Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/832

 

 

 

 

 

 

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа,  

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001329 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын **-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 39 дүгээр байрны 38 тоот гэртээ хамтран амьдрагч *** “чиний намайг аргадаж байгаа чинь хуурамч санагдаад байна” гэж үл ялих зүйлээр шалтаглан гараараа нүүрэн тус газарт нь цохиж унаган, хөлөөрөө өшиглөж, улмаар заазуураар гарын булчин хэсгийг нь зүсэж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар бугалга, шуу, гуя, баруун нүдний дээд зовхи, баруун ташаа бугалга, гуя, дух, нуруунд цус хуралт, баруун ташаа, зүүн бугалга, гуянд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***аас: Мөрдөн байцаалтад  мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй гэсэн болно. 

 

Хоёр: Эрүүгийн 2210000001329 дугаартай хэргээс:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 02 дахь тал),

2. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс Нийтийн хэв журам хамгаалах тасаг, эргүүлийн офицер ахмад Н.Цэрэнтогтохын иргэн ***т хийсэн үнэлгээ: Аюулын зэрэг “өндөр” гэсэн үнэлгээ (хавтаст хэргийн 3 дахь тал),

3. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн орчимд *** ээжтэйгээ маргалдсан. Ээж Хандсүрэн нь нэг байранд хамт амьдардаг юм. Тухайн маргалдаж байх үедээ миний нэрийг оролцуулж маргалдаад байсан. Тэгээд би ажилдаа гарч яваад 16 цагийн орчимд гэртээ орж ирэх үед *** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, над руу хэл амаар дайрч доромжилж маргалдаж байгаад гэрээс гарч яваад буцаж орж ирээд намайг гараараа цохиж, газар унагааж өшиглөөд зодсон. Мөн заазуураар цохиж зүүн гарын булчин хэсэгт зүсэж гэмтээсэн. Мөн айлган сүрдүүлж цагдаад барьж өгсөн ч эргэж гарч ирээд ална гэж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Одоо миний толгой өвдөж, бүх бие өвдөж байна. Мөн зүүн гар булчин хэсэгт заазуураар зүсүүлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),

- Хохирогчоор 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин өгсөн: “Тухайн гэмтлүүдийг 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр намайг зодох үед нөхөр үүсгэсэн. Тухайн үед нөхрөө гомдоосон байсан учраас согтуу байхдаа надад уурлаж намайг гэмтээсэн. Би  нэг хүүхдийнхээ хамт гэртээ байсан, өөр хүн байгаагүй. Надад одоо нэхэмжилж байгаа зүйл болон гомдол санал байхгүй. Тухайн хэргийг хаалгах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

 

4. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн:  “2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай охин *** сая согтуу орж ирээд зодчихлоо гэж хэлсэн. Би охин дээрээ очиход манай охины нүүр хэсэг нь хавдсан байсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай охин их уйлсан байсан. Би яг ямар гэмтэлтэй байсан гэдгийг нь санахгүй байна. Би *** нартай хамт амьдардаггүй. Манай хоёр хүүхэд саяхан Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд амьдардаг болсон. Өмнө тийм зүйл болж байгаагүй. Сая *** нь согтуу байхдаа охинд гарсан байсан. Одоо дахиж тийм зүйл болохгүй гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №13983 дугаартай:

-***ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, бугалга, шуу, гуя, баруун нүдний дээд зовхи, баруун ташаа, бугалга, гуя, дух, нуруунд цус хуралт, баруун ташаа, зүүн бугалга, гуянд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

- Дээрх зүүн бугалгын зулгаралт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

6. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн: ...Би “2022 оны 10 дугаар сарын 10-ний өдөр болсон явдлын талаар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй ярьсан учраас одоо нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 18 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 19 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 21 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 23 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 20 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч ***ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай  гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 39 дүгээр байрны 38 тоот гэртээ хамтран амьдрагч *** “чиний намайг аргадаж байгаа чинь хуурамч санагдаад байна” гэж маргаан үүсгэж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, заазуураар гарын булчин хэсгийг нь зүсэх зэргээр бие, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар бугалга, шуу, гуя, баруун нүдний дээд зовхи, баруун ташаа, бугалга, гуя, дух, нуруунд цус хуралт, баруун ташаа, зүүн бугалга, гуянд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 02 дахь тал),

-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс Нийтийн хэв журам хамгаалах тасаг, эргүүлийн офицер ахмад Н.Цэрэнтогтохын иргэн ***т хийсэн Аюулын зэрэг “өндөр” гэсэн үнэлгээ (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

-Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болон 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

 

-Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №13983 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж  заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахыг үндсэн шинжээр,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн шинжийг хүндрүүлэх шинжээр тус тус тодорхойлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий этгээд”-д хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст  ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч ***, хохирогч *** нар гэр бүлийн харилцаа үүсгэн хамт амьдарч байгаа, дундаасаа гурван хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүст хамаарна.

            Түүнчлэн дээрх хуульд гэр бүлийн хүчирхийллийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч *** нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ***ын бие махбодид халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх тул түүнийг холбогдуулж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий, хуульд нийцсэн байна.

            Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч ***ын  согтууруулах ундаа  хэтрүүлэн хэрэглэсэн байдал, мөн гэр бүлийн хүмүүсийн хоорондын үл ойлголцлоос болжээ.  

 

            Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн  байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

             Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж,

   6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч *** өөрийгөө өмгөөлж оролцохдоо “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гурван хүүхэдтэй, гэр бүлээсээ ганцаараа ажил хийж орлого олдог хүн нь тул нийтэд тустай ажил хийлгэх ялаас өөр ялыг сонгож оногдуулж өгнө үү.” гэж мэтгэлцсэн болно.

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ***ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч ***ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг буюу заазуур хэрэглэж хохирогчид гэмтэл учруулсан нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч ***д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл бичигдвэл шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДОРЖСҮРЭН