байвал асуудал хүндрэх шинжтэй болохоор нь гараад явсан. ...А.Э-д учруулсан гэмтлийг миний бие учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Нэмж ярих зүйл байхгүй. Миний мэдүүлсэн бүгд үнэн. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 9276 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Д.Л нь хохирогч А.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд хохирогч А.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Л-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Иймд шүүгдэгч Д.Л-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул прокурорын ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

III. Бусад асуудлаар: Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө** овогт Д.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-ыг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.Э гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Э энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Д.Л-аас нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Л-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА