Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/948

 

 

 

 

 

 

   2022           12          15                                          2022/ШЦТ/948

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  *** хөтлөн,

Улсын яллагч: Ц.Сэргэлэнбаатар  

Шүүгдэгч: ***

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох 2205006972214 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс казах, эрэгтэй, *** настай, дээд боловсролтой, программ хангамж мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт *** дүүргийн *** хороо, *** хороолол, *** байрны *** тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй боловч *** дүүргийн *** хороо, *** хотхоны *** байрны *** тоотод түр оршин сууж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** овогт ***ийн *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “...2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** зочид буудлын *** рестораны зохион байгуулагчаар ажиллаж байх хугацаандаа байгууллагаас өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байгууллагын орлогын мөнгийг завшиж 2.430.426 төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “...2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***зочид буудлын*** рестораны зохион байгуулагчаар ажиллаж байх хугацаандаа байгууллагаас өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байгууллагын орлогын мөнгийг завшиж 2.430.426 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ы “.. гэм буруутай, маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205006972214 дугаартай хэргээс:

 

2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст *** ХХК-иас гаргасан гомдол /хх-ийн 12-13 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын хохирогчоор өгсөн “...*** нь зохион байгуулагчаар ажиллах хугацаандаа *** рестораны бараа материал, бэлэн мөнгийг хувьдаа завшсан. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 1.390.673 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тооллогоор 1.222.565 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 115.857 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тооллогоор 475.331 төгрөг, гар утасны 2021 оны 8, 9, 10 сарын төлбөр болох 44.700 төгрөг, байгууллагад өмсдөг саарал хослол 230.000 төгрөг, нийт 3.479.126 төгрөгийн  хохирол учруулсан. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр *** эзэмшлийн *** тоот дугаарын данснаас 700.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 2.779.126 төгрөгийг нэхэмжилж байна. Байгууллагыг хохиролгүй болгож өгнө гээд одоог хүртэл үлдэгдэл төлбөр төлөхгүй байна. Өмнө нь манай гар утасны төлбөр, дүрэмт хувцасны төлбөр, ПСР шинжилгээний мөнгө, Мартын 8-ын суутгал зэрэг хохирлыг нэмээд 2.779.126 төгрөг болж байсан. Тэрийгээ авах төлбөрөөс хасаад үлдэгдэл 2.430.426 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 27, 30 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын гэрчээр өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ***д холбогдох байгууллага хохироосон хохирлыг гаргаад өөрт нь болон захирлуудад танилцуулсан. *** өөрийн гэм буруугаа хүлээж, байгууллагад хүсэлт бичсэн. Хохирлоо сар бүрийн 15-ний өдөр төлнө гээд график гаргаад 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийг дуусгаж, байгууллагыг хохиролгүй болгоно гэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 700.000 төгрөг шилжүүлсэн, түүнээс хойш төлбөр төлөөгүй. Нийт 2.779.126 төгрөгийг төлүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 40 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***гийн гэрчээр өгсөн “...Анх ***ыг ажилд орсны дараа туршилтын 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Жинхлээд 2 дахь гэрээг байгуулсан. Дараа нь албан тушаал ахиулж, Эвент менежерээр гэрээ байгуулсан. Тэгээд зохион байгуулагчаар дахин гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,

 

***ы ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 49-51 тал/,

 

2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 44 дугаартай ***, *** ХХК-ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 58-59 тал/,

 

*** ХХК-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б-153 дугаартай ***тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /хх-ийн 61 тал/,

 

Ажилчинтай үүссэн авлагын тооцоо нийлсэн акт /хх-ийн 69-82 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ы яллагдагчаар өгсөн “...Байгууллагын орлогоос хувьдаа хүнс бараа, хэрэглээний зүйлс авдаг байсан. Би хохирлоо нөхөн төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 128 тал/,   

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 98 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 99 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 100 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ***д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч *** нь “...2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***зочид буудлын*** рестораны зохион байгуулагчаар ажиллаж байх хугацаандаа байгууллагаас өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байгууллагын орлогын мөнгийг завшиж 2.430.426 төгрөгийн хохирол учруулсан...” болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын мэдүүлгүүд, гэрч ***ын мэдүүлэг, гэрч ***гийн мэдүүлэг, ***ы ажлын байрны тодорхойлолт, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 44 дугаартай ***, *** ХХК-ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, *** ХХК-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б-153 дугаартай ***тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, ажилчинтай үүссэн авлагын тооцоо нийлсэн акт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

 

          Шүүгдэгч *** нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ***ы “...2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***зочид буудлын*** рестораны зохион байгуулагчаар ажиллаж байх хугацаандаа байгууллагаас өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байгууллагын орлогын мөнгийг завшиж 2.430.426 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ***ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч ***ы үйлдсэн хөрөнгө завших гэмт хэргийн улмаас хохирогч *** ХХК-д нийт 2.430.426 /хоёр сая дөрвөн зуун гучин мянга дөрвөн зуун хорин зургаа/-н төгрөгийн хохирол учирсан нь нөхөн төлөгдөөгүй болох нь тогтоогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч *** ХХК-д учирсан хохирол нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул хөрөнгө завших гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

Шүүгдэгч *** нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс нийт 2.430.426 /хоёр сая дөрвөн зуун гучин мянга дөрвөн зуун хорин зургаа/-н төгрөг гаргуулж хохирогч *** ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг  үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

   Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 /хоёр/ жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Баянгол дүүргийн бүс нутгаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч ***д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Баянгол дүүргийн бүс нутгаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ***д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ***аас 2.430.426 /хоёр сая дөрвөн зуун гучин мянга дөрвөн зуун хорин зургаа/-н төгрөгийг гаргуулж хохирогч *** ХХК-д олгосугай.

 

6. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ