Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0623

 

 

 

 

                                                                          

             Б.Т*******ийн нэхэмжлэлтэй

             захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т*******, Б.У******* нар

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Т*******

Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Хэрлэн сумын *******ийн нутаг дэвсгэрт Хянган 2-р гудамжны 206 Б тоот хаягт байрлах 2106028192 нэгж талбарын дугаар бүхий 200 мкв газарт “С*******” ХХК-ийн захиалгаар “Т*******” ХХК-иар гүйцэтгүүлэх худалдаа, нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор бүхий барилгыг шинээр барих, барилга эхлэх зөвшөөрөл олгохгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 116/ШШ2024/0013 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 116/2024/0015/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Т*******ээс Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан “Дорнод аймгийн Хэрлэн сумын *******ийн нутаг дэвсгэрт Хянган 2-р гудамжны 206 Б тоот хаягт байрлах 2106028192 нэгж талбарын дугаар бүхий 200 мкв газарт “С*******” ХХК-ийн захиалгаар “Т*******” ХХК-иар гүйцэтгүүлэх худалдаа, нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор бүхий барилгыг шинээр барих, барилга эхлэх зөвшөөрөл олгохгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгах”-аар маргасан байна.

2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 116/ШШ2024/0013 дугаар шийдвэрээр: 

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 37 дугаар зүйлийн 37.3, Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Хэрлэн сумын *******ийн нутаг дэвсгэрт Хянган 2-р гудамжны 206 "Б" тоот хаягт байрлах 2106028192 нэгж талбарын дугаар бүхий 200м² газарт "С*******" ХХК-ийн захиалгаар "Т*******" ХХК-аар гүйцэтгүүлэх худалдаа, нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор бүхий барилгыг шинээр барих, барилга эхлэх зөвшөөрөл олгохгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлын зөвшөөрөл олгохыг Дорнод аймгийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т*******, Б.У******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “…Газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Т*******т худалдаа үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаатай шилжүүлсэн шийдвэр нь хүчин төгөлдөр бөгөөд энэхүү захирамжийн дагуу барилгыг шинээр барих, барилга эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байгаа Засаг даргын үйлдэл хууль бус юм…" гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дахь заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж, барилга барих талбайн 40 хувиас доошгүй нь авто зогсоол, цэцэрлэг, ногоон байгууламж байхаар тусгагдсан. Гэтэл нэхэмжлэгчийн барих барилгын 30 хувь нь ногоон байгууламж, гадна тохижилтын талбай байхаар тусгагдсан.

Иймд Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д "Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэхийг харгалзан үзнэ" гэж хуульчилсан тул аймгийн Засаг даргаас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг шууд олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн болно.

 Мөн тухайн баригдах барилгын нөлөөлөлд буй Хэрлэн сумын 4 дүгээр багийн 79, 80, 81 дүгээр байрны оршин суугчид эсэргүүцэн аймгийн Засаг даргад хандан тухайн барилгатай холбоотой гомдлыг гаргасан тул аймгийн Засаг даргын зүгээс иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэлгүйгээр барилгын ажлын зөвшөөрлийг олгох тухай шийдвэрийг гаргах боломжгүй болсон болно.

Гэтэл анхан шатны шүүх нь дээрх иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэлгүйгээр тухайн нэхэмжлэгчид барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “…, Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй ямар нөхцөл байдал үүссэн нь тогтоогдохгүй, энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй байна…" гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын зүгээс захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлтэй холбоотой нотлох баримтыг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 4/1281 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Мөн тухайн барилгын зөвшөөрлийг олгохыг эсэргүүцэж байгаа иргэдийн гомдлыг шүүхэд танилцуулж байсан болно. Гэтэл барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй ямар нөхцөл байдал үүссэн нь тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 116/ШШ2024/0013 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

1.Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/747 дугаар захирамжаар Хэрлэн сумын *******, “б” хаягт байрлах, нэгж талбарын  2106028192 дугаартай 200 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 8 жилийн хугацаагаар иргэн Т.Б*******эс нэхэмжлэгч Б.Т*******т шилжүүлэн эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.

 

Уг газрыг анх аймгийн Засаг даргын 2022 оны А/204 дүгээр захирамжаар иргэн Т.Б*******д олгосны дараа 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр барилгын ажил эхлэх зөвшөөрлийг аймгийн Засаг даргад гаргаж байснаас хойш 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 04/24, 31-ний өдрийн 06/24, 2 дугаар сарын 29-ний өдрийн 16/24, 3 дугаар сарын 13-ны өдрийн 26/24 албан бичгээр удаа дараа хандсан;

 

-Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 955/2023 дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлд зааснаас үзэхэд баригдах барилгын хэмжээ тэнхлэгээрээ 10х14м, өөрөөр хэлбэл 140 м.кв талбайтай, газрын түвшнээс дээш 6 давхар байх бөгөөд аймгийн ерөнхий архитектор, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, Зүүн бүсийн төвийн Онцгой байдлын газрын дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын хянан шалгалтын хэлтсийн дарга нар зөвшөөрсөн, дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, холбоо дохиоллын техникийн нөхцлүүд олгогдсон, барилга байгууламжийн зураг төслийн бүрдэл хангагдсан, эрчим хүчний гэрчилгээ олгогдсон, барилгын зураг төсөлд магадлал хийсэн 6 экспертүүд 100 хувь зөвшөөрч, улмаар Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.2, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 51, 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийг тус тус үндэслэн магадлал хийх ажлыг зохион байгуулж, нэгтгэлийн бүртгэлийн дугаар олгогджээ.

 

2.Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т “барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсгийг боловсруулсан зохиогч тухайн зураг төслийг баталгаажуулан, мэргэжлийн хариуцлага хүлээх”, 38.1.3-т “зураг төсөл зохиогч хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэн эсэхэд хяналт хийж баталгаажуулан, хариуцлага хүлээх”, 39.4-т “Эксперт барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсэгт магадлалын дүгнэлт гаргаж, мэргэжлийн хариуцлага хүлээнэ”, 39.5-д “Экспертийн эрх бүхий хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж, техникийн шийдлийн талаарх дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж тус тус зааснаас үзэхэд ч нэгэнт мэргэжлийн экстертүүд магадлалын дүгнэлтээ гаргаж, Барилгын хөгжлийн төвөөс ийнхүү дүгнэлтүүдийг нэгтгэсэн байгаа энэ тохиолдолд барилгын ажлыг эхлэх зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас аймгийн Засаг даргад хандаж “…тус барилга нь Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4 дэх хэсэгт заасан баримт бичгийн бүрдлийг хангасан тул барилгын ажлыг эхлэх зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн болох…”-ыг ч дурдах нь зүйтэй.

 

Дээрхээс дүгнэхэд барилга эхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах хууль зүйн үндэслэлгүй, гагцхүү хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон “…Хэрлэн сумын 4 дүгээр багийн 79, 80, 81 дүгээр байрны оршин суугчдаас тухайн байршилд барилга барихыг эсэргүүцэж, ногоон байгууламж, болон хүүхдийн тоглоомын талбай бий болгох хүсэлт гаргасан…” гэсэн нь хуульд заасан журмын дагуу газар эзэмшиж, улмаар уг газраа зориулалтын дагуу барилга барихыг хүссэн нэхэмжлэгчийн эрхтэй зөрчсөн хууль бус татгалзал байна.

 

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна” гэж зааснаас үзэхэд 79, 80, 81 дүгээр байрыг анх барих үед нь хуулийн энэхүү шаардлагыг хангуулах ёстой болохоос бус хөрш залгаа орших нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт ногоон байгууламж, хүүхдийн тоглоомыг талбай байгуулах зорилгоор барилгын ажлыг эхлэх зөвшөөрлийг олгохоос татгалзаж байгааг хуульд нийцсэн гэж үзэхгүй.

 

3.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” нь төрөөс газрын талаар баримтлах зарчим байхаар тусгасан.

 

Мөн давж заалдах гомдлын нэг үндэслэл болох “…Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дах заалтыг 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна…” гэж өөрчлөн найруулсан, өөрөөр хэлбэл 40 хувиас доошгүй нь авто зогсоол, ногоон байгууламж, цэцэрлэг байх ёстой атал нэхэмжлэгчийн барих барилгын 30 хувь ногоон байгууламж, гадна тохижилтын талбайд хамаарч байгаа, мөн Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэхийг харгалзан үзнэ” гэсэн тул дээрх шаардлагыг хангахгүй байгаа нь барилгын ажил эхлэх зөвшөөрлийг шууд олгох боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн…” гэсний тухайд цаг хугацааны хувьд нэхэмжлэгчээс холбогдох хуульд өөрчлөлт орохоос өмнө хүсэлтээ гаргасан, харин ч хариуцагчаас хүсэлтийг шийдвэрлэхгүй байснаас шалтгаалж хуульд заасан шаардлага өөрчлөгдсөн байгаа нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.

 

Аймгийн ерөнхий архитекторын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр баталсан АТД-21-01/23 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилга баригдах тохиолдолд ч барилга хоорондын зай болон орц, гарцын талаар аливаа асуудал үүсэхгүй болохыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* зөвшөөрсөн болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 116/ШШ2024/0013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т*******, Б.У******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                        Н.ДОЛГОРСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН