Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/843

 

 

 

 

 

 

   2022           12           12                                       2022/ШЦТ/843

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баасандорж,

улсын яллагч Н.Нямдорж,

хохирогч ***,

шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210004170557 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин  мэргэжилтэй, *** ХХК-д жолооч ажилтай, ам бүл-4, эцэг, эх, ах, дүү нарын хамт,***  тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).

 

2. Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, *** ХХК-д түгээгч жолоочоор ажилладаг, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хан-уул дүүргийн 16 дугаар хорооны Хаан банктай байрны дэргэд байх Нисэхийн эцэс чиглэлд явдаг автобусны буудал орчим иргэн ***тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, доод уруулд салстын өнгөц шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Яллагдагч *** нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хан-уул дүүргийн 16 дугаар хорооны Хаан банктай байрны дэргэд байх Нисэхийн эцэс чиглэлд явдаг автобусны буудал орчим иргэн ***, *** нар нь хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдаж байх үед *** нь ***, *** нарын үйлдлийг таслан зогсооно гэх шалтгаанаар ***гаас ***ыг салгаж, ***тай ярилцаж зогсож байхдаа түүнийг хавирч унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын болон хэрэгт цугларсан дараах бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, *** нараас: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.

 

Хохирогч *** мэдүүлэгтээ: Улсын яллагчийн хэлсэнтэй таарч байна. Өгсөн мөнгийг нь эмчилгээнд зарцуулж дууссан, шүдний асуудлыг маргааш, дараа өгье гээд хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Яагаад нэг ч удаа уучлалт гуйж чадахгүй байна вэ, бие нь гайгүй юу, яаж байна, гэж асууж болохгүй байгаа юм бэ? Намайг хэлэхээр наад асуудлаа цагдаадаа хэл гэж байгаа нь юу гэж байгаа юм. Би маш их гомдож байна. Одоо юу ч болоогүй юм шиг 950.000 төгрөг төлсөн гэж хэлж байгаа юм . Тухайн үед мөнгөө өгсөн бол шүдээ хийлгэчих байсан. Шүд хийлгэх мөнгийг хувааж төлнө л гэдэг. Яг хэзээ өгөх вэ, нэгнийгээ ийм болгочхоод ингээд байгаад байж болдог юм уу, залуу хүмүүс байж бодолдоо гэв.

 

Хоёр: Эрүүгийн 2210019041249 дугаартай хэргээс:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн  иргэн ***гаас Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гудамжинд зодуулсан” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний орой өөрийн ажил Арцатын аманд байх барилга дээр байхад *** хоёр Сансар худалдааны төв дээр ирчихсэн байна уулзъя гэж хэлэхэд би очиж уулзсан. Тэндээсээ нисэхийн эцэс очиж нийтийн караоке орж нэг хүний 5-6 шил 0.5 литр савлагаатай шар айраг ууж, караоке хаахад тэндээсээ гарч Нисэхийн эцсийн дэлгүүр орж 4 ширхэг 2.5 литр савлагаатай Сэнгүр шар айраг авч “Шинэ өргөө” хотхоны орчим очиж хуучин ажлын залууг хүргэж өгөөд, тэндээ 3 савыг ууж байхдаа ***тай оюутан ангийн хүүхдийн талаар маргасан. *** бид гурав оюутан ангийн юм. Удалгүй *** бууж гэртээ Шинэ өргөөд орсон. Тэгээд бид нар нисэхийн байрны буудал дээр ирсэн. Машин дотор *** надтай маргалдаад яваад байсан. Машин буудал дээр зогсоход *** гарч хувцсаа тайлаад одоо гараад ир үзье гэж хэлээд миний гар луу машин дотор сууж байхад хаалга онгойлгож өшиглөсөн. Би машинаас бууж ноцолдоход *** гарч ирээд намайг салгаж ***ыг цохиж холдуулаад намайг хавирч унагасан. Би унахдаа явган хүний зам дээр нүүрээрээ унаж шүд, уруул хамар хацран тус газар гэмтэл авсан. ***, *** өөр машин барихаар ирсэн Тулга гэх залуу зэрэг нийт 5 хүн байсан. *** хуучин ажлын залуу Тулгаар машин бариулахаар гэрээс нь дуудсан. Миний үүдэн хоёр дээд талын шүдний зүүн талын шүд ёзоороор мултарч унасан, доод уруул язарч хавдсан, хамар хугарч хавдсан байна. Намайг ***тай зодолдож байхад *** ирж салгаж хавирч унагахад үүссэн гэмтэл гэж бодож байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Өөрийн биед үүссэн хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

-Хохирогчоор 2022 оны 02 дугаар сарын 21-ны өдөр дахин өгсөн: Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр гаргасан 1997 дугаартай дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна. *** бид хоорондоо ноцолдоод газар унасан байхад ***тар хүрч ирээд *** бид хоёрыг салгасан. Одоо больцгооё би орлоо гэж хэлээд байж байхад ***тар миний хувцасны баруун талын зах хэсгээс зүүн гараараа өөр лүүгээ татаад зүүн хөлөөрөө миний баруун хөлийг хавирсан. Би газар унахдаа явган хүний чулуун зам дээр нүүр хэсгээрээ унасан Тэгэхэд миний хамар, амнаас цус гарсан. Босоод ирэхэд зүүн дээд талын үүдэн шүд ёзоороороо унасан. Дээрх гэмтлийг ***тар учруулсан. *** миний биед гэмтэл учруулаагүй. ***тар, *** бид гурав барилгын политехник коллежид хамт сурч байсан, оюутан ангийн найзууд юм. Бид гурав өмнө нь хэрүүл маргаан, зодоон хийж байгаагүй, өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Оюутан байхад тоглоом шоглоомоор ***ыг дээрэлхдэг байсан. Тэрнээс болж тухайн үеийн хэрүүл маргаан болсон. ***тартай нэг анги биш болохоор хэрүүл маргаан, зодоон хийж байгаагүй. Эмчилгээний зардлаа авчихвал гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

- Хохирогчоор 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дахин өгсөн: Миний урд өгсөн мэдүүлэг үнэн зөв. *** 700,000 төгрөг, ***тар 250,000 төгрөг нийт 950,000 төгрөг өгсөн. Одоо би шүдээ эмчлүүлэх гэхээр нийт 2,650,000 төгрөг гэж байгаа, энэ баримтыг гаргаж өгье. ***, ***тар нарын өгсөн 950,000 төгрөгөөс эмчилгээнд зарцуулаад 342,650 төгрөг үлдсэн. Энэ мөнгийг шүд хийлгэх 2,650,000 төгрөгөөс хасаад 2,307,350 төгрөг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 168 дахь тал),

3. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 14-ны 22.00 цагийн орчим *** машин бариад өгөөч гээд дуудсан. Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт Ухаа 15 дугаар гудамжинд байх гэрээс гарч Нисэхийн эцсийн буудлын нийтийн караокед очиход *** хамт ***, ***, *** гэх 3 залуу байсан. Тэр 4 караокед ууж байгаад гарахад *** ирж *** гэх залуугийн машиныг барихаар болж нисэхийн эцсийн буудлын Хишиг дэлгүүрээс 4 том Сэнгүр 2,5 литрийн пиво авч хоёр тусдаа машинд сууж *** гэх залууг хүргэхээр “Хүннү Молл”-ын хажуу талын Шинэ өргөө хотхонд очсон. Тэр дөрөв хоёр пиво миний барьж байсан *** гэх залуугийн машин дотор хувааж уугаад ***г гэрт нь буулгаж машиныг нь тавьж бөөндөө буцаж байрны буудал орчим ирж зогсоход *** гэх залуу *** их сургуулийнхаа тухай ярьж маргалдаад байсан. Энэ нь 01 цаг орчим байсан. *** гэх залуу машинаас буухаар болж *** зодолдох уу гээд куртикээ зам дээр тайлж хаяад *** урд жолоочийн хажуу талын суудал дээр сууж байхад нь хаалгыг онгойлгож гараас нь татахад *** гараа татаж авахад *** ардаас нь өшиглөсөн.Тэгээд *** бууж ***тай барилцаж аваад машины хойгуур тойрч арагш зам руу гарч явсан. Машин дотор ***, *** бид гурав үлдэхэд *** бууж гэртээ орсон. *** бид хоёр бууж харахад *** хувцас шороо болсон *** дээр нь гарчихсан байсан. Удалгүй *** бууж салгаж машинд суулгахаар тэр хоёр дээр очиж *** хавирч унагаад ***г цохиж салгаж байсан. Би хараад салчихлаа гэж бодоод машинд суусан. Би цонхоор харахад цагдаагийн машин ирж байхаар нь боль одоо явъя гэхэд *** цагдаагийн машин руу очсон. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № 1997 дугаартай:

 

- ***гийн биед хамар ясны хугарал, зүүн дээд 1-р шүдний булгарал, доод уруулд салстын өнгөц шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар, хамар, доод эрүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр өгсөн:

Магадлуулагч ***гийн биед үзлэг хийж мөн “Мөнгөн гүүр” эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн толгойн КТГ-ийн шинжилгээг үндэслэж дүгнэлт гаргасан. Хамар ясны хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд дангаараа хөнгөн зэрэгт хамаарагдана. Доод эрүү, хамар хацрын зулгаралт гэмтлүүд нь нийлээд болон дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хамар ясны хугарал, зүүн дээд 1-р шүдний булгарал, хоёр нүдний дээд, доод зовхины  цус хуралт гэмтлүүд нь нүүрээрээ газар унахад учрах боломжтой. Гар хөлөөр цохих үед Хамар ясны хугарал, дээд, доод зовхины  цус хуралтууд нь нэг удаагийн үйлчлэлээр зүүн дээд 1-р шүдний булгарал гэмтэл нь дангаараа нэг удаагийн үйлчлэлээр тус тус учрах боломжтой. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

    

6. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажил амраад найз ***тартай Нисэхэд 13 цагийн үед уулзаад лаазтай пиво уугаад юм ярьж сууж байгаад *** ойрд уулзаагүй гээд утас руу нь залгахад ажил дээрээ байна 19 цаг өнгөрөөд тарна гэж хэлэхээр нь гурвуулаа уулзъя гээд бид хоёр автобусанд суусан. Яармагийн 1 дүгээр буудал дээр *** уулзаад ***тарын машиныг айлаас аваад ***аар бариулаад Нисэхийн эцэст караоке ороод дуулж байхад *** найз *** 22 цагийн үед ирсэн. Бид 23.00 цаг хүртэл дуулж байгаад *** дүүг дуудаж машинаа бариулаад ***г “Шинэ яармаг” хороололд гэрт нь хүргэж өгсөн Дэлгүүрээс пиво аваад машиндаа ууж дуусгаад 02 цагийн үед гэртээ харихаар машинтайгаа явж байхдаа *** бид хоёр оюутан ангийн хүүхдийн тухай ярьж байгаад маргалдсан. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны байрны буудлын эсрэг талын Хаан банктай байрны дэргэд зогсоод би машинаас буугаад хаалгыг онгойлгоод баруун хөлөөрөө *** цээж орчимд нэг удаа өшиглөсөн чинь машинаас бууж ирээд барьцалдаад маргалдсан. Бид хоёр машинаас бага зэрэг зайтай байсан. *** миний шанаа тус газар гараараа цохихоор нь зөрүүлээд хамар орчимд нь 1-2 удаа цохиод зууралдаад газар унаад дээр доороо ороод байж байхдаа *** нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Тэгэхэд ***тар машинаас бууж ирээд бид хоёрыг боль гээд салгаад миний шанаа тус газар нэг удаа цохиод *** татаад унагачихсан. Босож ирээд та хоёр намайг ингэх гэж дуудсан юм уу гээд уурлаад шүд уначихлаа гээд ***тар руу дайраад байсан. Хажууд цагдаагийн машин зогсож байхад *** очоод бид нар цагдаагийн газар ирсэн. Би шинжээчийн дүгнэлт, шинжээчээс авсан мэдүүлэгтэй танилцлаа ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Учир нь шүд болон уруул орчимд үүссэн гэмтлийг ***тар салгах гэж байхдаа *** түлхсэн. Тэгсэн нүүрээрээ унаад дээд нэг шүд уначихсан юм. Бусад гэмтлийг нь би учруулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дэх тал)

7. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 26-ний өдөр өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр найз ***, *** хоёр хоорондоо зодолдоод байхаар нь би машинаас бууж очоод татаж босгоод цээж рүү нь цохиод боль гэж хэлсэн. *** босож ирээд *** руу дайрах гээд байхаар нь би боль гээд хөлөөрөө хавираад унагаасан. Тэгсэн нүүрээрээ боржур мөргөөд нүүр нь цус болсон босож ирээд шүд уначихлаа гэсэн. Ийм л зүйл болсон. Би хөлөөрөө хавирч унагаасан нь миний буруу. Энэ хоёр зодолдоод нэг нэгнийгээ гэмтээчих юм болов уу гээд болиулах бодолтой байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 183 дахь тал)

8. Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 44-51 дэх тал),

9. Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал), *** ХХК-ийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 59-64 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч ***, *** нарын тус бүрийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Яллагдагч *** нь согтуурсан үедээ Хан-уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банктай байрны дэргэд байх Нисэхийн эцэс чиглэлд явдаг автобусны буудлын орчим 2022 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө ***тай оюутан байх үеийн  таарамжгүй харилцааг сэргээн дүрсэлж хоорондоо маргалдан зодолдож улмаар хохирогчтой барьцалдаж байхдаа болон газар хамт унахдаа гараараа хэд хэдэн удаа нүүрэн тус газарт нь цохиж, бие, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, доод уруулд салстын өнгөц шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,  

   Яллагдагч *** нь Хан-уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банктай байрны дэргэд байх Нисэхийн эцэс чиглэлд явдаг автобусны буудлын орчим 2022 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө иргэн ***, *** нар нь маргалдан зодолдож байх үед нь тээврийн хэрэгслээс бууж тэднийг салгах явцдаа иргэн  ***г хөлөөрөө хавирч явган хүний цементэн зам дээр унагаж бие, эрүүл мэндэд нь зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд (хавтаст хэргийн 4 дэх тал),

- Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр (хавтаст хэргийн 07-08 дахь тал), 2022 оны 02 дугаар сарын 21-ны өдөр (хавтаст хэргийн 09 дэх тал), 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус тус өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 168 дахь тал),

- Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № 1997 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал), шинжээч Б.Баяртогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

 

- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дэх тал)

- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 26-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 183 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж  заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

 

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ***гийн эрүүл мэндэд гэмтэл учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгч нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу хохирогчийг гараараа цохих, хөлөөр өшиглөх, хавирч унагах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулжээ.  

Мөн шүүгдэгч ***, *** нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул тэдний тус бүрийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Түүнчлэн шүүгдэгч ***, *** нарын үйлдлийг тус тусдаа хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь хохирогч *** шүүгдэгч *** нар нь хэрэг гарсан өдөр тээврийн хэрэгслээс маргалдан бууж улмаар шүүгдэгч *** хохирогчийг гараараа цохиж биед нь гэмтэл учруулсны дараа шүүгдэгч *** тээврийн хэрэгслээс бууж очин хохирогчийг хөлөөрөө хавирч унагах үед хохирогч нүүрээрээ явган хүний замын цементэн дээр нүүрээрээ унаж биедээ зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал бүхий хөнгөн гэмтэл авсан нь хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч нарын үйлдэл цаг хугацааны хувьд нэг өдөр байгаа хэдий боловч хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулахдаа тус тусдаа үйлдсэн байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн үйлдсэн, санаа зорилгоороо нэгдсэн гэж үзэх, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүхэд шилжүүлсэн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.  

 

            Шүүгдэгч ***, *** хохирогч *** нар нь биесээ уруу татаж согтууруулах ундаа хэрэглэсэн улмаар согтуурсан үедээ урьдын харилцааны буюу оюутан байсан үеийн таарамжгүй харилцааг сэргээн дүрслэн ярьж маргалдсан үйл баримт байна.

Согтууруулах ундаа хэрэглэсэн нь маргаан үүсгэх нөхцөл байдлыг бий болгож гэмт хэрэг гарах шалтгаан болжээ. 

 

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***, *** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нар монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад 437,350 төгрөгийн зардлыг баримтаар (хавтаст хэргийн 94-97 дахь тал) гаргасан бөгөөд шүүгдэгч *** 700,000 төгрөгийн, шүүгдэгч *** 250,000 төгрөгийн нийт 950,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан талаар хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч ***д учирсан шүдний гэмтлийг шүүгдэгч Г.***тар учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч ***гаас “Implant” шүдэлбэр сэргээхэд 2,500,000 төгрөгийн зардал гарах талаарх тодорхойлолт ирүүлсэн боловч хохирогчийн ирүүлсэн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хуулийн шаардлагад нийцсэн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***аас нэхэмжлэх нь зүйтэй болохыг тогтоолд дурдав.   

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                     

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж,

   6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох саналтай байна. Шүүгдэгч нарын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг талаар баримт байхгүй, ар гэрт нь өөр ажил эрхэлдэг хүнгүй, гэр бүлийн гишүүний хувьд ганцаараа ажил хийдэг нөхцөл байдал байх тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэх боломжгүй тул зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг гаргасан. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн имплант шүд хийлгэх 2,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, 2 сарын хугацаанд хохирогчид олгуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нараас өөрсдийгөө өмгөөлж оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар шүүгдэгч ***, *** нар урьд ял шийтгэлгүй байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч ***, *** нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус бүр үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, хохирол хор уршгийг  арилгах нөхцөлийг бүрдүүлэх, мөн хохирогчийн зүй бус байдал, согтуурсан зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бүсчилж авахаар санал гаргаж байх боловч цаашид гарах хохирол хор уршгийг  арилгах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс яллагчийн саналыг хүлээн аваагүй болно.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***, *** нарыг тус бүрийг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарыг тус бүрийг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нар нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***, *** нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *** нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***аас нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***, *** нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ДОРЖСҮРЭН