| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 127/2023/0002/З |
| Дугаар | 221/МА2024/0457 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2024/0457
“Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Ж*******” ХХК
Хариуцагч: Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга
Гуравдагч этгээд “Х*******” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2010 оноос хойш газрын төлбөрийг илүү авсан хууль бус үйлдлийг тогтоолгож, илүү төлсөн газрын төлбөр 320,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг даалгах, “Ж*******” ХХК-ийн өмчлөлийн хөрсний овоолго, ахуйн барилга байгууламж, техник, уурхайн тоног төхөөрөмжтэй давхцуулан Ашигт малтмал, газрын тосны газраас гуравдагч этгээд “Х*******” ХХК-д XV-019836 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон хууль бус үйлдлийг тогтоолгож, тус захиргааны актын манай компанийн өмчтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”,
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны А/52 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан эрх зүйн зөрчилтэй, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/83 дугаар захирамжийн хэрэгжилтийг шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ захиргааны хэргийн шүүхэд гаргахыг Дархан сумын Засаг даргад даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 122/ШШ2024/0010 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*******,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Ж*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 127/2023/0002/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-иас Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдуулан “Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2010 оноос хойш газрын төлбөрийг илүү авсан хууль бус үйлдлийг тогтоолгож, илүү төлсөн газрын төлбөр 320,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг даалгах, “Ж*******” ХХК-ийн өмчлөлийн хөрсний овоолго, ахуйн барилга байгууламж, техник, уурхайн тоног төхөөрөмжтэй давхцуулан Ашигт малтмал, газрын тосны газраас гуравдагч этгээд “ Х******* ХХК-д XV-019836 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон хууль бус үйлдлийг тогтоолгож, тус захиргааны актын манай компанийн өмчтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Гуравдагч этгээд “Х******* ХХК-иас “Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны А/52 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан эрх зүйн зөрчилтэй, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/83 дугаар захирамжийн хэрэгжилтийг шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ Захиргааны хэргийн шүүхэд гаргахыг Дархан сумын Засаг даргад даалгах” бие даасан шаардлага гаргасан.
3. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 122/ШШ2024/0010 дугаар шийдвэрээр:
3.1. “1 дэх заалтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж*******” ХХК-аас Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж*******” ХХК-аас гаргасан 2010 оноос хойш газрын төлбөрийг илүү авсан хууль бус үйлдлийг тогтоолгож, илүү төлсөн газрын төлбөр 320,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг даалгах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
3 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж*******” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “Ж*******” ХХК-ийн өмчлөлийн хөрсний овоолго, ахуйн барилга байгууламж, техник, уурхайн тоног төхөөрөмжтэй давхцуулан Ашигт малтмал, газрын тосны газраас гуравдагч этгээд “Х*******” ХХК-д XV-019836 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон хууль бус үйлдлийг тогтоолгож, тус захиргааны актын манай компанийн өмчтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,
4 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “Х*******” ХХК нь Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны А/52 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан эрх зүйн зөрчилтэй, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/83 дугаар захирамжийн хэрэгжилтийг шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ захиргааны хэргийн шүүхэд гаргахыг Дархан сумын Засаг даргад даалгах бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.
4.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1.Энэ маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 63.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг шүүх Иргэний хууль, Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ”,
Газрын тухай хуулийн 60.1.4-т “бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх,
Газрын тухай хуулийн 48.3-т “Газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ. Тухайн газрыг эзэмших, ашиглах эрх өөр этгээдэд шилжихэд газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах бусдын эрх хадгалагдана” гэжээ.
Үйл баримтын хувьд 2010 онд манай компани Засаг даргын газар чөлөөлөх захирамжид дурдаад байгаа объектууд болон үйлдвэрийг бариад улсын комисст хүлээлгэн өгсөн, улсын комисс хүлээн авсан. Үүнээс хойш 6 жилийн дараа буюу 2016 онд шинээр эхлээд “М*******” ХХК, дараа нь 2020 онд “А*******” ХХК, хамгийн сүүлд 2022 онд “Х*******” ХХК тусгай зөвшөөрлийг өөртөө шилжүүлж авсан байна. Анхны “М*******” ХХК-д ашигт малтмалын газраас лиценз олгохдоо манай өмчийг дайруулж өгсөн байгаа юм.
“Х*******” ХХК-ийн өмнөх эзэмшигч нарын хувьд манай компанид аливаа шаардлага тавьж байгаагүй. Харин “М*******” ХХК-ийн удирдлагуудтай бид харилцан тохиролцсон. Тодруулбал, бидний хооронд аман яриа болж аман тохиролцоо хийсэн “танай компани тусгай зөвшөөрөл авахдаа манай объектуудыг дайруулан авсан байна... манай эдгээр объектууд зарим хэсгээрээ ашиглалтын хэсгээрээ илүү гарсан байна... танай шинээр авсан лицензийн талбайтай 2.5 га давхацсан байна... бид 2.5 га-д таарсан газрын төлбөрийг төлөх үү гэж тухайн үеийн компанийн захиралд хэлж байсан. Компанийн захирал ийм жоохон газар дээр бид янз бүрийн хэл ам гаргахгүй, та бүрэн юмаа хий гэж” хэлсэн. Ийнхүү 2016 оноос 2022 оныг хүртэл өмнөх тусгай зөвшөөрөл эзэмшигч нар аливаа маргаан, шаардлага тавьж байгаагүй. Энэ нь Иргэний хуулийн 150 дугаар зүйл, дөрөвдүгээр дэд бүлэгт заасан хөршийн эрх, Газрын тухай хуулийн 48, 481дугаар зүйлүүд, 48.3-т “Газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ. Тухайн газрыг эзэмших, ашиглах эрх өөр этгээдэд шилжихэд газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах бусдын эрх хадгалагдана” гэж заасны дагуу ашигласан.
Энэ талаар ч “Х*******” ХХК-ийн хүсэлтийг төрийн байгууллагаас шийдэхдээ иргэний хэргийн шүүхээр асуудлаа шийдэх, захиргааны байгууллага хариуцахгүй талаар хариу өгч байсан. Тухайлбал, 1 дүгээр ХХ-ийн 182 дугаар талд авагдсан 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны даалгавар гэсэн баримт бичигт “Газрын тухай хуулийн 60.1.4. бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг ... шүүхийн байгууллагад хандана уу” 192 дугаар талд Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023.04.14-ний албан бичигт маргааныг Иргэний хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх боломжтой гэжээ.
Тэгэхээр манай компани хууль зөрчсөн байж болох асуудал анх хаана үүсэж байна вэ гэхээр 2010 онд үйлдвэр, объектуудыг улсын комисст өгсөн үед юм. Гэхдээ энд манай компани хууль зөрчсөн гэж үзэхээс өмнө анхаарах 2 асуудал байна. Үүнд:
Эрх бүхий этгээдүүд газар дээр нь үзэж танилцаж улсын комисс хүлээн авсан буюу бид зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулсан.
Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргад 2012 оны 4 дүгээр сард хандан 2.5 га газар ашиглах эрх олгохыг хүсэж хүсэлт хүргүүлсэн /2 дугаар ХХ-ийн 15-р тал/ боловч хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй. Түүнийг шийдвэрлэсэн эсэх, хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар шүүх шалгаагүй. Бид яагаад үүнийг ярьж байна вэ гэхээр сумаас өнөөдрийг хүртэл илүү 4 га газрын төлбөр нэхэмжилдэг бөгөөд бид тухай бүр төлж ирсэн. Тэрхүү 4 га газрын төлбөрийг илүү авч байгаа асуудлыг бид ойлгохдоо 2012 онд гаргасан хүсэлттэй холбоотой гэж үздэг. Тийм ч учраас Засаг дарга өнөөдрийг хүртэл 4 га газрын төлбөр илүү авч, газар ашиглахыг зөвшөөрч ирсэн атлаа “Х*******” ХХК-ийн шахалтаар тэрхүү 4 га газрыг чөлөөлөх шийдвэр гаргаж байгаа бол илүү төлсөн төлбөрөө буцаан нэхэмжилье гэж үзэж энэхүү маргааны хамт нэхэмжилсэн юм.
Үргэлжлүүлэхэд, хэрэв биднийг илүү газар ашигласан гэж чөлөөлөх захирамж гаргаж байгаа нөхцөлд харилцааны хувьд Засаг дарга, “Ж*******” ХХК-ийн хоорондын харилцаа байх ёстой. Түүнчлэн газрыг чөлөөлснөөр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх, хамгаалагдах учиртай. Гэтэл газрыг чөлөөлснөөр нийтийн биш харин “Х*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байна. Манай компани тусгай зөвшөөрөл бүхий 2 га газар дээр анхнаасаа 2010 оноос объект баригдсан байгааг мэдсээр байж “Х*******” ХХК энэ тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан.
Засаг даргын хувьд 2010 оноос 2016 оны хооронд буюу илүү ашигласан гэх 2 га газар нь төрийн өмчлөлд буюу төрөөс өөр этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлээгүй байх үед газар чөлөөлөх захирамж гаргасан бол үндэслэлтэй гэж үзэхээр байна. Гэтэл төрөөс тэр хугацаанд ямар нэгэн хариуцлага хүлээлгээгүй өнгөрсөн. Одоогийн нөхцөл байдлын хувьд тэрхүү 2 га газар нь төрийн өмчлөлд атлаа “Х*******” ХХК-ийн ашиглалтад байгаа юм. Энэ тохиолдолд манай “Ж*******” ХХК болон “Х*******” ХХК-ийн хоорондын буюу иргэний маргаан болж байна.
Анхан шатны шүүхээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59.1.15, Газрын тухай хуулийн 20.2.2, мөн хуулийн 60.1.2 дахь заалтыг хэрэглэсэн. Гэвч эдгээр заалтын аль нь ч хэрэгт хамааралгүй байна. Хуулийн 60.1.2 дахь заалт нь Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх авсан этгээдүүдийн хооронд үүссэн маргаан байхаар байна. Гэтэл энэхүү маргааны хувьд нэг тал нь 2 га газарт газар эзэмших, ашиглах эрх олж аваагүй этгээд буюу Засаг дарга анхнаасаа энэхүү 2 га газрыг бусдад эзэмшүүлж, ашиглуулаагүй, газрын эрх зүйн харилцаа үүсээгүй байдалтай. Нөгөө нь тэрхүү газар дээр тусгай зөвшөөрөл авсан компани бөгөөд тусгай зөвшөөрөл, түүний хэмжээ, хил заагийг сумын Засаг дарга олгодоггүй, үүнийг Ашигт малтмалын газраас олгодог билээ. Тэр ч бүү хэл “Х*******” ХХК нь газар ашиглах захирамж, гэрээ, гэрчилгээ огт байхгүй, сумын Засаг даргаас газар ашиглах захирамж огт гаргаагүй. Засаг дарга “Х*******” ХХК-д тусгай зөвшөөрөл олгоогүй ийм эрх хэмжээ ч байхгүй, дээр нь газар ашиглах захирамж гаргаагүй байж “Х*******” ХХК-ийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ газар чөлөөлж, тэдний эрх ашгийг хамгаалах нь хууль зөрчсөн, түүний эрх хэмжээний асуудал биш байгаа юм.
Харин Засаг дарга ямар үед эрх хэмжээ хэрэгжүүлж болох байсан бэ гэхээр өмнө дурдсанчлан 2010-2016 онд буюу тухайн газрыг бусдад эзэмшүүлж, ашиглуулаагүй байх үед хэрэгжүүлэх байсан. “Х*******” ХХК-ийн эрх ашгийн төлөө бус нийтийн эрх ашгийн төлөө.
Гэвч илүү газар ашигласан асуудлыг “Х*******” ХХК-ийн маш олон удаагийн үндэслэлгүй гүтгэлэг, шахалт шаардлагаар төрөөс зөрчил гэж үзэн арга хэмжээ авчихсан. Үүнд 5 сая төгрөгөөр торгосон, үйлдвэрийг лацдаж битүүмжлэн үйл ажиллагааг зогсоох хэлбэрээр. Дээр нь газрыг чөлөөлөх шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл нэг зөрчилд Монголын төрөөс 3 төрлийн захиргааны арга хэмжээ авсан. Эргэлзээтэй нь 2020 онд гаргасан зөрчилд ийнхүү 3 арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа, эрх зүйн боломж, түүнчлэн тухайн газар нь хувийн хуулийн этгээдийн нэр дээр байхад төрөөс ингэж оролцох эрх зүйн боломж байсан уу гэх мэт асуудлууд гарч ирдэг.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн баримталсан Газрын тухай хуулийн 60.1.2 бол маргаан юм, бидний газар эзэмших, ашиглах захирамжгүй газрыг ашигласан асуудал нь зөрчил юм. Зөрчил болохын хувьд 2-3 төрлийн захиргааны арга хэмжээ авсан, бүх баримт хэрэгт авагдсан. Бид хариуцлагаа хүлээчихсэн. Харин буулгах, чөлөөлөх эрхийг хэрэгжүүлж болох байсан боловч “Х*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй давхцаж байгаа буюу анхнаасаа үүнийг мэдэж авсан этгээдийн өөрийнх нь асуудал болоод байна. Үүнийг дурдсан шалтгаан нь энэ бүх асуудал, гомдол, өргөдөл, маргааныг “Х*******” ХХК эхлүүлсэн бөгөөд түүний өргөдлийг шийдэж байгаа хэлбэр нь энэхүү газар чөлөөлөх шийдвэр юм. Засаг дарга өөрийн санаачилгаар энэ захирамжийг гаргаагүй бөгөөд учир нь энэ нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компанийн асуудал байсан. “Х*******” ХХК нь санаатайгаар манай компанийн өмчийн объект дайруулж тусгай зөвшөөрөл бүхий талбай авчхаад, 500,000 ам.доллар нэхэн шантаачилж, өгөхгүй болохоор Засаг даргаар газар чөлөөлүүлж, манай үйлдвэрийг буулгах хэмжээний арга хэмжээ авхуулж байгаа нь шударга бус юм.
4.2.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6-д заасан манай компанийн өмчлөл бүхий объектыг дайруулан бусдад тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын хууль бус үйлдлийг тогтоолгох шаардлагыг шүүх мөн хангаагүй. Үндэслэл нь хариуцагчийн хаяг Улаанбаатар хот гэжээ. Энэ тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа нөхцөлд бидэнд гомдол гаргах эрх олгоогүй, хэргийг шууд шийдвэрлэсэн. Энэ маргаан нь эцсийн эцэст Ашигт малтмал, газрын тосны газрын хайхрамжгүй хууль бус үйлдлээс болсон. Манай компанийн үйлдвэр, объект бүхэлдээ давхцаагүй, зарим хэсэг нь давхацсан байсан. Хэдийгээр 2 га газрыг зөвшөөрөлгүй ашигласан гэх боловч 2 га газар бүхэлдээ битүү объектоор дүүрсэн зүйл байхгүй, ердөө хэдхэн м.кв талбай дээр зарим хэсэг нь давхацсан байгаа. Нэгэнтээ 2010 онд улсын комисс хүлээгээд авчихсан учраас тэр бол Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуух өмч юм.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газраас өмчлөгчийн өмчлөх эрхийг хүндэтгэж, өмчтэй юм байна, өмчийн доорх зарим газар нь ашиглах эрхийн гэрчилгээгүй юм байна, үүнийг шийдвэрлэж байж бусдад давхцуулан олгоно гэсэн байдлаар хандах үүрэгтэй байсан. Гэтэл объектын аль хэсэг нь давхцаж байгаа, ямар хэмжээний газрыг зөвшөөрөлгүй ашигласан юм бэ зэрэг асуудлыг огт шалгалгүй шууд тусгай зөвшөөрөл олгосон нь илэрхий дээрэнгүй асуудал юм. Нэхэмжлэлийн шаардлага хангахгүй гэж үзвэл ядаж шүүх нотлох баримт цуглуулах эрхийнхээ хүрээнд яагаад бусдын өмчлөлд байсан объектыг дайруулж тусгай зөвшөөрөл олгосон талаар асуулга, тодруулга авах, тухайн үед энэ асуудал яригдсан эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай байсан. Маргаан бүхий акт “Х*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газартай давхацсан газрыг чөлөөлөхийг нэхэмжлэгчид үүрэг болгосон. Гэтэл дээр дурдсанчлан “М*******” ХХК-д анх хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо манай компанийн хуулийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай байдлаар олгосон байдаг.
Иймд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд хамааралтай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.
4.3.Компанийн үйлдвэр ашиглалтанд орсноос 6 жилийн дараа буюу 2016 онд Ашигт малтмалын газраас манай компанийн өмнө дурдсан үйлдвэр, ажилчдын байр, пүү дайруулан анхны тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид нийт 2338 /хоёр мянган гурван зуун гучин найман/ га хайгуулын лиценз олгосон байсан. Өөрөөр хэлбэл “Х*******” ХХК нь 2338 га буюу 2 аймгийн хэд хэдэн сумыг хамарсан асар том хайгуулын талбайтай. Үүнээс ердөө 2,5 га буюу манай компанитай давхацсан хэсэгтэй маргаад байгаа. Үүний шалтгаан нь 2022 онд “Х*******” гэх бидний огт мэдэхгүй компаниас бидэнтэй холбогдож манай газрыг 7 хоногийн дотор чөлөөл, эсхүл 500,000 /таван зуун мянган/ ам доллар яг одоо төл гэсэн. Бид судалж үзэхэд “” ХХК-иас “А*******” ХХК нь дараа нь “Х*******” ХХК лиценз худалдаж авсан байна. Өөрөөр хэлбэл манай үйлдвэр баригдаж улсын комисс хүлээн авснаас хойш 6 жилийн дараа манай газрыг дайруулж улс лиценз олгосон, мөн 12 жилийн дараа лицензийг хамгийн сүүлд бусдаас худалдаж авсан компани биднийг шантаачилсан болно.
Бид мэргэжлийн байгууллагаас 500,000 ам.долларын хайгуулын зардал ямар хэмжээний мөнгө вэ гэж асуухад нийт 2338 га газарт бүхэлд нь хайгуул хийгээд улмаар олборлолт буюу ашиглалтын үйл ажиллагаанд зарцуулах хэмжээний мөнгө байна гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл “Х*******” компани нийт газрын 0,08 хувийг биднийг шантаачлах байдлаар 500,000 ам.доллар авч үйл ажиллагаа явуулахыг зорьсон байдаг. Харамсалтай нь “Х*******” ХХК нь өнөөдрийг хүртэл үлдсэн 2338 га газартаа нэг ч өрөм тавиагүй ба энэ нь биднээс мөнгө авч хайгуул хийх зардлаа гаргах гэж байгааг бэлхнээ харуулна.
“Х” ХХК нь манай компанийг 500,000 ам.доллар өгөхөөс татгалзахад “...ашиглалтын талбай хэтрүүлж, олборлолт явуулж байна, ашиглалтын талбайгаас хэтрүүлж үйл ажиллагаа явуулж байна...” гэх асуудлаар Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Бор өндөр сумын Цагдаагийн хэлтэс, Прокурор, Авлигатай тэмцэх газар, Байгаль орчны яам, Уул уурхайн яам, Эдийн засаг хөгжлийн яам, сумын Засаг дарга, Гадаадын иргэн, харьяатын алба, манай компанийн удирдлагууд болон ажилчдыг Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаргах гэх мэт давхардсан тоогоор төрийн 20 орчим байгууллага, албан тушаалтанд хандаж, шалгуулсан.
“Х*******” ХХК нь биднийг үнэнхүү зовоож байсан учир арга буюу ажилчдын байрны зүүн жигүүр, төмрийн хүдрийн нэг шугамыг буулгаж, газрыг чөлөөлсөн. Гэтэл шүүх энэ үйл ажиллагааг шалгаагүй, захирамж биелэгдсэн байгааг анхаарч үзээгүй, одоо ямар нэртэй, ямар объектын аль хэсгийг буулгах объектгүй газрын хаагуур нь давхцаад байгаа, одоо буулгасан байгаа байдлыг харгалзан үзэж захирамжийг биелүүлсэн гэж үзэх талаар огт дүгнээгүй. Бид 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхээс хараат бус шинжээч томилуулж энэ байдлыг тодруулах хүсэлт шүүхэд гаргасан боловч шүүх хангаагүй. Ингэхдээ Ашигт малтмал, газрын тосны газраас шинжээчид тавьсан асуултын хүрээнд хариулт авахаар, цаашлаад аль хэсгээр ямар хэмжээнд давхцалтай болохыг тодруулахаар болсон. Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 11/3902 дугаар шүүхэд ирүүлсэн албан бичигт “...илүү ашигласан талбайн хэмжээний мэдээлэл нь манай газарт байхгүй...” гэх хариу ирүүлсэн байдаг. Тус албан бичгийн хавсралтаар ирсэн XV-019836-Бор /гуравдагч этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл /XX2-145 дугаар талд авагдсан баримтаар 2015 онд 11 сарын 03-ны өдрийн байдлаар гуравдагч этгээдийн ашиглалтын талбай “Хүчинтэй ТЗ MV-006701 буюу хориглосон, хязгаарласан талбайтай давхцалтай” байна гэж тусгасан байна.
Иймээс бид дахин 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүсэлт гаргахад шүүхээс хангаагүй. Хэрвээ хариуцагчаас давхцалтай чөлөөл гэж байгаа бол давхцал бодитоор бий эсэхэд, хэрвээ бий бол 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцуулан олгосон талбайг тогтоон хасаж, тухайн талбайд ногдох манай компанийн өмчлөлийн эд хөрөнгийг “Х*******” ХХК-аас албадан чөлөөлүүлэх эрхгүй зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тусгай мэдлэг бүхий шинжээч тогтоох байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 12 дугаар талын 4.15 дахь хэсэгт гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн хэдий ч нэхэмжлэгч нь бусдын эзэмшлийн газрыг үнэхээр ашигласан эсэх, “Х*******” ХХК-ийн давхцуулан авсан хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хэсэгт манай компанийн ямар ямар эд хөрөнгө байсан зэрэг нөхцөл байдал тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.4.Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах зөрчлүүдийг гаргасан гэж үзэж байна. Үүнд:
Хариуцагчийн мессенжерээр, цахим хаягаар тов мэдэгдсэн гэх боловч утас руу нь удаа дараа залгахад холбогдох боломжгүй байсан, цахим хаягт явуулсан мэйлийг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй байх тул хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн гэж үзэхээргүй байна. Цаашлаад шаардлагатайгаас бусад тохиолдолд хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хүргүүлэх атал мэдэгдэх хуудас илгээгүй байна. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-т заасан үндэслэл бий болсон байна.
4.5.Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1, 54.1.2-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан хэдий ч бидэнд гомдол гаргах эрх олгоогүй, хэргийг шууд шийдвэрлэсэн. Хэрвээ гомдол гаргах эрхээр хангаж бидэнд хугацаа олгосон бол бид бүхэн тус нэмэгдүүлсэн шаардлагуудыг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1, 54.1.2-т зааснаар хүлээн авахаас татгалзах нь үндэслэлтэй эсэхийг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэх байсан.
4.6.Маргаан бүхий актыг Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2-т заасныг үндэслэн гаргасан нь хууль бус тухайд:
Газрын тухай хуулиар цагдаагийн байгууллагад олгогдсон үүргийг Дархан сумын Засаг дарга өмнөөс нь хэрэгжүүлэхээр аливаа байдлаар шийдвэр гаргаж буй нь үндэслэлгүй. Маргаан бүхий акт нь цагдаагийн байгууллага Газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж буй шийдвэр биш тул Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2-д заасныг үндэслэн Засаг даргаас захиргааны акт гаргасан нь захиргааны актын эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байх материаллаг эрх зүйн шаардлагыг хангаагүй байна. Цаашлаад хуульд заасан урьдчилсан нөхцөл болох цагдаагийн байгууллагаас Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.9-т заасан үүргээ хэрэгжүүлэх талаар хариуцагчаас аливаа шийдвэр гаргаагүй зэрэг нь тус маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхээс тус асуудлаар аливаа байдлаар дүгнэлт хийгээгүй хэдий ч нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.7.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд:
Маргаан бүхий актыг гаргахаас өмнө сонсох ажиллагааг, гаргасны дараах мэдэгдэх ажиллагааг огт хийгээгүй учир формаль эрх зүйн шаардлагыг хангаагүй нь тус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болно.
а) Сонсох ажиллагаа явуулаагүй тухайд:
Хариуцагчаас хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулахдаа шийдвэрээ гаргахаас өмнө Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрх нь зөрчигдөж буй “Ж*******” ХХК-д урьдчилан заавал мэдэгдэж, санал, тайлбар гаргах боломж олгон сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг бидэнд хүргүүлж, боломжит хугацаа олгосон байх ёстой. Цаашлаад захиргааны байгууллага нь сонсох ажиллагааны явц үр дүнгийн талаар тэмдэглэл хөтлөн гарсан саналыг шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэн баримтжуулах үүрэгтэй. Маргаан бүхий бичгээр гарсан захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан баримт бичгийн бүрдүүлбэр бүхий хувийн хэрэг, хяналтын хуудастай байна. Гэтэл хариуцагчаас сонсох ажиллагаа хийсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас сонсох ажиллагааг огт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдсон. Захиргааны ерөнхий хуулийн 27.1-т захиргааны шийдвэр гаргах байгууллага сонсох ажиллагааг хийхээр тодорхойлсон ба маргаан бүхий актыг мэргэжлийн хяналтын байцаагч биш Засаг дарга гаргасан болно. Хэрвээ сонсох ажиллагаа явуулсан бол манай өмчлөлийн эд хөрөнгө бүхий газрыг 6 жилийн дараа давхцуулан хайгуулын тусгай зөвшөөрөл авсан болох, иргэний эрх зүйн харилцаа болох, тус эд хөрөнгүүдийг улсын комиссын актаар хүлээлгэн өгсөн болох, тус илүү гарсан тодорхой хэмжээний талбайг ашиглахаар холбогдох шатны захиргааны байгууллагад тухай бүр нь хүсэлт гаргасан зэрэг хариуцагч нь маргаан бүхий актыг гаргах үндэслэлгүй болох бүхий л бичиг баримтыг гарган өгч, тайлбар гаргаснаар манай компанийн эрх ашиг хөндөгдсөн маргаан бүхий захиргааны акт гарахааргүй байсан.
b) Захиргааны актын мэдэгдэх ажиллагааг хийгээгүй тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д захиргааны актыг хаяглагдсан этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэн, тус мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага буюу Засаг дарга хариуцахаар тусгажээ. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-т “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариу тайлбарт дурдсанчлан утсаар мэдэгдсэн бол баримтжуулах үүрэгтэй. Гэвч Засаг дарга нь утсаар ярьсан, мэдэгдэх ажиллагаа хийсэн талаарх аливаа баримт хавтас хэрэгт авагдаагүй буюу хариуцагч сонсох ажиллагаа явуулсан бол явуулсан болохоо, хуульд заасан үндэслэлээр явуулах шаардлагагүй гэж үзсэн бол үүнийгээ нотлох үүрэгтэй. Хариуцагчийн хэлсэнчлэн Б.Г*******вт бичгээр өгсөн байлаа ч “Ж*******” ХХК-д өгсөн гэж үзэхгүй, шүүхийн шийдвэрт дурдсан 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зөрчлийн хэргийн “Эрх бүхий албан тушаалтны даалгавар” гарсан байсныг маргаан бүхий захиргааны актыг мэдэгдсэн гэж үзэхгүй, учир нь нэхэмжлэгч ирээдүйд гарах маргаан бүхий захиргааны актыг урьдчилан мэдэх ямар ч боломжгүй юм.
Шүүх маргаан бүхий актын сонсох, мэдэгдэх ажиллагааг хэрхэн явуулсан талаар нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх ёстой байтал Засаг даргын гаргасан захиргааны актыг Мэргэжлийн хяналтын байгууллагын албан даалгавартай танилцсантай адилтгаж, дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
Мөн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн албан даалгаварт тус газартай холбоотой маргааныг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т зааснаар хянан шийдвэрлүүлнэ үү гэж бичсэн болохыг тодотгох нь зүйтэй байх.
Иймд “Үндэслэх” хэсэгтээ хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн болохоо тусгаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах эрхтэй, шүүх хуралдаан товлогдсон 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Ж*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* нэхэмжлэлийн шаардлагаа “тус компанийн өмчлөлийн хөрсний овоолго, ахуйн барилга байгууламж, техник, уурхайн тоног төхөөрөмжтэй давхцуулан Ашигт малтмал, газрын тосны газраас “Х*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-019836 дугаар тусгай зөвшөөрөл олгосон үйлдлийг хууль бус болохыг, мөн тус захиргааны актын манай компанийн өмчлөлтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тус тус тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн, гэтэл дээрх хуулийн:
-54 дүгээр зүйлийн 54.2-т “Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана”,
-111 дүгээр зүйлийн 111.2-т “Хуульд гомдол гаргахаар заасан болон шүүх хуралдааны бус үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг …бичгээр гаргана”,
-122 дугаар зүйлийн 122.1-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 54.2, …-т заасан …шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасан байхад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзахдаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтад нь буюу шүүхийн шийдвэрээр шийдвэрлэснээс шалтгаалж нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хянуулах хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй байна.
Мөн энэхүү хэргийг өмнө шийдвэрлэсэн Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 652 дугаар магадлалд “…2010 оноос хойш газрын төлбөрийг илүү авсан хууль бус үйлдлийг тогтоолгож, илүү төлсөн газрын төлбөр 320.000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг даалгах” нэмэгдүүлсэн шаардлагыг хуульд заасан ямар үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь тодорхойгүй, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг зөрчсөн, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг шийдвэрлээгүй байна…” гэж дүгнэсэн, гэвч дээр дүгнэсэнчилэн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг мөн л шүүхийн шийдвэрээр хүлээн авахаас татгалзаж, гомдол гаргах эрхийг нь олгосонгүй.
Гэтэл 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*******ий бичгээр гаргасан “Ашигт малтмал, гарын тосны газраас шаардсан нотлох баримт дутуу байх тул гүйцээн гаргуулах, “Ж*******” ХХК-иас Хэнтий аймгийн Засаг даргад хангаж гаргасан 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 08/02 дугаар албан бичигтэй холбоотой баримтуудыг гаргуулах” хүсэлтийг мөн өдрийн 4 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл хуульд зааснаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд гомдол гаргах эрхгүй, түүнчлэн шүүх хуралдааны үеэр шийдвэрлэсэн асуудлаар шүүх бүрэлдэхүүн бичгээр тогтоол гаргах шаардлагагүй атал ийнхүү гаргасан хэрнээ эсрэгээрээ хуульд гомдол гаргахаар заасан асуудлаар буюу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай тогтоолоо бичгээр гаргахгүй байгаа нь процессын зөрчилд тооцогдоно.
2.Хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй тухайд:
Хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга Ж.Э захиргааны хэрэг үүссэнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоогүй, өмгөөлөгч аваагүй байх бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдсэн баримтаас үзэхэд “гар утас нь холбогдохгүй байсан тул мессэж бичиж, хаягаар майл бичсэн” гэж тэмдэглэсэн, шүүх хуралдааны тэмдэглэлд утас нь холбогдохгүй байгаа талаар танилцуулсан зэргээс үзэхэд хурлын товыг түүнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасны дагуу мэдэгдсэн гэж үзэхээргүй байна.
Хэдийгээр уг хуулийн 71.2-т “Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй” гэсэн ч шүүхээс хуульд заасан 7-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь “…хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй…” гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй.
3.Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй тухайд:
Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаварт “…Дархан, Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Ж*******” ХХК нь “Х*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж, кемп, хаягдлын овоолго, пүү, харуулын байр барьсан болох нь холбогдох нолох баримтаар нотлогдсон тул …газар чөлөөлүүлэх асуудлыг шийдвэрлүүлнэ үү. …Даалгаврыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх болох”-ыг мэдэгдсэн байх бөгөөд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 01/219 дүгээр албан бичгээр Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж энэхүү даалгаврыг шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг хүргүүлсэн байна.
Хэдийгээр Засаг даргын маргаан бүхий захирамжид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Газрын тухай хуулиас гадна энэхүү даалгаврыг үндэслэсэн байгаа ч улсын байцаагчийн даалгавар нь тусдаа бие даасан, заавал биелэгдэх үр дагавар бүхий захиргааны акт бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтад “Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, ...бол шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ” гэж заасан.
Шүүх хуралдааны тэмдэглэлд гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Ж*******ийн “…Геодези, зураг зүйн газарт удаа дараа хүсэлт гаргасны үндсэн дээр тухайн байгууллагаас эрх бүхий албан тушаалтны ирүүлсэн зөрчлийн үр дагаврыг арилгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг Хэнтий аймаг дахь анхан шатны шүүхэд гаргасан боловч захиргааны хэргийн шүүх дээр энэ хэрэг, маргаан шийдвэрлээгүй явж байгаа учраас маргааныг шийдсэний дараа хүсэлтээ гарга гэсэн хариу өгсөн байсан…” гэснээс үзэхэд шүүхээс дээрх даалгаврыг албадан гүйцэтгүүлэх хуудас бичигдээгүй байгаа, гэвч энэхүү маргааныг хэрхэн шийдвэрлэснээс үл хамаарч улсын байцаагчийн нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон даалгаврыг албадан гүйцэтгүүлэх нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн шаардлага болно.
Өөрөөр хэлбэл Засаг даргын одоогийн маргаж буй захирамжтай үр дагаврын хувьд адил, харин биелэгдэх шинж чанарын хувьд илүүтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан хэрэгжих даалгавартай нэхэмжлэгчээс маргасан эсэх, магадгүй маргах эрхээ цаг хугацааны хувьд алдсан байх тохиолдолд нэхэмжлэгчээс сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгосон тохиолдолд ч зөрчигдсөн гэх ямар эрх хэрхэн сэргэх нь ойлгомжгүй юм.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дээрх тайлбарт холбогдох баримт хэрэгт авагдаагүй, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 7.7 дугаар зүйлд заасан харьяалах шүүхэд хүсэлт гаргана”, 9-т “Шүүх энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан хүсэлтийг ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзвэл албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичнэ”, 10-т “Энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй” гэж тус тус заасан тул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас улсын байцаагчийн даалгаврыг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийн дагуу шүүх ямар ажиллагаа явуулсан болох нь тодорхойгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс шийтгэлийн хуудсаар тогтоосон 5.0 сая төгрөгийг төлж, зохих зөвшөөрөлгүйгээр газар ашигласан болохоо хүлээн зөвшөөрсөн энэ тохиолдолд Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэжээ. Мөн давж заалдах гомдолдоо “…энэхүү маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харъяаллын маргаан биш, …ажилчдын байрны зүүн жигүүр, төмрийн хүдрийн нэг шугамыг буулгаж газрыг чөлөөлсөн, өөрөөр хэлбэл одоогийн хүчингүй болгуулахыг хүссэн Засаг даргын захирамжийг биелүүлсэн…” талаар дурдсан байгаагаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа эсэхийг ч тодруулах шаардлагатай.
Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх процессын зөрчлүүдийг зөвтгөх боломжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.3.3-т заасан үндэслэлүүд илэрсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1, 121.3.3-т заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН