Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2019/00029/И |
Дугаар | 134/ШШ2018/00045 |
Огноо | 2019-04-05 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 134/ШШ2018/00045
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Н.Н-н
Хариуцагч: Б.З
хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Б.З, нарийн бичгийн дарга Х.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Б.З холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Н миний бие нь 2013 онд Б.З-тай ханилаад 7 жил болсон. Энэ хугацаанд 2 хүүхдийн эцэг, эх болоод өдийг хүртэл амьдарсан. Анхны хүү З.А 2013 оны 06 сарын14-ний өдөр төрсөн, бага охин З.А 2018 оны 02 сарын 26-нд төрсөн. Б.З нь сүүлийн жилүүдэд архи ууж, ааш зан нь эвдэрч, агсам тавьж, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах нөхцөл бүрдэхээ больсон. Иймд миний бие 2 хүүхдээ асрамжиндаа авч, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.З нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2013 онд Н.Н-тай ханилан суугаад өдийг хүртэл 2 хүүхдийн эцэг, эх болсон. Анхны хүү З.А нь 2013 оны 06 сарын 14-ний өдөр төрсөн, бага охин З.А нь 2018 оны 02 сарын 26-ны өдөр төрсөн. Цаг зав болоогүй учраас албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Хэрүүл маргаантай, таарч тохирохгүйгээс болоод 2018 оны 11 дүгээр сараас хойш бид тусдаа амьдарч байна. Цаашид хамт амьдрах боломж байхгүй. Иймд Н.Н-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ эхийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг төлнө. Ямар нэгэн маргаан байхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Б.З-д холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Б.З нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, ямар нэгэн маргаангүй гэж тайлбарласан.
Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:
Нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Б.З нар нь 2013 оноос эхлэн нэг гэрт хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүү З.А, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр охин З.А нар төрсөн болох нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 95 дугаартай “Н.Н нь ам бүл 3, ... оршин суудаг нь үнэн” гэсэн тодорхойлолт, өрхийн эмчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “З.А 1 настай, эрүүл бойжиж байгаа”, “З.А нь 5 настай, эрүүл бойжиж байгаа” гэсэн тодорхойлолтууд, З.А-н №4201000062 дугаартай, З.А-н №0000852977-196/64 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, талуудын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Зохигчид хамтран амьдрах явцдаа албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан хэдий ч хүү З.А, охин З.А нарыг эцэг Б.З-р овоглож төрсний гэрчилгээ авснаар захиргааны журмаар эцэг тогтоогдсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д заасан “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэснээр хуульд заасан эрх, үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ.
Талууд таарамжгүй харилцааны улмаас 2018 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд үүнээс хойш хүү З.Амгаланбаатар, охин З.А нар нь эх Н.Н-н асрамжинд амьдарч байгаа, нэхэмжлэгч нь цаашид өөрийн асрамжинд хүүхдүүдээ байлгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.З нь хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар хүүхдийн асрамжийн асуудлаар талууд харилцан тохиролцсон гэж үзэж, хүүхдүүдийг эх Н.Н-н асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Түүнчлэн хариуцагч Б.З нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн, талууд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, шүүхээр тэтгэлэг тогтоолгохыг хүссэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг баримтлан мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /хүүхдийн амьдарч байгаа газар буюу Говьсүмбэр аймагт тогтоогдсон хэмжээ 187 100 төгрөг/ сар бүр эцэг Б.З-с хүүхэд тус бүрт тэтгэлэг гаргуулж хүү З.Ар, охин З.А нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 873 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагч Б.З-н нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 50 873 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Боржгинтая овогт З.А, охин Боржгинтая овогт ЗА нарыг эх Н.Н-н асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүү З.А, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр охин З.А нарыг тус бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн тэднийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.З-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50 873 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 50 873 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ