Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0696

 

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0696

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.М

Хариуцагч: М

Нэхэмжлэлийн шаардлага: М-ын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/07 дугаар тушаалаар Аудитын Ерөнхий менежер-ийг хассаныг, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалын хавсралтын Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, буцаан албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, итгэмжит түшээ ангиллын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, В.О, Б.А, Ж.Б, Ш.Ү, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.М миний бие Төрийн аудитын байгууллагад 2017 онд анх томилогдож Үндэсний аудитын газар, Нийслэл дэх төрийн аудитын газарт тус тус ажиллаж ирсэн.

                      2017 оны 01 дүгээр сард Үндэсний аудитын газрын Тамгын газарт шинжээч, Гүйцэтгэлийн аудитын газарт шинжээч;

       2017 оны 4 дүгээр сараас Нийслэлийн аудитын газарт дэд дарга, Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер;

       2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор;

       2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Нийслэл дэх Төрийн аудитын газрын дэд дарга бөгөөд тэргүүлэх аудиторын албан тушаалд /газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 02 дугаар сараас 5 дугаар сар хүртэл/ томилогдон ажилласан.

2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн М-ын Б/32 тоот Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалын дагуу Төрийн аудитын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжүүдийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалт шинэчлэн баталсантай холбогдуулан хавсралтад дурдсан Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан хаагчдыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс албан тушаалаас чөлөөлсүгэй гээд нийт 42 албан хаагчийг албан тушаалаас чөлөөлсөн.

Харин тухайн өдрийн дараагийн тушаалаараа Ерөнхий аудитор 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/33 тоот Албан хаагчдыг албан тушаалд томилох тухай тушаалаар 37 албан хаагчдыг томилсон. Ингэхдээ Нийслэл дэх Төрийн аудитын газрын дэд дарга намайг ямар нэг албан тушаалд томилохгүй үлдээсэн. Уг тушаалуудыг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Үндэсний аудитын газрын Тамгын даргын 03/388 тоот албан бичгээр мэдэгдсэн болно.

М-ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 дугаар тушаалаар Төрийн аудитын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, Үндэсний аудитын газрын, аймаг дахь Төрийн аудитын газрын, Нийслэл дэх Төрийн аудитын газрын зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжүүдийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг, орон тоо, албан тушаалын жагсаалтыг тус тус шинэчлэн баталсан.

Нийслэл дэх Төрийн аудитын газрын орон тоо, албан тушаалын жагсаалтыг 7 дугаар хавсралтаар батлахдаа нийт орон тоог 10-аар нэмж 55 болгосон, удирдлагад дарга-тэргүүлэх аудитор, аудитын ерөнхий менежер-тэргүүлэх аудитор тус тус байхаар баталсан байдаг. Өмнөх бүтцээс дэд дарга бөгөөд тэргүүлэх аудиторыг аудитын ерөнхий менежер-тэргүүлэх аудитор болгож өөрчилсөн боловч чиг үүргийн хувьд адил байсан.

Намайг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Үндэсний аудитын газрын 401 тоот өрөөнд дуудаж сонсох ажиллагаанд оруулсан. Сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг Үндэсний аудитын газрын Тамгын дарга Ц.Г гаргаж, Захиргаа хүний нөөцийн менежер Н.Э гардуулсан. Сонсох ажиллагааны үед би Бүтцийн бүдүүвчтэй танилцсан дэд дарга бөгөөд тэргүүлэх аудитор гэсэн албан тушаал маань шинэ албан тушаалын нэрээр аудитын ерөнхий менежер, тэргүүлэх аудитор гэсэн албан тушаал байгаа. Чиг үүрэг нь дэд даргын чиг үүрэгтэй яг адил байна. Дэд дарга бөгөөд тэргүүлэх аудитор бол Нийслэл дэх Төрийн аудитын газрын төрөлжсөн /санхүүгийн, гүйцэтгэлийн, нийцлийн/ хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг хянан удирддаг албан тушаал Төсвийн байнгын хорооноос, Их Хурлаас Төрийн аудитын байгууллагад 100 гаруй орон тоо нэмсэн. Орон тоо нэмж байхад эсрэгээр нь зарим хүмүүсийг чөлөөлөх, эрх зүйн байдлыг дордуулах гэж байгаа нь ямар учиртай байгааг хэлэх ёстой гэж бодож байна УИХ-аас 100 гаруй орон тоо нэмсэн байхад үүгээр далимдуулан зарим нэг хүнийг ажилгүй болгож байгаа нь байж болохгүй зүйл гэж тодорхой хэлж байсан. 

Гэтэл сонсох ажиллагаа явуулсны маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн М-ын А/07 тоот тушаалаар 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 тоот тушаалд өөрчлөлт оруулж, Аудитын ерөнхий менежер гэх албан тушаалыг хасч, аудиторын тоог нэмсэн байдаг.

Нийслэл дэх Төрийн аудитын газрын орон тоо 45 байсныг 55 болгон нэмэгдүүлсэн байхад 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг үндэслэн ажилд буцаан томилохгүй, өөр ажил, албан тушаал санал болгохгүй чөлөөлсөн нь төрийн албан хаагчийн нийтлэг болон нэмэгдэл баталгааг эдлүүлэхгүй Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн дээрх тушаал нь төрийн албан хаагчийг чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулахгүйгээр Төрийн албаны тухай хуульд байхгүй үндэслэлээр чөлөөлж, намайг хохироолоо. Энэхүү хууль бус актуудтай холбоотойгоор урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1038 дугаар албан бичгээр гомдлын хариу ирсэн.

Үндэсний аудитын газрын Тамгын даргын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 03/1073 дугаар албан бичгээр ахлах аудиторын албан тушаалыг надад санал болгосон. Үүнийг миний зүгээс Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаж байна гэж үзэхгүй байна.

Учир нь ахлах аудиторын албан тушаал нь миний урьд эрхэлж байсан Нийслэл дэх Төрийн аудитын газрын дэд дарга бөгөөд тэргүүлэх аудитор албан тушаалаас /Төрийн аудитын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-итгэмжит түшээ/ ангиллын хувьд өөр буюу ахлах түшээ ангилалд хамаарах бөгөөд үүнийгээ дагаад цалин хөлсний шатлал буурдаг. Иймээс санал болгосон албан тушаал нь төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаж байгаа явдал биш, хэлбэрийн төдийгөөр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж байна.

Түүнчлэн Нийслэл дэх Төрийн аудитын газрын дэд дарга бөгөөд тэргүүлэх аудитор Б.М миний 2020 оны ажлын гүйцэтгэл бүрэн хангалттай үнэлэгдэж Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Н-ын тушаалаар 12 дугаар сард урамшуулал авч байсан.

Мөн миний бие 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитороор ажилласан ба Д.З нь Монгол Улсын Ерөнхий аудитороор 2019 оны 5 дугаар сард томилогдож ирснээс хойш намайг байнга өргөдлөө өг гэж удаа дараа шаардаж, шахалт дарамт үзүүлж ирсэн бөгөөд надад мэдэгдэлгүйгээр миний орон тоон дээр томилох хүнийхээ ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг-ийг Авлигатай тэмцэх газраас хянуулж авсан байсан, мөн зөвхөн Б.М-ын ажлыг шалгах ажлын хэсэг байгуулж, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр албан тушаал бууруулах сонсох ажиллагаа зохион байгуулсан. Уг сонсох ажиллагаанд миний бие М-ын энэхүү хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж, хууль, хяналт шалгалтын зохих газруудад гомдол гаргана гэдгээ илэрхийлсний дараа Нийслэл дэх Төрийн аудитын газрын дэд дарга бөгөөд тэргүүлэх аудиторын албан тушаалд томилсон.

Иймд М-ын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/07 дугаар тушаалаар Аудитын Ерөнхий менежер-ийг хассаныг, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалын хавсралтын Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, буцаан албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, итгэмжит түшээ ангиллын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, миний хөдөлмөрлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, В.О нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М-ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 дугаар тушаалын хавсралтаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжүүдийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг баталсан.

Мөн М-ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар баталсан Үндэсний аудитын газрын харьяа Нийслэл дэх Төрийн аудитын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалт-д М-ын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/07 дугаар тушаалаар өөрчлөлт оруулж аудитын ерөнхий менежер-ийн албан тушаалын орон тоог хассан.

Төрийн аудитын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар аудитын ерөнхий менежер гэсэн албан тушаал уг хуулийн шинэчилсэн найруулгаар хасагдсан учраас Б.М-ыг Нийслэл дэх Төрийн аудитын газрын дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн.

Иймд Төрийн аудитын тухай хуульд заагаагүй албан тушаалд Б.М-ыг үргэлжлүүлэн ажиллуулах, түүнийг эгүүлэн томилох хууль зүйн үндэслэлгүй.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын дэд даргаар ажиллаж байсан Б.М-т Нийслэл дэх Төрийн аудитын газрын хоёрдугаар газрын ахлах аудитороор ажиллах саналыг тавьсан. Тус санал нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах, орон тоо хасагдсантай холбоотой албан хаагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үйлдэл байсан.

М Б.М-ыг албан тушаалд нь буцаан томилохгүй эс үйлдэл гаргаагүй, Үндэсний аудитын гарын Тамгын даргын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 03/1073 дугаар албан бичгээр санал хүргүүлснээр нотлогдож байна. Эндээс үзвэл нэхэмжлэлд дурдсан урьд эрхэлж байсан албан тушаалд буцаан томилохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох нь түүнийг бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэхээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалт нь албан тушаалын орон тоо буюу Төрийн аудитын тухай хуулиас аудитын ерөнхий менежерийн орон тоо хасагдаж уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийг тодорхой шалгуурыг харгалзан өөр албан тушаалд томилох зохицуулалт юм.

М-ын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/07 дугаар тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэрээр аудитын ерөнхий менежер-ийн албан тушаалын орон тоог хассан. Уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т заасан үндэслэлээр Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, орон тоонд орсон нэмэлт, өөрчлөлт байсан.

Нэхэмжлэгч нь анх төрийн албанд томилогдохдоо зохих журмын дагуу бус Төрийн албаны тухай хуулийн /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, М-ын 2007 оны 12 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэшлийн шалгалт авах болзол журам-ыг тус тус зөрчин томилогдсон байна. Тухайлбал,

                      Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, М-ын 2007 оны 12 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэшлийн шалгалт авах болзол журам-ын дагуу шалгалт өгөөгүй,

                      Монгол Улсын Их Хурлын 2009 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан төрийн захиргааны албан хаагчийн ангилал зэрэглэлийн дагуу М-ын 2014 оны 317 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан зэрэглэлээр АА-5 буюу төрийн жинхэнэ албаны ахлах түшмэл-ийн албан тушаалд шууд томилогдсон байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 7.3, 7.4, 7.9 дэх хэсэг болон Улсын Их Хурлын 2000 оны 20 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам-ыг зөрчиж, илтэд давуу байдал бий болгосон байдаг.

                      Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, 17 дугаар зүйлд заасныг зөрчиж томилогдсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үзэл баримтлалыг алдагдуулах нөхцөл байдлыг бий болгожээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр томилогдохдоо М-ын 2012 оны 35 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан шинжээчийн ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй байсан. Мөн Төрийн аудитын тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар Төрийн аудитын байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нь төрийн тусгай албанд хамаардаг бөгөөд гүйцэтгэх албан тушаалтныг Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.8-д заасан журмын дагуу сонгон шалгаруулж, түүнийг үндэслэн томилогдохоор зохицуулалттай юм.

Мөн удаа дараа зэрэг дэв ахиулан авч М-ын 2013 оны 204 дүгээр тушаалаар баталсан Төрийн аудитын байгууллагын албан тушаалын зэрэг дэв, нэмэгдэл олгох журам-ын 2.3, 2.7-д заасныг тус тус зөрчиж зэрэг дэв, цалин урамшуулал авсан байна.

М-ын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/50 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар Гүйцэтгэлийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудиторын албан тушаалын тодорхойлолт батлагдсан байна. Ийнхүү батлахдаа 2 өөр тодорхойлолт баталсан байх бөгөөд ажлын байрны үндсэн зорилт 1, 2 өөр өөрөөр томъёлогдсон, мөн тавигдах шаардлагын мэргэжил, мэргэшил, туршлага өөрөөр томъёлогдсон байна.

Б.М нь 2018 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр М-ын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.О-тэй үр дүнгийн гэрээ байгуулж батлуулсан байна. 2019 оны үр дүнгийн гэрээнд нийт 37 ажил үйлчилгээ тусгагдсанаас тусгайлан сонгосон 22 ажил үйлчилгээнээс 21 ажил тайлагнасан байхаас гадна Гүйцэтгэлийн аудитын газрын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.5.4-т заасан ажил үйлчилгээний биелэлтийг 2019 оны 3 дугаар улирлын үр дүнгийн гэрээний биелэлтэд тайлагнаагүй байна.

М-ын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/45 дугаар тушаалаар баталсан Аудитын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай тушаалын 2-т Төрийн аудитын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө болон 2019 онд албан хаагчтай байгуулсан үр дүнгийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төлөвлөгөөт аудитын цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, аудитын ажлын явцад байнгын хяналт тавин ажиллахыг төрөлжсөн болон орон нутаг дахь Төрийн аудитын байгууллага хариуцсан орлогч бөгөөд тэргүүлэх аудитор, төрөлжсөн болон аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын захирал, дарга нарт үүрэг болгосон байна. Тус чиг үүргийн дагуу Б.М нь үр дүнгийн гэрээг шинэчилж батлуулаагүй байна.

М-ын 2019 оны А/101 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс Б.М-ын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн байдлыг шалгаад 1/ төрийн албаны мэргэжлийн шалгалтад орж тэнцсэн гэсэн баримт байхгүй, 2/ албан тушаалын тодорхойлолтын үндсэн зорилт 1, 2 өөрөөр томъёлогдсон, 3/ үр дүнгийн гэрээг шинэчилж батлуулаагүй, 4/ М-ын 2018 оны А/221 дүгээр тушаалаар баталсан Аудитын чанарын хяналтын журам-аар хүлээсэн хянан удирдах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, 5/ Гүйцэтгэлийн аудитын газрын хамт олныг аудитын мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаагүй байна.

Тус ажлын хэсгээс Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-т заасны дагуу албан тушаал бууруулах саналыг танилцуулсан.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны тогтоолоор Төрийн аудитын байгууллага 2019 онд 32 аудитын батлагдсан сэдвийн хүрээнд 4231 аудитыг төлөвлөж гүйцэтгэснээс Б.М хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлж 6 аудитыг хийж гүйцэтгээгүй.

Төрийн аудитын байгууллагад 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 21-нийг хүртэл ажиллахдаа 6 албан тушаалд томилогдсон байх бөгөөд албан тушаал бүрийг хувийн ашиг сонирхлоор хандан өөртөө давуу байдал бий болгож ажил албаны шатлалгүй алгасан ахиж, зэрэг дэв цалин урамшууллыг хууль журам зөрчин авч, ажилд ороод 1 жил 10 сарын дараа 2018 оны 12 дугаар сард ямар нэг өргөдөл хүсэлт гаргалгүй, шаардлага шалгуурыг хангаагүй атлаа 25 сая төгрөгийн нийгмийн асуудал шийдвэрлүүлсэн, эхнэр Ц.Т-г Үндэсний аудитны газартай гэрээ байгуулан ажиллуулж, энэ хугацаандаа тухайн үеийн Ерөнхий аудиторын туслахаар давхар ажиллуулсан байна. Энэ нь 2003 оны Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д заасныг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Б.М нь Гүйцэтгэлийн аудитын газрын захирлаар томилогдоод өөрийн хариуцсан чиг үүргийн ажлыг хэрэгжүүлэхгүй атлаа ажлын өдөр, ажлын цагаар газрынхаа албан хаагчдыг амралтын газар авч яван, архидан согтуурсан зүй бус үйл ажиллагаа явуулж, ёс зүйгүй үйлдэл гаргасан. Түүний энэхүү үйлдлийг Ёс зүйн зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар хэлэлцэн түүнд үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, холбогдох хууль, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах талаар хурлын тэмдэглэлээр анхааруулж шийдвэрлэсэн байна.

Дээрх байдлаар төрийн жинхэнэ албан хаагч өөрөө холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчин төрийн албанд анхлан томилогдож, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь төрийн хуулийг үл хүндэтгэн түүнийг сахин биелүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл гэж үзэж байна.

Иймд Б.М-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, М-ын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалын Б.М-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М-с М-т холбогдуулан гаргасан М-ын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/07 дугаар тушаалаар Аудитын Ерөнхий менежер-ийг хассаныг болон 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалын хавсралтын Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, буцаан албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, итгэмжит түшээ ангиллын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

М-ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар  Нийслэл дэх Төрийн аудитын газрын зохион байгуулалтын бүтцийг, 6 дугаар хавсралтаар орон тоо, албан тушаалын жагсаалтыг  Удирдлага, 1.Дарга, тэргүүлэх аудитор, 2.аудитын ерөнхий менежер-тэй байхаар тус тус  баталсан байна. 

Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дээрх тушаалтай холбогдуулан захиргааны шийдвэр гаргах болсон учир нэхэмжлэгч Б.М-той сонсох ажиллагааг биечлэн явуулжээ.

Улмаар М-ын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/07 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын орон тоо, албан тушаал баталсан А/02 дугаар тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2.аудитын ерөнхий менежер гэснийг хасч, Нийслэл дэх Төрийн аудитын газрын зохион байгуулалтын бүтцийг баталсан байна.

Төрийн аудитын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д М энэ хуулийн 24.2-т заасны дагуу батлагдсан орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын зохион байгуулалт, бүтэц, түүний чиг үүрэг, орон тоог батална., 25 дугаар зүйлийн 25.1-д Төрийн аудитын байгууллагад М, түүний орлогч, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч ажиллах бөгөөд тэдгээр нь төрийн тусгай албан хаагч байна., 25.3-д Төрийн аудитын тэргүүн түшээ ангиллын албан тушаалд М, төрийн аудитын шадар түшээ ангиллын албан тушаалд М-ын орлогч, төрийн аудитын итгэмжит түшээ ангиллын албан тушаалд төрийн аудитын байгууллагын тэргүүлэх аудитор, төрийн аудитын зөвлөх түшээ ангиллын албан тушаалд төрийн аудитын байгууллагын аудитын менежер, төрийн аудитын ахлах түшээ ангиллын албан тушаалд төрийн аудитын байгууллагын ахлах аудитор, ахлах шинжээч, төрийн аудитын түшээ ангиллын албан тушаалд төрийн аудитын байгууллагын аудитор, шинжээч тус тус хамаарна. гэж заажээ.

Хуульд Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын бүрэлдэхүүн, ангиллыг тодорхой заасан байх бөгөөд М Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц зохион байгуулалт, орон тоо, албан тушаалын жагсаалтыг батлахдаа хуульд байхгүй нэрээр батлагдсан  Аудитын ерөнхий менежер-ийг хасч, бүтэц орон тоонд өөрчлөлт оруулсан М-ын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/07 дугаар тушаал нь хуульд заасан эрхийнхээ дагуу гаргасан, хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар төрийн аудитын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжүүдийн үндсэн чиг үүрэг үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалт шинэчлэн баталсантай холбогдуулан Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан хаагчдыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс албан тушаалаас чөлөөлсний дотор дэд дарга бөгөөд тэргүүлэх аудитор Б.М багтжээ.

Маргаан бүхий Б/32 дугаар тушаалд хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана: 62.1.3.төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах; 62.1.4.төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох. гэж заасныг удирдлага болгосон боловч төрийн жинхэнэ албан хаагч нэхэмжлэгч Б.М-ын хуулийн заалтад заасан баталгааг эдлүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэлд тусгагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц орон тоо шинэчлэн батлагдсанаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан дэд даргын орон тоо өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдсан, чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэхийг дүгнэсний үндсэн дээр түүнийг цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох талаарх хуульд заасан баталгааг хариуцагч хангаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгчийн хуульд заасан баталгаагаар хангагдах эрхийг эдлүүлэх шаардлагатай байх бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн хуульд заасан аль баталгааг эдлүүлэх нь албан тушаалтны бүрэн эрх тул энэхүү нэмж тодруулах зүйл нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг хуульд заасан баталгааг хэрхэн эдлүүлэх буюу цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээс өмнө шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд М-ын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалын хавсралтын Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, буцаан албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, итгэмжит түшээ ангиллын албан тушаалд эгүүлэн тогтоох асуудлыг дүгнэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх; гэж зааснаар хариуцагч М-ын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалын хавсралтын Б.М-т холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэн сонсох ажиллагаа явуулж, албан тушаалантан болон албан хаагч ойлголцох санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн аудитын тухай 24 дүгээр зүйлийн 24.3, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан М-ын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалын хавсралтын Б.М-т холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд М-ын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалын хавсралтын Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.ДАМДИНСҮРЭН