Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 183/2019/00056/И |
Дугаар | 183/ШШ2019/00328 |
Огноо | 2019-02-15 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2019/00328
2019 оны 02 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2019/00328 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Т нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Д.Г холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Т, хариуцагч Д.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэмбэрэлсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Гтай 2006 онд танилцаж, 2009 онд албан ёсоор гэр бүл болсон бөгөөд бидний дундаас 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр охин Т.М төрсөн. Миний бие 2011 онд ял эдэлж, 2013 оны 5 дугаар сард суллагдаж гарч ирсний дараа хэсэг хугацаанд Д.Гтай хамт амьдарсан. Гэвч зан харьцаа, бие биенээ үл ойлголцох байдлаас болж таарч тохирохгүй 2013 оны 9 дүгээр сараас салж, тусдаа амьдрах болсон. Д.Г 2015 оны 2 дугаар сард Швецарь улс руу явж тэндээ амьдрах болсон ба энэ хугацаанд охин Т.М миний асрамжид байсан. Д.Г 2018 оны 8 дугаар сард Монголд ирж, 9 дүгээр сард буцахдаа охиноо авч явсан. Д.Гг явах үед цаашид яах талаар ярилцаж, нэгэнт эвлэрч хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэсэн. Д.Г явахын өмнө аав Дэмбэрэлсүрэнд итгэмжлэл үлдээсэн. Миний хувьд охиныхоо ирээдүйг бодож тэнд сургуульд сургах нь зүйтэй гэж, ээжтэй нь хамт явуулахаар шийдсэн бөгөөд цаашид хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Мөн бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэмбэрэлсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Д.Г 2015 оноос Швейцарь улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд 2018 оны 8 дугаар сард Монголд ирж, 9 дүгээр сард буцахдаа надад итгэмжлэл үлдээсэн. Учир нь: П.Т, Д.Г нар нэгэнт таарч тохирохгүй болсон учраас гэрлэлтээ цуцлуулах талаар ярьж тохирсон юм билээ. Д.Г 9 дүгээр сард буцахдаа охиноо аваад явсан. Тэнд эхийнхээ асрамжид байж, сургуульд сурч байгаа гэсэн. Иймд тэдний гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охин Т.Мэхийнх нь асрамжид үлдээж өгнө үү, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Тэдний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
П.Т, Д.Г нар 2006 онд танилцаж, 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ албан ёсоор батлуулсан байх бөгөөд тэдний дундаас 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр охин Т.М төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
П.Т, Д.Г нар зан харьцааны таарамжгүй байдал, бие биенээ үл ойлголцох байдлаас болж 2013 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарч, гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд орсон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэмж, эд хөрөнгийн талаар маргаангүй харилцан тохирсон байх тул тэдний гэрлэлтийг цуцалж, 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Т.Мэх Д.Ггийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Д.Г хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар П.Т, Д.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Т.Мэх Д.Ггийн асрамжид үлдээсүгэй.
3.Д.Г хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
5.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН