Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Батаа |
Хэргийн индекс | 188/2022/1424/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1444 |
Огноо | 2022-11-25 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Э.Оргилбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, улсын яллагч Э.Оргилболд, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1679 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овгийн Б.М , 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл нэг, *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.М нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх *** ХХК-ийн гал тогоонд цэнэглэж байсан иргэн М.Б-ийн эзэмшлийн 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung Galaxy А-52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, ***овгийн Б.М нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** ХХК-ийн гал тогоонд цэнэглэж үлдээсэн байсан хохирогч М.Б-ийн “Samsung Galaxy А-52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар /хулгайлж/ авсны улмаас бусдад 500,000.0 төгрөгийн хохирол учирсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
1.2. Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1, 3 дэх тал),
- Хохирогч М.Б-ийн“...Би ***ХХК-д 2017 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ажлаа хийж байгаад, өдрийн хоолоо идчихээд өөрийнхөө Самсунг А-52 маркийн гар утсыг ажлынхаа гал тогоонд цэнэглэж үлдээчхээд гараад явсан. Тэгээд 17 цаг өнгөрч байхад манай тогооч болох н.М надад хандаж “Б эгчээ таны утасны цэнэг 100 хувь болчихсон байсан шүү” гэж хэлэхээр нь “чи салгачих” гэтэл “гэхдээ утас чинь асуудалтай болсон шүү. Энхээ эгчийн хоёр жаахан хүүхэд утсан дээр чинь цай асгачихсан” гэхээр нь би яараад гүйгээд ортол гал тогоонд миний гар утас байхгүй, харин цэнэглэгч нь залгуурт залгаатай үлдсэн байсан. Би тэр хавиар “миний гар утас алга болсон байна” гээд ажлынхнаасаа асуугаад олдохгүй байхаар нь ажлынхаа Б.М гэдэг залуугаар өөрийнхөө 80017201 дугаар луу олон удаа залгуулахад Б.М “таны гар утас холбогдохгүй байна” гэж надад хэлсэн. Ингээд гар утсаа хайгаад олоогүй болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Цагдаагийн байгууллагад хандаад байж байтал 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай ажлын Б.М ажилдаа ирэхгүй байсан бөгөөд би түүнтэй утсаар яриад “чи эгчийнхээ утсыг авчихсан юм биш үү, авсан бол буцаагаад өгчих” гэтэл Б.М хариуд нь “та намайг гүтгээд байна. Би аваагүй. Гэхдээ та Хархорин захын энд хүрээд ир, хоёулаа уулзаад ярилцъя” гэж хариу хэлэхээр нь би Хархорин зах дээр очоод шөнө болтол хүлээгээд ирээгүй, утас нь ч холбогдохоо больсон тул би миний өргөдлийг шалгаж байсан цагдаад Б.М-ыг шалгуулах талаар хэлсэн юм. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б.М-ын ээж гэх н.Б гэж хүн над руу яриад “би таны гар утсыг ломбардаас нь аваад явж байна” гэж яриад, миний Самсунг А-52 загварын гар утсыг авч ирж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал),
- Гэрч Б.Н-ийн “...Сонгинохайрхан дүүрэг *** нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 03 минутад 20 гаруй насны эрэгтэй хүүхэд орж ирээд Самсунг А-52 загварын гар утас тавья гэсэн. Тухайн гар утсыг 280,000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан байсан. Барьцаанд тавихдаа “эгч ээ авахдаа иргэний үнэмлэхээ авч ирье, одоо регистрээ хэлээд тавьчихъя” гээд Б.М, *** гэсэн регистрийн дугаарыг бүртгүүлж, гар утсаа барьцаанд тавьсан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1868 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 23 дахь тал),
- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 41-44 дэх тал),
- Шүүгдэгч Б.М-ын ХААН банкны *** тоот дансны хуулга (хавтаст хэргийн 61-70 дахь тал),
- Шүүгдэгч Б.М-ын хувийн байдлын талаарх баримт бичиг (хавтаст хэргийн 71-75 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор сэргээн дүрсэлж байна.
Түүнчлэн, шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтад яллагдагчаар “...2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед өдрийн хоол идчихээд ажлаа хийж байгаад бие засах санаатай явахдаа замаараа гал тогоо руу орсон юм. Гал тогооны өрөөнд ороход угаалгын машин дээр манай ажлын эгч болох М.Б-ийн гар утас байсан. Би түүний Самсунг А-52 загварын гар утсыг аваад нойлын ойролцоо байх өвсөн дунд нуучихсан. Тэгээд ажлаа хийж байтал манай тогооч эгч болох н.М нь М.Б эгчид хандаж “таны цэнэглэж байсан гар утас байхгүй байна” гэж хэлэхэд М.Б эгч гал тогоонд ирээд “гар утас нь байхгүй байна” гээд тэр хавиар хайгаад, гар утас руугаа залгаад байсан. Удалгүй М.Б эгч цагдаа дуудсан ба цагдаа ирээд М.Б эгчийг аваад явсан. Харин би ажлаасаа 20 цаг өнгөрч байхад тараад нуусан гар утсаа аваад гэртээ харьсан. Маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрээсээ гарч Хархорин захаас баруун тийш 32-ын автобусны буудлын хойд талд байрлах ломбардад өөрийн регистрийн дугаараа бүртгүүлж, 280,000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан юм. Тэр мөнгөнийхөө 150,000 төгрөгийг н.А эгчээр дамжуулан ээждээ өгч, үлдэгдэл мөнгөөр нь хуучин хамт ажиллаж байсан ахдаа өрөндөө өгсөн. Би гар утсыг ломбардад тавьсан өдрөө ажилдаа очоогүй...” гэж (хавтаст хэргийн 15-17 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт “...Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй...” гэж тус тус мэдүүлсэн нь шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний хэргээ хүлээсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт өөрийнх нь эсрэг яллах үндэслэл болгов.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйл болох “Samsung Galaxy А-52” загварын гар утсыг 500,000.0 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн байх бөгөөд гэмт хэргийн улмаас 300,000.0 төгрөгөөс дээш буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байгаа нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.
Шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх бөгөөд давхар зүйлчлэх гэмт хэргийн шинжгүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.М-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Б.М нь хохирлыг бүрэн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Б.М уг гар утсыг ломбардад барьцаанд тавьсан байснаа буцааж аваад хохирогч М.Б-д хүлээлгэн өгсөн тул бусдад төлөх төлбөргүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлье...” гэв.
Шүүгдэгч Б.М : “...хэлэх зүйлгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 27 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), ХААН банкны лавлагаа (хавтаст хэргийн 61-70 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Б.М нь гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо сайн дурын үндсэн дээр төлж барагдуулсан байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.М-ыг нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг бүрэн хангана гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М-д оногдуулсан нийтэд тустай ажлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан газарт өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоов. Хэрэв тэрээр нийтэд тустай ажил хийх ялаас зайлсхийвэл шийдвэр гүйцэтгэх байгууллагын саналыг үндэслэн шүүх хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг түүнд тогтоолоор сануулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хавтаст хэргийг хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, харин энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.***овгийн Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М-д сануулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг энэ хэргийг хадгалах хугацаагаар хавсарган хадгалуулахаар хэргийн хамт Эрүүгийн хэргийн төв архивд шилжүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА