Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 32

 

МАГАДЛАЛ

 

2017.12.27                                                     Дугаар 32                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“М п” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/03248 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М п” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ү г” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9 426 295 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж зээлийн гэрээний алданги 3 000 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1 000 000 төгрөг нийт 13 426 295 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Зээлээр худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 9 426 295 төгрөг, төлбөрөө төлөөгүйгээөс учирсан хохирол 3 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1 000 000 төгрөг, нийт 13 426 295 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь будаа оруулж ирж дэлгүүрт бөөнөөр нь худалддаг. Улмаар хариуцагч нь будаа худалдаж авсан. 2014-2016 онд хамтран ажилласан. Төлбөрөө хугацаа хоцроож байгаад хамтын ажиллагаагаа зогсоосон. Улмаар олон удаа шаардаад, тооцоо нийлж байсан. Олон нийлсэн ба хамгийн сүүлийн тооцоо нийлсэн актыг шүүхэд өгсөн. Төлөхгүй болохоор нь шүүхэд хандсан. Уг нь төлбөрөө төлнө гэдэг. Нэхэмжлэгчийг бодвол төлбөрийн чадвар сайтай компани боловч төлдөггүй. Хугацаандаа төлөөгүй болохоор      20 000 000 зээл аваад алдангид 3 000 000 төлж хохирсон. 5 сарын хугацаанд. Үүнийг төлсөн бол алданги төлөхгүй байсан. Төлөхгүй байсан тул хуулийн фермтэй гэрээ хийж зөвлөгөө авсан. Төлбөрт 1 000 000 төгрөг төлсөн. Уг үйлчилгээ нь маргаан эцэслэн шийдэх хүртэл үргэлжилнэ. Хэрэв мөнгөө өгсөн бол зээл авахгүй, өмгөөлөгч авахгүй байсан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: "М п" ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 9 426 295 төгрөгний тооцоо нийлсэн актаар нотлогдох тул маргахгүй. Үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй. Үндэслэлгүй хууль зүйн туслалцаа үзүүлсэн зүйл алга. Сүүлийн хүсэлтээс өөр хууль зүйн туслалцаа үзүүлсэн зүйл харагдахгүй байна. Шүүх дээр өмгөөлөгч ирээгүй. Заавал гарах ёстой байсан зардал биш. Учир нь төлбөрөө төлнө гэсээр байхад шүүхэд хандаж өөрөө өмгөөлөгч авсан. 3 000 000 төгрөгийн хувьд зээлийн гэрээн дээр хүү алга. Алданги төлсөн баримт хэрэгт байхгүй. Хариуцагч төлбөрөө төлөөгүйтэй шалтгаанд холбоогүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Ү г" ХХК-иас 9 426 295 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "М п" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 165 771 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх манай байгууллагаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9 426 295 төгрөг гаргуулсан атлаа Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг үндэслэсэн нь хуульд нийцэхгүй, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо "зээлээр нийлүүлсэн" гэснийг анхаараагүй байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт холбогдох өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “М п” ХХК нь хариуцагч “Ү г” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 9 426 295 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж зээлийн гэрээний алданги 3 000 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1 000 000 төгрөг нийт 13 426 295 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тооцоо нийлсэн актаар нотлогдсон 9 426 295 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх төлбөрийг үндэслэлгүй гэж маргажээ.

Талуудын хооронд бараа бүтээгдэхүүнийг зээлээр авч борлуулан, төлбөрийг дараа төлөхөөр тохиролцсон худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9 426 295 төгрөгний төлбөрийн үлдэгдэлтэй болох нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдэл, тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.

Мөн хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч гэрээний үнийг тогтоосон хугацаанд төлөөгүй талаархи үйл баримтын хувьд талууд маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

Талууд тооцоо нийлж, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийлүүлсэн барааны төлбөр 9 426 295 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулжээ. Түүнчлэн тооцоо нийлсэн актын дагуу нэхэмжлэгч “М п” ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч “Ү г” ХХК-д “…2017 оны 5 дугаар сарын 26-ны дотор голомт банкны дансанд тушаахыг мэдэгдье” гэсэн албан бичгийг хүргүүлсэн байна. /хх 6 дугаар тал/

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/03248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 165 775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

           ШҮҮГЧИД                               Б.НАРМАНДАХ

 

                                                             М.НАРАНЦЭЦЭГ