Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
Хэргийн индекс | 130/2016/0059/Э |
Дугаар | 2016/ШЦТ/059 |
Огноо | 2016-11-01 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2016/ШЦТ/059
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Х.О,
орчуулагч: П.Б,
улсын яллагч: Х.Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н,
шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн С овогт Хын Дд холбогдох эрүүгийн 201604000220 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Х.Д: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, С овогт Хын Д, ****регистрийн дугаартай, 1985 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, ам бүл-5, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын** дүгээр багт оршин суудаг, урьд 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 57 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар шигтгүүлж, мөн 2 жилийн тэнсэн харгалзсан, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Х.Дын холбогдсон гэмт хэргийн талаар:
2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Цэнгэл сумын 9 дүгээр багийн иргэн Я.Мийг тус сумын 6 дугаар багийн иргэн Х.Д “чи намайг гуйлгачин гэж хэллээ” гэж гэрт нь очиж хэрүүл, маргаан гаргаж зүүн талын гарын эрхий хурууг нь хазаж, зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Х.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, архи уухгүй, миний ар гэрийн байдал хэцүүдэж байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг,
- Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нын шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хүсэлт, Д.А, Д.А, Д.Ж нарын төрсний бүртгэлийн лавлагаа,
- Хохирогч Я.Мий хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 25-ны оройн 21-22 цагийн үед байх цагийн нь сайн мэдэхгүй байна би гэрт сууж байсан чинь гаднаас Х.Д гэдэг залуу согтуу манай гэрийн үүдэнд орж ирээд ээжид Мийг дууд би тэрнийг ална гэхэд ээж тэрнийг дотогш оруулаагүй, аргалаад явуулсан чинь тэр миний унтлагын өрөөний цонхны урд ирээд “чи муу новш наашаа гараад ир” гэж хашгираад би гарахгүй болохоор буцаж гэрлүү ирж 2-3 удаа тэгж хашгираад орох гэхэд ээж тэрнийг гэрт оруулаагүй тул ээжийг түлхэж хаяад гэрт ороод ирэхэд би урдаас нь гараад ирсэн чинь чи муу намайг хүмүүст гуйлгачин гэж хэлдэг хэн юм бэ гээд дайрахаар нь би тэрэнд тэгж хэлээгүй, хүмүүсийн хов живэнд битгий итгэ гэсэн. Тэр үед надад агсам тавьж урдаас зодох гэж гүйхээр нь би ч гэсэн өөрийгөө хамгаалах гээд урдаас нь очоод нэгийгээ барьж авч хоолойноос боож ноцолдож байхад гаднаас Дын ээж болон бэр эгч нь орж ирээд бид нарыг салгаж байхад тэр хүч өгөхгүй миний эрхий хурууг хазаж гэмтэл учруулсан. Би ёоо гээд хашгираад гараа бариад цусыг нь урсгаад сууж байхад Х.Дыг ээж болон бэр эгч нь салгаад гадаа гаргаад явсан. Цагдаа дуудсан чинь ахлагч Г.Н ирээд болсон явдлыг хараа намайг дагуулж эмчид аваачаад боолт хийлгүүлээд буцаад дагуулж цагдаагийн байранд ирээд Х.Д бид хоёр үлээгээд намайг гэрт хүргэж өгөөд харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,
“... Асуулт: Та эмчилгээнд зарцуулсан 90000 төгрөгийг хаанаас авсан вэ , танд тэр талаар ямар нэгэн нотлох баримт байна уу ?, хариулт: Тэрүүнд гаргаж өгөх надад нотлох баримт байхгүй. Би тэрнийг нэхэмжлэхгүй болилоо. Ямар ч байсан эмчид үзүүлсэн минь үнэн. Харин өөрийнхөө машинд бензин хийж жолооч хөлсөлж авсан минь үнэн. Асуулт: Танд өөр хэлэх зүйл болон гомдол, нэхэмжлэх зүйл бий юу ?, хариулт: Надад өөр санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Сгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 21 цагийн үед гэрт сууж байхад гаднаас хөрш айлын залуу Х.Д согтуу орж ирээд Я.М хаана байна "би тэрнийг ална" гэхээр нь би тэр залууд Я.М амарч байна, чи гараад явчих гээд хэд хэдэн удаа аргалаад гаргасан. 4-5 удаа гэрт орж ирээд хамгийн сүүлд намайг түлхэж гэрт орж ирэхээр нь урдаас нь миний хүү М ч гарч ирээд тэр хоёр хоорондоо зодолдож байхад М чангаар хашгирсан. Яасан бэ гэхэд миний гарыг Х.Д хазаад авлаа гэхээр нь яахаа мэдэхгүй зогсож байхад гаднаас Х.Дын ээж нь болон бэр эгч нь орж ирээд тэр хоёрыг салгаад Х.Дыг гадаа дагуулаад гаргаад явсан. Байж байгаад нэг цагдаа ирээд болсон явдлыг сонсож мэдээд Мийг дагуулж эмнэлэг рүү аваад явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
- Гэрч М.Сы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 25-ны орой Я.Мий машинд Х.Д, Я.М нартай хамт 1 шил архи уусан ба нилээд согтсон байсан. Машин дотор би байхад Х.Дыг Я.М нүдрүү нь цохиж зодож гуйлгачин гэж хэлснийг сонсоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
- Гэрч К.Гы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хадам ээжийн хамт Я.Мий гэрт очсон минь үнэн. Гэхдээ ямар нэгэн зодоон цохионыг хараагүй. Тэд нар ноцолдож байхад салгасан. Я.Мий гарнаас цус гоожиж байхыг хараад ороож өгөх гэхэд алчуур олоогүй. Х.Дыг Я.М гуйлгачин гэж хэлснийг болон зүүн талын нүдрүү нь цохисныг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 460 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “... 1.2. Иргэн Я.Мий биед зүүн талын гарын эрхий хуруунд хавдартай, хумсгүй, идээлж шархалсан, хурууны 2 шивнүүрийн үе бүхэлдээ хавагнаж шархалсан, хурууны үений хөдөлгөөн хязгаарлагдсан зөөлөн эдийн няцралттай.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ирмэг бүхий зүйлээр үйлчлэлээр үүссэн болно.
4. Дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно.
5. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно.
6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сүр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.
7. Гэмтлийн хор уршиг үлдэцийг дахиж тогтоож болно” /хх-ийн 14 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Х.Дыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 21-24 дүгээр хуудас/,
- Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 25 дугаар хуудас/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/,
- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 43-53 дугаар хуудас/,
- Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
- Прокурорын тогтоол /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулсан, хэрэгт хамааралтай гэж үзэв.
Шүүгдэгч Х.Д нь согтуугаар 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 21-22 цагийн үед Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн иргэн Я.Мий гэрт нь орж “чи намайг гуйлгачин гэж хэллээ” хэмээн хэлж, таарамжгүй харьцаа үүсгэж, улмаар түүний зүүн талын гарын эрхий хурууг нь хазаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Х.Дд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Тухайн хэрэгт хууль сануулан авсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үзэв.
Хохирогч Я.Мий биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Шүүх шүүгдэгч Х.Дд ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10/, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12/ ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон харгалзан үзлээ.
Шүүгдэгч Х.Д нь “Я.М миний нүд рүү цохиж гэмтээсэн” гэх мэдүүлэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийсэн боловч нотлох баримтаар үгүйсгэгдэн прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Х.Д нь Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 жилийн хорих ял авч, 2 жилээр тэнссэн, мөн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж 2016 оны 4 дүгээр сарын 1-нд суллагдсан бөгөөд уг ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл оногдуулахад харгалзан үзлээ.
Хохирогч Я.Мий хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчоор байцаагдсан тэмдэглэлд: “... Асуулт: Та эмчилгээнд зарцуулсан 90000 төгрөгийг хаанаас авсан вэ , танд тэр талаар ямар нэгэн нотлох баримт байна уу ?, хариулт: Тэрүүнд гаргаж өгөх надад нотлох баримт байхгүй. Би тэрнийг нэхэмжлэхгүй болилоо. Ямар ч байсан эмчид үзүүлсэн минь үнэн. Харин өөрийнхөө машинд бензин хийж жолооч хөлсөлж авсан минь үнэн. Асуулт: Танд өөр хэлэх зүйл болон гомдол, нэхэмжлэх зүйл бий юу ?, хариулт: Надад өөр санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлснийг үндэслэн хохирогч төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч нь гэм хорын улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж байна.
Хавтаст хэргийн 61 дүгээр хуудсанд казах хэлээр бичигдэн баримтыг хэн бичиж, хэн өгсөн, түүнийг хэн хүлээн авсан нь тодорхойгүй, мөрдөн байцаагч, прокурор нь хуульд заасан журмын дагуу нотлох баримтаар бэхжүүлж аваагүй, мөн хууль сануулан орчуулагч томилсон тогтоолгүй мөртлөө орчуулга хийсэн, хэн орчуулаад байгаа нь тодорхой бус, үнэн зөв эсэхэд эргэлзээтэй байна. Иймд дээрх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлэх боломжгүй юм.
Шүүгдэгч Х.Дын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хор уршиг, хохирлын хэмжээ, гэр бүлийн байдал, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ялыг сонгон хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ. Гэвч ялтай байх хугацаандаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэн тул улсын яллагчийн ялын санал болгосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурьдаж байна.
Шийтгэх тогтоолын биелэлтийг хангах зорилгоор шүүгдэгч Х.Дын өмч болох Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9-р багт байрлах хувийн орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Дын иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн ургийн овог нь сэжигтэн, яллагдагчаар татах тогтоол, байцаалтанд Санырау гэж авагдсан боловч улсын бүртгэлийн лавлагаа, иргэний цахим үнэмлэхэд С гэсэн байх тул “С” нь үнэн гэж үзнэ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290 дүгээр зүйлийн 290, 291, 292, 294-299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Хын Дыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Х.Дыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1152000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.Д нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Х.Дын өмч болох Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9-р багт байрлах хувийн орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Х.Дын иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Дд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулсан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ