| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 108/2018/0199/Э |
| Дугаар | 937 |
| Огноо | 2019-09-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 937
2019 9 17 2019/ДШМ/937
Ц.Гт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Энхжаргал,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1220 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Уранбайгалийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ц.Гт холбогдох 1903004280237 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Цы Г, 1966 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...” цэцэрлэгт жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,
Ц.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, “...” хотхоны арын замд “Тоёота Алфард” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч М.Эг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ц.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Ц.Гт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн гэж үзжээ.
Үүнд, яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт хэргийн үйл баримтын талаар хэт ерөнхийлөн, тухайлбал “Яллагдагч Ц.Гийн үйлдсэн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэж бичин гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, яллагдагчийн үйлдэл, оролцоо, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд, хэн, хэрхэн яаж, хэнд ямар хохирол учруулсныг тодорхой заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан агуулгад нийцэх бөгөөд мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим сөргөөр нөлөөлөх болно. Иймд дээрх ажиллагаануудыг хийсний эцэст, хэргийг зөв зүйлчилж, шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Уранбайгаль прокурорын эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад "яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана: яллагдагчийн эцэг, эхийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл, 3.2 дахь заалтад "яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт" гэж, мөн дээрх зүйлийн 4 дэх хэсэгт "яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт "яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал, яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, он, cap, өдрийг тусгана." гэсэн эрх зүйн зохицуулалтыг тус тус тодорхой заасан. Прокурорын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 287 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэл хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол бүрэн бичигдсэн ба тогтоох хэсэгт ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харъяалал, яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, он, cap, өдөр зэргийг тодорхой тусгасан болно. Мөн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн гэж шүүгчийн захирамжид дурьдсан боловч ямар ажиллагааг дутуу хийсэн гэж үзсэн, цаашид ямар ажиллагааг гүйцэтгэж тогтоох шаардлагатай талаар дурьдаагүй байна. Гэхдээ шүүгчийн захирамжийн агуулгаас дүгнэлт хийвэл захирамжид заасан "...яллах дүгнэлтэд хэн, хэрхэн яаж, хэнд, ямар хохирол учруулсныг тодорхой заах нь ..." гэснийг мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн гэж дүгнэсэн гэж үзэхээр байна. Учир нь шүүгчийн захирамжийн 4 дэх мөрөнд “... нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна. Үүнд:" гэж дурьдаад дор нь "... яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл: яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт ..." гэж дурдсан байгаа юм. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1220 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1220 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүхийн захирамжид “...гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, яллагдагчийн үйлдэл, оролцоо, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй. ...”, “...яллах дүгнэлтэд хэн, хэрхэн яаж, хэнд, ямар хохирол учруулсныг тодорхой заагаагүй. ...” гэж дүгнэн хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 287 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан ба анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан “тогтоох” хэсэгт тодорхой дурдаагүй гэх бичилтийг хуулийн дагуу “тэмдэглэх” хэсэгт тодорхой тусгасан байгаа тул хэргийг заавал прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Ц.Гт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэрэгт буй баримтаас үзэхэд яллагдагч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр төлсөн зэрэг үндэслэлийг зааж бичгээр хүсэлт ирүүлж байсныг дурдах нь зүйтэй.
Нөгөөтэйгүүр шүүгчийн захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авсан мөртлөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3, 38.4 дүгээр зүйлүүдэд заасан зохицуулалтуудыг зөрчиж хэргийн бусад оролцогч нарын тайлбарыг авалгүй 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн албан бичгээр давж заалдах шатны шүүхэд хэргийг ирүүлэн хугацаа хэтрүүлсэн байна.
Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэг бүрийг хэрэгжүүлэхдээ хуульд заагдсан хугацаа, журмыг биелүүлж байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1220 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Гт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ