Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 113/ШШ2021/0009

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар (РД:9019197), Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхон, 3 дугаар байранд оршин байх;

Хариуцагч: Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Сарантуяа, ахлах аудитор Ц.Батсайхан;

Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Сарантуяа, ахлах аудитор Ц.Батсайхан нарын үйлдсэн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 20/А0860273 ГСА-2021/18/СТА-ТШЗ дугаар төлбөрийн актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын дарга Д.Мөнх-Эрдэнэ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнчимэд, хариуцагч Б.Сарантуяа, Ц.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн аудитын байгууллагын төлбөрийн актын үндэслэл, тайлбар ба нэхэмжлэгчийн хууль, журам зөрчөөгүй гэх үндэслэл нь төлбөрийн актад үндэслэл болгож буй Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт Төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ гэж заасан байх бөгөөд акт тавиад буй шатахууны үлдэгдэл нь байгууллага нэгэнт худалдан аваад бараа материалын дансандаа бүртгэсэн үлдэгдэл байсан тул дээрх заалтад хамаарахгүй гэж үзэж байна. Төлбөрийн актад энэ талаар тодорхой тусгаагүй байх бөгөөд хууль тогтоомжийн тохирох заалт байхгүй атал Төсвийн тухай хуулийг орон нутагтаа шинэ жишиг бий болгон төсөөтэй байдлаар хэрэглэж үзэмжээрээ тайлбарласан гэж үзэхэд хүргэж байна.

Тухайн жилийн онцлог, ажлын ачааллаас хамаарч шатахууны хэрэглээнээс их бага хэмжээгээр он дамжиж үлддэг асуудал нь төрийн зарим байгууллагуудад нийтлэг байдаг л үзэгдэл, аудитын байгууллага ч өмнө нь жил бүр тэдгээрийн санхүүгийн тайланг шалгасаар ирсэн ба мөрдөж буй хууль эрх зүйн орчинд нь өөрчлөлт ороогүй байтал гэнэт энэ жил ийнхүү эрс өөр шаардлага тавьж байгаа дээрх дүгнэлтийг хийхэд хүргэж, хууль ёсыг гажуудуулж байгаа юм биш байгаа гэж итгэл алдрахад хүргэж байна.

Учир нь улсын хэмжээнд төсөвт байгууллагын санхүүгийн ил тод байдлыг илтгэдэг Сангийн яамны нэгдсэн шилэн дансны цахим хуудаснаас /https://www.shilendans.gov.mn/-с үзэхэд манай аймгаас бусад газарт төсөвт байгууллагын шатахууны үлдэгдэл дээр акт тавьсан тохиолдол байхгүй байх бөгөөд зарим аймгийн аудитын газрууд ч манайхтай ижил нөхцөл байдалтай он дамжсан шатахууны үлдэгдэлтэй байгаагаар тайлан гаргасан байх нь эрх зүйн нэгдсэн систем бүхий улсад хууль харилцан адилгүй үйлчилдэг байдал бий болгож байгаа нь анхаарал эрхгүй татаж байгаа юм.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Гамшгаас хамгаалах тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжоор Аймгийн байгалийн болон химийн аюулыг үнэлж мэдээлэх алба юм. Хэрэгцээ шаардлага гарсан үед Ус цаг уур орчны шинжилгээний байгууллагыг өөртөө нэгтгэн мэргэжлийн ангийг бүрдүүлж томилгоот үүрэг гүйцэтгэн ажилладаг ба байгалийн гамшигт үзэгдэл болох хүчтэй салхи, шуурга, газар хөдлөлт, үер усны аюул зэрэг цаг үеийн нөхцөл байдал үүсэхэд тусгай чиг үүрэгтэй ажилладаг бөгөөд 2020 оны хувьд дээрх асуудлаар хязгаарлагдахгүй цар тахлын үед тооцоолох аргагүй. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.6-д Гамшгаас хамгаалах орон нутгийн нөөц бүрдүүлэх, зориулалтын дагуу захиран зарцуулах, 51 дүгээр зүйлийн 51.2-т Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, нийслэл, сум, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөж зарцуулна, 51.4-д Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах төвлөрсөн арга хэмжээний зардлыг улсын төсвөөс аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд зардлаа өөрөө хариуцна гэсэн заалтуудын хэрэгжилтийг ханган ажиллах үүрэгтэй байдаг.

Уг заалтуудыг хэрэгжүүлэн ажиллах талаар Онцгой байдлын газраас төрийн байгууллагуудад өмнө нь албан мэдэгдэл ирүүлж байсан удаатай. Тус хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахын тулд 2021 оны төсөвт суулгуулахаар 2021 оны төсвийн төсөл, 2022-2023 оны төсвийн төсөөллийг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээр дамжуулан Сангийн яаманд хүргүүлсэн боловч батлагдаагүй тул бид нөхцөл байдал, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан Гамшгаас хамгаалах тухай хуулийн дээрх заалтуудыг хангах боломж бүрдүүлэхийг эрмэлзэн ажилласан ба 2020 оны 11 сараас халдварт өвчний хөл хорионы нөхцөл байдлын үед эргүүл, шалгалт, эрэл хайгуул, пост штабын жижүүрийн үүрэг нэмэлтээр 20 гаруй удаа гүйцэтгэн ажиллаж тухай бүрд нь шатахууны төлөвлөгдөөгүй зарцуулалт явагдаж байна.

Байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд нэлээдгүй үйл ажиллагаанд автомашин ашиглагддаг бөгөөд мэдээлэл, сургалт, сурталчилгаа, хяналт шалгалт, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт био техникийн арга хэмжээ /аргаль хонинд өвс, хужир тавих/ хэрэгжүүлэх, хог хаягдал цэвэрлэх, судалгаа хийх, хөдөөгүүр болон суманд очиж ажиллах гэх мэт. Эдгээр арга хэмжээ зохион байгуулахдаа 1 удаагийн явалтад 2-оос доошгүй ажлыг давхар гүйцэтгэх зохицуулалт хийж, шатахууны зардлыг тогтмол хэмнэж ажилласан нь нөөц бий болох гол үндэслэл болсон. Ингэж ажилласнаар ажлын тоо хэмжээ буураагүй бөгөөд энэ нь аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн биелэлтээс харагдах болно.

Төрийн аудитын газрын ирүүлсэн тайлбарт ...орон нутгийн хэмжээнд цар тахалтай холбоотой зардлыг байгууллага бүрээс гаргуулах шаардлагагүйгээр, аймгийн Засаг даргын нөөц сан болон гамшгаас урьдчилан сэргийлэх, хор хохирлыг арилгах арга хэмжээний зардалд тусгайлан баталж, зориулалтын дагуу зарцуулж байгаа болно гэсэн ба энэ нь зөвхөн эмнэлэг, онцгой байдал, цагдаа зэрэг үндсэн чиг үүргийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн ба туслан гүйцэтгэх, ажил үүрэг гүйцэтгэж буй албад үүсээд байгаа ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд өөрсдийн зардлаар оролцож байсан болно.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд байгууллагын санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүнийг 1. Санхүүгийн байдлын тайлан, 2. Орлогын дэлгэрэнгүй тайлан, 3. Өмчийн өөрчлөлтийн тайлан, 4. Мөнгөн гүйлгээний тайлан, 5. Санхүүгийн тайлангийн тодруулга гэж заасан.

Энэ нь өөр өөр илэрхийлэл, үзүүлэлтийг харуулж байдаг тайлангууд бөгөөд Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ гэж заасан нь мөнгөн гүйлгээний хүрээнд авч хэрэгжүүлдэг заалт юм. Энэ ч утгаар нь тус байгууллага 2020 оны төсвийн зарцуулагдаагүй үлдэгдэл 25 352 562.79 төгрөгийг аймгийн Төрийн сангийн 100220000910 дугаартай нэгдсэн дансанд 2020 оны 12 сарын 30-ны өдөр буцаан төвлөрүүлсэн болно. Харин санхүүгийн байдлын тайланд илэрхийлэгдсэн бараа материалын үлдэгдлийг мөнгө болгон хувиргаж төсөвт төвлөрүүлнэ гэсэн заалт байхгүй ба шатах тослох материалыг бичиг хэргийн материалын нэгэн адил бүртгэж хөтөлдөг бөгөөд зүйрлүүлж хэлбэл төсвийн жил дуусахад принтерийн хор бичгийн цаас, машины шатахууны савыг шавхан, үлдэгдлийг зараад мөнгийг нь төсөвт буцаан тушаахтай ижил зүйл.

Төрийн байгууллага үйл ажиллагааныхаа зардлаас бодитоор хэмнэлт гарган, хуулиар хүлээсэн гамшгийн эрсдэлийг бууруулах нөөц бүрдүүлэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн дээр дурдсан заалтуудын хэрэгжилтийг өөрсдийн нөөц бололцоогоор ханган ажиллаж байгаа нь төрд болон өөр хэн нэгэнд ямар нэг хохирол учруулаагүйгээр зогсохгүй Төсвийн хууль, үндсэн зарчимд нийцүүлэн хууль зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүйн төлөө төлбөрийн акт тогтоолгож байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг зөрчиж байна.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах төвлөрсөн арга хэмжээний зардлыг улсын төсвөөс, аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд зардлаа өөрөө хариуцна гэсэн заалтуудын хэрэгжилтийг ханган ажиллахад саад учруулж байна.

Төрийн байгууллагын төсвийн хөрөнгөөс үрэгдүүлж дутаагаагүй байхад төлбөрийн акт болгон дараа жилийн төсвөөс буцаан төлөх нь тухайн асуудал аль ч дүрэм журамд тусгагдаагүй гаж үзэгдэл бөгөөд нэг халааснаас нь авч нөгөө халаасанд хийж буй мэт дүр эсгэсэн утгагүй үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолоор төсвийн байгууллагуудын зардлыг бууруулах арга хэмжээг авч, бүх төсөвт байгууллагын санхүүжилт хасагдсан үед бүр ч утгагүй үйлдэл болж хувираад байна. Иймд Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 20/А0860273 ГСА-2021/18/СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгож, шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас аудитаар тогтоосон төлбөрийн акттай холбоотой гаргасан гомдолтой танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбар, нотлох баримтыг хүргүүлж байна.

Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын дагуу төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлдэг тусгай чиг үүргийн байгууллага бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан аудитын стандарт, журам заавар, бодлого чиглэлийн хүрээнд хяналт шалгалтыг гүйцэтгэж байгааг тус байгууллага үзэмжээрээ хяналт шалгалт хийсэн мэтээр тайлбарласан нь хууль зүйд нийцэхгүй байна.

Мөн төсвийн захирагч Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам зааврыг зөв зохистой үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаагүй, санхүүгийн ажилтан төсвийн талаарх мэдээллээ үнэн зөв хуулийн хүрээнд мэдээлж, хэрхэн зохицуулалт хийж болох талаар удирдлагыг мэдээллээр хангаж чадаагүйгээс зөрчил гаргасан нь холбогдох нотлох баримтаар нотлогдож байна.

Түүнчлэн төрийн аудитын байгууллага өмнөх онуудад энэ чиглэлээр шалгаж байгаагүй, хуулийг гажуудуулсан мэтээр тайлбарласан нь төрийн аудитын байгууллагын аудит хийх бодлого, арга зүйд хөндлөнгөөс нөлөөлсөн байдал ажиглагдаж байгаа төдийгүй төсвийн захирагч жил бүр хийгддэг аудитын тайлан дүгнэлтдээ ач холбогдол өгч, нэг бүрчлэн танилцдаггүй, нөгөө талаас нягтлан бодогч удирдлагыг санхүүгийн мэдээллээр үнэн зөв хангаж ажилладаггүй, байгууллага дотроо ажлын уялдаа холбоогүй ажилладаг байдал харагдаж байна. Бид жил бүр санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийхдээ тээвэр шатахууны үлдэгдлийг шалган тулган баталгаажуулж байсан бөгөөд өмнөх онд анхаарал татахуйц их хэмжээний үлдэгдэл байгаагүй, зохистой хэмжээнд байсан байна.

2021 онд Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитаар зөвхөн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт энэ чиглэлийн төлбөрийн акт тогтоогдоогүй, төсвийн бусад байгууллагуудад мөн адил төлбөрийн акт тогтоож, хэрэгжилтийг хангуулан ажилласан болно.

Аудитын явцад төлбөрийн акт тогтоосон зөрчилтэй асуудалд холбогдох эрх зүйн баримт бичгийг баримтлан ажилласан бөгөөд төлбөрийн акт тогтоосон нь дараах үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:

1. Аудитыг гүйцэтгэхдээ бараа материал дансны тулган баталгаажуулалтыг АДБОУС 1240, УСНББОУС 12, Сангийн сайдын 2006 оны 388 дугаар тушаалаар баталсан зааврыг баримтлан хийж гүйцэтгэсэн. Тус газар нь тайлант хугацаанд шатахууны худалдан авалтыг хийхдээ сар бүр хангалттай хэмжээний /1-12 сар/ шатахууны нөөцийн үлдэгдэлтэй байхад худалдан авалтыг нэмж захиалан, өмнөх сарын үлдэгдлийг бүрэн зарцуулж дуусаагүй байхад нэмж худалдан авалтыг хийж, хэрэгцээнээс илүү нөөц бэлтгэсэн нь тайлант жилийн бараа материалын тайлангийн сар бүрийн үлдэгдлээр нотлогдож байна. Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн хэмнэлт болон зарцуулагдаагүй үлдэгдлийг татан төвлөрүүлж, дахин хуваарилах замаар төсвийн үйл ажиллагаа зохицуулагдаж байдаг бөгөөд тус газар нь Төсвийн тухай хуулийг зөрчиж, төсвийн хөрөнгийг зөв зохистой зарцуулаагүй, үр ашиггүй, арвилан хэмнэлтгүй зарцуулж, төсвийн зарцуулаагүй үлдэгдлийг төсөвт буцаан бүрэн төвлөрүүлэлгүй, их хэмжээгээр нөөцөлж, үлдэгдлээр тайлагнасан байна.

2. УСНББОУС 12-ын 35 дахь заалт, Сангийн сайдын 2006 оны 388 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Нягтлан бодох бүртгэлийн дансны заавар-ын 4.22-т Төсөвт байгууллага нь бараа материалын өртгийг тодорхойлохдоо эхэлж авсныг эхэлж зарлагадах аргыг ашиглана. Эхэлж авсныг эхэлж зарлагадах аргын үед эхэлж худалдан авсан бараа материалыг эхэлж зарцуулна гэсэн зааврыг баримтлаагүйгээс тус байгууллага нь сар бүрийн шатахууны үлдэгдэл бүрэн зарцуулагдаагүй байхад нэмж худалдан авалтыг хийсэн нь төсвийн шууд захирагч Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах", 7 дугаар зүйлийн 7.7-д Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

3. Төрийн аудитын байгууллагаас тээвэр шатахууны үлдэгдэлд жил бүр эрсдэл тооцон горим, сорилыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд өмнөх онд анхаарал татахуйц их хэмжээний үлдэгдэл байгаагүй болно. Тайлант онд их хэмжээгээр худалдан авалт хийж, зарцуулалт хийгдээгүй нь цар тахлын улмаас тайлант онд төлөвлөсөн ажил хийгдээгүйтэй холбоотой талаар тус байгууллагын 2021.02.18-ны өдрийн 56 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.

4. Тус газар нь төрийн аудитын байгууллагад 2021.02.18-ны өдрийн 56 тоот албан бичгээр тайлбар ирүүлсэн. Энэхүү тайлбарын хүрээнд авч үзвэл Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-д зааснаар холбогдох зардлыг төсөвт тусгаж батлуулснаар зарцуулахаар зохицуулагдсан.

5. Тус газрын 2020 оны төсөвт уг хуулийн зохицуулалтаар тусгайлсан зардал батлагдаагүй байна. Байгууллагын тухайн жилийн төсөвт Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу төсөв батлагдаагүй тохиолдолд төсвийн шууд захирагч Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т Төсвийн шууд захирагчийн төсөвтөө зохицуулалт хийх асуудлыг дараах байдлаар шийдвэрлэнэ, 42.3.1-т төсвийн захирагч нь төсөвт зохицуулалт хийх саналаа харьяалагдах төсвийн төвлөрүүлэн захирагчид, төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаггүй бол төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх гэсэн заалтын хүрээнд төсвийн зохицуулалт хийж болохоор хуульчлагдсан байтал энэхүү хуулийн хүрээнд төсвөө зөв зохистой удирдан зохион байгуулж ажиллаагүй, эрх бүхий албан тушаалтанд гаргасан ямар нэгэн хүсэлт байхгүй байна. Мөн 2020 онд Ковид-19 цар тахлын улмаас Засгийн газраас хэмнэлтийн горимд шилжүүлэн тэвчиж болох зардлыг бууруулах арга хэмжээ авч ажилласан, орон нутгийн хэмжээнд цар тахалтай холбоотой зардлыг байгууллага бүрээс гаргуулах шаардлагагүйгээр /төсөвт баталдаггүй учраас/ аймгийн Засаг даргын нөөц сан болон Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хор хохирлыг арилгах арга хэмжээний зардалд тусгайлан баталж /2020-2021 онд/, зориулалтын дагуу зарцуулж ирсэн болно.

6. Мөн тус газар нь шатахууны төсвөө хэмнэж ажилласнаас нөөц үүсэх үндэслэл бий болсон гэсэн тайлбарыг ирүүлсэн байна. Төсвийн зарлагын хэмнэлтийг Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар тооцох, хэмнэлт гэж үзсэн тохиолдолд хуулийн 46 дугаар зүйлд зааснаар зарцуулахаар хуульчилсан байна. Хуулийн хүрээнд төсвийн зарлагын хэмнэлтийг Сангийн сайдын 2019 оны 74 дүгээр тушаалаар баталсан журмын 2 дахь хэсэгт зааснаар зарцуулах зохицуулалттай байна. Гэтэл тайлант онд тус газар төсвийн зарлагын хэмнэлт үүссэн талаар Төсвийн тухай хууль болон уг журмын хүрээнд эрх бүхий байгууллагад гаргасан хүсэлт байхгүй байна. Иймээс тус газрын гаргасан гомдолд дурдсан шатахууны асуудал нь төсвийн хэмнэлт гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 45.2.2 гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Нөгөө талаас шатахууны үлдэгдлээ зарлагын хэмнэлт, нөөц, үлдэгдэл гэсэн байдлаар мөн тайлбарласан байна. Хэрвээ тухайн байгууллага нөөц бараа гэж үзсэн тохиолдолд жилийн эцсийн санхүүгийн тайлан, тодруулгад Сангийн сайдын 2006 оны 388 дугаар тушаалаар баталсан журмын дагуу нөөцийн бараа гэсэн дансанд бүртгэж тайлагнах ёстой байсан. Гэтэл шатахууны үлдэгдлээ шатах, тослох материал гэсэн дансанд бүртгэж үлдэгдлээр тайлагнасан.

Төрийн аудитын байгууллагаас төлбөрийн актыг тогтоохдоо шалгагдагч байгууллагад эрх бүхий байгууллагаас ковид-19 цар тахлын үйл ажиллагаанд зориулан нөөц бэлтгэх, хэдий хэмжээний нөөцтэй байж болох, нөөцийг тогтоосон талаар ирүүлсэн чиглэл байхгүй байгаа тул дараа оны санхүүгийн үйл ажиллагаа эхлэх хүртэлх хугацаанд байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад байж болох нөөцийг тооцсон.

Орон нутгийн онцлог, байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шаардлагатай нөөцийг төсвийн хуваарьт үндэслэн 1 сарын нөөцийн үлдэгдлээр тооцсон ба байгууллагаас ирүүлсэн тайлбарыг харгалзан үзэж, нийт нөөцөлсөн 2.1 сая төгрөгийн үлдэгдлээс 1.8 сая төгрөгийг төсөвт татан төвлөрүүлэхээр төлбөрийн актыг 0.3 сая төгрөгөөр бууруулан тогтоосон.

Ковид-19 цар тахалтай холбоотойгоор төсөв захирагч нарт эрх бүхий байгууллагуудаас хэрхэн, хэдий хэмжээний, ямар нөөц бэлтгэх талаар өгсөн чиглэл шийдвэрүүд байхгүй байгаагаас хөрөнгө зарцуулах эх үүсвэр нь давхардах, төсвийг зүй бусаар үр ашиггүй, арвилан хэмнэлтгүй зарцуулах, баримт материалыг хуурамчаар үйлдэх, залилангийн шинжтэй үйлдэл зөрчил дутагдал аудитаар ихээхэн илэрч байгаа бөгөөд бид хуулийн хүрээнд нэгдсэн бодлогын түвшинд хяналт шалгалтыг хэрэгжүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар нь 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2 дугаар сарын 22-ны өдрийн хооронд тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны санхүүгийн тайланд аудит хийж, тээвэр шатахууны зардлын зарцуулаагүй үлдэгдэл 1,799,000.00 төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлээгүй, хэрэглээнээс илүү нөөц бэлтгэсэн, төсвийг хэмнэлттэй, зөв зохистой удирдан зохион байгуулаагүй зөрчил гаргасан гэж дүгнэж, 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 20/А0860273 ГСА-2021/18/СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай акт тогтоожээ.

Ингэхдээ Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам-ын 4.2.3-т Төлбөрийн акт тогтооход дараах нийтлэг үндэслэлийг харгалзана, 4.2.3.8-д Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бусад нөхцөл байдал үүссэн гэж заасныг тус тус баримталсан байна.

Маргааны үйл баримтын хүрээнд, нэхэмжлэгчээс түлш шатахууны үлдэгдэл нь төсвийн татан төвлөрүүлэх зарцуулаагүй үлдэгдэлд хамаарахгүй, санхүүгийн байдлын тайланд илэрхийлэгдсэн бараа материалын үлдэгдлийг мөнгө болгон хувиргаж төсөвт төвлөрүүлэх хуулийн зохицуулалт байхгүй, аймгийн Засаг дарга, Онцгой комиссоос үүрэг хүлээлгэсний дагуу орон нутгийн хэмжээнд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас сэргийлэх, тэмцэх ажилд оролцохдоо нөөцөлсөн түлш шатахууныг зарцуулсан ба төсвийг хэтрүүлээгүй тул үр ашиггүй, хэмнэлтгүй зарцуулсан гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагчаас хангалттай нөөцтэй байхад илүүдэл нөөц үүсгэж, Төсвийн хуульд заасан хэмнэлттэй, үр ашигтай байх зарчмыг зөрчсөн гэж тус тусын шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж маргана.

Иймд хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэл болон маргаан бүхий актад үндэслэл болгосон Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 7 дугаар зүйлийн 7.7, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгүүдэд эрх зүйн дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд төсвийн зарчмыг, 6 дугаар зүйлд тэдгээр зарчмыг хэрэгжүүлэх арга хэмжээний төрлийг тус тус зохицуулсан ба санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах агуулга бүхий тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтууд нь төсвийг үр ашигтай, хэмнэлттэй төлөвлөх, зарцуулахдаа батлагдсан хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шаардлагад нийцсэн байх агуулгаар тайлбарлагдана.

Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны төсөвт, түлш шатахууны зардалд 3,396,400.00 төгрөг төсөвлөж, тухайн онд 3,106,184.00 төгрөг зарцуулснаас үзэхэд батлагдсан төсвийг хэтрүүлээгүй бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгчийн зүгээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу холбогдох зардлыг аймгийн Засаг даргын Санхүү, төрийн сангийн хэлтсээр дамжуулан Сангийн яаманд хүргүүлсэн боловч батлагдаагүй, орон нутгийн хэмжээнд коронавирусын халдварт өвчинтэй тэмцэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оролцоход аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түлш шатахууны зардал олгоогүй гэж тайлбарлах ба Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 22/248, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 668 дугаар албан бичгүүд, аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/21 дүгээр захирамж, жолоочийн тооцооны хуудас, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны төсвийн хуваарь зэрэг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтууд , хэргийн оролцогчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр уг үйл баримт тогтоогдоно.

Харин хариуцагчаас гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн байгууллагуудад Засаг даргын нөөц хөрөнгөөс шатахууны зардал олгож байсан гэх боловч аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/1112 дугаар албан бичигт дурдсан ... цар тахлаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түлш шатахууны зардалд зарцуулаагүй, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шатахууны зардал олгоогүй гэх тайлбараар үгүйсгэгдэж байна.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1-д төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаг төсвийн шууд захирагч нь жилийн төсвийн төслөө жил бүрийн 7 дугаар сарын 25-ны дотор харьяалах төсвийн төвлөрүүлэн захирагчид хүргүүлэх гэж заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... үүний дагуу 2020 оны төсвийн төслөө нэгэнт хүргүүлсэн байсан тул аймгийн Онцгой комиссын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 22/248 дугаар албан бичгийн дагуу 2020 оны төсөвт гамшгаас хамгаалах зардлыг суулгах боломжгүй болсон нь түлш шатахууны нөөц бүрдүүлэх шалтгаан болсон гэх тайлбартай харьцуулан дүгнэвэл Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг төсвийг үр ашиггүй төлөвлөж, зарцуулсан гэж буруутгах боломжгүй юм.

Учир нь Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталж, мөрдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй, 13.2.2-т цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх гэж заасныг нэхэмжлэлийн өргөдөл, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартай харьцуулж үзэхэд, цар тахлын гамшигтай тэмцэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор, баталсан төсвийн хүрээнд түлш шатахууны нөөц бүрдүүлсэн нь төсвийг үр ашиггүй төлөвлөж, зарцуулсан гэх үндэслэлд хамаарахгүй.

Хариуцагчаас нөөц хангалттай байхад төсвийн мөнгийг бараа материал болгох шаардлагагүй байсан, төсвийг үр ашиггүй зарцуулж, зарцуулаагүй үлдэгдлийг буцаан төвлөрүүлээгүй гэж маргасан тул төсвийн зарцуулаагүй үлдэгдэл гэдэгт түлш шатахуунаас гадна бичиг хэргийн болон аж ахуйн материал, сэлбэг хэрэгсэл зэрэг аливаа бараа материалын үлдэгдэл хамаарах эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.

Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д ... төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд ... төсвийн зарцуулаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ гэж заасныг тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д төсвийн зарлага гэж төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс хуваарилан, зарцуулах хөрөнгийг, 4.1.15-д зарлага гэж тухайн этгээдийн дотоод гүйлгээнээс бусад гадагш чиглэсэн бүх төрлийн гүйлгээг, 4.1.43-д зарцуулалтын эрх гэж батлагдсан төсвийн хүрээнд төсвийн байгууллагын сар, улиралд зарцуулах төсвийн дээд хязгаарыг гэж тус тус зохицуулсантай харьцуулан тайлбарлавал, төсөв захирагчийн үйл ажиллагаа, арга хэмжээг санхүүжүүлэхээр, батлагдсан төсвийн хүрээнд, гадагш чиглэсэн гүйлгээ хийснээс бусад тохиолдлыг төсвийн зарцуулаагүй үлдэгдэл гэж ойлгохоор байна.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аудит хийсэн 2020 оны санхүүгийн байдлын тайланд бараа материалын үлдэгдлээр бүртгэсэн, мөнгөн гүйлгээний болон төсвийн гүйцэтгэлийн тайланд тээвэр шатахууны тайлант оны гүйцэтгэлийн дүнг 3,393,400.00 төгрөг гэж бүртгэн толилуулснаас үзэхэд 2,082,408.00 төгрөгийн түлш шатахууныг гаднаас худалдан авч, төсвийн зарцуулалт хийгдсэн байх тул төсвийн зарцуулаагүй үлдэгдэлд хамаарахгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн төсвийн зарцуулаагүй үлдэгдлийг буцаан төвлөрүүлэх заалт зөвхөн мөнгөн гүйлгээний хүрээнд хэрэгжинэ, санхүүгийн байдлын тайланд илэрхийлэгдсэн бараа материалын үлдэгдлийг мөнгө болгон хувиргаж төсөвт төвлөрүүлэх хуулийн зохицуулалт байхгүй гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

Дээрх төлбөрийн актад зөрчил гэж дурдсан асуудал нь Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар албан бичигт дурдсан Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл материаллаг алдаагүй, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Сангийн сайдын холбогдох журамд нийцүүлэн үнэн зөв, шударга толилуулсан байна гэх дүгнэлттэй зөрчилдөж байгааг тэмдэглэв.

Нэгтгэн дүгнэвэл, төсвийн байгууллагын хувьд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор, батлагдсан төсвийн хязгаарт багтаан нөөц бэлтгэсэн үйл ажиллагаа нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг зөрчөөгүй учир төсвийг үр ашиггүй, хэмнэлтгүй зарцуулсан гэж үзэхгүй ба бараа материалын үлдэгдэл нь төсөвт буцаан төвлөрүүлэх зарцуулаагүй үлдэгдэлд хамаарахгүй тул Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу төлбөрийн акт ногдуулах үндэслэлгүй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 7 дугаар зүйлийн 7.7, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг тус тус баримтлан Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Сарантуяа, ахлах аудитор Ц.Батсайхан нарын үйлдсэн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 20/А0860273 ГСА-2021/18/СТА-ТШЗ дугаар төлбөрийн актыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ