Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2024/0461

 

 

 

 

“М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “М*******” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/627 дугаар захирамжийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 128/ШШ2024/0300 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2023/0769/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “М*******” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/627 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 128/ШШ2024/0300 дугаар шийдвэрээр: 

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг баримтлан М*******” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/627 дугаар захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 189 дугаар захирамжаар “М*******” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухай шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчин, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалгүйгээр маргаан бүхий 6 га газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус байх тул Нийслэлийн Засаг дарга 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/627 дугаар захирамжаар хууль бусаар газар эзэмших эрх олж авсан “М*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

3.2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийн 1 дэх хэсэгт Нийслэлийн Засаг дарга “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт  заасан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана” гэснийг зөрчсөн” гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан тул доод шатны захиргааны байгууллага буюу дүүргийн Засаг даргын хууль бус шийдвэрийн үндсэнд олгогдсон “М*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар олгогдсон.

3.3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийн 3 дахь хэсэгт ”...шүүхээс маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахдаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн” гэсэн нь шүүгч хэргийн нөхцөл байдлыг үнэлэхдээ “М*******” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 189 дугаар захирамж хуульд нийцсэн эсэхийг тодруулаагүй, мөн газар эзэмших эрхийг зөвхөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр л хүчингүй болгоно гэж тайлбарласан нь шүүгч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн үндэслэлийг явцууруулан тайлбарласан байна. Захиргааны байгууллага гаргасан алдаагаа өөрийн тогтолцоондоо засах боломжийг Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуулийн 61.1 дэх хэсгээр олгосон атал шүүгч энэ талаар авч хэлэлцээгүй байгаа нь хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэл болж байна.

3.4.Шүүгч шийдвэртээ Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай А/915 дугаар захирамжийг буруу тайлбарлаж, “...Газрын тухай хууль зөрчиж, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон шийдвэрийг газар эзэмшигч, ашиглагчийн эрх ашгийг харгалзан үзэж газар эзэмшигчид олгож болно” гэж тайлбарласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчиж, эрх зүйн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан зохицуулалт, “М*******” ХХК-д эзэмшүүлсэн газрын хэмжээнээс тус тус үзэхэд анхнаасаа нэхэмжлэгчид 6.0 га газрыг эзэмшүүлэх асуудлыг дуудлага, худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар шийдвэрлэх ёстой байсан боловч Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 189 дүгээр захирамжаар дээрх газрыг “…их хэмжээний хур хог, барилгын материалын үлдэгдлээр бохирдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэн тохижуулсан…” гэсэн үндэслэлээр хуульд заасан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр орон сууцны барилга барих зориулалтаар олгосноос хойш шийдвэрт дурдсанчилан дүүргийн Засаг даргын 2014 оны А/193, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1283 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан, тухайлбал сүүлийн сунгалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон, нэхэмжлэгчээс ч маргаан бүхий захирамж гарах хүртэлх газрыг төлбөрийг бүрэн төлсөн байна.

Шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2023 оны А/267 дугаар захирамжийг хүчингүй болгохдоо хариуцагчийг “М*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох “эрхгүй” гэж огт буруутгаагүй, гагцхүү нэгэнт хуульд заасан журмын дагуу газрыг анхнаас нь эзэмшүүлээгүй нийтлэг зөрчлийг, өөрөөр хэлбэл зөвхөн нэхэмжлэгч ч бус өөр иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэх зорилгоор гаргасан нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/307, мөн өдрийн “Газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309, түүнчлэн эдгээр захирамжийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн А/915 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, тухайлбал нэхэмжлэгчид дуудлага худалдааны анхны үнэ болох 633.093.120 төгрөг төлөх боломжийг бүрэн олголгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосныг хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлтэй юм.

Учир нь газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхтэй холбоотой дээрх захирамжуудад дуудлага худалдааны анхны үнийг хэрхэн тогтоох, эзэмших, ашиглах газрын хэмжээнээс хамаарч төлбөрийг хэрхэн төлүүлэх, төлбөр төлөх мэдэгдлийг хэрхэн өгөх, цаашлаад төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд гарах үр дагаврын талаарх харилцааг зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн тухайд эдгээр захирамжтай маргаагүйгээр үл барам дуудлага худалдааны анхны үнэ болох дээрх төлбөрөөс 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 33.0 сая, мөн оны 8 дугаар сарын 27-ны өдөр 100.0 сая, 9 дүгээр сарын 30-ны өдөр 10.0 сая, нийт 143.0 сая төгрөгийг төлсөн, мөн үлдсэн 490.093.120 төгрөгийг төлөхөөс татгалзаагүй, төлөхгүй гэж маргаагүй байна.

Гэтэл нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 01-09/4486 дугаар албан бичгээр “…дуудлага худалдааны үнийг бүрэн төлж барагдуулаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн…”-ийг мэдэгдсэн, нэхэмжлэгчээс мөн оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хариу албан бичигтээ “…орц, гарцыг хэн хаасан нь мэдэгдэхгүй нөхцөл байдлын улмаас 2 жил орчмын хугацаанд эзэмшил газартаа орж ч чадахгүй байсантай холбогдуулж нийслэлийн Засаг даргад болон шүүхэд хандсан талаар, мөн Ковид цар тахлын улмаас хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх боломж байгаагүй талаар, гэсэн хэдий ч газрын дуудлага худалдааны анхны үнийг хуваарын дагуу төлж барагдуулж байгаа…” талаар тус тус дурдсан байхаас гадна Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 02/727 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авчээ.

Түүнчлэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандаж үүссэн дээрх нөхцөл байдлын талаар, мөн орц, гарц хаасан асуудлаар Хан-уул дүүргийн болон нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст удаа дараа гомдол, хүсэлт гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

2.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нийт 7 тохиолдлыг тодорхойлсон, гэвч маргаан бүхий захирамжид эдгээрийг бус харин газар эзэмших шийдвэр гаргахад баримтлах журмын талаарх уг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-ыг үндэслэснийг буруутгах боломжгүй, өөрөөр хэлбэл анхнаасаа хуульд заасан журмаар олгогдоогүй газар эзэмших эрхийн гэрчилгээг энэхүү үндэслэлээр хүчингүй болгох тохиолдолд 40 дүгээр зүйлд заасан зохицуулалт хэрэглэхгүй.

Түүнчлэн уг хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, …зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө …уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх” гэсэн төрөөс газрын талаар баримтлах зарчмын хүрээнд нэг талаас Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, нөгөө талаас газар эзэмшигч, ашиглагчийн эрх, ашиг сонирхлыг хууль ёсны болгох зорилгоор газрын дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлүүлэхээр шаардах, төлөөгүй, эсхүл төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд хариуцагчаас хуулийн эдгээр зохицуулалтын хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй.

Харин энэ тохиолдолд уг эрхээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчээс дуудлага худалдааны үнийг хэсэгчлэн төлсөн болон бусад бодит нөхцөл байдлыг үл харгалзан захирамж гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дуудлага худалдааны үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу тухай бүр нь бүрэн төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн, мөн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноор дуудлага худалдааны үлдэгдэл төлбөрийг шаардан авах хариуцагчийн эрхийг огт хязгаарлахгүй болохыг тус тус тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                        З.ГАНЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                          Г.МӨНХТУЛГА

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН