Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/233

 

 

                     

 

 

 

 

 

 

 2022        02           23                                        2022/ШЦТ/233

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Н.Улсболд,

хохирогч ****,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,

шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108019860950 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловоролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, ахын хамт Өвөрхангай аймгийн Сант сум, **** газарт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн *****дугаар хороо, ****тоотод түр оршин суух,

урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ял шийтгүүлж ялын хугацаа дуусч суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 515 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар нийт 6 жилийн хорих ял шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил, 5 сар, 25 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, *** овогт **** (РД:****).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****нь 2021 оны 8 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Цамбагарав автобусны буудлын ард байрлах Хаан банкны АТМ-ын орчим хохирогч ****тай “гар утсыг нь аваагүй” гэх шалтгааны улмаас маргалдан үүрч газарт унагаж, нүүр болон цээжин хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь “цээжний баруун талын 3, 4, 5 дугаар хавирганы далд хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн хацар, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн 2021 оны 8 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Цамбагарав автобусны буудлын ард байрлах Хаан банкны АТМ-ын орчим байрлах тээврийн хэрэгсэл дотор хохирогч ****гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, хүч хэрэглэн түрийвчтэй эд зүйлийг дээрэмдэн авч 1,751,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ****шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Пабад ороод хохирогчтой танилцсан. Дээрэмдэх санаа анхнаасаа байгаагүй. “Утас чи авлаа” гэснээс болж маргалдаад цохилцсон. Би дийлэхгүй байсан учраас шаралхаад машинд байсан түрийвчийг нууцаар аваад явсан. Хохирлыг төлж барагдуулна. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид уучлаарай гэж хэлье” гэв.

Хохирогч **** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Пабад танилцаад харих гээд явсан. Миний утсыг халааснаас авсан байсан. Утас байхгүй байхаар нь **** асуутал “байхгүй” гээд бид 2 маргалдсан. Утсыг нуруундаа хийсэн байхад нь би авсан. Машины салон дээр байсан түрийвчийг аваад зугтсан. Халааснаасаа мэс шиг юм гаргаж ирээд цохиод миний хавиргыг хугалсан. Хохиролд 2,186,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсаны 1,200,000 төгрөгийг нэхэмжилж байна. Намайг “цагдаа дуудлаа” гэхээр над руу дайраад байсан. Таксины жолооч **** надаас салгасан. Утсаа аваад таксинд суугаад “явъя” гэхэд **** хаалга онгойлгоод намайг цохиод, машины салон дээр байсан түрийвчийг аваад явсан. Хохирлоо барагдуулмаар байна” гэв.

 

Эрүүгийн 2108019860950 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ****гийн: “2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн ****” дэлгүүрийн урд байрлах пабад ганцаараа пиво ууж байтал үл таних эрэгтэй ирээд надтай нэг ширээнд суугаад, танилцаад юм ярьж суугаад өөрийгөө Ариунболд*** гэж танилцуулсан. Бид 2 пиво, архи уугаад 23 цаг өнгөрч байхад гараад би ээжийнх рүүгээ явах гээд такси барьтал ****нь “би Саппоро оръё” гэхээр нь цуг такси барин явсан. ****“Чи таксины мөнгөө өгчих” гэхээр нь АТМ дээр буугаад Хаан банкны виза картаасаа 00 цаг өнгөрч байхад 50,000 төгрөг аваад таксин дээрээ иртэл ****надтай муудалцаж эхэлсэн. Миний гар утсыг аваад биедээ нуугаад байхаар нь би утсаа булааж автал намайг газарт үүрч унагаад цээж рүү 2 удаа, нүүрэнд 1 удаа өшиглөөд таксин дотор орхисон байсан түрийвчийг аваад зугтсан.

...***с “Миний гар утсыг өгчих” гэхэд “Би юу гэж чиний утсыг авдаг юм” гээд байхаар нь жолоочийг цагдаа дуудчих шалгуулмаар байна гэхэд машинаас бууснаа “Чи муу яагаад байгаа банди вэ, алаад хаячихна шүү” гээд миний нүүр лүү цохихоор нь би тэвэрч аваад ноцолдоод хамт газар унасан. Тэгтэл миний нүүр, цээж рүү 2-3 удаа өшиглөхөд жолооч салгасан. Би босоод ***ын нүүрэнд нэг цохитол халааснаасаа нэг юм гаргаж ирээд намайг ална гээд цээж рүү 2-3 удаа цохичхоод машины урд зогссон. Би машинд суугаад утас хаана байгаа юм бол гэж асуутал нөгөө эрэгтэй чамайг хэвтэж байхад халааснаас чинь авсан гэхээр нь машинаас буугаад ***ыг тэвэрч автал нурууныхаа ард дотуур хувцсандаа хавчуулчихсан байхаар нь гар утсаа аваад машинд суугаад явах гэтэл ****машины цонхоор гараа оруулж нүүр лүү цохиж байтал машины урд салон дээр ил байсан хар өнгийн хэтэвч авчихаар нь машинаас буутал өгөхгүй, зугтаагаад явсан. Удалгүй нийт 1,559,500 төгрөгийн гүйлгээ гарсан. АТМ-аас мөнгө авахад нууц дугаар харсан байх. Нийт хохирлын мөнгө 2,026,400 төгрөгийг нэхэмжилж байна. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-37, 38-40),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.08.17-ны өдрийн 7561 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. ****гийн биед цээжний баруун талын 3, 4, 5 дугаар хавирганы далд хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-58-59),

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021.09.10-ны өдрийн Ц-713 дугаар тайланд: “1. Хаан банкны карт 1 ширхэг 5,000 төгрөг, 2. Иргэний цахим үнэмлэх 1 ширхэг 63,000 төгрөг, 3. Жолооны үнэмлэх 1 ширхэг 12,500 төгрөг, 4. Хас банкны виза карт 1 ширхэг 5,000 төгрөг, 5. Худалдаа хөгжлийн банкны Олон улсын виза карт 1 ширхэг 20,000 төгрөг, 6. Автобусны карт 1 ширхэг 3,700 төгрөг, 7. Хар өнгийн арьсан түрийвч 1 ширхэг 72,000 төгрөг, нийт 181,200 төгрөг” гэжээ (хх-62-64),

Гэрч ****: “2021 оны 8 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө “Цайз-16”-аас хоёр залуу автал 1 дүгээр хороолол гэсэн. Саппоро дээр иртэл “бэлэн мөнгө байхгүй” гээд Цамбагаравын АТМ орж ирчхээд нэг залуу нь “миний гар утас байхгүй байна” гээд хамт явж байгаа залуугаасаа асуугаад нөгөө залуу нь “би аваагүй” гэсэн. Тэгээд хэрэлдэж байтал ***гэдэг залуугийн өмсөж явсан дотуур хувцаснаас гар утас гарч ирсэн. Гар утасны эзэн утсаа аваад “Би явлаа, чи энд буу” гээд машинаас буулгасан боловч нөгөө залуу цонхоор гараа оруулж ирээд цохиод байсан. Тэгээд хоёулаа буугаад зодолдсон. *** нь нилээд их цохиод зодоод байсан. Ариука түрийвчийг нь аваад зугтсан...” гэх мэдүүлэг (хх-47-48),

Иргэний нэхэмжлэгч ****: “...Машинд суухдаа машины урд салон дээр хар хэтэвчээ тавьж басйан*** ирээд ****г цонхоор гараа оруулж ирээд нүүр лүү нь гараараа цохиод байсан. **** машинаас буугаад барьцалдаж аваад харилцан цохилцож түлхэж байгаад миний машины зүүн талын банкны таг хэсэгт хонхойлгосон. Засварын газраас асуухад 220,000-250,000 төгрөг болно гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-43-44),   

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2021.09.22-ны өдрийн 12255 дугаар тайланд: “Зүүн хойд крыло 110,000 төгрөг, шууд бус зардал 100,000 төгрөг, нийт шууд зардлын дүн 210,000 төгрөг” гэжээ (хх-69-70),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-5-6), Зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-7), дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас (хх-8), мөрдөгчийн тэмдэглэл (хх-9), хохирлын баримтууд (хх-15-16), гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-19-22), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-23-27), Хаан банкны албан бичиг (хх-29), мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хх-30),

шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-84), Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021.07.09-ний өдрийн 183 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.09.08-ны өдрийн 2188 дугаар захирамжуудын хуулбар (хх-85-91) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ДШМ/47 дугаар магадлал, **** ялын тооцоо, Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаар тогтоолын хуулбар зэрэг 14 хуудас баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ****согтуурсан үедээ 2021 оны 8 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Цамбагарав автобусны буудлын ард байрлах Хаан банкны АТМ-ын орчим хохирогч *****“гар утсыг нь аваагүй” гэх шалтгааны улмаас маргалдан түүнийг үүрч газарт унагаж, нүүр, цээж хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь “цээжний баруун талын 3, 4, 5 дугаар хавирганы далд хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух барүун зүүн хацар, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн 2021 оны 8 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Цамбагарав автобусны буудлын ард байрлах Хаан банкны АТМ-ын орчим байрлах тээврийн хэрэгсэл дотор хохирогч ****гийн нүүрэнд тус газарт гараараа цохин хүч хэрэглэж түрийвчтэй эд зүйлийг авч нийт 1,751,200 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ****гийн “...****миний гар утсыг аваад биедээ нуугаад байхаар нь би утсаа булааж автал намайг газарт үүрч унагаагаад, миний цээж хэсэг рүү 2 удаа, нүүрэн тус газарт 1 удаа өшиглөөд, ...тухайн таксин дотор би түрийвчээ орхисон байсныг ****аваад зугтаад явсан. ...Миний нийт 1,559,500 төгрөгийн гүйлгээ гарсан…” гэх мэдүүлэг (хх-37, 39 хуудас), шүүх эмнэлгийн 7561 дүгээр “1. ****гийн биед цээжний баруун талын 3, 4, 5 дугаар хавирганы далд хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-58-59), гэрч **** “...** гэдэг залуугийн өмсөж явсан дотуур хувцаснаас нь ****гийн гар утас гарч ирсэн. ...*** ардаас нь ирээд ****г жолоочийн хажуу сандал дээр сууж байхад нь цонхоор гараа оруулж ирээд нүүр лүү нь гараараа цохиод байсан. ...харилцан зодолдож байгаад миний машины зүүн талын бакны таг хэсэгт хонхойлгосон. ...*** нэлээд цохиж, зодож байгаад түрийвчийг нь аваад зугтаачихсан...” гэх мэдүүлэг (хх-43-44, 47-48) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч **** согтуурсан үедээ, хохирогч ****г “гар утсыг нь аваагүй” гэх шалтгаанаар маргалдан түүнийг үүрч газарт унагаж, нүүр, цээжин хэсэгт өшиглөж зодсон санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн,

мөн тээврийн хэрэгсэл дотор хохирогчийн нүүрэн тус газарт цохиж хүч хэрэглэн түрийвчтэй эд зүйлийг хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүх хуралдаанд шүүгдэгч ****“Хохирогчийн гар утсыг дээрэмдэн аваагүй, түрийвчийг нууцаар авсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн гэм буруугийн асуудлаар маргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч “Нууцаар авсан гэж шүүгдэгч хэлж байгаа. Буруу зөрүү ярьж байгааг нь ойлгохыг хүсье” гэж дүгнэлтээ танилцууллаа. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хохирогчийн өгсөн “...Миний гар утсыг нуруундаа хийсэн байсныг нь гаргаж авсан. Машины цонхоор гараа оруулан намайг цохиж зодож байгаад машины урд салон дээр байсан түрийвчийг аваад зугтаад явсан...” гэх мэдүүлэг (хх-39, хуралдааны тэмдэглэл), гэрч ****нийн “...*** гээд залуу нь нөгөө залуугаа нэлээд их цохиод зодоод байсан. Тэгэж байгаад Ариука түрийвчийг нь аваад зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг (хх-48) зэргээр хүч хэрэглээгүй, нууцаар авсан гэх шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдсан болно.  

Гэмт хэргийн улмаас хохирогч ****гийн эрүүл мэндэд хүндэвтэр, 1,751,200 төгрөгийн эд хөрөнгийн, иргэний нэхэмжлэгч *** тээврийн хэрэгсэлд 210,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **** 2,186,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч **** 210,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн, хохиролд төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Хохирлоо барагдуулмаар байна” гэх мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч *** 2,396,900 төгрөгийг гаргуулж, хохирогч **** (Баянзүрх дүүргийн ***дугаар хороо, **** тоотод оршин суух, ****)-д 2,186,900 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н**** (Дархан-Уул аймгийн Дархан сум, **** *** тоотод оршин суух, ****)-д 210,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Харин хохирогч **** гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршигтай холбоотой (хөдөлмөрийн чадвар алдсан гэх 1,200,000 төгрөг) нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1 сар 15 хоногийн хорих ялаар сольж, нийт эдлэх хорих ялыг 2 жил 7 сар 15 хоногоор тогтоох саналтай. Шүүгдэгч ****өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээр зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольсон, 2020 оны 2 дугаар сарын 08-ны байдлаар 1 жил 11 сар 7 хоногийн ялыг эдлээгүй тул нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил, 6 сар, 22 хоногийн хугацаагаар тогтоох саналтай. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа буюу хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзан үзэж хаалттай дэглэмийг санал болгосон...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч ****нийт 2,396,900 төгрөгийн асуудал дээр маргахгүй, ойрын хугацаанд хуулийн завсарлага аваад төлөх боломж байгаа хэдий ч өөрөө цагдан хориотой байгаа учраас төлөх боломжгүй. Гэхдээ энэ мөнгө нь их хэмжээний мөнгө биш учраас хохирлын асуудлыг хүндээр битгий хараарай гэж хүсэх байна. Хохирол төлбөр төлөгдөөгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх асуудлыг хэрэглэх боломжгүй байна. Иймд улсын яллагчийн 4 жил, 6 сар, 10 хоногийн ялыг нэмэлгүйгээр шүүхээс энэрэнгүй ёсны зарчмаа баримтлаад нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож өгнө үү. Шүүгдэгч ****“би засармаар байна, дахиж гэмт хэрэг үйлдэхгүй” гэж өөрийн дуу хоолойгоор хэлсэн зэргийг харгалзан үзнэ үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ, хохирогчтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар хохирогчийн эрх, эрх чөлөөнд өшиглөх, цохих, үүрч унагах үйлдлээр хүч хэрэглэн халдаж гэмтэл учруулсан, улмаар эд зүйлийг хүч хэрэглэн авсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч ****гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар баримтаар 2,396,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилгүй, ар гэрийн байдал, ял эдэлж байгаа, хувийн байдал)-ыг тус тус харгалзан шүүгдэгч Г.Ариунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хорих ял тус тус оногдууллаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 45 хоног буюу 1 сар 15 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн энэ тогтоолоор нийт эдлэх ялыг 2 жил 7 сар 15 хоногийн хорих ялаар тогтоож, дээрх байдлаар тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

Шүүгдэгч ****урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 515 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жилийн хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/183 дугаар захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 25 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн суллагдаж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан нь хэрэгт авагдсан баримтуудаар (хх-120-124, 125) тогтоогдож байна.

Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021/ШЗ/2188 дугаар захирамжаар ялтан ****нь дүйцүүлэн сольсон 2 жил 5 сар 25 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас 1 сар 18 хоногийн ялыг эдэлсэн, эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 7 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр гүйцэтгээгүй, биелүүлэхээс зайлсхийсэн гэх үндэслэлээр мөн хугацаагаар хорих ял шийтгүүлж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 409 дүгээр хаалттай хорих ангийн Г.Ариунболдын “эдлээгүй үлдсэн ялыг 01 жил 11 сар 07 хоног гэж 2022 оны 2 дугаар сарын 08-ны байдлаар” ялын тооцоог гаргасныг улсын яллагч шүүхэд ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч **** энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 7 сар 15 хоногийн хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 515 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийт 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 07 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Г.Ариунболдын биечлэн эдлэх хорих ялын хугацааг 4 жил 06 сар 22 хоногоор тогтоолоо.      

Шүүгдэгч ***** 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 15 (арван тав) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хасах нь зүйтэй.  

Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ****хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***овогт **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г**** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 45 (дөчин тав) хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 (хоёр) жил 7 (долоо) сар 15 (арван тав) хоногоор тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **** энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 7 сар 15 хоногийн хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 515 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 07 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг нийт 4 (дөрөв) жил, 6 (зургаа) сар, 22 (хорин хоёр) хоногоор тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *** цагдан хоригдсон 15 (арван тав) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хассугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ****хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Ариунболдоос 2,396,900 төгрөг гаргуулж, хохирогч **** (Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ** **тоотод оршин суух, ***)-д 2,186,900 (хоёр сая нэг зуун наян зургаан мянга есөн зуу) төгрөг, иргэний нэхэмжлэгч **** (Дархан-Уул аймгийн Дархан сум, *** тоотод оршин суух, ****)-д 210,000 (хоёр зуун арван мянга) төгрөгийг тус тус олгож, хохирогч **** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой (хөдөлмөрийн чадвар алдсаны 1,200,000 төгрөг) нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР