Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 16

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Нэхэмжлэгч: Г.Г-ын нэхэмжлэлтэй

  Хариуцагч: О.Б-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 4.395.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э хариуцагч О.Б нар оролцов.

                                                                           Т О ДО Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Б 2018 оны 11 сарын 21-нд нийт 285 эр хонины наймаа хийхээр болж нэг эр хонийг нь 95000 төгрөг, нэг эр төлгөө 71000 төгрөгөөр худалдахаар тохироод 215 эр хонинд 20.425.000 \хорин сая дөрвөн зуун хорин таван мянга\, 70 төлөгний 4970000 \дөрвөн сая есөн зуун далан мянга\. Ингээд нийт 25.395.000 \хорин таван сая гурван зуун ерэн таван мянган\ төгрөгийг О.Б бидэнд өгөхөөр тохиролцон авч явсан. Гэтэл мөнгө бүтэхгүй нь хонио авч яваад зараад ирье ирээд мөнгийг нь өгье гэхээр итгээд 285 эр хонио туулгаад явуулсан. Хонийг маань тоолоод туугаад явахдаа 2 ахтайгаа ирээд бүгд хараад тоолоод аваад явсан. Гэтэл хонио авч явчихаад мөнгөө өгөх болохоор 21.000.000 \хорин нэгэн сая\ төгрөгийг нь дансаар шилжүүлчихээд үлдсэн 4395000 төгрөгийг маань шатсан өгөх мөнгө байхгүй гээд өгөхгүй биднийг хохироож байна. Иймд О.Б гаас 4.395.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хоёрыг хонио ялгачхаад байж байтал хариуцагч О.Б залгаад эр хонийг 95.000 төгрөгөөр, төлгийг 70.000 төгрөгөөр авах талаар анх тохирсон. Тэгээд зарахаар болоод хонио ялгахад 285 эр төлөг. Үүн дотор шүдлэнгээс дээш хязаалан, соёолон, бүдүүн ч эр хонь ч байсан. Би хариуцагч О.Б яриад чи Г.Г  ахтайгаа ярьсан үнээрээ худалдаж авах юм уу 285 хонь гарлаа гэхэд би худалдаж авна. Авахдаа бэлэн мөнгөөр худалдаж авна гэж надтай анх утсаар ярьсан. Тэгээд яг төлөг нь хэд вэ гэж асуусан. Тэгэхэд төлгөө ялгаж тоолоогүй гэдгийг би хэлсэн. Тэгээд би хэрвээ чи үнэхээр бэлнээр худалдаж авах юм бол өөртэй чинь наймаа хийе гэсэн. ... Тэгээд манай нөхрийг ганцаараа байхад нь хариуцагч О.Б өөрийн төрсөн 2 ахтайгаа ирээд манай нөхөртэй уулзаад 285 хонь машинд ачиж, төлгийг нь өөрсдөө ялгасан байсан. Тэгээд мал туухдаа манай сумаас Л  Т  гэх хоёр залуугаар мал ялгуулсан. Нийт 285 хониноос эр төлгийн ялгахад 70 төлөг гарсан. Үлдсэнийг тоолоход 215 хонь буюу шүдлэнгээс дээш эр хонь гарсан. Энэ талаараа надтай ярьсан байдаг. Тэгээд хариуцагч О.Б г ирэхээс нь өмнө үнээ нэмэх боломж байна уу гэж асуухад би наймаа хийх хүнтэйгээ яръя гэсэн. Хариу хэлэхдээ эр хонины үнийг нэмэх боломж алга. Харин нэг төлгийг 71.000 төгрөгөөр бодож авъя гээд өөрийн биеэр ирж авч явсан. Тэгээд мөнгөө асуутал мөнгө бүтэхгүй болсон. Хонио зараад өгье гэсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр энэ залууг амьдрахын төлөө зүтгэж явааг нь үнэлээд түүнд итгэж, 285 хонио туулгаад явуулсан юм. ... Гэтэл хариуцагч О.Б Дархан суманд малнуудыг бойнд оруулж, зарж дуусаад манай нөхөр лүү ярьсан байдаг. Танай малыг зараад дүү нь шатчихлаа. Тохирсон мөнгөн дүндээ хүрсэнгүй гэж ярьсан. Тэгээд энэ залуу надтай яриад мөнгөө өгч чадахгүй боллоо. Бой хийсэн хүндээ хэдэн төгрөг өгнө. Ачуулсан хүнд тэдэн төгрөг өгнө мөнгө дутаад байна. Харин ч би танай малыг хужаад гуйж өгч байж үнэд хүргэсэн. Та нар өөрсдөө зарсан бол үүнээс бага үнэд хүрэх байсан гэсэн. Гэтэл би хариуцагч О.Б гийн тайлбарыг уншихад бид хоёрт хэлснээр хужаад зараагүй. Хүчит шонхор зах дээр зараад ийм байдалд хүрсэн талаар тайлбар өгсөн байдаг. ... Хариуцагч О.Б гийн жагсаалт хийж өгснөөс үзэхэд арав арваар нь хонио хиллэсэн байсан. Би бодохдоо Нарантуул дээр хэзээ ч арав араваар нь хонь хиллэдэггүй. Аль болохоор олноор хиллэдэг. Бид нар тавиар, зуугаар нь хонио хиллэж худалдаж байсан болохоор мэднэ. Үүнээс үзэхэд худлаа тайлбар хийж өгсөн юм болов уу гэж бодсон. ... Тиймээс би хариуцагч О.Б эвлэрэх боломжгүй” гэв.

            Хариуцагч О.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Б миний бие Баянмөнх сумын Баянбулаг багийн иргэн Г.Г гэдэг хүнтэй утсаар хонь авах талаар ярилцсан. Утсаар Г.Г ах манай хонь 25 кг-аас дээш татна гэж ярьж байсан. Би хэрвээ 25 кг-аас дээш татвал эр хонийг 90.000, төлгийг нь 70.000 төгрөгөөр авч болох юм гэж  ярьж байсан. Тэрнээс биш шууд эр хонийг 90.000, төлгийг 70.000 төгрөгт авна гэж ярьж тохироогүй. Г.Г ах өөрөө зөвшөөрч малаа өгөөд явуулсан. Би Хүчит шонхор захын ченжид 25 кг-ийн дундажтай хонины махыг 4200 төгрөгт өгөхөөр тохироод очтол хонины мах нийт 5223.7 кг татаж 18.3 кг-ийн дундажтай гарч 3900 төгрөгт орохоор  болоод  гуйж байж 4000 төгрөгт өгөхөөр болж нийт 20.894.800  төгрөг болсон. Би бой хийлгэх, мах ачих зардал болох 2.210.000 төгрөгийг авалгүй 21.000.000 сая төгрөг буюу бүх мөнгөө Г.Г ах руу шилжүүлсэн. Иймд Г.Г ахын нэхэмжилж буй 4.395.000  төгрөгийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна.

...Би хонь чинь хэдэд татах юм шиг байна гэсэн. Тэгтэл ах эр хонь бол 25 аас дээш татна. Төлөг бол 20-с дээш хангалттай татна гэж гэсэн. Тэгэхээр нь би эр хонийг чинь 90.000 төгрөгөнд, төлгийг чинь 70.000 төгрөгөнд авч болно. Хоёулаа уулзаж байгаад тохиролцъё гэсэн. Тэгээд маргааш өглөө нь П.Э  эгч яасан бэ гэж залгасан. Би танайхруу урд замаар явдаг байсныг мэдэхгүй хойд замаар яваад төөрөөд явж байна гэсэн. Тэгээд очиход эгч байхгүй байсан. Ах намайг тосож авсан. Тэр орой огт хонь тоолоогүй. 285 хонь байна гэдгийг өглөө цувуулж гаргахдаа тоолсон. Махыг хужаад зарсан нь үнэн. Хүчит шонхор захын замын эсрэг талын грашад нь хужаа нар мах авдаг гэж манай сумын ченж зааж өгсөн. Тэгээд танай хонь үнэхээр 25-аас дээш татдаг юм бол 4200 төгрөгөнд авъя гэсэн. Тэгээд очоод хиллээд үзэхэд мах хилэндээ хүрээгүй тул 4000 төгрөгөөр авахаар болсон. Уг зарсан мах 5тн гаруй болсон буюу 20 сая 800 гаруй төгрөг болсон. Тэгээд би энэ тухайгаа Г.Г ахад хэлэхдээ танай хонийг 25 татаж байвал авъя гэсэн гэвч хүрсэнгүй авахгүй гэдгээ хэлсэн” гэжээ. 

                                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

          Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

           

            Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч О.Б д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.395.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

            Хариуцагч О.Б нь худалдан авсан эр хонийг 25 килограмм, төлгийг 20 килограммаас дээш татвал эр хонийг 90.000 төгрөгөөр, төлгийг 70.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, дээрх жиндээ хүрээгүй тул нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй гэж маргажээ.

Зохигчдын тайлбараас дүгнэхэд хариуцагч нь тус 285 тооны хонины үнийг мал худалдан борлуулсны дараа өгөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож, талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан мэт боловч зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээнээс ялгагдах гол шинж нь талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжихээр тохиролцсон тохиолдолд зээлээр худалдах-худалдан авах гэрээ болох юм. Дээрх тохиолдолд талууд үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих талаар харилцан тохиролцсон зүйлгүй тул тэдний хооронд ердийн үнэ төлөх хугацааг хойшлуулсан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд хуульд гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага тавиагүй байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

            Зохигчид хонины тоо болон насан дээр маргаагүй, харин үнийн дүн дээр маргаж байна.

                Хариуцагч нь эрийг хонийг 25 килограммаас дээш татвал 90.000 төгрөгөөр, төлгийг 20 килограммаас дээш татвал 70.000 төгрөгөөр худалдаж авахаар нэхэмжлэгчтэй тохирсон бөгөөд худалдан авсан хонинууд дээрх килограммд хүрээгүй гэж тайлбарлан мэтгэлцэх боловч тэрээр худалдан авсан хонио нядлан цааш худалдан борлуулсан байгаа нь түүний тайлбар үндэслэлгүй болохыг нотолж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авч захиран зарцуулж байгаа нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөнд доголдол байсан тохиолдолд түүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болох юм.

            Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ нотлохоор махны килограмм болон үнийг бичсэн гэх тэмдэглэлийн дэвтрийн нэг хуудсыг ирүүлсэн байх ба мөн гэрчээр Н.Б-ээс мэдүүлэг авахуулжээ.

            Хариуцагчаас ирүүлсэн тэмдэглэлийн дэвтрийн хуудсанд бичигдсэн тоон баримт нь чухам юуны талаар хэзээ бичигдсэн нь тодорхой бус байхаас гадна дээрх баримтыг холбогдох талтай нийлж гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. /хх-н 19 хуу/

            Түүнчлэн гэрч Н.Б нь “хэдэн тонн мах ачсаныг мэдэхгүй. Хонио төхөөрөөд авч явсан. Бид хоорондоо тухайн төхөөрсөн хонинуудыг нилээд туранхай талаар ярилцаж байсан. Ченж нь анх 25 килограммын дундажтай мах гэж хэлсэн биз дээ, тэр килограммдаа хүрэхгүй байна гэж хэлсэн. Батзаяа нь надад мах нь килограммдаа хүрсэнгүй шатчихлаа гэж хэлсэн” гэж мэдүүлснээс үзэхэд гэрч нь махны чанар байдлын талаар мэдүүлсэн болохоос зохигчийн тохиролцсон үнийг нотлоогүй байна. /хх-н 26-27 хуу/

            Нэхэмжлэгч талаас хариуцагчтай мессэж болон фэйсбүүк чатаар харилцсан гэх захидлын хуулбарыг ирүүлж, гэрч Г.Ж-аас мэдүүлэг авахуулжээ.

            Зохигчийн мессэжээр харилцсан гэх захидалд малын үнийн талаар дурдаагүй боловч хариуцагч талаас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр явуулсан “уучлаарай эгчээ дүү нь өөрөө шатчихаад ингээд байна тэрнээс биш юу гэж нэр хүндээ алдахыг бодхов дээ эгчээ надад тийм муухай зан байхгүй зардал гарсан 2300000 төгрөгийг нөгөө улсууд маань нэхээд авчихлаа таны мөнгийг өглөө зохицуулаад хийчихье эгч дансаа явуулчихаарай дүү нь шатна гэж яаж мэдхэв дээ уучлаарай та”, “итгэж өгсөн итгэлийг чинь алдсанд уучлаарай” гэх мессэж /хх-н 5 хуу/ 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр явуулсан “дахиж мөнгө өгч чадахгүй надад өгөх ямар ч мөнгө байхгүй хүнээс хүүтэй мөнгө авч хийлээ хүн амьтнаас зээлээд чадлаараа болгоод явууллаа шатаагүй бол надад ингэж жүжиглэх ямар хэрэг байгаан шатаагүй бол хэрүүл уруултай авсан мөнгө надад юм болно гэж байхгүй надад юу ч байхгүй би танд зөндөө учирлаж гуйж байна” гэх зурвасуудаас дүгнэхэд хариуцагч нь алдагдалд орсон /шатсан/ учраас тохирсон тохиролцоогоо биелүүлж чадаагүй гэж ойлгогдохоор байна.

            Гэрч Г.Ж-ын “280 гаруй эр хонь, төлөг авсан. 70 толгой төлөг байсан бусад нь дандаа эр хонь байсан. Би ялгалцаж өгсөн. Эр хонио 95.000 төгрөгөөр, төлгөө 70.000 төгрөгөөр тохирсон гэж байсан. Сүүлд нь төлгөө 71.000 төгрөгөөр зарахаар болсон гэж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Б гаас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.395.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г.Г ад олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Т О Г ТО О Х нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Б-аас 4.395.000 /дөрвөн сая гурван зуун ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.270 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгож, хариуцагчаас 85.270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                               ДАРГАЛАГЧ                                Р.БАТБАЯР