Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/850  

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч М.Сумъяа, хохирогч *******, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, шүүгдэгч*******, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч******* овогт*******ын*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210023831193 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр******* аймгийн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодизийн инженер мэргэжилтэй, хэмжилтийн инженер ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Улаанбаатар хот,******* дүүрэг, 25 дугаар хороо,******* хотхоны 147-59 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,******* овогт*******ын******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Нацагдорж нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, шинэ гүүрний орчим иргэн *******тай таксины төлбөртэй холбоотой асуудлаас үүдэн маргалдаж улмаар нүүр хэсэг рүү нь толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь зүүн 1, 2 дугаар үүдэн шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг:

 

          Хохирогч *******: “...Тухайн өдөр ажлаа тараад өөрийнхөө тээврийн хэрэгслээр таксинд явсан, авч байгаа цалин маань хүрэлцэхгүй, оройдоо ингэж халтуур хийдэг, тэгээд Натур төвийн орчмоос хоёр хүн аваад орно гэсэн, замаараа нарны замаар дайрна гэсэн, суусан хоёр хүний нэг нь буух гэж байсан, тэгээд нарны замд ирэхэд буухаа болиод шууд цаашаа орсон, тэгээд таксины  төлбөр 10,000 төгрөг болсон гэхэд өөр нэг машинаас энэ залуу бууж ирээд адилхан хоёр машин яваад энэ машин 6,000 төгрөг гарахад чи яахаараа 10,000 төгрөг болдог юм бэ гээд над руу дайраад намайг цохиж зодсон, найзууд нь ирээд салгасан, намайг зодоод миний дээд шүд унасан, тэр шүд хиймэл байсан, тэр шүдний хоёр талын 2 шүд суларсан, шүдээ янзлуулахаар эмнэлэгт хандахад имплант суулгана, нийлээд 7,200,000 төгрөг болно гэсэн, мөнгөний боломжгүй учир хийлгэж чадаагүй, энэ залуу надтай утсаар холбогдож миний биеийг асуугаагүй, уучлал гуйгаагүй, гуйх байх гэж бодсон ч тэгээгүй, эмчилгээний зардалд 218,000 төгрөг гарсан, шүд хийлгэх зардал болон гарсан зардалтайгаа нийлээд 7,418,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

          Шүүгдэгч Б.Нацагдорж: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хохирогчоос уучлал гуйх боломж гараагүй, мөрдөгч та хоёрыг хамт дуудна гээд надад утасны дугаарыг өгөөгүй, баримтаар гарсан зардлыг өнөөдөр төлөхөд бэлэн байна, баримттай зардлыг төлнө, ирээдүйд гарах 7 сая төгрөг арай их байна, надад торгуулийн ялыг багаар оногдуулж өгнө үү...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...2022 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-ны шилжих шөнө өөрийн 01-37 УНЛ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр таксинд явж байгаад 04 цагийн үед******* дүүрэгт байрлах Санан дурсахуй баарны гаднаас таксинд хоёр хүн аваад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороогийн хойно гүүрний баруун талд хашааны үүдэн дээр зогсоод 6 км гарсан бөгөөд тооцон 10,000 төгрөг болсон, гэтэл өөр таксинаас нэг залуу бууж ирээд хэд гарсан бэ гэхээр нь 10,000 төгрөг гарсан гэж хэлсэн чинь “буугаад ир яагаад 10,000 төгрөг гардаг юм миний такси 6000 төгрөг гарсан” гэж хэлээд намайг заамдаад нүүр лүү нэг удаа мөргөсөн бөгөөд миний үүдэн хиймэл шүд хугаран унасан. Найзууд нь салгаад авсан ...Миний машинд хоёр хүн суусан намайг мөргөсөн залуу өөр таксинаас бууж ирсэн. Тухайн залуус бүгд согтуу байсан ...Миний үүдэн шүд унаж, хажуу талын 3 шүд суларсан байгаа өөр гэмтэл учраагүй...” /хавтаст хэргийн 11-12 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажлын хамт олны хамт Натурт байрлах Санан дурсахуй ороод тус газраас 03 цагт гараад  2 такси аваад хуваагдаж суугаад ажлын газар болох Замын цагдаагийн шинэ гүүрэн дээр ирсэн, миний суусан таксины төлбөр 6000 төгрөг болсон. Би бууж ирээд арын машины тооцоог хийх гэтэл 10,000 төгрөг болсон байна гэж хэлсэн ингээд “яахаараа нэг газраас хоёр такси авч байхад нэг 6000 төгрөг гараад нөгөөд 10000 төгрөг болдог юм бэ” гээд тус жолоочтой маргалдаж жолоочийн нүүр хэсэг рүү нэг удаа мөргөсөн чинь шүд нь унасан...” /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №12826 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. *******ы биед зүүн 1, 2-р үүдэн дээд шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7 дахь тал/,

- Шүүгдэгч*******ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 42 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.Нацагдорж нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлахгийн гүүрний орчим иргэн *******тай таксины төлбөртэй холбоотой асуудлаас үүдэн маргалдаж улмаар нүүр хэсэг рүү нь толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь зүүн 1, 2-р үүдэн шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч *******ы “...2022 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-ны шилжих шөнө өөрийн 01-37 УНЛ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр таксинд явж байгаад 04 цагийн үед******* дүүрэгт байрлах Санан дурсахуй баарны гаднаас таксинд хоёр хүн аваад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороогийн хойно гүүрний баруун талд хашааны үүдэн дээр зогсоод 6 км гарсан бөгөөд тооцон 10,000 төгрөг болсон, гэтэл өөр таксинаас нэг залуу бууж ирээд хэд гарсан бэ гэхээр нь 10,000 төгрөг гарсан гэж хэлсэн чинь “буугаад ир яагаад 10,000 төгрөг гардаг юм миний такси 6000 төгрөг гарсан” гэж хэлээд намайг заамдаад нүүр лүү нэг удаа мөргөсөн бөгөөд миний үүдэн хиймэл шүд хугаран унасан...” гэсэн, шүүгдэгч*******ийн “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажлын хамт олны хамт Натурт байрлах Санан дурсахуй ороод тус газраас 03 цагт гараад  2 такси аваад хуваагдаж суугаад ажлын газар болох Замын цагдаагийн шинэ гүүрэн дээр ирсэн, миний суусан таксины төлбөр 6,000 төгрөг болсон. Би бууж ирээд арын машины тооцоог хийх гэтэл 10,000 төгрөг болсон байна гэж хэлсэн ингээд “яахаараа нэг газраас хоёр такси авч байхад нэг 6000 төгрөг гараад нөгөөд 10000 төгрөг болдог юм бэ” гээд тус жолоочтой маргалдаж жолоочийн нүүр хэсэг рүү нэг удаа мөргөсөн чинь шүд нь унасан...” /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №12826 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: *******ы биед зүүн 1, 2-р үүдэн дээд шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч *******ы эрүүл мэндэд учирсан “...зүүн 1, 2-р үүдэн дээд шүдний сулрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Нацагдоржийн түүнийг мөргөсөн идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Нацагдоржийн хохирогч *******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нацагдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Б.Нацагдорж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхийн шатанд төлж барагдуулсан, 13 настай хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд төлөхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч *******ы эрүүл мэндэд зүүн 1, 2-р үүдэн дээд шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учирсан, мөрдөн байцаалтын шатанд хохирогч 43,000 төгрөгийн баримт, шүүх хуралдаанд 175,000 төгрөгийн баримт гаргаж ирүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч хөдөлсөн 2 шүдэндээ имплант шүд, унасан хиймэл шүдэндээ шүдэлбэр хийлгэхэд шаардлагатай 7,200,000 төгрөг, нийтдээ 7,418,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцад шүүгдэгч******* нь хохирогч *******д эмчилгээний зардалд баримтаар гарсан 218,000 төгрөг, ирээдүйд имплант шүд хийлгэхэд зарцуулахаар 1,782,000 төгрөг, нийтдээ 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна. Хохирогч ******* имплант шүд хийлгэхэд шаардлагатай, энэ зардалтай холбоотой баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжилнэ гэсэн учир шүүгдэгчээс имплант шүд хийлгэхэд буюу ирээдүйд гарах зардалд 1,782,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч имплант шүд хийлгэхдээ холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2210023831193 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт*******ын*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ын*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч*******ид оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нацагдорж торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210023831193 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* хохирогч *******д 2,000,000 /хоёр сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой шүд хийлгэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР