Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 26

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Нэхэмжлэгч Я.М

Хариуцагч Т.Б нарыг оролцуулан нэхэмжлэгч Я.М ын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Б холбогдох 2.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Я.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Т.Б нь 2017 оны 09 сарын 29-ний өдөр иргэн Я.М  миний эзэмшилд буй УАЗ-469 маркийн ...........улсын дугаар бүхий автомашиныг 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Т.Б нь тухайн үед надад 500000 /таван зуун мянган/ төгрөг өгсөн бөгөөд өөрийн автомашиныг үлдэгдэл төлбөрийн барьцаанд тавихыг хүссэн боловч би татгалзаж, итгэл хүлээлгэн, үлдэгдэл төлбөрийг 2017 оны 12 сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож, гарын үсэг, утасны дугаарын хамт үлдээсэн. Гэвч тэр үеэс хойш би холбогдох гэсэн боловч чадаагүй байсаар 2017 оны 12 сарын 01-нд холбогдоход надад одоо мөнгө алга, ноолуурын үеэр өгье хэмээсэн. Түүнээс хойш мөн л холбогдож чадахгүй байсаар 2018 оны 12 сарын 01-нд холбогдоход би удахгүй мал авна, түүнийгээ өсөхөөр нь танд мөнгөө өгье гэсэн. Иргэн Т.Б нь автомашины үлдэгдэл төлбөр 2.000.000 төгрөгийг 2017 оны 12 сарын 01-ний өдөр өгөх ёстой байсан боловч өнөөг хүртэл өгөлгүй, мөнгөний боломжгүй гэсээр намайг хохироосоор байна. Иймд иргэн Т.Б автомашины үлдэгдэл төлбөр 2.000.000 төгрөгийг жилийн 20 хувийн хүүгийн хамт нийт 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Я.М оос УАЗ-469 машинийг 1.500.000 төгрөгөөр тохирч авсан. 2018 оны 11 дүгээр сард 500.000 төгрөг өгсөн. 2018 оны 12 дугаар сард 500.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 500.000 төгрөгийг ноолуур самналтаар өгнө гэж тохирсон” гэжээ.

Нэхэмжлэгч Я.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 09 сарын 29-ний өдөр миний УАЗ-469 машиныг Т.Б худалдаж авсан. Над дээр ирээд өөрийнхөө унаж явсан машиныг тавиад УАЗ-469 авъя гэсэн. Таны машин ямар үнэтэй юм бэ гэсэн. Би чиргүүлтэй нь 3.000.000 төгрөг, чиргүүлгүй авна гэвэл 2.500.000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Өөрийнхөө машиныг барьцаанд тавъя гэхээр нь үгүй, хүний машины үзэж харж чадахгүй. Энэ хашаанд байвал машины чинь юм алга болно. Чи хэлсэн, ярьсан хугацаандаа өгвөл болно гэж хэлээд тохирсон. Т.Б 12 дугаар сар гэхэд эцсийн хугацаа гэсэн. Би тэрнээс наана нь ч гэсэн өгнө гэж хэлсэн. Надад 500.000 төгрөг өгөөд машинаа аваад явсан. Надад баталгаан дээрээ 12 дугаар сард дуусгана гэсэн. Тэгэхээр нь 12 дугаар сараас хэтэрвэл хүү төлнө гэж бич гэхэд найдвартай өгнө гэж хэлсэн. Тэгээд чимээгүй болсон. Тэгж байтал 12 дугаар сард утсаар яриад Багануур дээр байна. Би машиндаа засвар хийж байна гэсэн. Тэгэхээр нь машиндаа завсар хийчихээд ажлаа бүтээгээд мөнгөө өгөөрэй гэж хэлсэн. Надад 4 сард ноолуураа зараад машины мөнгө  өгнө гэж хэлсэн. Бид 2 холбоогүй байсан. Т.Б Бор-Өндөр суманд ирсэн гэж хүнээс сонсоод хүүхдээ явуулж уулзуулаад надтай утсаар ярь гэж хэл хүргэсэн. Тэгээд надтай утсаар яриад Т.Б би Батширээт суманд мал авахаар явж байна. Би малтай болоод таны мөнгийг өгнө гэж хэлсэн. Одоо би чамайг шүүхэд өгнө гэхэд та шүүхэд өгөөд яах юм бэ, таны мөнгийг өгнө гэж хэлсэн. Манай охин руу Т.Б 500.000 төгрөг явуулна гээд утсаар ярьсан байсан. Тэр үед манай охин чи машины мөнгөө бага багаар өгсөн бол одоо дуусаж байгаа настай хүн хуураад гэж хэлсэн байсан. Тэгээд шүүхэд өргөдөл бичсэний дараа 400.000 төгрөг миний дансанд хийсэн. Би анх 2400000 төгрөг нэхэмжилсэн. Анх машинаа 2500000 төгрөгөөр худалдсан. 1500000 төгрөгөөр худалдаагүй. Би Т.Б 900000 төгрөг авсан. Зээлийн хүү болох 400000 төгрөгийг гаргуулахгүй. Одоо машин худалдсан үлдэгдэл төлбөр 1600000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би 2017 онд уул руу самарт явсан. Улаанбаатар хотод УАЗ-469 машин авах гээд явж байхад таньдаг хүнтэйгээ таарсан. Бор-Өндөр суманд Я.М  гуайд УАЗ-469 машин 1.000.000 төгрөгөөр зарна гэж надад хэлсэн. Тэгээд би ангийнхаа хүүхэд рүү утсаар яриад Я.М  гуай УАЗ-469 машин зарах гэж байгаа юм уу гэж асуусан. Манай дүүтэй яриад асуу гээд утсаар ярихад машин зарна гэхдээ та аавтай утсаар ярь гэж хэлсэн.  Би Бор-Өндөр рүү шөнө ирээд  өглөө очиж УАЗ-469 машиныг үзэхэд олон жил зогсчихсон байсан. Би 1.000.000 төгрөгөөр зарна гэж хүнээс сонссон. Би Я.М  гуайд надад мөнгө байхгүй байгаа учраас унаж байгаа суудлын машинаа хашаанд чинь барьцаанд орхиод явна гэж хэлсэн. Тэгэхэд Я.М  гуай миний машиныг авч үлдэхгүй гэж хэлсэн. Би УАЗ-469 машиныг Я.М  гуайн хашаанаас чирч авч яваад 10 гаран хоног янзалсан. Тэгээд машинаа асаагаад явсан. Би ууланд 5-6 сар байсан. Би самар зараад мөнгөний ажил хийгээд Я.М  гуайн мөнгийг өгнө гэж бодож байсан. Миний санаснаар мөнгө олоогүй. Бид хоёр УАЗ-469 машиныг 1.500.000 төгрөг, чиргүүлтэй бол 2.000.000 төгрөг гэж тохирсон. Уг машиныг 2500000 төгрөгөөр тохироогүй. Би 900000 төгрөг төлсөн. Одоо 600000 төгрөг төлнө” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Я.М   хариуцагч  Т.Б холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 2.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.М  нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, “уг автомашиныг 2.500.000 төгрөгөөр худалдсан. Т.Б 900.000 төгрөгийг өгсөн тул хасаад хариуцагч Т.Б 1.600.000 төгрөгийг  гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан байна.

Хариуцагч Т.Б нь “2.500.000 төгрөгөөр машин худалдаж аваагүй. 1.500.000 төгрөгөөр тохирч худалдаж авсан. Би 900.000 төгрөг өгсөн. Одоо 600.000 төгрөг өгнө. 1.600.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэж маргажээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 243.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.М  нь хариуцагч  Т.Б холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, автомашины үнэ 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Зохигчид нь 900.000 төгрөгийг өгч, авсан гэдэг талаар маргаагүй тул 900.000 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Я.М  нь шүүх хуралдаанд “хариуцагч Т.Б бичгээр хийж өгсөн гэрээ”-г нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг гэрээнд заасан гарын үсгийг хариуцагч Т.Б нь миний гарын үсэг мөн гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч Я.М  нь шүүх хуралдаанд “хариуцагч Т.Б бичгээр хийж өгсөн гэрээ”-нд УАЗ-469 машиныг 2.500.000 төгрөгөөр худалдсан болно” гэсэн бичилт хийж Т.Б гарын үсэг зурсан байна.

Хариуцагч Т.Б нь “уг машиныг 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан. 2.500.000 төгөргөөр худалдаж аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч” энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаатай холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтаар зохигчдыг 2.500.000 төгрөгөөр автомашиныг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна гэж дүгнэлээ.

Тиймээс автомашины үнэ 2.500.000 төгрөгөөс хариуцагч Т.Б нэхэмжлэгч Я.М т өгсөн 900.000 төгрөгийг хасч, хариуцагч Т.Б 1.600.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.М т олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Я.М  нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.350 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Т.Б улсын тэмдэгтийн хураамж 40.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.М т олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд

   тус тус  заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Б 1.600.000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.М т олгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.М ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.350 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Т.Б улсын тэмдэгтийн хураамж 40.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.М т олгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

  

ДАРГАЛАГЧ                         М.ЭНХМАНДАХ