| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 181/2017/02660/и |
| Дугаар | 31 |
| Огноо | 2017-12-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 31
МАГАДЛАЛ
2017.12.27 Дугаар 31 Улаанбаатар хот
Х.Х-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02660 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Х.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч У.З-д холбогдох, гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгийн хуваалгах тухай хэргийг
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц
Хариуцагч: У.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2009 оны 12 дүгээр сарын 11-ний өдөр Монгол улсад гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн Г-3373 дугаарт бүртгэгдсэн. Х.Х, У.З нарын дундаас 2007 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүү З-ын А, 2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр охин З-ын А, 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү З-ын Х нар тус тус мэндэлсэн, одоо 3 хүүхэд эрүүл саруул өсөн бойжиж байна. Х.Х нь өнгөрсөн хугацаанд У.З-той амьдрахдаа сэтгэл санаа болон эрүүл мэндийн хувьд маш их хохирол амсаж, эрх чөлөөнд минь халдаж хүчирхийлэлд өртөж байсан. Гэр бүлийн амьдралын хугацаанд 2009 онд “А т” ХХК-ийг барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 48 дугаар байрны 15 тоот хаягт байрлах 111 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг миний бие өөрийн Голомт банкны хадгаламжийн данснаас урьдчилгаа 40,000 ам.доллар гаргаж гэрээ байгуулж авч байсан. Мөн 2013 онд Ланд 200 маркийн авто машиныг гэр бүлийн хэрэгцээнд худалдан авсан одоо У.З-ын эзэмшилд байгаа. Хүүхдүүдийг зуны улиралд цэвэр агаарт гаргахад зориулан 2011 онд бий болсон зуслангийн 7x7 хэмжээтэй, 2 давхар өвөл, зуны байшин зэргийг хамтын амьдралын хугацаанд бий болгосон. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 3 хүүхдийн амжиргаанд зориулж эцэг У.З-с хүүхэд тус бүрт 400 000 төгрөгийн тэтгэлэг гаргуулах гэсэн боловч энэхүү хэсгийг хуульд заасан хувь хэмжээгээр тогтоолгохоор өөрчилж байна. Мөн эд хөрөнгө хуваалгах шаардлагын Сүхбаатар дүүрэгт байрлах, өмчлөх эрхийн гэрчилгээгүй 2011 онд бий болсон зуслангийн зориулалттай 7x7 хэмжээтэй, 2 давхар /өвөл амьдрах зориулалттай/ байшингаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлагаас татгалзаж, үлдэх эд хөрөнгө Ланд-200 автомашиныг үнэлсэн 70 000 төгрөгийн үнэлгээг 5 хүнд хуваахад 1 хүнд 14 000 000 төгрөг оногдож байх тул машиныг У.З-д үлдээж, түүнээс 56 000 000 төгрөгийг гаргуулж Х.Х.-д олгуулах, У.З нь байраа эхнэр, хүүхэддээ өгнө гэж маргахгүй байх тул уг байрыг Х.Х-ын өмчлөлд үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Өнгөрсөн хугацаанд миний бие эхнэр хүүхдүүдийнхээ төлөө өөрт байгаа бүхнээ зориулж байсан бөгөөд хүүхдүүдийнхээ сурлага, хүмүүжилд анхаарал халамж тавьж юугаар ч дутаахгүйгээр аз жаргалтай амьдрал хэвийн сайхан явсаар ирсэн. Эхнэр Х.Х-ын зан аашийн хувьд гэвэл их хартай, юмыг их төсөөлөн ургуулж боддог ба энэ байдлаас болж маргаан үүсгэж хэрүүл хийх явдал их гаргадаг байсан хэдий ч миний хувьд түүний энэ байдлыг өөрт нь ойлгуулахын тулд чамгүйгээр хичээж тайлбарласаар ирсэн. 2015 оны 12 дугаар сард Х.Х. нь мөн л дээрх байдлаар хий хоосон зүйл ургуулан бодож зохион, хэрүүл маргаан үүсгэж гэнэт надад хэлж мэдэгдэлгүйгээр АНУ-руу 3 хүүхдийг маань авч явсан бөгөөд би бүтэн нэг жилийн хугацаанд тэднийгээ маш ихээр үгүйлэн санаж ярьж холбогдох, царай зүсийг нь харах хүсэлтэй байгаагаа Х.Х.-д удаа дараа хэлж гуйж байсан. Ингээд 2016 оны 10 сард тэд бүгд Монголд ирсэн. Ингээд эхнэр хуүхдүүдээ тосохоор нисэх онгоцны буудал дээр очиход надтай худ ургийн холбоотой Ч.Б гэгч нь тосч авч байсан ба Х.Х. нь тэр хүнтэй дэр нэгтгэсэн байсныг олж мэдсэн, тэд өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа юм. Миний бие өнөөдрийг хүртэл яах ч учраа олж чадахгүй байгаа ба гэрлэлтээ цуцлуулах хүсэлтгүй байгаа. Бидний дундаас мэндэлсэн хүүхдүүдийн бүх зардлыг анхнаасаа өнөөдрийг хүртэл би гаргасаар байгаа ба Х.Х. нь ямар нэгэн орлогын эх үүсвэр байхгүй болно. Хүүхдүүдийн амьжиргааны тэтгэлгийг хуулиар зохицуулсан байдаг, хэрэв гэрлэлт цуцлахаар болбол миний хувьд хүүхдүүдээ өөр дээрээ авах хүсэлт гаргана. Гэр бүлийн дундын өмчийн хувьд гэвэл нэхэмжлэлд дурьдсан байр банкинд орон сууцны 15 жилийн хугацааны зээлтэй байгаа ба би зээлээ төлдөг юм, автомашины хувьд 2015 онд зараад мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан, Сүхбаатар дүүрэгт байрлах зуслангийн газар, байшин нь миний аав П.У-х бөгөөд өөрийнхөө хөрөнгө мөнгөөр авч байшин барьж биднийг зун тус байшиндаа гаргадаг байсан юм. Миний бие Х.Х-ын эрх чөлөөнд халдаж байсан удаа байхгүй, харин ч тэрээр өөрөө хардаж уурлан намайг цохиж авах явдал их байсан. Надад өөр эмэгтэй хүнтэй дотно харьцаа үүсгэсэн гэдэг нь худлаа. Бидний гэр бүлийг цуцлах үндэслэл шалтгаан байхгүй гэж үзэж байна. Эхнэрийг өөрийг нь байхгүйд гэр бүл цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэх нь миний 3 бага насны хүүхдийн эрх ашиг хөндөгдөх гээд байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд бид хоёр өөрсдөө байж байгаад үнэн мөнийг ярилцсан бол бидний асуудал тодорхой болох байсан. Гэтэл төлөөлөгчийн тайлбарласнаар миний гэр бүл, гурван хүүхдийн эрх ашгийг хөндүүлэх асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх нь учир дутагдалтай, илт хохирол учрахаар байгааг шүүх анхаарч үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан хариуцагч У.З-д холбогдох "гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгах тухай" Х.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288 000 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь нэхэмжлэлийн дээрх үндэслэлүүдийг үгүйсгэж маргаагүй, хариу тайлбар, татгалзалаа нотлоогүй, шүүхэд хүрэлцэн ирдэггүй, мөн эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийлгэхэд хүртэл ирээгүй, гэрлэлтээ цуцлуулахгүй байх талаар ямар ч санаачилга гаргаагүй, анхан шатны шүүх хуралдаан дээр шүүхийн хэлэлцүүлэгт гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж тайлбар хийсэн. Нэхэмжлэгч Х.Х, хариуцагч У.З нар гэрлэлтээ цуцлуулах талаар маргаагүй, зөвшөөрсөн, гэр бүлийн хүчирхийлэлтэй, гэр бүлээс гадуур хэн аль нь өөр хүнтэй хувийн харьцаатай болсон, тус тусдаа амьдарч 2 жил гаруй болсон талаар хэн аль нь шүүхэд тайлбарласан, цаашид хамт амьдрах боломжгүй байхад анхан шатны шүүх гэрлэгчдийн хүчээр амьдрахаар даалгаж байгаа нь үнэхээр харамсалтай. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нь Х.Х миний хэлсэн зүйлүүдийг "...эвлэрлэх ямар ч оролдлого У.З хийгээгүй, хүүхдүүдээ бодоод эвлэрлэх гэж би үзсэн болохгүй, бүтэхгүй юм байна лээ..." гэсэн үгийг минь "...эвлэрлэх бодолтой байна..." гэж буруу бичсэнд мөн харамсаж байна. Анхан шатны шүүх шийдвэртээ "Тэрээр, гэрлэгчдийн хэн нэг нь согтуурах болон мансуурах бодис байнга хэрэглэдэг, бэлгийн харьцаа тохирохгүй байх, гэр бүлийн гишүүдийг өөрийн эрхшээлд байлгахаар хүч хэрэглэж, биед нь халдах, айлгах, сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөж мөшгих, гэр бүлийн дундын өмчийг дангаар захиран зарцуулах, сэтгэл санаа, бие махбодь, эдийн засгийн байнгын хүчирхийлэл, дарамт үзүүлснээр гэр бүлийн бусад гишүүд, ялангуяа хүүхдэд ноцтой хор хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй байх нөхцөл байдал тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэнд гомдолтой байна. Харин У.Зоригт нь согтууруулах ундаа хэрэглэдэг шүүх бэлгийн харьцаа тохирохгүй нөхцөл байдал тогтоодоогүй гэсэн нь ойлгомжгүйн зэрэгцээ У.З нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Ланд 200 маркийн автомашинаа худалдсан гэж шүүхэд худал тайлбар гаргасан боловч нотлогдоогүй, хүүхдүүдийн хажууд зүй бус үг хэллэг хэрэглэдэг, бие биедээ үнэнч байгаагүй нөхцөл тогтоогдсоор байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Х.Х. нь хариуцагч У.З-д холбогдуулан, гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуваалгахаар нэхэмжилж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гэр бүл цуцлах шалтгаан байхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гэрлэгсэд 2006 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн байх ба 2009 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүү А, 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр охин А, 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Х нар төрсөн үйл баримт тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах үндэслэлээ гэр бүлийн хүчирхийлэлтэй байдаг, хариуцагч нь гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон гэж тайлбарласан бол хариуцагч нь Х.Х-ын эрх чөлөөнд халдаж байсан удаагүй, өөр хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгээгүй гэжээ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзнэ.
Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол нэхэмжлэлийг буцаах журмыг шүүх хэрэгжүүлээгүй байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авсан гэж үзэхээргүй байна. Учир нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 194 тоот тэмдэглэлд “...талууд хамт уулзах боломж бүрдээгүй байсаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаа дууссан” гэж эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэс болж байгаа нөхцөл байдлыг тодруулан тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй ба давж заалдах шатны шүүх энэ байдлыг нөхөн гүйцээх, залруулан зөвтгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
М.НАРАНЦЭЦЭГ