Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 90

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Я.Н-н нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт холбогдох
Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан цалин 2.804.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяанд ажиллаж байсан бөгөөд Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 сарын 07-ны өдрийн А/01 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулан өр төлбөрийг барагдуулах тушаал гарсан боловч хэрэгжээгүй. Иймд дотооддоо зохион байгуулалт хийн орон тоог цомхотгон ажилтнуудыг ажлаас чөлөөлөн нягтлан бодогч нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, үйл ажиллагааг хариуцан үлдэж албан газрын асуудлыг шийдвэрлэтэл одоог хүртэл ажиллаж байна. Байгууллагын санхүүжилт шийдвэрлэгдэхгүй байсан ч үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, ямар нэгэн шийдвэр гараагүй тул албан хаагчдад цалин, ХХОАТ, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн. Тус төвийн өрийн асуудал, байгууллагын санхүүжилтийн асуудлыг дээд газартаа уламжлан шийдвэрлүүлж өгөхийг хүсэж тухайн үеийн хөдөлмөрийн хэлтэс, хөдөлмөрийн яам болон бусад холбогдох дээд газруудад удаа дараа бичиг тоот хүргүүлж байсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй, өр төлбөрийг барагдуулах арга хэмжээ авахгүй байсаар өнөөг хүрсэн. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 229-р тогтоолын дагуу томилогдсон комисс гарч Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийг төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлж тус төвд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт очсон боловч бусад өр төлбөр болох ажилтнуудын цалингийн асуудлыг шийдээгүй. Засгийн газрын тогтоолын хэрэгжилт хангагдахгүй, томилогдсон комисс өрийн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа тул тус төвийг төлөөлөн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд цалингийн 37.288.262,15 төгрөг, цалингийн өртэй холбоотойгоор үүссэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын 14.457.303 төгрөг, татварын 4.495.988,8 төгрөгийн өрийн нийт 54.512.781,82 төгрөгийг гаргуулахаар тус байгууллагыг төлөөлөн нягтлан бодогч Б.Д нь нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус байгууллага болон ажилтнуудын цалин хөлстэй холбоотой асуудлаар дахин Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар комисс томилон тус байгууллагатай холбоотой өр авлагыг барагдуулах талаар заасан боловч одоог хүртэл ажилтнуудын цалин хөлстэй холбоотой өрийг барагдуулахгүй байгаад гомдолтой байна. Би Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу албан ёсоор тухайн байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан тул тус төвд ажилласан хугацааны цалин 2.277.161 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Я.Н нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би жижиг дунд үйлдвэрт 2014 оны 02 сарын 03-ны өдрөөс эхлэн нярав, бичиг хэргийн ажилтанаар ажиллаж байгаад 2015 оны 08 сарын 26-нд тус ажлаас чөлөөлөгдсөн. 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 сарын 31-нийг хүртэл хугацааны цалин болох 2.804.700 төгрөг гаргуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч М.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилчдын ажил олгогч биш. 2. Тус газрын дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал шийдвэр гаргаж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилчдыг ажилд авч, чөлөөлөөгүй. 3. Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн 2018 оны 08 сарын 16-ны өдрийн 16 дугаартай албан тоотоор манай байгууллагад хүсэлт уламжлахдаа тус төвийн нягтлан бодогч хийж  байсан Б.Д нь “...Дээрх өр төлбөрийг барагдуулж өгөхийг Барилга хот байгуулалтын яам болон холбогдох газруудаас удаа дараа хүссэн боловч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудалд хамаарах тул өрийг барагдуулах боломжгүйг мэдэгдсэн. Иймд Засгийн газрын тогтоолыг бүрэн хэрэгжүүлж өгөхийг харъяа яаманд уламжилж өгнө үү” гэжээ. Энэ хүсэлтийн дагуу манай байгууллага 2018 оны 08 сарын 20-ны өдрийн 290 дугаартай албан тоотоор Хөдөлмөр нийгмийн хамгаалллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярт уламжилсан болно. Иймд манай байгууллага энэхүү нэхэмжлэлийн хариуцагч биш болно гэж үзэж байна гэжээ. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн ажилчдыг томилж чөлөөлдөг ажил олгогч нь биш учир тус газрын дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал шийдвэр гаргадаггүй. Мөн Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн 2018 оны 08 сарын 16-ны өдрийн 16 дугаартай албан тоотоор манай байгууллагад хүсэлт ирсэн. Тус хүсэлтэд нягтлан бодогч хийж байсан Дашмаа нь дээрх өр төлбөрийг барагдуулж өгөхийг Барилга хот байгуулалтын яам болон холбогдох газруудаас удаа дараа хүссэн хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудалд хамаарахгүй тул өрийг барагдуулах боломжгүй гэж үзсэн. Иймд засгийн газрын өрийг бүрэн барагдуулж өгөхийг харьяа яаманд уламжилж өгнө үү гэсэн тоотын дагуу тус байгууллага 2018 оны 08 сарын 20-ны өдрийн 290 дугаартай албан тоотоор хөдөлмөр нийгмийн хамгааллын төрийн нарийн бичгийн даргад үүнийг уламжилж өгсөн байдаг. Иймд манай байгууллага тус нэхэмжлэлийн хариуцагч биш гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Я.Н нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд ажилласан хугацааны цалин 2.277.161 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Я.Н нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан цалин 2.804.700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. 
Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилчдын ажил олгогч биш, тус газрын дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал шийдвэр гаргаж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилчдыг ажилд авч, чөлөөлөөгүй тул энэ хэргийн хариуцагч биш хэмээн маргажээ. 
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаалд “...1. Говь-Алтай, Завхан аймаг дахь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайлан гаргах Ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар баталсугай. 2. Ажлын хэсгийн удирдамжийг хоёрдугаар хавсралтаар баталсугай. 3. Говь-Алтай, Завхан аймаг дахь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайланг 2017 оны 10 дугаар сарын 15-ны дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, тайланг танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгосугай...” гэжээ. /хх-ийн 87-рт/
Уг тушаалын нэгдүгээр хавсралтад Говь-Алтай аймгийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд: ажлын хэсгийн дарга М.М /Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга/, нарийн бичгийн дарга Л.У /Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйл ажиллагаа ХЭДС хариуцсан мэргэжилтэн/, гишүүд Б.Б /Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн/, Б.Г /Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нярав/, Б.Д /Говь-Алтай аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн нягтлан бодогч/ нарыг баталжээ. /хх-ийн 88-рт/
Тушаалын хоёрдугаар хавсралтад ажлын хэсэг нь дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд: 1. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгийн тооллого хийх, 2. Үндсэн болон эргэлтийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх, 3. Татвар, нийгмийн даатгал, тогтмол зардал, өр төлбөр, авлагын тооцоо нийлж барагдуулах, шилжүүлэх, 4. Ажиллагсадтай хийх аливаа тооцоог хийж барагдуулах, 5. Шилжүүлэх хөрөнгө, хөрөнгийн хөдөлгөөний талаарх санал бэлдэж, танилцуулан шийдвэрлүүлэх, 6. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн санхүүгийн хаалтын тайлан гаргах, 7. Архивын бичиг баримтыг холбогдох журмын дагуу шилжүүлэх, 8. Ажлын хэсгийн тайланг гаргаж танилцуулах гэжээ. /хх-ийн 89-рт/
Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ гэж заасан байх бөгөөд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаалаар Говь-Алтай аймаг дахь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайлан гаргах ажлын хэсгийг томилсон байна. 
Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг дараахь дарааллаар хангана” гэж 32.5.6-д “...хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад төлөх хөдөлмөрийн хөлс...” гэж тус тус заажээ. 
Мөн Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад зааснаар ажлын хэсэг нь 4. Ажиллагсадтай хийх аливаа тооцоог хийж барагдуулах үүрэгтэй байна. 
Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийг татан буулгасан тохиолдолд тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажиллагсдын хөдөлмөрийн хөлс буюу цалингийн тооцоог татан буулгах комисс нь барагдуулах үүрэгтэй байна. 
Ингэхдээ Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасан дарааллаар тооцоог барагдуулах бөгөөд мөн хуулийн 32.7 дахь хэсэгт “...Хуулийн этгээдэд байгаа мөнгөн хөрөнгө нь харилцагчдын шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол татан буулгах комисс түүний бусад эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу худалдаж, төлбөрийг барагдуулж болно...” гэж заасан байна. 
Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих Говь-Алтай төв,  Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих инкубаторын төв гэж нэршлийн хувьд өөрчлөгдөж ирсэн байх боловч Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяа байгууллага бөгөөд үүнтэй холбоотойгоор татан буулгах комиссын бүрэлдэхүүнийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга болон бусад ажилчдаас томилжээ. 
Мөн түүнчлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг удирдлага зохион байгуулалтаар хангадаг, тухайлбал төвийн даргыг томилж, чөлөөлөх, бүтэц орон тоог батлах эрхтэй болох нь хэрэгт авагдсан тушаалуудаар тогтоогдож байна. 
Нэхэмжлэгч Я.Н нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих Говь-Алтай төвд нярав, бичиг хэрэг хариуцсан ажилтнаар 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр томилогдон ажиллаж, улмаар 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих Говь-Алтай төвийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар тушаал, Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих инкубаторын төвийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/03 дугаар тушаал, 2014 оны хөдөлмөрийн гэрээгээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 20-30-рт/
Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих инкубаторын төвийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/03 дугаар тушаалд Я.Нийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг “...тус төвийн санхүүжилтийн асуудал шийдэгдээгүйгээс шалтгаалан цалингийн өр үүссэн, цаашид цалин олгох боломжгүй байгаа ажлыг хавсран гүйцэтгүүлэх шаардлагатай болсон тул...” гэж заажээ.
Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/02 дугаар тушаал, хавсралтаар аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг захирал 1, нягтлан бодогч 1, сургалтын мэргэжилтэн 2, нярав 1, үйлчилгээний ажилтан 4, нийт 9 орон тоотой байхаар баталсан байна. Улмаар 2015 оны 08 дугаар сард тус төвийн санхүүжилтийн асуудал шийдэгдээгүйгээс шалтгаалан цалингийн өр үүссэн, цаашид цалин олгох боломжгүй болсон зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан тус төвийг захирал, сургагч багш 1, сургалт зөвлөгөө, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэн 1, нийт 2 хүний орон тоотой байхаар бүтэц, орон тоог баталсан болох нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/20 дугаар тушаал, хавсралтаар тогтоогдож байна. /хх-ийн 70-73-рт/
Нэхэмжлэгч Я.Н нь 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд ажлаас чөлөөлөгдөх хүртлээ ажилласан боловч дээрх хугацааны цалингаа аваагүй болох нь гэрч Б.Д-гийн шүүх хуралдаанд “...2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарыг дуустал хугацаанд Я.Н ажиллаж байсан. Манай дээр нийгмийн даатгал, татварын өр 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүсч эхэлсэн. Тухайн үед ажилтнууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлага гардаг, Эрүүл мэнд, нийгмийн даатгал төлөгдөөгүй байна гэдэг үндэслэлээр үйлчлүүлэх боломжгүй байсан. Нийгмийн даатгалд 01 сараас 08 дугаар сар хүртэл өртэй тайлангаа өгч байсан учир ажилтнуудын нийгмийн даатгалын дэвтрийг бөглүүлдэг байсан. Ажилтнуудын өр төлбөр барагдаагүй байгаа...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Дээрх хугацаанд Я.Н-т нийт 3.393.456 төгрөгийн цалин бодогдсон байх бөгөөд үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг суутган тооцоод нийтдээ 2.804.700 төгрөгийг гар дээр авах байсан болох нь тус төвийн ажиллагчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэлээр тогтоогдож байна. /хх-ийн 114-123-рт/ 
Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгохоор заасан бөгөөд нэхэмжлэгч Я.Н нь 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд ажилласан хугацааныхаа цалинг гаргуулахаар шаардах эрхтэй байна. 
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь “...Удирдамжийн дагуу комисс томилогдож ирсэн. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн эд хөрөнгийг тоолж, хүлээж, санхүүгийн өр төлбөрийг нягтлан бодогчоор гаргуулан холбогдох газарт уламжилж ажилласан боловч хариу ирээгүй...” гэж, 
Гэрч Ц.А нь шүүх хуралдаанд “...Жижиг дунд үйлдвэрийг дэмжих байр нь төрийн нэг өмчийг балансаас балансад шилжүүлэх засгийн газрын тогтоол гарсны дагуу төрийн өмчийн хорооны дарга Ням-Осорын захирамж гараад комисс томилогдсон. Гэхдээ хоёр яам харьяатай болж байгаа учир хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хандсан, барилга хот байгуулалтын яаманд хандсан хоёр албан бичиг  гарсан. Энэ хоёр байгууллагаас тус бүр тухайн орон нутагт ажиллаж байгаа салбар болох хөдөлмөрийн хэлтэс, газрын албанаас ажлын хэсэг гаргаад нэг нэгэндээ өр авлагыг хүлээлцээд явсан шийдвэр гарсан. Үүний хэрэгжилтийг хангахын тулд ажлын хэсэг ажиллаагүй. Одоог хүртэл байгууллагын үйл ажиллагаа зогсож тамга тэмдэг хураагдсан зүйл байхгүй. Тухайн шийдвэр гарсан үед ажлын хэсэг шуурхай ажилласан бол өр төлбөр барагдаад нэг тийшээ болчих боломж байсан. Өмнө нь Мандал голомт ХХК-нд 50 гаруй сая төгрөгийн өр үүссэн байсан нь шүүхийн шийдвэр гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа хийгдэж байсан. Үүнийг ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байхад шийдвэрлэгдсэн учир сангийн яамнаас энэ өр төлбөрийг барагдуулж өгч байсан. Тухайн үед ажлын хэсэг шуурхай ажиллаад хугацаандаа үүргээ гүйцэтгэсэн бол өр төлбөр барагдах байсан...” гэж, 
Гэрч Б.Д нь шүүх хуралдаанд “...Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг татан буулгах тухай шийдвэр гарсан боловч албан ёсоор татан буугдаагүй, ажилтнуудын өр төлбөр барагдаагүй. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш тооллого тооцоо хийгдээгүй. Ажлын хэсэг бүрэн ажиллаагүй. Хөдөлмөрийн хэлтсийн харьяа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжилт орж ирдэг. 2015 оноос хойш хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тендер зарлагдаагүй. Бид нар тендер зарлагдана гэж бодоод ажлаа хийгээд явж байсан. 2015 оны өр авлагын манайх байнга яам руу бичиг тоот явуулдаг байсан. Хөдөлмөрийн хэлтсийн даргад жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн өр авлагыг барагдуулах, ажлыг сайжруулах талаар албан бичиг ирсэн байгаа...” тайлбарлаж байна. 
Нэхэмжлэгч, гэрч нар нь ажлын хэсэг нь удирдамжид заасан ажлыг хийгээгүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь “.... Хугацаанд нь эд хөрөнгөө хүлээлгэж өгөөд цалингийн өр төлбөртэй холбоотой асуудлыг яамд уламжилсан...” гэж тайлбарлаж байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар ажлын хэсэг удирдамжинд заасан ажлыг хийж дуусгасан болох нь тогтоогдохгүй байх тул ажлын хэсэг удирдамжид заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй байна. 
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаалаар ажилчдын цалин хөлсний тооцоотой холбоотой асуудлыг шийдвэрлэхийг даалгаж байсан, үүний дараа тус төвийн нягтлан бодогч Б.Д нь төвийн ажилчдын цалин хөлсний асуудлаар 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тус нэхэмжлэл гаргаж байсан зэргээс дүгнэхэд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь ажилчдын цалин хөлсний асуудлаар шат шатны байгууллагад хандаж байсан байна. 
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.М нь шүүх хуралдаанд “Цалин хөлстэй холбоотой  маргаан нь 3 сарын дотор шүүхэд хандана. Тэгэхээр 2015 оны 01 сараас 08 дугаар сар хүртэл гомдол гаргах хугацаа нь дууссан” гэж маргаж байна.
Я.Н-ийн нэхэмжилж буй цалин хөлс нь ажиллаж буй байгууллагын санхүүжилтийн асуудал шийдэгдээгүйтэй холбоотойгоор байгууллагын нийт ажилчдыг хамарсан цалин болон нийгмийн даатгал, татварын өр төлбөр үүссэн, байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан байрыг балансаас балансад шилжүүлж татан буулгах ажиллагаа хийгдсэний улмаас үүссэн маргаан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй юм. 
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд ажилласан хугацааны цалин 2.804.700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.Н-т олгох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн болно. 
Нэхэмжлэгч Я.Н нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулахаар 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийн төлөөлөгч М.Мтай холбогдоход Улаанбаатар хотод байна гэж, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-г нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцах талаар мэдэгдэхэд хөдөө томилолтоор явж байгаа, 03 сарын 05-нд ирнэ гэж мэдэгдсэн, улмаар 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулсан болно. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг шүүхэд гаргаж өгөх талаар зохигчдод эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан боловч баримтын эх хувь байхгүй учраас эх хувиар эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх боломжгүй гэсэн шалтгаанаар нотлох баримтын шаардлага хангаж ирүүлээгүй баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилласан хугацааны цалин 2.804.700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 59.825 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд ажилласан хугацааны цалин 2.804.700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.Н-т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилласан хугацааны цалин 2.804.700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 59.825 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        
                         

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ