Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/842

 

 

     2022          11          09                                     2022/ШЦТ/842

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: М.Анхбаяр /томилолтоор/,

Хохирогч: ***,

            Шүүгдэгч: ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205016202139 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, ***

Шүүгдэгч ***нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” төвд үйл ажиллагаа явуулах “Том хуушуур” цайны газарт хохирогч ***тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар шаазан аяга шидэж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь дух, зүүн доод зовхинд язарсан шарх, зүүн нүдний дотор булан, зовхины цус хуралт, хоёр бугалга, шуу, зүүн сарвуу, зүүн гуя, өвдөгт цус хуралт, баруун шууны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Намайг ажил дээр байхад ийм асуудал болсон. Таны бие ямар байна гэж нэг ч удаа асуугаагүй. Ажиллаж байсан тогооч ажлаасаа гарсан. Энэ хүнтэй хамт 2 эрэгтэй гурвуулаа орж ирсэн. Хар хувцастай залуу нь хэл амаар доромжилсон. Энэ эмэгтэй ширээн дээр байсан зүйлсийг буулгасан. Би гараа далайхад намайг барьж аваад түлхэж унагаасан. Өсгийтэй гутлаа нүүр лүү өшиглөсөн. Дараа нь аяга авч шидсэн. Миний үснээс зулгааж, толгой хагалсан. Нөхрийг нь бас яллагдагчаар татмаар байна. Нөхөр нь намайг цохисон. Хорооны байцаагч надад 50.000 төгрөг өгсөн. Яагаад өөрөө авчирч өгөөгүй вэ. Би хэвтрийн дэглэмтэй байсан учраас 2-3 хоногийн орлогоо алдсан. Нэг өдрийн орлого 500.000 төгрөг.  Нийт 1.500.000 төгрөг болж байгаан Гоо сайхнаараа хохирсон. Сорив арилгуулах эмчилгээний төлбөр хэд болох талаар нарийн сайн тодруулаагүй байгаа. Эн эмчилгээ хийлгэх шаардлагатай тул зардлаа нэхэмжилж байна” гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 23 цагийн орчим манай цайны газарт үл таних 3 хүн орж ирсэн ба 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байсан. Тэгээд 12 хуушуур, мөөгний салат, 2 аяга цай захиалсан. Би тэр гуравт цай аягалж өгсний дараа тогоочдоо гурил элдэж тусалсан. Тэр хүмүүс “ямар удаан юм бэ, хуушуур чинь болж байна уу” гэхээр нь болсон байсан 7 хуушуураа өгсөн. Тухайн үед хар хувцастай залуу намайг хэл амаар өдөөд байхаар нь би тогооч эгчид туслахаар хойшоо ороход тэнд байсан үл таних эмэгтэй ширээн дээр байсан бүх зүйлийг хамж унагаагаад босоод ирэхээр нь би хойноос гарч ирээд “яагаад хүний эд зүйл эвдээд байгаа юм” гэж хэлээд тухайн эмэгтэйг алагдах гээд гараа далайхад тэр эмэгтэй миний гарыг бариад намайг үстсэн. Газар тостой мөөгтэй цай асгарсан байсан болохоор би түүн дээр хальтраад унахад үл таних эмэгтэй надтай хамт хальтарч унасан. Тухайн үед намайг газар унасан байхад үл таних эмэгтэй миний дээрээс дэвсээд зодсон. Тэгээд би босоод ирэхэд миний дух, нүдний доод хэсгээс цус гарсан. ...Би гэмтлийн эмнэлэгт очиж дух, нүднийхээ доор оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-13/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр манай найз охин болох Янжинлхам манай ажлаас манай найз *** бид хоёрыг очиж авсан. Тэгээд бид гурав хоол идэх гээд хоолны газар хайж явсаар хорооллын эцэст “Том хуушуур” гэх газар руу орсон. Хоол захиалаад сууж байтал тухайн газрыг ажиллуулж байсан хүмүүс нь хэл ам хийгээд, хоолноос болж маргаан болсон. Тэгээд манай найз охиныг хэл амаар доромжлоод байхаар нь манай найз охин ширээн дээр байсан эд зүйлсийг газар унагаагаад ...тооцооныхоо мөнгийг авах гэсэн боловч мөнгийг чинь өгөхгүй гэсэн. Тэр эмэгтэй манай найз охиныг ирж алгадах гэхээр нь манай найз охин гарыг нь бариад түлхэхэд тухайн эмэгтэй газарт унасан. Тэгээд босож ирээд дайрахад манай найз охин хөлөөрөө жийж унагаагаад 3-4 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

Шинжээчийн 6097 тоот дүгнэлтэд: “...***ын биед дух, зүүн доод зовхинд язарсан шарх, зүүн нүдний дотор булан, зовхины цус хуралт, хоёр бугалга, шуу, зүүн сарвуу, зүүн гуя, өвдөгт цус хуралт, баруун шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Цаашид еөрнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Яллагдагчаар *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн өдөр өөрийн найз залуу болох Нанзаддорж, ажлын найз болох *** нартай хамт оройн 22 цагийн орчимд хорооллын эцсийн цайны газарт орсон. Тэгээд хоолоо захиалаад сууж байтал цайны газрын хүн нь ирээд хэрүүл маргаан үүсгээд, хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед би бухимдаад ширээн дээр байсан аяга тавагнуудыг түлхэж унагаасан. Аяган дотор цай байсан учир унаад шалан дээр халтиргаа үүссэн байсан. Би “төлсөн мөнгөө авъя, бид нар гарлаа” гэж хэлэхэд бид нараас дахин мөнгө нэхээд байхаар нь манай нөхрийн найз “мэргэжлийн хяналт дуудна” гэж хэлсэн. Тэгэхэд тэр цайны газрын эгч уурлаж босож ирээд намайг алгадах гэж далайхаар нь би гарыг нь барьж аваад буцаагаад түлхтэл бид хоёр шалан дээр давхралдаад унасан. Тэгээд нөгөө эмэгтэй миний үсийг зулгаахаар нь би босоод 2-3 удаа өшиглөсөн ба тухайн үед өсгийтэй гуталтай байсан учир гэмтэл учирсан. Би гарах гээд явж байхдаа ширээн дээр байсан шаазан аягыг шидэхэд нөгөө үл таних эгч босож ирж таараад оносон. Би тухайн хүний хохирлыг барагдуулна, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 74-75/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 36, 49-64/, хохирлын баримтууд /хх-н 68/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч ***нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” төвд үйл ажиллагаа явуулах “Том хуушуур” цайны газарт үйлчлүүлэх явцдаа хохирогч ***тай маргалдаж, улмаар түлхэж унагаан өшиглөх, шаазан аяга шидэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь дух, зүүн доод зовхинд язарсан шарх, зүүн нүдний дотор булан, зовхины цус хуралт, хоёр бугалга, шуу, зүүн сарвуу, зүүн гуя, өвдөгт цус хуралт, баруун шууны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***хохирогч ***тай маргалдаж, улмаар түүнийг зодож шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Янжилхамын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***нь хохирогч ***ийг цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс 3 өдрийн олох ёстой байсан орлого 1.500.000 төгрөг, мөн сорви арилгах эмчилгээний зардал нэхэмжилсэн ба хохирогчид эмчилгээний зардалд хэдэн төгрөгийн бодит хохирол гарах нь тодорхойгүй, хавтаст хэрэгт хохиролтой холбоотой түүнийг нотолсон баримт авагдаагүй тул зөвхөн хохирогчийн мэдүүлгээр дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байх тул хохирогч нь хохирол, хор уршгийн талаархи баримтаа жич бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Харин хавтаст хэрэгт баримтаар авагдсан томографикийн зураг авахуулсан 130.000 төгрөг, эм тариа авсан 52.300 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг нийт 190.300 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж хохирогч ***т олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу  жирэмсэн байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 190.300 төгрөг гаргуулж хохирогч ***т олгосугай.
  6. Хохирогч *** нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР