| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/0235/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/251 |
| Огноо | 2022-02-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/251
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч У.Анхжаргал,
шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2108031140146 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “****” ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, ***** тоотод оршин суух,
урьд Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 40 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ** овогт *** ****(РД:***).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****согтуурсан үедээ, 2021 оны 11 дүгээр сарын 26-ны шөнийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо, **** тоотод байрлах гэртээ хохирогч ****“Хөөрөг авлаа” гэх шалтгаанаар нүүр, нуруу, баруун бөөрөн тус газар нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодон биед “бүсэлхийн 3, 4-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хөмсөгт шарх, дух, зүүн хацар, хамрын нуруу, уруул, дагзны хуйханд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, баруун хацар, хүзүү, бүсэлхий нуруунд цус хуралт” гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ****шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хохиролд нийт 1,078,600 төгрөг өгсөн. Ширээн дээр байсан хөөрөг байхгүй байсан. Дараа нь шүүгээнээс гарч ирсэн. Дахиж ийм алдаа гаргахгүй, миний буруу” гэв.
Эрүүгийн 2108031140146 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ****ийн: “2021 оны 11 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн үед найз ***ийн гэрт эхнэрийн хамт очсон. Бид гурав хоёр шил архи уусан. Шөнө 02 цагийн үед тамхи татаад зогсож байхад ****“хөөрөг хаана байна, аваад ир” гэхэд нь “чи сая тамхилсан шүү дээ, гэрт чинь байгаа биз” гэсэн. “Чи л аваа биз” гээд миний нүүр лүү гараараа цохиод газар унагасан. ****“чи миний хөөргийг авсан” гээд миний нүүр, нуруу болон баруун талын бөөр лүү хэд хэдэн удаа өшиглөхөд ...эхнэр “болиоч ээ” гээд салгасан. ...Би араас нь ороход ****“Хөөрөг байна” гээд бариад зогсож байсан. **** эмчилгээний зардал 378,600 төгрөг, банкны 400,000 төгрөг авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-16, 18),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.12.02-ны өдрийн 11864 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. ****ийн биед бүсэлхийн 3, 4-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хөмсөгт шарх, дух, зүүн хацар, хамрын нуруу, уруул, дагзны хуйханд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, баруун хацар, хүзүү, бүсэлхий нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-26-27),
Шинжээч Т.Чимэд-Очирын: “Бүсэлхийн 3, 4 дүгээр нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхий нуруунд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй…” гэх мэдүүлэг (хх-31-32),
Гэрч ***: “...****ийн гэрт очсон. Бид нар архи уусан. ****“хөөрөг алга болчихлоо, тийм юм байхгүй шүү гаргаж өг” гээд **** руу дайраад байсан. ****, ****хоёр маргалдаад гэрээс гарсан. Амбаарт **** ***ийн доор орчихсон байсан. ********ийн нүүр лүү цохиод газар унахад өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг (хх-22),
Шүүгдэгч **** яллагдагчаар өгсөн: “...архи ууж байхад ширээн дээр байсан хөөрөг алга болчихоор нь ****ийг авчихлаа гэж бодоод “хөөрөг аваад ир” гээд маргалдсан. Би согтуудаа хөөргөө далд хийснээ мэдэхгүй маргаан үүсгэсэн. Би ****ийг ар нурууны хэсэгт 1-2 удаа өшиглөөд, гараараа нүүр болон дух, хөмсөгний хэсэгт 2-3 удаа цохисон. Хохирол төлсөн. Буруу зүйл хийснээ ойлгож ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг (хх-41-42),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-61), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-43), шүүхийн тогтоолын хуулбарууд (хх-46, 48-50), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-62), үл хөдлөх хөрөнгөтэй лавлагаа (хх-63), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-64), “** *****” ХХК-ийн “****нь ...тус компанид шилжүүлэн ажиллуулж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-65), банкны дансны хуулга (хх-66-68), хохирлын баримт (хх-69), шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч нарын “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-73-74), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” тогтоол (хх-75-76), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-77) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ****согтуурсан үедээ, 2021 оны 11 дүгээр сарын 26-ны шөнийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн*** дугаар хороо, **** тоотод байрлах гэртээ хохирогч ****“Хөөрөг авлаа” гэх шалтгаанаар нүүр, нуруу, баруун бөөрөн тус газар нь цохиж, өшиглөн зодож биед “бүсэлхийн 3, 4-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хөмсөгт шарх, дух, зүүн хацар, хамрын нуруу, уруул, дагзны хуйханд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, баруун хацар, хүзүү, бүсэлхий нуруунд цус хуралт” гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ****ийн “...Бид нар архи уусан. ****“Чи л аваа биз” гээд миний нүүр лүү гараараа цохиод газар унагасан. Тэгээд ****нүүр, нуруу болон баруун талын бөөр лүү хэд хэдэн удаа өшиглөөд...”...” гэх мэдүүлэг (хх-16, 18), шүүх эмнэлгийн 11864 дүгээр “1. ****ийн биед бүсэлхийн 3, 4-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хөмсөгт шарх, дух, зүүн хацар, хамрын нуруу, уруул, дагзны хуйханд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, баруун хацар, хүзүү, бүсэлхий нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-26-27), гэрч **** “...Бид нар архи уусан. Үүдний амбаарт **** доор нь орчихсон, ****цохиод байсан...” гэх мэдүүлэг (хх-22), шүүгдэгч **** “...Би ****ийг ар нурууны хэсэгт 1-2 удаа өшиглөөд, гараараа нүүр, дух, хөмсөгний хэсэгт 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-41-42) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч **** согтуурсан үедээ хохирогч ****“хөөрөг авлаа” гэж хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, нүүр, нуруу, баруун бөөрөн тус газарт цохих, өшиглөх зэрэг үйлдлээр зодож хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ****ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 378,600 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн, шүүгдэгч хохиролд 1,078,600 төгрөг төлсөн, хохирогч “Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-18)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ****согтуурсан үедээ, 2021 оны 11 дүгээр сарын 26-ны шөнийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, **** иргэн ****тэй “Хөөрөг авлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр, нуруу, баруун бөөрөн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас биед “бүсэлхийн 3.4-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хөмсөгт шарх, дух, зүүн хацар, хамрын нуруу, уруул, дагзны хуйханд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, баруун хацар, хүзүү, бүсэлхий нуруунд цус хуралт” гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгч “Алдаагаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч ****“Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд согтуурсан үедээ, өөрөө далд хийсэн хөөргөө хохирогчийг авсан гэж зохисгүй байдал гаргаж хохирогчийн нүүр, нуруу, бөөрөн тус газарт хэд хэдэн удаагийн цохих, өшиглөх үйлдлээр эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, 378,600 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн, хохиролд 1,078,600 төгрөг төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ****цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 900,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ****цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР