Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар  2022/ШЦТ/255

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000063 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **** дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 3, эх, эмээ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ***дүгээр хороо, Алтантариан *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт **** ****(РД:***).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ****нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч ****“гарцтай газраар яваач, чамайг мөргөөд алчихвал яах юм” гэснээс хувийн таарамжгүй харилцаа үүсгэн  ****нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж хоёр талын үүдэн дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 2-р шүдний сулрал, доод уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ****шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Машин нэлээд зайтай харагдахаар нь “амжих байх” гээд гарцгүй газраар гүйгээд гарсан. Тэгтэл тухайн машинаас согтуу ах бууж ирээд намайг цохихоор нь би зөрүүлээд цохисон. Хохиролд 2,500,000 төгрөг өгсөн. Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2208000000063 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Л.****ын: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Толгойтын эцсээс Содон хороолол руу **** УНЭ улсын дугаартай машинаар явж байхад гарцгүй газраар ус түрсэн хүүхэд явж байхаар нь найз *** сигналдсан боловч тэр хүүхэд сонсоогүй. Би машинаас бууж “Чамайг мөргөөд алчихвал яах юм” гээд шанаадсан чинь зөрүүлээд миний нүүр рүү цохисон. Тэгсэн миний үүдэн дээд 2 шүд унаж нэг шүд хугаран цааш орсон. Би цагдаа дуудсан. Учирсан хохирлыг барагдуулж дууссан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-13, 15),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.12.17-ны өдрийн 445 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ****биед хоёр талын үүдэн дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 2-р шүдний сулрал, доод уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. 5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэжээ (хх-28-29),

Гэрч ***: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ****ыг хүргэж өгөхөөр Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо, Содон хороолол руу явсан. Гүүрэн дээр гарцгүй газраар ус түрсэн хүүхэд явж байхад нь сигналдсан боловч чихэндээ чихэвчтэй байсан учир сонсохгүй болохоор манай найз машинаас бууж уулзан нүүр хэсэг рүү нь 1 цохисон. Нөгөө хүүхэд манай найзын нүүр рүү бас нэг цохисон. Манай найзын 2 шүд унасан байсан...” гэх мэдүүлэг (хх-19),

Шүүгдэгч *** яллагдагчаар өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн орчим би ус авах гээд хувинтай тэргээ аваад, чихэвчээ зүүгээд гарсан. Усаа авчихаад харихдаа явган хүний гарцгүй, гүүрний орчим замын хойд талаасаа урд тал руу гарах гээд хоёр тал руу хартал баруун талаас зүүн тийш явж байгаа машины гэрэл харагдсан. Би тухайн үедээ амжчих юм байна гэж бодоод гүйгээд гарсан. Тухайн машин замын 1 дүгээр эгнээнд зогсоод дотроос нь хүн бууж ирээд “Чи замаа харж яваач, чи үхчихвэл яах юм” гээд миний нүүрэн тус газар 1 удаа баруун гараараа цохихоор би буцаагаад ам орчим баруун гараараа 1 удаа цохисон чинь тэр хүн амаа бариад байсан. Над руу дайрах гээд байхаар нь би зугтаад явчихсан. Хохирлыг бүрэн баргдуулсан байгаа. Би өөрийн хийсэн үйлдлийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг (хх-59-60),

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1), дуудлагын лавлагааны хуудас (хх-2), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-47), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-52), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-48), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-49), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-50), банкны дансны хуулга (хх-65-72), Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт (хх-75), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-77), хохирогчийн “Миний биед учирсан хохирлын төлбөрийг бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хх-78) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ****нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч ****“гарцтай газраар яваач, чамайг мөргөөд алчихвал яах юм” гэснээс хувийн таарамжгүй харилцаа үүсгэн ****нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж хоёр талын үүдэн дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 2-р шүдний сулрал, доод уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ****“...Сигналдсан боловч сонсохгүй байхаар нь машинаас бууж очоод “Чамайг мөргөөд алчихвал яах юм” гээд шанаадсан чинь зөрүүлээд миний нүүр рүү цохисон. Тэгсэн үүдэн дээд 2 шүд унаж нэг шүд хугаран цааш орсон...” гэх мэдүүлэг (хх-13, 15), шүүх эмнэлгийн 445 дугаар “1. ****биед хоёр талын үүдэн дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 2-р шүдний сулрал, доод уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар Гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжилгээ (хх-28-29), гэрч *** “...нөгөө хүүхэд манай найзын нүүр рүү бас нэг цохисон. 2 шүд нь унасан...” гэх мэдүүлэг (хх-1719), шүүгдэгч *** “...Бууж ирээд миний нүүрэнд 1 удаа цохисон, би буцаагаад ам орчим баруун гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-59-60) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *** хохирогч ****зүй бус үйлдлээс шалтгаалан нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ****эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 2,500,000 төгрөг төлөгдсөн гэх, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-13, 17), “Хохирлын төлбөрийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт (хх-78)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ****нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын гарцгүй хэсгээр чихэвч зүүсэн байдалтай зам гарахаар явж байх үед нь хохирогч Л.**** тээврийн хэрэгслийн дуут дохио өгөхөд сонсохгүй байхаар нь тээврийн хэрэгслээс бууж, “гарцтай газраар яваач, чамайг мөргөөд алчихвал яах юм” гэх зэргээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар ****нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж, зодон, эрүүл мэндэд нь хоёр талын үүдэн дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 2-р шүдний сулрал, доод уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Улаанбаатар хотоос гарахыг 1 сарын хугацаанд хориглох зорчих эрх хязгаарлах ял шийтгэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Би оюутан, хохирлыг төлсөн тул торгох ял биелүүлэх боломжгүй. Улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хохирогч согтуурсан үедээ, гарцгүй газраар мөн чихэвч зүүгээд тээврийн хэрэгслийн дуут дохиог сонсоогүй шүүгдэгчийг шанаадсан буюу хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан нүүрэнд нь нэг удаа цохиж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 2,500,000 төгрөг төлөгдсөн гэх, хохирогч “Хохирол бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, оюутан, гэр бүлийн болон насны байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзэн **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооноос Сүхбаатар дүүргийн ***дугаар хороо, **** байр хүртэл, уг байрнаас Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо хүртэл зорчих үүргийг 1 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч ****гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх байдлаар хангалттай (хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн) нотлогдсон, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, 18 настай, оюутан, эх, эмээгийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хохирол, хор уршгийн шинж чанарыг тус тус харгалзан 1 сарын хугацаагаар шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих эрхийг хязгаарласан ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.     

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ****цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооноос Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, **** сургуулийн байр хүртэл, уг байрнаас Сонгинохайрхан дүүргийн ***дүгээр хороо хүртэл зорчих үүргийг 1 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 4-т заасныг тус тус журамлан шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.  

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ****цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР