Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/862

 

 

 

 

 

    2022          11          17                                     2021/ШЦТ/862

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: М.Анхбаяр,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205015682047 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** регистртэй,

Шүүгдэгч *** нь 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар сургуулийн “А” спорт зааланд хохирогч ***ийг үл ялих зүйлээр шалтаглан толгойгоороо хамар хэсэгт нь нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогч ***ий мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад би Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар сургуулийн сагсны тэмцээн дээр байсан юм. Тэгээд би үзэгчдийн суудал дээр найз охин *** /17 нас/-н хамтаар сууж байсан чинь манай найз охины дүү нь бид хоёр дээр ирээд “*** гээд 10 дугаар ангийн хүүхэд хэл амаар доромжлоод байна” гэсэн зүйл хэлсэн. Тэгэхээр нь би найз охины хамт *** дээр очсон. *** бид хоёрын сууж байсан газрын яг эсрэг талд сууж байсан юм. Тэр үед манай найз охин *** ***д хандаж “чи өөрөөсөө дүү хүүхэдтэй соёлтой харьцаж болдоггүй юм уу” гэхэд *** амандаа нэг зүйл хэлээд байсан би яг тэр үгийг нь сонсоогүй тэгсэнээ “уучлаарай” гээд байсан. Тэгсэн чинь *** бид хоёрын урд хэсэгт сандал дээр сууж байснаа гэнэт “саяны ах, эгчийгээ дуудаад байгаа бацаан хаана байна, дууд” гээд найз охины дүү рүү заасан. Тэр үед манай найз охин ***д “чи одоо яах гээд байгаа юм бэ” гэсэн. Тэгсэнээ “за тоглосон юм аа” гээд инээсэн. Би найз охины хамт яг явах гэж байхдаа ***д хандаж “чи наад хэл амаа бодоорой” гэх зүйлийг хэлсэн. Тэгсэн чинь “юу гэнээ, чи яадаг болсон юм” гээд босож ирсэн. Би тэр үед цаашаа алхаж байсан. Тэгээд тухайн хэлсэн үгийг нь сонсоод эргэж харах үед *** миний хамар хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөсөн, миний хамарнаас цус гараад эхэлсэн тул би аав, ээжид мэдэгдсэн. Тэгээд аав сургууль дээр ирээд *** хамтаар гэмтлийн эмнэлэг явахаар болж “...цагдаа дуудсан байгаа чи намайг яагаад мөргөсөн юм бэ, би чамд ямар нэгэн үйлдэл гаргаагүй шүү дээ” гэхэд “миний өмнөөс над руу хэн ч юм ярьдаггүй юм” гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-17/,

Насанд хүрээгүй гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...15 цагийн үед манай ангийн сурагч *** болон манай ангийн хүүхдүүд А заалны зүүн урд буланд сууж байтал *** гээд охин *** гээд дээд ангийн найз залуутайгаа хүрч ирээд ***, *** толгой руу цохиод хөл рүү өшиглөөд байсан. Тэгсэн чинь ***гээс *** уучлалт гуйсан чинь *** гээд найз залуу нь ***г “хэмжээндээ байгаарай пизда минь” гэж хэлэх үед *** “яасан гэнээ” гэсэн чинь ***, *** рүү духаа өгөөд ойртоод байсан чинь *** “яасан гэнээ” гээд шууд нэг удаа ***ий нүүр хэсэгт мөргөсөн. Тэгтэл *** нүүрээ дараад яваад өгсөн. Ийм л зүйл харсан. ***, ***г цохиж амжаагүй, *** биед учирсан гэмтэл байгаагүй. *** яасан талаар сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 29/,

Шинжээчийн 5877 тоот дүгнэлтэд: “...***ий биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ. /хх-н 34-35/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 48-50, 52-54/, хохирлын баримтууд /хх-н 63-64/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар сургуулийн “А” спорт зааланд хохирогч ***ийг үл ялих зүйлээр шалтаглан толгойгоороо хамар хэсэгт нь нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч ***, *** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар мөргөж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.*** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ий нүүрэн тус газар нь мөргөсөн үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ий эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хавтаст хэрэгт эмчилгээ хийлгэсэн 155.000 төгрөгийн баримт авагдсан тул шүүгдэгч ***эс 155.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч ***, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар баримтаа жич бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 750 нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Э.*** үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.*** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирол нөхөн төлөөгүй, хохирогч гомдолтой, хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулах боломжгүй ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлөөгүй, хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** нь шүүхийн шатанд 7 хоног цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 56 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцон, 184 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь 7 хоног цагдан хоригдсон болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*** цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 56 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, 184 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 184 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***эс 155.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч ***д олгосугай.
  7. Насанд хүрээгүй хохирогч ***, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР