Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/850

 

 

 

 

 

  2022          11          14                                     2022/ШЦТ/850

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Дашням,

Улсын яллагч: Т.Баянмөнх,

Шүүгдэгч: Г.Б- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***өд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205030832412 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,

 Шүүгдэгч Г.Б- нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандантэгчилэн” хийдийн хойд талын автобусны буудлын орчим 27-42 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа 62-44 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан хохирогч ***ыг “замын нэгдүгээр эгнээнээс хоёрдугаар эгнээ рүү оруулсангүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар ***ын нүүрэн тус газарт гар чийдэнгээр цохиж, түүний эрүүл мэндэд “баруун хацарт зулгаралт, ам, уруулд няцарсан шарх, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б- шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2022 оны 9 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны буудлын харалдаа ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш эхнэртэйгээ хамт 2 дугаар эгнээгээр чигээрээ явж байтал нэг машин зүүн урдуур орох гээд шууд баруун талын 1 дүгээр эгнээнээс 2 дугаар эгнээ рүү машины жолоогоо дарсан. Машиныг оруулалгүй урдуур нь чигээрээ явсан. Тухайн хүн хойноос янз бүрээр хэлж орилж хашигарч байсан. Миний уур хүрээд цонхоороо дунд хуруугаа гаргасан. Гэнэт нэг зүйл миний дээд уруул хэсгийг болон хамрыг оносон. Миний уруулаас цус гараад байж байтал эхнэр машинаас буусан би буугаад нөгөө над руу юм шидсэн залуу дээр очсон. ...миний дээд уруулын хохирлыг барагдуулчихвал надад гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2022 оны 9 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны буудлын харалдаа нөхөртэйгөө хамт 2 дугаар эгнээгээр чигээрээ явж байтал нэг машин урдуур орох гээд шууд баруун талын 1 дүгээр эгнээнээс 2 дугаар эгнээ рүү дарсан. Машиныг оруулалгүй урдуур нь чигээрээ манай нөхөр явсан. Тухайн хүн хойноос янз бүрээр хэлж орилж хашигарч байсан. Удалгүй жолоо барьж байсан манай нөхөр уруулаа дараад “ёо, ёо” гэхээр нь гайхаад харсан. Тэгсэн нэг духны гэрэл байсан. Би хэн шидсэнийг мэдэх гээд машинаас буутал хойд талын машины хүн баруун талд явж байсан машины жолооч шидсэн гээд надад хэлсэн. Нэгдүгээр эгнээгээр явж байсан цагдаагийн машинаас хоёр цагдаа бууж ирээд тухайн жолоочийн бичиг баримтыг авсан. ...ил харагдах шарх дээд уруул язарсан урагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Шинжээчийн 13432 тоот дүгнэлтэд: “...***ын баруун хацарт зулгаралт, ам, уруулд няцарсан шарх, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ /хх-н 32-33/,

Яллагдагчаар Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би уг гэмт хэргийг үйлдсэн. ...ахиад дунд хуруугаа гаргахаар нь “юм үзээгүй писдаа вэ” гээд духны гэрлээ жолоочийн цонх нь онгорхой байх үед шидтэл цонхоороо эргэж харж таарсан. Тэгээд тэрэнд оногдож уруул сэтэрсэн амнаас цус гарсан байсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 45-47/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 3/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 12/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 49-53/, хохирогчийн хүсэлт /хх-н 54/ зэрэг болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Г.Б- нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандантэгчилэн” хийдийн хойд талын автобусны буудлын орчим 27-42 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа 62-44 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан хохирогч ***ыг “замын нэгдүгээр эгнээнээс хоёрдугаар эгнээ рүү оруулсангүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар ***ын нүүрэн тус газарт духны гэрлээр цохиж, түүний эрүүл мэндэд “баруун хацарт зулгаралт, ам, уруулд няцарсан шарх, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.Б- нь хохирогч ***ыг нэгдүгээр эгнээнээс хоёрдугаар эгнээ рүү оруулсангүй гэх шалтгаанаар духанд зүүдэг гэрлийг цонхоороо шидэж түүний нүүрэн тус газар оносны улмаас шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Г.Б- нь хохирогч ***ын нүүрэн тус духны гэрэл шидэж шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Б- нь шүүх хуралдаанд хохирогч ***т гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч *** нь мөрдөн байцаалтын шатанд 906.400 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 54/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Г.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-д “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улбар шар өнгийн хүрээтэй цэнхэр өнгийн духны гэрэлийг шүүгдэгч Г.Б-өд буцаан олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР