| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2018/00442/И/ |
| Дугаар | 84 |
| Огноо | 2019-03-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 84
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, шүүгч Ц.Үйтүмэн, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Одонзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Э.Ө-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-н нэхэмжлэлтэй
хариуцагч: П.Т-д холбогдох
эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 1.490.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, иргэдийн төлөөлөгч В.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр П.Т нь Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Далан ээв гэх газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ялимгүй зүйлээр шалтаглан насанд хүрээгүй хохирогч Э.Ө-ийн нүүрэн тус газар аргалын саваар цохиж биед нь зүүн хацар, хацрын дотор салстыг хамарсан 3 см урт няцарч урагдсан шарх гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 118-А дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Э.Ө нь 2014 оноос хойш хацрын шарх бүрэн гүйцэд эдгэрэхгүй өө сорвийг арилгах мэс засал хийж болохгүй байсаар эхний мэс засал 2017 онд, сүүлийн мэс засал 2018 оны 07 сард тус тус хийгдсэн. Иймд П.Т-ээс хацар болон хацрын дотор салстад учирсан гэмтлийн үлдэц сорвийг өөлөх, сорвийг бүдгэрүүлэх мэс засал хийлгэсний төлбөр болон бусад зардлыг гаргуулж өгнө үү. Үүнд: Тод каннам гоо сайхны эмнэлэгт сорви өөлж оёх мэс заслын төлбөр 750.000 төгрөг, Сонгдо эмнэлэгт үзүүлсэн болон шинжилгээ хийлгэсэн 107.000 төгрөг, мэс засал хийлгэсний төлбөр 540.000 төгрөг, мэс засал хийлгэхэд Улаанбаатар руу Говь-Алтайгаас явж, ирэх замын зардал 93.600 төгрөг, 2018 оны 08 сарын 04, 24-ний өдрийн шүүх хуралд Баянхонгор аймаг руу явж, ирэхэд ГАА 12-08 дугаартай машинтай Ц.А гэх хүнийг хөлсөлж шатахуун хийсэн зардал 1.000.000 төгрөг, нийт 2.490.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Ө нь 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр П.Т-д аргалын савраар цохиулж зүүн хацар буюу хацрын салстыг хамарсан 3см урт урагдсан гэмтэл учирсан байдаг. Уг гэмтэлтэй холбоотой П.Т-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн шүүхийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон байгаа. Үүнээс хойш шарх сорив нь бүрэн эдгэлгүй байсаар 2017, 2018 онуудад тодорхой мэс заслуудад орсон. Үүнтэй холбоотой 1.490.600 төгрөг нэхэмжилсэн. Баянхонгор аймаг руу явсан замын зардал гэж нэг сая төгрөг нэхэмжилсэн. Тухайн нэг сая төгрөгийг нэхэмжилхээс татгалзаж байна. Иймээс 1.490.600 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрүүл мэндэд учирсан хохирол 2.490.600 төгрөгийг нэхэмжилж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байна. Хариуцагч П.Т нь 2015 оны 12 сарын 16-ны өдөр 118 дугаартай шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Э.Ө-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргийг хааж байсан. Тухайн үед хавтаст хэргийн материалд холбогдох нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдаан хойшилсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн үед эмчилгээ хийлгэх боломжгүй байсан гэдэг зүйлийг хэлж байна. Гэтэл хохирогчид хуульд зааснаар хохирлын баримтыг гаргаж өгөөгүй байхад эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг өгсөн нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан. Үүнтэй холбоотой эрүүгийн хэргийг шийдвэрлэж байхад хохирлын баримтыг гаргахад өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг унааны зардал 122.950 төгрөг, Улаанбаатар хот руу явсан зардал, буудлын зардал 900.000 төгрөгийн баримтыг гаргаж өгч байсан. Цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой зардал гарна гэж үзээд хохирогчийн хүсэлтээр иргэний хэргийн шүүхэд хандан хохирлоо нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Нэхэмжлэгч 1.490.600 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь эмчилгээний зардалд холбогдох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирлыг хариуцагч нөхөн төлсөн гэж үзэхээр байна. Нийт хуулийн шаардлага хангаж байгаа баримт буюу 2.313.100 төгрөгийг төлсөн байдаг. Сүүлд хагалгаа хийлгэсэн баримт 540.000 төгрөгийн баримтад ерөнхий эмч нь гарын үсэг зурсан, “Тод Медикал” ХХК-ийн албан ёсны тамга тэмдэг дараагүй баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд хохирогч 2.500.000 төгрөгийг эмчилгээ сувилгааны зардалд авлаа ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн нотариатаар баталсан бичгийг хийж өгсөн. Тухайн үед эмчилгээ сувилгаанд хэрэглэсэн ямар ч нотлох баримт байхгүй. 2.500.000 төгрөгийг эмчилгээ сувилгаанд зориулж өгсөн гэж ойлгохоор байна. Тухайн үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан учир хөнгөн хохирол учруулсан тохиолдолд эвлэрснээр хэрэгсэхгүй болгодог байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс холбогдох хохирлыг төлж барагдуулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч В.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Э.Ө-ийн нэхэмжилж байгаа 1.490.600 төгрөгийг олгох нь үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гаргаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Э.Ө-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь хариуцагч П.Т-д холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 2.490.600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь Баянхонгор аймаг руу шүүх хуралдаанд оролцохоор явахад гаргасан шатахууны зардал 1.000.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, 1.490.600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхийг итгэмжлэлээр олгосон байна. /хх-ийн 2-рт/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...2014 оны 08 сарын 04-ний өдөр П.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ялимгүй зүйлээр шалтаглан насанд хүрээгүй хохирогч Э.Ө-ийн нүүрэн тус газар аргалын саваар цохиж биед нь зүүн хацар, хацрын дотор салстыг хамарсан 3 см урт няцарч урагдсан шарх гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Э.Ө нь 2014 оноос хойш хацрын шарх бүрэн гүйцэд эдгэрэхгүй өө сорвийг арилгах мэс засал хийж болохгүй байсаар эхний мэс засал 2017 онд, сүүлийн мэс засал 2018 оны 07 сард тус тус хийгдсэн. Тод каннам гоо сайхны эмнэлэгт сорви өөлж оёх мэс заслын төлбөр 750.000 төгрөг, Сонгдо эмнэлэгт үзүүлсэн болон шинжилгээ хийлгэсэн 107.000 төгрөг, мэс заслын төлбөр 540.000 төгрөг, мэс засал хийлгэхэд Говь-Алтайгаас Улаанбаатар явж, ирсэн замын зардал 93.600 төгрөг, нийт 1.490.600 төгрөг гаргуулна...” гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...Хариуцагч П.Т нь 2015 оны 12 сарын 16-ны өдөр 118 дугаартай шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Э.Өийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргийг хааж байсан. Эрүүгийн хэргийг шийдвэрлэж байхад хохирлын баримтыг гаргахад өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг унааны зардал 122.950 төгрөг, Улаанбаатар хот руу явсан зардал, буудлын зардал 900.000 төгрөгийн баримтыг гаргаж өгч байсан. Цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой зардал гарна гэж үзээд хохирогчийн хүсэлтээр иргэний хэргийн шүүхэд хандан хохирлоо нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирлыг хариуцагч нөхөн төлсөн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд хохирогч 2.500.000 төгрөгийг эмчилгээ сувилгааны зардалд авлаа ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн нотариатаар баталсан бичгийг хийж өгсөн. Тухайн үед эмчилгээ сувилгаанд хэрэглэсэн ямар ч нотлох баримт байхгүй. 2.500.000 төгрөгийг эмчилгээ сувилгаанд зориулж өгсөн гэж ойлгохоор байна. Хариуцагчийн зүгээс холбогдох хохирлыг төлж барагдуулсан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж маргаж, мэтгэлцэж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хуульд зааснаар гэм хорын хохирол шаардахын тулд эрх зөрчсөн үйлдэл болон эрхийн зөрчил хоёрын хооронд шалтаант холбоо байх шаардлагатай бөгөөд хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 118-А дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтанд шүүгдэгч П.Т-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 дугаар заалтанд Насанд хүрээгүй хохирогч Э.Өийг учирсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. /хх-ийн 18-28-рт/
Мөн шийтгэх тогтоолд дурдсанаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 317, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээч эмч Д.Д-н гаргасан 312 тоот шинжээчийн дүгнэлтэнд “...Э.Ө-н биед тухайн үед зүүн хацар, хацрын дотор салстыг хамарсан 3 см урт няцарч, урагдсан шарх гэмтэл учирчээ. Дээрх уруулын няцарч урагдсан шарх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т ...зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй гэж заасан тул дээрх шийтгэх тогтоолд тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй юм.
Хариуцагч П.Т нь нэхэмжлэгч Э.Ө-ийн зүүн хацар, хацрын дотор салстыг хамарсан 3 см урт няцарч урагдсан шарх гэмтэл учруулсан үйлдлийн улмаас уг шархнаас үүссэн өө сорвийг арилгахаар мэс засал хийлгэсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд зохигчид гэм буруугийн талаар маргадаггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь 2 удаагийн мэс заслын төлбөр болон замын зардалд нийт 1.490.600 төгрөг гаргуулна гэж шаардаж байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:
1. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтанд байгууллагын нэр Тод каннам, мөнгө тушаагч Э.Ө, гүйлгээний утга сорви өөлөх, тушаасан мөнгөний 750.000 төгрөг гэх бичилт хийгдэж ТОДББ ХХКомпаний санхүүгийн тэмдэг дарагдсан байна. Мөн Худалдаа хөгжлийн банкны TOD KANNAM HOSPITAL/ ТOD-N HOSPITAL Л.Э 750.000 гэх терминалын баримт, Тод каннам гоо сайхны нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Д.Т-н тодорхойлолт зэргээр Э.Ө нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр сорви өөлөх мэс засалд орж, эмчилгээний төлбөрт 750.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 12-14-рт/
2. 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр УБ Сонгдо эмнэлэгт Эмчийн үзлэгт 30.000 төгрөг, шинжилгээний төлбөрт 77.000 төгрөг тус тус төлсөн болох нь тус эмнэлгийн эмчилгээний төлбөр тооцоо- тасалбар /Үйлчлүүлэгч/ гэх баримтуудаар, 2018 оны 07 сарын 31-ний өдөр УБ Сонгдо эмнэлэгт мэс заслын төлбөрт 540.000 төгрөг төлсөн болох тус эмнэлгийн төлбөр төлсөн баримт /Wound reconstruction /Face or Neck/ 540.000 гэх/ болон эмчилгээний төлбөр тооцоо- тасалбар /Үйлчлүүлэгч/ гэх баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 5-11-рт/
3. Мөн Э.Ө нь 2018 оны 07 сарын 28-ны өдөр Говь-Алтайгаас Улаанбаатар чиглэлд, 2018 оны 08 сарын 02-ны өдөр Улаанбаатараас Говь-Алтай чиглэлд ирж очиж нийт 46.800*2=93.600 төгрөг төлсөн болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2018 оны 08 сарын 06-ны өдрийн тодорхойлолтуудаар тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх хугацаа нь нэхэмжлэгч Э.Ө-ийн Улаанбаатар хотод УБ Сонгдо эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн болон мэс засалд орсон хугацаатай таарч байгааг мөн дурдах нь зүйтэй. /хх-ийн 15-16-рт/
Иймд нэхэмжлэгч Э.Ө нь эмчилгээний төлбөр болон замын зардалд нийт 1.490.600 төгрөг төлсөн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-н 1.490.600 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед хохирлын баримтаа гаргаагүй байх үед 2.500.000 төгрөгийг эмчилгээнд зориулан өгсөн тул хохирлыг барагдуулсан гэж маргаж байна.
Хэрвээ хариуцагч нь тухайн үед хохирлыг төлж барагдуулсан бол хохирогчийн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан байна.
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 118-А дугаартай шийтгэх тогтоолд хариуцагч, түүний өмгөөлөгч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болжээ.
Мөн түүнчлэн шийтгэх тогтоолд “...Хохирогч Э.Ө нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна...” гэж заасан бөгөөд өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойших хугацаанд эмчилгээ хийлгэсэн бол баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн, Э.Ө нь шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2017, 2018 онд эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилж байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-ийн тухайн үед эмчилгээний зардлыг төлж барагдуулсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Т-гээс эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1.490.600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ө-т олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 1.490.600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38.800 төгрөгийг хариуцагч П.Т-гээс гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Т-гээс эмчилгээний зардалд 1.490.600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ө-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 1.490.600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38.800 төгрөгийг хариуцагч П.Т-гээс гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ