Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 061

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгчид А.Дауренбек, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч: А.Лина, 
нарийн  бичгийн дарга: Х.Оралсын,  
улсын яллагч: Б.Баярмагнай,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Костёр,
шүүгдэгч И.Отгоо нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хаснууд овогт Ишийн Отгоод холбогдох 201520000330 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    Шүүгдэгчийн биеийн байцаалт:
    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хаснууд овогт Ишийн Отгоо, 1988 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 8-15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, регистрийн дугаар ОМ88040402. 
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 
    Шүүгдэгч И.Отгоо нь давтан үйлдлээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар хохирогч Б.Пүрэвсүрэнгээс 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төслийн материалын бүрдүүлбэр нэрийдлээр 300.000 төгрөг, мөн давтан үйлдлээр 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “13.000.000 төгрөгний Газар тариалангийн төслийн урьдчилгаа” нэрийдлээр 1.300.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 04 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд 60.000.000 төгрөгний буцалтгүй зээлийн төслийн урьдчилгаа 20 хувийг байршуулах ёстой гэж 8.800.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 07 дугаар сарын 04-ний өдрийн хооронд 108.000.000 төгрөгний орон сууцны зээлийн урьдчилгаа мөнгө болох 17.800.000 төгрөгийг тус тус залилан мэхлэж авч, хохирогч Б.Пүрэвсүрэнд нийт 28.200.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд: 
- Хохирогч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “… И.Отгоо нь 2015 оны 04 дүгээр сарын эхээр манай найз И.Тунгалагаар дамжуулан аймгийн засаг даргын зөвлөх Баттулга гэх хүний дүү гэж надтай танилцсан. ... Отгоотой танилцсанаас хойш Отгоо нь надтай ярьж байгаад манай ах Баттулга хүмүүсийн төсөл гаргаж өгдөг юм. Би ахаараа дамжуулаад чамд төсөл авч өгье гэхэд нь би өөрөө нөхөргүй 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй тул Отгоод маш их итгэж мөн баярласан. Ингээд төслийн бичиг баримтын бүрдүүлбэр 300.000 төгрөг болон өөрийн чинь бичиг баримтын хуулбар хэрэгтэй гэхээр нь би 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өөрийнхөө охин Бурмаагийн Төрийн банкинд байрлах хадгаламжийн данснаас 200.000 төгрөг ХААН банкинд байрлах өөрийнхөө данснаас 100.000 төгрөг нийт 300.000 төгрөгийг Хөдөлмөрийн дээд сургуулийн хажууд байх автомашины зогсоол дээр бичиг баримтын хуулбарын хамтаар аваачиж өгөөд харьсан. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Гиваан баатрын талбай дээр Отгоо надтай уулзаад манай ах таны төслийг газар тариалангийн чиглэлээр 13.000.000 төгрөгөөр бүтээхээр боллоо. Үүнээс 10 хувь буюу 1.300.000 төгрөгийг нь байршуулах юм байна. Энэ мөнгийг надад одоо өг гэхээр нь би нагац ах Намхайтай ярьж түүнээс 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 500.000 төгрөгийг Төрийн банкинд байрлах өөрийнхөө 160000286201 дугаар дансаар, 700.000 төгрөгийг хадам бэр дүү болох Отгонцэцэгээс гуйж аваад дутсан 100.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж 1.300.000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гиваан баатрын талбай дээр Отгоод бэлнээр өгсөн. Тэгээд хэд хоногоос буюу 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Отгоо надтай утсаар ярьж уулзаад аймгийн захиргаанд хэдэн төсөл ирсэн байна. Ах чиний газар тариалангийн төслийн материалыг судалж үзээд 60.000.000 төгрөгний буцалтгүй төсөл авах боломжтой гэж тогтоогоод чамд 60.000.000 төгрөгний буцалтгүй төсөл өгөхөөр боллоо. Уг мөнгөний 20 хувь 12.000.000 төгрөг байршуулах хэрэгтэй. Хамтраад энэ мөнгийг олж байршуулаад мөнгөө авъя. Гэхдээ би чиний төслийн мөнгө ирэхээр хэдэн төгрөг авна шүү гэхээр нь би зөвшөөрч аав Бадарчид хэлж 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ааваар малчны зээл авахуулж 3.800.000 төгрөгийг өөрийнхөө ХААН банкинд байрлах 5820007734 дансаар дамжуулан авч 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Отгоод бэлнээр өгсөн. Тэгээд 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Эрдэнэбаяраас 2.000.000 төгрөгийг өөрийнхөө дансаар аваад өмнө нь аав Бадарчаар дамжуулан Эрдэнэбаяраас бэлнээр авахуулсан байсан 3.000.000 төгрөгийг нийлүүлж нийт 5.000.000 төгрөгийг аймгийн Захиргааны хойд талд Отгоод бэлнээр хүргэж өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа 2015 оны 05 дугаар сарын 05-ны үед шиг санагдаж байна. Отгоо надтай уулзаад манай ах таны төслийн мөнгийг байрны зээл хэлбэрээр гаргахаар болсон байна. Байрны зээлээр бол 108.000.000 төгрөг гарах юм байна гэхэд нь би дахин мөнгө хайж нагац ах Балганаас 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг, дүү Жавзанаас 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1.720.000 төгрөг авснаас 1.700.000 төгрөг нийт 2.200.000 төгрөгийг бэлнээр Отгоод өгсөн. Урьдчилгаа болгож байршуулсан мөнгө дутаад байсан тул 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр би өөрөө зээл авч 800.000 төгрөг, Довчин, Эрдэнэчимэг нараас 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөг, Оюунчимэгээс 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 800.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Эрдэнэбаяраас /Даш/ 1.000.000 төгрөг, найз Оюундэлгэрээс 700.000 төгрөг, Эрдэнэбаяраас дахин 1.500.000 төгрөг бэлнээр авч И.Отгоод уг мөнгийг бэлнээр өгсөн. Дахин 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэбаяраас 6.000.000 төгрөг дансаар авч Нархан цэцэрлэгийн урд талд дүү Орломын хамтаар Отгоод бэлнээр хүргэж өгсөн. Мөн аав бид хоёр 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Эрдэнэбаяраас 2.500.000 төгрөг бэлнээр авч Март худалдааны төвийн дээд талд Отгоод бэлнээр аваачиж өгсөн. Манай дүү Жавзан нь 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өгөөмөр төвийн хажууд И.Отгоод 300.000 төгрөг бэлнээр аваачиж тус тус өгсөн. ... Отгоо нь миний болон манай аав, ээж, дүү нарын амьдралыг хүнд байдалд оруулсан хүн тул маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 234-235, мөн хх-ийн 21-22, 123-124, 172-173 дугаар хуудас/,
    - Гэрч Х.Бадарчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “…  Пүрэвсүрэн нь өөрөө ажилгүй тул ногоо тарьж амьдралаа залгуулдаг юм. 2015 оны 04 дүгээр сард /одоо өдрийг сайн санахгүй байна/ Пүрэвсүрэн нь надтай утсаар яриад би аймгийн засаг даргын зөвлөхөөр ажилладаг Баттулга гэх хүний дүү Отгоо гэх эмэгтэйтэй танилцлаа. Отгоо надад газар тариалангийн чиглэлээр төслийн зээл авч өгнө гэнэ. Би төсөл авах гэж байна. Төслийн хураамжийн мөнгө хэрэгтэй гэж надаас 300.000 төгрөг авсан. ... тэгээд дахин мөнгө хэрэгтэй гэхээр нь Өлгий сумын банкнаас малчны зээл авч Пүрэвсүрэнгийн данс руу өөрийнхөө 5809010287 дугаарын данснаас 3.800.000 төгрөг явуулсан. Тэгээд байж байтал дахин мөнгө хэрэгтэй гэхээр нь Ховд аймагт амьдардаг Н.Эрдэнэбаяр гэх хүнтэй   ярьж уг хүнээс мөнгө авахаар болж Пүрэвсүрэнгийн данс өгснөөр Эрдэнэбаяр нь Пүрэвсүрэнд нийт 15.000.000 төгрөг өгсөн. Мөн би энэ хугацаанд Довчин гэх хүнээс 2.000.000 төгрөг, Дашаас 1.000.000 төгрөг, Жавзанаас 2.000.000 төгрөг тус тус авч өгсөн. Уг мөнгөнөөс Дашийн 1.000.000 төгрөгийг бэлнээр авч Пүрэвсүрэнд өгсөн. Харин Жавзан, Довчин нар нь манай охин Пүрэвсүрэнгийн данс руу мөнгийг нь шилжүүлж өгсөн байсан. ... Би Эрдэнэбаяр, Даш, Довчин нараас авсан мөнгөө малаар төлж өгсөн. Отгоо нь Пүрэвсүрэнгээс авсан мөнгөө буцаан төлж өгөөгүй. Харин нэг удаа 150.000 төгрөг өгсөн гэсэн. … Би өмнөх мэдүүлэг дээрээ уг 2.500.000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр И.Отгоод өгсөн гэж андуурч мэдүүлсэн байсан ба одоо санаад байхад уг мөнгийг 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өгсөн байсан. Учир нь тухайн өдөр манай охин Чулуунхүу нь ирсэн өдөр байсан. Би Пүрэвсүрэнтэй хамт Отгоод мөнгө өгч байсан ба миний хувьд түүний нөхөр ямар хүн байгааг нь мэдэхгүй, танихгүй. Түүний нөхөр гэх хүнтэй уулзаж, харж байгаагүй. Манай эхнэрийн холын хамаатан Бямба овогтой Даш гэх хүн нь одоо Ховд аймгийн Дөргөн суманд амьдардаг. Тухайн үед Отгоо нь мөнгө хэрэгтэй гэсэн тул би Дашийн 1.000.000 төгрөг Эрдэнэбаярт байсныг нь авч Пүрэвсүрэнд өгсөн. Пүрэвсүрэн уг мөнгийг Отгоод өгсөн. Бид нар Эрдэнэбаяраас 15.000.000 төгрөг, мөн түүнд байсан Дашийн 1.000.000 төгрөг, нийт 16.000.000 төгрөг авч Отгоод өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 26, 174, 238 дугаар хуудас/,
- Гэрч Д.Оюундэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Б.Пүрэвсүрэн нь 2015 оны 03 дугаар сарын сүүлчээр надаас 500.000 төгрөг, 5 дугаар сарын сүүлчээр 700.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөг зээлж авсан. Уг мөнгийг надаас зээлж авахдаа эхний авсан 500.000 төгрөгийг бол банкны зээл хаахаар, харин 700.000 төгрөгийг хүнд өгөөд мөнгө гарахаар нь буцааж өгнө гэж хэлээд авсан. ...Пүрэвсүрэн надад ярихдаа “төсөл хөөцөлдөж байна” гэж хэлж байсан. Пүрэвсүрэн надаас авсан 1.200.000 төгрөгнөөсөө 550.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо 650.000 төгрөг өгөөгүй байгаа. Пүрэвсүрэн нь сүүлд надад хэлэхдээ Отгоо надад төсөл бүтээж өгнө гэж надаас 26.0 сая төгрөг аваад залилчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
- Гэрч Ц.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… 2015 оны 04 дүгээр сарын 10-ны үед байх худ ураг болох Пүрэвсүрэн нь надтай утсаар яриад мөнгө хэрэгтэй байна, мөнгө байвал зээлээч гэхээр нь би 700.000 төгрөгийг Маргад дэлгүүр дээр Пүрэвсүрэнд бэлнээр өгсөн. … төсөл хөөцөлдөж байна. Мөнгө байршуулах хэрэгтэй байна. Төслийн мөнгө орж ирэхээр нь чиний мөнгийг буцааж төлнө гэхээр нь би Пүрэвсүрэнд итгээд уг мөнгийг өгсөн юм. Пүрэвсүрэн нь миний мөнгийг бэлнээр буцааж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
- Гэрч Т.Нямдаваа /хх-ийн 32-33 дугаар хуудас/, Ү.Цэцэнхүү /хх-ийн 34-35 дугаар хуудас/, Н.Төмөрхүү /хх-ийн 36-37 дугаар хуудас/, И.Цэрэннадмид /хх-ийн 38-39 дүгээр хуудас /, И.Хөхөөсүрэн /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ нарын мэдүүлэг,       
- Гэрч И.Тунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Отгоо манайд ирээд надтай ярьж байгаад “би таны төслийг хөөцөлдөж байна. Ахдаа хэлсэн манай ах 300.000 төгрөг хэрэгтэй гэж байна. Учир нь цааш дамжуулж өгдөг юм байна гэхээр нь би Отгоод мөнгө байхгүй гээд өөрөөсөө 30.000 төгрөг, Б.Пүрэвсүрэнгээс 50.000 төгрөг авч Отгоод өгсөн. И.Отгоо надад эхлээд 20.000.000 төгрөгний төсөл авч өгөхөөр болж байснаа сүүлд 10.000.000   төгрөгний төсөл авч өгөхөөр болсон. Манай найз Пүрэвсүрэнд 20.000.000 төгрөгний төсөл авч өгөхөөр болж байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 42-43 дугаар хуудас/,
- Гэрч Н.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байх. Өдрийг сайн санахгүй байна. Б.Пүрэвсүрэнд   800.000 төгрөг зээлж өгсөн. Б.Пүрэвсүрэнгийн ХААН банкны дансаар шилжүүлж байсан. Би Пүрэвсүрэн эгчид 800.000 төгрөг зээлдүүлж өгөхдөө “та ямар учиртай мөнгө зээлж байгаа юм бэ?, юунд хэрэглэх гэж байгаа” талаар асуухад Пүрэвсүрэн эгч “газар тариалангийн чиглэлээр төсөл хөөцөлдөж байгаа юм” гэж хэлэхээр нь өөр зүйл асуугаагүй. Б.Пүрэвсүрэн эгч надаас авсан мөнгөө эргүүлж төлсөн” гэх мэдүүлэг / хх-ийн 45 дугаар хуудас/,
- Гэрч Б.Жавзангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 05 дугаар сарын 06-нд миний төрсөн эгч Пүрэвсүрэн надтай уулзаад “би төсөл хөөцөлдөж байна. Мөнгөний хэрэг яаралтай гараад байна. Чи надад мөнгө зээлээч” гэхээр нь 1.720.000 төгрөгний цалингийн зээл  авч  2015 оны  05 дугаар  сарын  08-нд  эгч Пүрэвсүрэнгийн  58200007734 дугаартай ХААН  банкны дансаар  шилжүүлж өгсөн.  ... хүнээр дамжуулж төсөл хөөцөлдөж байна. Хүнд өгөх мөнгө хэрэгтэй болоод байна гэж хэлж байсан. 07 дугаар сард амралтаа авчихаад    Улаангомд гэртээ очоод байж байхад Б.Пүрэвсүрэн эгч надад “чи Отгоо гэх хүнд төслийн бичиг хэргийн зардал гэх 60.000 төгрөг хүргээд өгчих” гэж хэлэхээр нь би өөрөөсөө 60.000 төгрөг гаргаж хүргэж өгсөн. Дахиад мөн 07 дугаар сард Б.Пүрэвсүрэн надад “300.000 төгрөг хүргээд өгчихөөч. Төслийн мөнгө гүйцээж өгөх гэж байгаа юм” гэж хэлэхээр нь би өөрөө И.Отгоод бэлнээр 300.000 төгрөг хүргэж өгсөн. Энэ үед И.Отгоо нь өөрийн хоёр хүүхдийн хамтаар явж байсан. И.Отгоо нь манай эгч Пүрэвсүрэнд төсөл бүтээж өгнө гэж итгүүлээд урьдчилгаа мөнгө гэж баахан төгрөг авсан байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 46-47 дугаар хуудас/, 
    - Гэрч О.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 05 дугаар сард Б.Пүрэвсүрэнд 2.0 сая төгрөг зээлсэн юм. Б.Пүрэвсүрэнгийн ХААН банкны дансаар 2.0 сая төгрөгийг би өөрөө шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг / хх-ийн 48 дугаар хуудас/,
- Гэрч Г.Балганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 04 дүгээр сард билүү 500.000 төгрөг зээлсэн. Б.Пүрэвсүрэнгийн аав миний хүргэн ах болох Бадарч над руу утсаар урьж болж өгвөл 1.0 сая төгрөг, болохгүй бол 500.000 төгрөг зээлэх боломж байна уу. Өр зээлэнд ороод мөнгөний хэрэг гараад болохгүй байна гэхээр нь Наранбулаг сумын ХААН банкны салбараар өөрийн нэр дээрээс Пүрэвсүрэнгийн данс руу шилжүүлэг хийж 500.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг / хх-ийн 49 дүгээр хуудас/, 
    - Гэрч Н.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би Пүрэвсүрэнгийн аав Бадарч гэх хүнд 15.000.000 төгрөг өгч байсан. 11.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 2015 оны 04 дүгээр сарын 20-ны үед 3.000.000 төгрөг, дахиад над руу Бадарч ах яриад Пүрэвсүрэнгийн данс руу 2.000.000 төгрөг шилжүүлээтэх гэхээр нь 2015 оны 04 дүгээр сарын 28-ны үед шилжүүлсэн юм. Дараа нь 2015 оны 06 дугаар сард 6.000.000 төгрөг Пүрэвсүрэнгийн данс руу хийсэн шиг санагдаж байна, үлдэгдэл 4.000.000 төгрөгийг бэлнээр 2 хувааж Бадарч ахад өөрт нь өгсөн. Мөн 2015 оны 06 дугаар сард Даш гэх хүний ноолуурын 1.0 сая төгрөг надад байсан юм. Даш гэх хүн өөрөө яриад миний 1.0 сая төгрөгийг Бадарчийн данс руу шилжүүл гэхээр нь шилжүүлсэн юм. Ингээд нийт 16.0 сая төгрөг болж байгаа” гэх мэдүүлэг / хх-ийн 51-52 дугаар хуудас/, 
    - Гэрч Н.Орломын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Отгоо нь миний эгчид төсөл авч өгөхөөр итгүүлж эгчээс 30 орчим сая төгрөг хуурч мэхлэн авсан. Уг хуурч мэхлэх ажиллагаандаа миний бичиг баримтыг хүртэл хуулбарлаж авсан удаатай. ...Пүрэвсүрэн эгч 2015 оны 06 дугаар сарын эхээр надтай хамт явж байгаад Улаангом сумын 3 дугаар багт байрлах Өгөөмөр төвийн ХААН банкны салбар орж өөрийнхөө данснаас 6.000.000 төгрөг авч 3 дугаар багийн цэцэрлэгийн өмнө талын нарийн гудамжны хажууд Отгоод өөрт нь өгсөн. Тухайн үед Отгоо нь Пүрэвсүрэн эгчид “... төсөл бэлэн болж байна. Энэ мөнгийг ахад өгнө” гээд аваад явсан. Тухайн үед Отгоо ганцаараа явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,
    -Гэрч Б.Чулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 07 дугаар   сарын 04-ний өдөр Эрдэнэбаяр ахаас 2.500.000 төгрөгийг манай аав Бадарч болон эгч Пүрэвсүрэн нар нь авч Отгоод хүргэж өгсөн. Миний хувьд уг мөнгийг хаана хүргэж өгснийг нь бол мэдэхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 126 дугаар хуудас/, 
    - Гэрч Б.Дашнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би одоо өдрийг нь сайн санахгүй байна. 2015 оны 05 дуагар сарын сүүлээр юм уу, 06 дугаар сарын эхээр Бадарчид нэг сая төгрөгийг Эрдэнэбаяраас Бадарчийн охин Пүрэвсүрэн   рүү шилжүүлж өгч байсан. Бадарч надад манай охин Пүрэвсүрэн төсөл авах гээд   дансандаа мөнгө байршуулах шаардлагатай гэнэ. Боломжтой бол мөнгө зээлдүүлээч гэхээр нь би Ховд аймгийн харьяат Эрдэнэбаяр руу хэлж Бадарчийн хэлсэн данс руу нэг сая төгрөг шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг, 
- Сэжигтнийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 56-57 дугаар хуудас/, 
- Шүүгдэгч И.Отгоог яллагдагчаар байцаахад өгсөн: “... би давтан үйлдлээр иргэн Пүрэвсүрэнгээс 28.200.000 төгрөг залилан мэхлэж авсан гэж сонсгож байгаа ялыг ойлгохгүй байна. Миний хувьд Пүрэвсүрэнгээс мөнгө төгрөг аваагүй тул надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг, 
- Шүүгдэгч И.Отгоогийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, 
- Мобиком ХХК-ны албан бичиг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/, 
- Хас банкны албан бичиг /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
- Шүүгдэгч И.Отгоогийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 228 дугаар хуудас/,
- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 116-144 дүгээр хуудас/, 
- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 161-170 дугаар хуудас/, 
- Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 188-189 дүгээр хуудас/, 
- Иш овогтой ялтан Отгоогийн ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 215-216 дугаар хуудас/, 
- Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 642 дугаартай шийдвэр, 
- Б.Пүрэвсүрэнгийн ХААН банкны 5820007734 дугаартай дансны хуулга /хх-ийн 15-18 дугаар хуудас/, 
- Б.Пүрэвсүрэнгийн охин Бурмаагийн Төрийн банкны 160000343079 тоот дансны хуулга /хх-ийн 23 дугаар хуудас/, 
- Б.Пүрэвсүрэнгийн Төрийн банкны зээлийн дансны хуулга /хх-ийн 25 дугаар хуудас/, 
- Иргэн Х.Бадарчийн 4000000 төгрөг ХААН банкнаас зээлсэн тухай гэрээ /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, 
- Б.Жавзангийн ХААН банкны дансны хуулга /хх-ийн 178 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно. 
Эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ. 
Хохирогч хэдийгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад хэргийн бүх байдлыг бүрэн тогтоож, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бололцоотой гэж үзсэн тул хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэснийг дурдах нь  зүйтэй байна. 
Шүүгдэгч И.Отгоо нь аймгийн Засаг даргын зөвлөх Баттулгын дүү гэж байхгүй хүнийг санаанаасаа зохион бий болгож, шашны зан үйлийг ашиглан хохирогч Б.Пүрэвсүрэнгийн итгэлийг олж аван давтан үйлдлээр хохирогч Б.Пүрэвсүрэнгээс 2016 оны 04 дүгээр сарын 06-нд Баттулга ахаараа дамжуулан газар тариалангийн төсөл авч өгье гэж хуурч мэхлэн төслийн материалын бүрдүүлбэр нэрийдлээр 300000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр газар тариалангийн төслийн 13.000.000 төгрөгний урьдчилгаа 10 хувь байршуулах нэрийдлээр 1.300.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 27-ны хооронд 60.000.000 төгрөгийн буцалтгүй зээлийн төслийн урьдчилгаа 20 хувь байрлуулах нэрийдлээр 8.800.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 08-наас 2015 оны 07 дугаар сарын 04-ний хооронд 108.00.000 төгрөгний орон сууцны буцалтгүй зээлийн урьдчилгаа мөнгө гэж 17.800.000 төгрөгийг тус тус бэлнээр авч залилан мэхэлж хохирогч Б.Пүрэвсүрэнд нийт 28.200.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Б.Пүрэвсүрэн, гэрч Х.Бадарч, Д.Оюундэлгэр, Ц.Отгонцэцэг, И.Тунгалаг, Н.Оюунчимэг, Б.Жавзан, О.Эрдэнэчимэг, Г.Балган, Н.Эрдэнэбаяр, Б.Орлом, Б.Чулуунхүү, Б.Дашням нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. 
Шүүх хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.  Учир нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь Пүрэвсүрэнгийн охин Бурмаагийн 160000343079 тоот данснаас 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 200.000 төгрөг зарлагадсан дансны хуулга /хх-ийн 23 дугаар хуудас/, Б.Пүрэвсүрэнгийн ХААН банкны дансны хуулгад 2015 оны 04 дүгээр сарын 06-нд 100.000 зарлагадсан баримт /хх-ийн 15 дугаар хуудас/, иргэн Намхайгаас 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б.Пүрэвсүрэнд 500.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /хх-ийн 16 дугаар хуудас/, Х.Бадарчийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ХААН банкнаас 4 сая төгрөг зээлээр авсан зээлийн гэрээ /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, Х.Бадарч 2015 оны 04 дүгээр сарын 23-нд Б.Пүрэвсүрэнд 3.800.000 төгрөг шилжүүлсэн, Эрдэнэбаярын 2015 оны 04 дүгээр сарын 27-нд Пүрэвсүрэнд 2.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, Б.Пүрэвсүрэнд Балганаас 2015 оны 5 дугаар сарын 7-нд 500.000 төгрөг шилжүүлсэн, Жавзангаас 2015 оны 05 дугаар сарын 8-нд 1720.000 төгрөг, Эрдэнэчимэгээс 2015 оны 05 дугаар сарын 21-нд 2000000 төгрөг, Оюунчимэгээс 2015 оны 05 дугаар сарын 21-нд 800000 төгрөг, Эрдэнэбаяраас 2015 оны 05 дугаар сарын 25-нд 1000000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 11-нд 6.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн талаарх дансны хуулга, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтаар давхар нотлогдож байна. 
Шүүгдэгч И.Отгоогийн хохирогч Б.Пүрэвсүрэнг залилсан үйлдэл нь өмнө нь Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон гэмт хэрэгтээ хохирогч Ч.Гэрэлмааг хуурч мэхэлсэн арга хэлбэртэй адил төстэй байгаа зэргээр  давхар нотлогдож байна. /хх-ийн 125 дугаар хуудас/
Шүүгдэгч И.Отгоогийн ярьж байсан төслүүд нь Увс аймагт огт бий болоогүй бөгөөд санхүүгийн чадваргүй байдлаа мэдсээр байж, буцааж өгөхгүй гэсэн шууд санаатай залилан мэхлэх зорилго илэрч байна.  
Шүүгдэгч И.Отгоо нь давтан үйлдлээр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч Б.Пүрэвсүрэнд нийт 28.200.000 төгрөгний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан их хэмжээний хохирол байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна. 
Хавтаст хэргээс үзвэл шүүгдэгч И.Отгоо нь хохирогчид 150.000 төгрөг шилжүүлснээс өөр хохирол төлбөр төлөөгүй тул үлдсэн хохирол 28.050.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.Пүрэвсүрэнд олгох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч И.Отгоо нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.Пүрэвсүрэнгээс 28.200.000 төгрөг аваагүй гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд хэргийн жинхэнэ байдалд нийцэхгүй, өөр бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.  
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр нь шүүх хуралдаан дээр “... хохирогч Б.Пүрэвсүрэн И.Отгоод 28.200.000 төгрөг өгөхдөө ямар ч гарын баримт аваагүй, ...гудамж талбайд өгсөн гэдэг боловч камерт бичигдээгүй, ...Б.Пүрэвсүрэн И.Отгоод мөнгө өгч байхыг харсан хүн байхгүй, ...Үнэхээр Б.Пүрэвсүрэн И.Отгоод 28.200.000 төгрөг өгсөн гэж үзвэл энэ мөнгө хаачив гэдэг асуудал байна” гэж мэтгэлцэж байгаа боловч 
Улсын яллагчийн шүүх хуралдаанд: “... 2016 оноос Увс аймгийн Улаангом суманд хяналтын камер тавигдсан” гэх тайлбар, хохирогч Б.Пүрэвсүрэнгийн “ манай нөхөр хадам нар мэдвэл намайг хүнд төсөл гаргаж өгч байна гэж уурладаг юм гэдэг байсан” гэх мэдүүлэг, гэрч Бадарч, Жавзан нар И.Отгоотой хамт очиж байсан тухай мэдүүлэг болон бусад баримтаар үгүйсгэгдэж байгаагаас гадна энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар хууль бусаар өөрийн мэдэлд шилжүүлэн захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлснээр төгсдөг учир 28.200.000 төгрөгийг хэрхэн яаж ашиглан, зарцуулсан нь энэ гэмт хэргийн зүйлчлэлд ач холбогдолгүй юм. 
Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж ухамсарлаагүй зэрэг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэр бүл, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ. 
Шүүх хуралдаан дээр улсын яллагчаас ирүүлсэн баримтаас үзвэл Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны 642 дугаартай шийдвэрээр И.Отгоо, Н.Төмөрхүү нарын гэрлэлтийг цуцалж, хүү О.Батцоож, охин Т.Хувьзаяа нарыг эцэг Н.Төмөрхүүгийн асрамжинд үлдээсэн байх тул шүүгдэгч И.Отгоо ам бүл- 1 гэж үзнэ. 
Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэмт хэрэг давтан үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан ял оногдуулж, түүнд хорих ялын дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй гэж үзлээ. 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар 148.3-т зааснаар эд хөрөнгийг хурааж, 5 жил 1 сарын хорих ял оногдуулах зүйтэй гэж шүүх үзэв. 
Шүүгдэгч И.Отгоо нь Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ул хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдэлж байсан ба шүүхийн дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн буюу 2015 оны 04 дүгээр сарын 06-аас 2015 оны 07 дугаар сарын 04-ний хооронд 4 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т заасныг баримтлан өмнөх 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулж буй 5 жил 1 сарын хорих ялыг багтааж, нийт эдлэх хорих ялыг 10 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч И.Отгоод оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 
Шүүгдэгч И.Отгоо нь энэ хэргийн учир 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний хооронд 305 хоног цагдан хоригдсон ба 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоол гарахын өмнө 14 хоног цагдан хоригдсон, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 205 хоногийн хорих ялыг биечлэн эдэлсэн, мөн хорих ангиас шагналын 4 хоног олгосон байна. /хх-ийн 215 дугаар хуудас/
Иймд түүний цагдан хоригдсон, ял эдэлсэн нийт хугацаа нь /305+14+205+4=528/ хоног болж байгаа тул энэ хугацааг шүүгдэгч И.Отгоогийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна. 
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 291, 294-299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон            
ТОГТООХ нь:
1.  Шүүгдэгч Хаснууд овогт Ишийн Отгоог давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, их хэмжээний буюу 28200000 / хорин найман сая хоёр зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар шүүгдэгч И.Отгоог 50000 /тавин мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор И.Отгоод оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг багтааж нийт эдлэх ялыг 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Отгоогийн эдлэх 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.  
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.Отгоогоос 28.050.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Пүрэвсүрэн олгосугай. 
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч И.Отгоогийн цагдан хоригдсон 528 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 
7. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай. 
    8. Шүүгдэгч И.Отгоод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж танилцуулсанаар хүчинтэй болохыг дурдсугай. 
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дугаар зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч И.Отгоод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.МӨНХӨӨ
                                        ШҮҮГЧИД                           А.ДАУРЕНБЕК
                                                                                               Д.АЗЖАРГАЛ